Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01362

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-ийн хариуцагч Ц.У-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.У-тэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 28 байрны 02 тоот байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр болж, түрээсийн гэрээг байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу барьцаанд 500,000 төгрөг, түрээсийн төлбөрт 3,500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Ц.У-т төлсөн. Гэтэл ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болж, цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн Ц.У- нь 2020 оны 05 дугаар сард надтай утсаар ярьж ... орон сууцаа зарсан тул надад түрээслүүлсэн байрандаа амьдрах болсон. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн Д.С- нь гэрээ байгуулагдсанаас хойш 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, хүүхэд харах үйлчилгээг огт явуулаагүй болно. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-д хүлээлгэн өгсөн. Ковид-19 цар тахал гарч, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан тул 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авсан. Миний зүгээс дээрх хотын төвд байрлах, томоохон үл хөдлөх эд хөрөнгийг доод тал нь сарын 4,000,000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд тухайн үед цар тахал гарч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан байсан тул уг нөхцөл байдлыг харгалзан Д.С-ийн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцон сарын 2,000,000 төгрөг байхаар гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Д.С- нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан. Иймд 6 сар, 24 хоногийн түрээсийн төлбөрт 13,599,999 төгрөгийг төлөх ёстойгоос өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 3,500,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч Д.С- нь түрээсийн үлдэгдэл төлбөрт 9,599,999 төгрөгийг төлөх ёстой. Мөн Д.С- нь миний цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа, үүнийг сунгахын тулд урт хугацааны түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай байна гэсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.У-, Д.С- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ц.У-ээс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.С-ээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 78,950 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид 203,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талууд түрээсийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийг хариуцагч Ц.У-ийн данс руу шилжүүлэн өгсөн. Гэвч дэлхий нийтэд тархаж буй ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож давагдашгүй нөхцөл байдал бий болсн. Хариуцагч Ц.У-тэй харилцан тохиролцож, хөл хорио тавигдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үеэр үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Намар 8 сард миний зүгээс хариуцагч Ц.У-тэй холбогдож цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах болсон талаар хэлж, түрээслүүлэх гэж байгаа байраа суллаж өгөх талаар хэлэхэд Ц.У- нь 2020.08.26-ны өдөр надтай холбогдож дээрх үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэхгүй цаашид өөрөө амьдрах болсон талаар хэлсэн миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг огт эзэмшиж, ашиглаж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй тул шилжүүлэн өгсөн барьцааны болон түрээсийн төлбөр 4,000,000 төгрөгийг шаардахад төлбөрийг буцааж өгөхгүй гэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус гэрээний 2-т заасныг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагаа явагддаггүй 6,7,8 дугаар сард түрээсийн төлбөрийг 500,000 тооцно гэснийг үндэслэн, төлбөрийг 3,000,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон атлаа тухайн гэрээний зүйл заалтыг үндэслэл болгож байгаа нь буруу юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулсан цагаас хойш огт эзэмшиж, ашиглаж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж нэхэмжлэгч Д.С-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 3,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ц.У-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч тал давж заалдах гомдол тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Ц.У-т холбогдуулан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн ковид 19 цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ашигласан тул 4,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

3.Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.У- нь 227.32 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, нэхэмжлэгч Д.С- нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч Ц.У- нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгч Д.С-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 33-35-р тал/

 

3.а.Нэхэмжлэгч Д.С- нь түрээсийн зүйлийг цэцэрлэгийн зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

3.б.Нэхэмжлэгч Д.С- нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч буюу хариуцагч Ц.У-ийн эзэмшилд буцаан шилжүүлсэн цаг хугацааг талууд өөрөөр тайлбарласан буюу нэхэмжлэгч Д.С- нь 2020 оны 05 дугаар сар гэж, хариуцагч Ц.У- нь 2020 оны 08 дугаар сар-д хүлээн авсан гэжээ. /хх-ийн 1, 74-р тал/. Талуудын дээрх тайлбар баримтаар тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч Д.С- нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

3.в.Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч нэхэмжлэгч Д.С- нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгийг өмчийн эзэнд буцаах үүрэгтэйгээс гадна дээрх хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөж үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй.

 

3.г.Нэхэмжлэгч Д.С- нь ковид 19 цар тахал гарсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь бусдын хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

3.д.Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн, түрээсийн төлбөрийг тооцсон нь үндэслэлгүй боловч талуудын хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэх хүсэл зоригийг илэрхийлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

3.е.Иймд 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтдаа байлгасан хугацааны төлбөрийг 3,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагч Ц.У-ээс 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ