Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/322

 

2026           03           19                                                                         2026/ДШМ/322

 

М.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч Ж.М-,

шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч Т.Балжинням,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Т-т холбогдох эрүүгийн 2505006441831 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн М-ын Т-, 1996 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт .... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УМ-/;

Шүүгдэгч М.Т- нь Худалдаа хөгжлийн банкны “М-” салбарын иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5 дугаар байрны М- тоотод оршин суух Ж.М-т “зээл авахаар ирсэн хүмүүсийн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг, хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллаач” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 36,400,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- нь шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-аас 22.092.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.М-т олгож, хохирогч Ж.М- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18/830 дугаартай тушаалаар шүүгдэгч М.Т-ыг ажилд томилон, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-24/3227 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаал мөн хөдөлмөрийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкнаас нийгмийн даатгалыг төлсөн талаарх баримтууд авагдсан. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч М.Т-, Худалдаа хөгжлийн банкны хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээгээр байгууллагын өмнө эрх эдэлж, үүрэг хүлээж, цалин хөлс түүнтэй адилтгах орлого авч байх үедээ залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Худалдаа хөгжлийн банкны М- салбарын иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байх үедээ хохирогчид “зээл авахаар ирсэн хүмүүсийн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг, хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллаач” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, зөвхөн банканд ажилладаг ажилтнаас тавьж болох саналыг хохирогчид тавьж, хөдөлмөрийн харилцаагаар бий болсон давуу байдал болох албан тушаалын байдлаа өөрийн үйлдэж буй залилах гэмт хэрэгтээ ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн талаарх баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан байхад шүүх хэрэгт хамаарал бүхий дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ямар нотлох баримтыг үгүйсгэж байгаа, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж үгүйсгэж байгааг шийтгэх тогтоолд дурдаагүй. Шүүгдэгч нь өөрийнхөө эрхэлдэггүй албан тушаалд ажилладаг гэж хохирогчид итгүүлэн хохирогчийн эд хөрөнгийг залилсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Харин өөрийн эрхэлдэггүй албан тушаалд ажилладаг гэж хохирогчид итгүүлж, залилсан үйлдлийг ...албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж ойлгомжгүй байдлаар бичиж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ж.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, түүнийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болох хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч М.Т- нь надтай анх уулзахдаа Худалдаа хөгжлийн банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаа гэж хэлсэн бөгөөд намайг очиж үзэхэд ч өөрийнхөө биеэр тус банканд ажиллаж байсан. Энэ нь тус банктай шүүгдэгч М.Т-ын байгуулсан 22/2786 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр ч нотлогдож байгаа. Зээлийн эдийн засагч, эсхүл иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежер зэргийн нарийн ялгаа заагийг би мэдэхгүй ч ямар ч байсан банкнаас зээл хүсэж, зээлийн харилцаанд ордог иргэдтэй харьцаж, судалгаа тайлбар авч байсан учир би түүний ажил, албан тушаалд нь итгэсэн. Шүүгдэгч М.Т-ын хувьд ч тухайн ажил, албан тушаалаа энэ гэмт хэрэг үйлдэхдээ давуу байдал болгон ашигласан билээ. Намайг залилсан үйлдлийнхээ дараа юунаас болж ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хэрэв түүнийг уг банканд ажилладаггүй байсан бол би түүнд итгэж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан учраас шүүгдэгч М.Т- нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, итгэл төрүүлэн үйлдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдсэн прокурорын шийдвэр хуульд нийцсэн байсан билээ. Шүүгдэгч М.Т- нь надад нийт 36,400,000 төгрөгийн бодит хохирол /...хор уршиг нь нэмэгдэл их хэмжээний дүн болно/ учруулснаас 14,308,000 төгрөгийг нэхэл дагуул болж төлсөн нь үнэн хэдий ч дийлэнх хохирлыг буюу 22,092,000 төгрөгийг огт төлөөгүй. Ийм байтал анхан шатны шүүх түүнд хорихоос өөр төрлийн, хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэдэгтэй нийцэхээргүй болжээ. Миний ойлгож байгаагаар бол нийтэд тустай ажил хийлгэх гэдэг эрүүгийн хариуцлагын төрөл нь өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдсэн, хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй хүний хувьд тохиромжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Т- нь хохирогчид буцаан төлөх мөнгөгүй юм бол хорих ангид биеэр ажил, хөдөлмөр эрхлээд авсан цалин хөлснөөс надад төлөх ёстой. Түүнээс биш нийтэд тустай ажил хийлээ гээд хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээхэд тусгүй. Түүнчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй хүн яаж миний зөрчигдсөн эрхийг сэргээж чадах билээ. Ядаж шүүхээс түүнд “хохирлоо төл” гэдэг хугацаатай үүрэг давхар хүлээлгээд, заасан хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солино гэж шийдсэн байсан бол хохирол төлөхөд анхаарах байсан. Харин тэр одоо бол “хоосон хүнээс хоёр чихийг нь аваарай” гээд дотроо инээж байгаа гэдэг нь тодорхой байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2026/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээн хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Т- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч Т.Балжинням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн талаар зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн сегмент хариуцсан харилцааны менежерийн талаар асууж байна. Банк зөвхөн зээл олдоггүй, карт борлуулах, харилцагч, хадгаламж эзэмшигч татах, аль банкаар цалингаа авахаа мэдэхгүй байгаа байгууллага дээр очиж хүмүүстэй уулзах зэрэг бүтээгдэхүүн, урамшууллын талаар танилцуулдаг, банкныхаа талаар эхний ойлголтыг өгөх ажлыг М.Т- хийдэг байсан. Шүүгдэгч зээл гаргах, зээлийн хорооны гишүүн, зээлийн хорооны шийдвэр гаргах, зээлийн санал, материал авах эрх байгаагүй. Анхан шатны шүүх “шүүгдэгч Худалдаа хөгжлийн банканд ажилладаг, зээлийн эдийн засагч гэж албан тушаалаа өөрөөр хэлж, бодит байдлыг нууж, итгэлийг нь буруугаар ашиглаж байгаа болохоос биш өөрийн албан тушаалын чиг үүргээ иргэдийн өмчлөх эрхэд халдахын тулд ашиглаагүй, зээл олгох эрхгүй байна” гэж зөв дүгнэсэн. Хохирогчийн хэлж байгаа ял шийтгэлийн тухай бидний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд саналаа тодорхой хэлсэн. Прокурор “36,000,000 төгрөгөөс зээл гаргаагүй, энэ мөнгийг цувуулж аваад, онлайнаар мөрийтэй тоглоом тоглох байдлаар заримыг нь өгсөн” гэж хэллээ. Тиймээс шүүгдэгч зээл олгоогүй, мөнгийг юунд ашигласан нь өөрийнх нь асуудал байх. Шүүгдэгч хөдөлмөрийн насны залуу хүн, заавал хорих ял оногдуулснаар хохирогчийн эрхийг хамгаалж, хохирол төлбөр барагдах уу, үгүй юу гэдгийг бодолцож үзэн шүүхэд санал гаргаснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч М.Т- нь Худалдаа хөгжлийн банкны “М-” салбарын иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байхдаа Ж.М-т “зээл авахаар ирсэн хүмүүсийн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг, хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллаач” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 36,400,000 төгрөг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.М-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ажил болох Хүчит Шонхор зах дээр байж байхад багын зуслангийн зүс таних залуу болох Т- ирээд би Худалдаа хөгжлийн банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаа. Тэгээд над дээр хүмүүс болон байгууллагууд зээл авахаар ирдэг, ирэхдээ бага хэмжээний зээлийн үлдэгдэлтэй ирдэг. Тухайн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг гэж хэлсэн. Тэгээд манай нэг хамтарч байгаад больчихсон, боломжтой бол хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллах уу гэж асуусан. Тэгээд хаах зээлүүд овоорчихсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоогоор бол мөнгөний боломжгүй байна, барааны мөнгө орж ирэхээр мөнгө хийе гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 3,200,000 төгрөгийн зээл байна хаах хэрэгтэй байна гэхээр нь 3,200,000 төгрөгийг Т-ын М-1 тоо данс руу хийсэн. Дараа нь 11 дүгээр сарын 25-ны өдөр “нэг заал байна 7,500,000 төгрөг дутаад байна" гэхээр нь уг данс руу 7,500,000 төгрөг хийсэн. Тэгээд тэр хугацаанаас хойш мөнгө бүтэж байна уу гэж асуухад болоогүй зээл гаргах шийдвэр гараагүй байна гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл хаах, 12 дугаар сарын 09-ний өдөр дахин 5,000,000 төгрөг хаах хэрэгтэй байна гэж хэлээд 10,000,000 төгрөг авсан. Тэгээд цаашид мөнгө байхгүй байсан учраас зээл хаахаар мөнгө нэмж өгөөгүй. Тэгээд би тухайн үед шилжүүлсэн мөнгөнүүдээ асуухаар зээл нь гарах болоогүй байна гэдэг байсан. Сүүлд би цаашаа өөр хүнд өгөөд алдчихсан гэж хэлдэг ба намайг хуулийн байгууллагад өгнө гэхээр “тэг, тэг” өг гэж хэлсэн. ...Би Т-ын М-1 тоот дугаарын Хаан банкны данс руу нийт 36,400,000 төгрөг шилжүүлсэн. Т- над руу уван цуван 14,308,000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад 22,092,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх 22-24, 26-27/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16/, хохирогч Ж.М-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 41-42, 55- 63/, Б.Н-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 43-44/, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45-47/, шүүгдэгч М.Т-ын депозит дансны хуулганууд /хх 65-69, 107-113/, шүүгдэгч М.Т-ын ХХБ-ний 4Н- тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 103/, шүүгдэгч М.Т-ын ХХБ-нд ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх 137-135/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос М.Т-ын үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглан бусдад итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Т-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн.

Прокуророос “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...”,

хохирогчоос “... ял хөнгөдсөн ...” гэсэн агуулга бүхий гомдол, эсэргүүцэл гаргажээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахыг ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийн тулд ...хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх зэргээр бусдыг төөрөгдөлд оруулдаг.

Шүүгдэгч М.Т-ын хувьд өөрийнхөө эрхэлдэггүй албан тушаал буюу Худалдаа хөгжлийн банкны зээлийн эдийн засагч албан тушаалд ажилладаггүй атлаа хохирогчид ажилладаг мэтээр итгүүлэн хохирогчийн эд хөрөнгийг залилсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Т- нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн 22/2786 дугаар гэрээгээр /хх 140/ ХХБанканд “иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежер” албан тушаалд томилогдон ажиллаж байсан байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар /хх 139/ ажлаас чөлөөлөгдсөн байна.

Шүүгдэгч М.Т- нь тухайн банканд ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэж байсан “иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежер”-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд байнга хийгдэх ажлууд нь “... банкны бүтээгдэхүүн үйлчилгээний заавар журмын дагуу хариуцсан харилцагчдад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, борлуулах, халамжлах, тогтоох барих, борлуулалтын дараах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх...” гэх үндсэн үүрэг байсан болно.

Гэтэл шүүгдэгч М.Т- нь хохирогчид өөрийгөө тухайн банканд иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежер албан тушаалтай ажилладаг талаараа бус өөрийн эрхэлдэггүй зээлийн мэргэжилтнээр ажилладаг мэтээр хуурч, итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогчоос мөнгө авч байгаа үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр бусдыг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялын төрөл, хугацаатай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Т-т тухайн зүйл, хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж, хугацааг хамгийн өндрөөр буюу 720 цагаар тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ