| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2010013090495 |
| Дугаар | 2026/ДШМ/351 |
| Огноо | 2026-03-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/351
2026 03 26 2026/ДШМ/351
С.Ү-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
яллагдагч С.Ү-, түүний өмгөөлөгч Х.Чинбат, Х.Лхагвахүү, Ц.Маргад-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/669 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн С.ад холбогдох 2010013090495 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн С-гийн Ү-, 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ......оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 931 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: ОС-/;
Яллагдагч С. нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр С-, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Zaisan Squire төвд үйл ажиллагаа явуулдаг “С-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанид Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн Концессын гэрээ байгуулах эрх олгогдсон байдлаар бусдад итгэл төрүүлж, баримт бичиг ашиглаж буюу Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны хооронд 2,177,000,000 төгрөгийг бусдаас гүйцэтгэлийн баталгааны мөнгө нэрийдлээр гэрээгээр халхавчлан залилсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний хооронд 238,390 литр 472,012,200 төгрөгийн түлшийг гэрээгээр халхавчлан авч залилан, нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 2,545,062,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тус хэрэгт шүүгч өөрийн санаачилгаар болон өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд: прокуророос хэргийг хүлээн авч 1 жил 6 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд ирүүлэхдээ захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нэр бүхий хохирогч нараас дахин мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгээгүй байна. Иймд захирамжид заасан ажиллагааг нэг мөр хийж хэргийг ирүүлэх нь зүйтэй байна. Түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэг мөр явуулаагүй. Оролцогчийн эрхийг удаа дараа зөрчсөн тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагатай, учир нь хохирогч нарт хэргийн материал танилцаагүй, хохирол тооцохдоо иргэний шүүхийн шийдвэр гарсан байхад тэр хохирлыг хасаж тооцоогүй зэрэг ажиллагаа хийдээгүй гэсэн тайлбар гаргасныг анхаарч үзэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “хохирогч, хууль ёсны төлөөлөгч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” эрхтэй талаар хуульчилсан, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл ялагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 3 дахь хэсэг “хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд зарим хохирогч, хууль ёсны төлөөлөгчид хэргийн материалын танилцуулаагүй нь хуулиар олгосон эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй. Мөн хохирлыг нэг мөр бодитоор тогтоох зайлшгүй шаардлагатай байх ба хууль ёсны төлөвлөгч нар солигдсон байх ба оролцуулахаар томилсон иргэний бичгийн баримтыг үндэслэн дахин мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хий нь зүйтэй гэж үзэж, яллагдагч С.ад холбогдох эрүүгийн 2010013090495 дугаартай хэргийг тус прокурорын газар буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан ба Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/382 дугаартай албан бичгээр ээлжийн амралттай тул хуралдааныг хойшлуулах тухай албан бичгийг хүргүүлсэн, гэвч шүүгч захирамждаа хяналтын прокурор шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчмыг зөрчиж, миний эзгүйд хийж, шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна, залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох хууль зүйн ойлголт нь энэ төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгох, эсхүл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулна, мөн тухайн гэмт хэргээс өөр орлого олохгүйгээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулахаар хийсэн хэвшмэл шинжтэй үйлдэл байх ёстой. Яллагдагч С. нь хохирогч нараас залилсан мөнгийг өөрийн амьжиргааг залгуулахаар хийсэн хэвшмэл шинжтэй үйлдэл хийсэн үйл баримт хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй буюу яллагдагч С. нь гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгоогүй. Гэр бүлээ тэжээн тэтгэхэд тухайн гэмт хэргийн улмаас олсон мөнгийг зарцуулаагүй бусдаас шилжүүлж авсан нийт 2,712,012,200 төгрөг нь нэг цаг хугацаанд төвлөрөөгүй байгаа нь амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг бий болгосон гэж үзэх хангалттай нөхцөл болохгүй бөгөөд амьжиргааг залгуулаагүй буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Прокуророос яллагдагч С.ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээр яллагдагч С.ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1201 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэг мөр хийж хэргийг ирүүлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг шалгуулахаар шийдвэрлэсэн, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх заалтыг нэг мөр хэрэглэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.ад холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/669 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, С.ад холбогдох 2010013090495 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хяналтын прокурор З.Бат-Амгалан нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан. Иймд талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, мөн шүүгдэгчийн гэм буруутай байдлыг бүрэн нотлох зорилгоор Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналтын прокурорын ээлжийн амралттай талаарх холбогдох баримтыг хавсарган, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс прокурорыг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг прокурорт буцаасан байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн, прокурор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзсэн байна. Харин бодит байдал дээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналтын прокурор З.Бат-Амгалангийн хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангасан байна. Яллагдагч С.ад холбогдох хэргийн хувьд гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг амьжиргааны эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хяналтын прокурор З.Бат-Амгалан дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд уг хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хохирогчийн эрх ноцтой зөрчигдсөн, хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хохирогч нарт мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтад хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, холбогдох тэмдэглэлүүдийг үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд хохирогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд хяналтын прокурор З.Бат-Амгалангийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч С.ын өмгөөлөгч Х.Лхагвахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч С.ын өмгөөлөгч Х.Лхагвахүү миний бие прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Тодруулбал, яллагдагчийн үйлдлийг “амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх боломжгүй гэсэн агуулгаар гаргасан прокурорын дүгнэлтийг дэмжиж байгаа. Хууль зүйн үндэслэлийн тухайд Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тайлбарласан байдаг. Уг тогтоолоор тухайн төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурваас дээш удаа үйлдсэн байх, тухайн гэмт хэргээс олсон ашиг орлого нь өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий этгээдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон байх, эсхүл уг үйл ажиллагааг тогтвортой, байнгын орлого олох зорилгоор, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний адил үндсэн хэрэгсэл болгон ашигласан байх гэсэн нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай гэж тайлбарласан. Харин яллагдагч С.ын хувьд дээрх нөхцөлүүд хангагдахгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа гол агуулга нь уг үйлдлийг “байнгын амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинжээр зүйлчилж оруулж ирэх шаардлагатай гэж үзсэн байгаа. Харин энэ дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Яагаад гэвэл, яллагдагч С.ын хувьд тухайн үйл ажиллагаа нь төрийн байгууллагатай холбогдсон, тодруулбал “С-” ХХК-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байсан концессын төсөлтэй холбоотой. Уг концессын гэрээний хүрээнд холбогдох хохирогч гэж нэрлэгдэж байгаа 23 иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах шинжтэй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, энэ нь анхнаасаа хууль ёсны гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа бөгөөд тухайн үйлдлийг “гэмт хэргээс байнгын орлого олж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн буцаасан үндэслэл болох “байнгын эх үүсвэр” гэсэн шинжийг заавал нэмэгдүүлж зүйлчлэх шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэв.
Яллагдагч С.ын өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс хэргийг буцаасан захирамж болон прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Үүнээс шүүхээс буцаасан захирамжийн үндсэн агуулгыг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж заасан байдаг. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хэрэг хянан шийдвэрлэх байгууллагад хүлээлгэсэн. Гэтэл энэ хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, мөн хохирол, хор уршгийн хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Тухайлбал, хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 23 этгээдээс заримд нь төлбөр төлөгдсөн, заримд нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, мөн тодорхой хэмжээний хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдал байна. Түүнчлэн, эдгээр 23 хохирогчоос 15 орчим нь яллагдагчийн компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн гэрээний хүрээнд Засгийн газраас нэхэмжлэл гаргаж, тодорхой хэмжээний төлбөрийг авсан үйл баримт байна. Эдгээр нөхцөл байдал нь хохирол, хор уршгийн хэмжээг эцэслэн тогтооход чухал ач холбогдолтой байхад мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн тусгагдаагүй байна. Харин шүүх арга хэмжээг зөвөөр авсан гэж үзэж байна. Мөн хохирогч нарт хэргийн материал танилцуулах эрхийг бүрэн хангаагүй. Хавтаст хэрэгтэй танилцахад нийт 3 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй нь тогтоогдсон бөгөөд үүнээс үүдэн гомдол гаргах, хүсэлт гаргах эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд энэ үндэслэлээр хэргийг буцаасан нь зөв гэж үзэж байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах боломжтой. Энэ хүрээнд анхан шатны шүүхийн захирамжид дурдсан “гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон” гэх дүгнэлтийг заавал дахин шалгах шаардлагагүйгээр өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн хугацаанд яллагдагчийн үүсгэн байгуулсан компани нь Засгийн газартай байгуулсан концессын гэрээг хэрэгжүүлж байсан. Тухайн үед шүүхийн маргаан байсан боловч Улсын дээд шүүхийн шийдвэр болон эвлэрлийн гэрээний үндсэн дээр уг концессын гэрээг үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Мөн авсан мөнгөн хөрөнгө нь төслийн хүрээнд буюу нийт 72 байршлаас 30 байршилд хийгдсэн барилгын ажил, зураг төсөл зэрэгт зарцуулагдсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Иймд энэ үйлдлийг “гэмт хэргээс байнгын орлого олж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Түүнчлэн, хохирогч тус бүртэй байгуулсан гэрээ, мөнгөн шилжүүлэг, хохирлын хэмжээ, тухайн харилцаа нь эрүүгийн эсхүл иргэний эрх зүйн шинжтэй эсэхийг тус бүр дээр нь нарийвчлан тогтоох шаардлагатай. Гэтэл одоогийн байдлаар зөвхөн мөнгөн шилжүүлэг, мэдүүлэг, гэрээний үндсэн дээр дүгнэлт хийсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын талаар тодорхойгүй байдал үүссэн. Тухайлбал, сүүлд байгуулсан гэрээтэй холбоотойгоор яг хаана, ямар байршилд үйлдэл болсон нь тодорхой тогтоогдоогүй нь харьяаллын асуудалд эргэлзээ үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж, харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэх дүгнэлтийн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч С.ын өмгөөлөгч Ц.Маргад-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнө нь 2024 оны 1201 дүгээр захирамжаар уг хэргийг прокурорт буцаасан байдаг. Гэтэл уг захирамжид дурдсан ажиллагаанууд бүрэн биелэгдээгүй, ялангуяа заавал гүйцэтгэх ажиллагаанууд хэрэгжээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулах, мөн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхой болгох талаар шүүхээс үүрэг чиглэл өгсөн байдаг. Шүүхээс “хохирол, хор уршгийг тодруул” гэж заасан нь тухайн гэрээний бодит нөхцөл байдлыг иж бүрнээр нь тогтоох шаардлагатай гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, анх барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, барьцааны мөнгө авсан асуудлыг залилангийн гэмт хэрэг гэж үзэж шалгаж байгаа тохиолдолд тухайн гэрээ бодитоор хэрэгжсэн эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд энэ чиглэлээр хангалттай ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал, зөвхөн “та хэдий хэмжээний мөнгө төлсөн бэ?”, “барьцаа төлсөн үү?” гэдэг байдлаар мэдүүлэг авч, хязгаарлагдмал байдлаар шалгасан байна. Харин тухайн ажил бодитоор гүйцэтгэгдсэн эсэх, хэдэн хувьтай гүйцэтгэсэн, ажлыг хэзээ эхэлж, хэзээ дуусгасан, гүйцэтгэлийн санхүүжилтийг хэзээ, ямар хэмжээгээр авсан, мөнгө буцаан төлөгдсөн эсэх, хэрхэн төлөгдсөн зэрэг баримтуудыг бүрэн шалгаж, тодруулаагүй байна. Эдгээр нь хэргийн бодит байдлыг тогтоох, тухайн үйлдэл нь үнэхээр залилангийн гэмт хэргийн шинжтэй байсан эсэхийг тогтооход онцгой ач холбогдолтой. Иймд дээрх ажиллагаанууд хийгдээгүй, дутуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэв.
Яллагдагч С. тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэхүү төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2015 онд гэрээ байгуулж, 2016 онд эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн хугацаанд гэрээтэй холбоотой маргаан үүсэж байсан ч миний хувьд манай гэрээ тухайн хугацаанд байнга хүчин төгөлдөр байсан гэж үздэг. 2019 онд гэрээ дахин цуцлагдсан. Түүнээс хойш хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх үед Засгийн газрын зүгээс, тэр дундаа Боловсролын сайдын мэдэгдлийн улмаас уг үйл ажиллагаа саатсан. Үүний улмаас манай гэрээний хэрэгжилтэд хүндрэл үүсэж, цаашид төсөл хэвийн үргэлжлэх боломж хязгаарлагдсан. Гэхдээ манай компанитай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн үед гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан нөхцөлд гэрээ байгуулсан. Иймд миний зүгээс “залилан хийсэн” гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Учир нь тухайн үед гэрээний нөхцөл байдал ил тод байсан, маргаантай асуудлууд ч олон нийтэд, сошиал орчинд хүртэл мэдээлэгдэж байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх С.ад холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын хэрэгжүүлэх үүрэг юм.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1201 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр С.ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба энэ шүүгчийн захирамжид давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаагүй хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл дээрх захирамжид заасан ажиллагааг прокурор хийж гүйцэтгээгүй, нэр бүхий хохирогч нараас мэдүүлэг аваад хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг зайлшгүй нотлох шаардлагатай бөгөөд С.ад холбогдох хэрэгт зарим ажиллагаа дутуу хийгдсэн байх тул нөхөн гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хангах, үнэн зөв, бодитой шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” Гэж заасан. Гэтэл прокурор хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийгээгүй, прокурорын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэл муутай байх тул хүлээж авах боломжгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/669 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр С.ад холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах тухай” 2026/ШЗ/669 дүгээр шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөн ижил утга агуулга бүхий “хэргийг прокурорт буцааж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 2026/ШЗ/717 дугаар захирамж гаргажээ. Уг захирамж нь өмнөхтэйгөө утга, агуулгын хувьд ижил байх бөгөөд нэг асуудлаар хоёр өөр дугаар захирамж гаргасан нь хууль зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/717 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авч анхан шатны журмаар шийдвэрлэсэн атлаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг эдэлж, тухайн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэснийг цаашид анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ