| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0114/Э |
| Дугаар | 00119 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 00119
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815001290101 дугаартай, 163/2018/0114/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Ц овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.Б нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох Халиун бугын түүхий эдийг /эвэр/ худалдан авч 13.200.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815001290101 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Би шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 3 хуудас/,
Гэрч Ш.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хивсний үйлдвэрийн уулзвар дээр 07 цаг 20 минтуын үед үүрэг гүйцэтгэж байгаад 30-45 ОРА улсын дугаартай Портер машиныг шалгасан. Тэгтэл 8 ширхэг бугын ясан эвэр тээвэрлэж явсан. Машины кабин хэсгийг шалгахад гарч ирсэн. Эдгээр Буган ясан эвэр нь зөвшөөрөлийн бичиггүй байсан..., суудлынхаа арын зайнд хоёр ширхэг шинэ бололтой ясан эвэр нуугаад хийчихсэн байсан..., хоёр нь шинэ хөрөөдсөн бололтой, 6 нь жамаараа унасан хуучин байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12, 13 хуудас/,
Гэрч Г.Батбаяр мэдүүлэхдээ:...манай хуурай дүү М.Б над руу залгаад хоёулаа хамт Булган аймгийн Сэлэнгэ сум руу явж дэл, сүүл, ноолуур аваад ирье гэж хэлэхээр нь хамт явахаар болоод Баттулгын эзэмшлийн 30-45 ОРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд Булган аймгийн Сэлэнгэ суманд очоод 2 дугаар багаар хөдөө айлуудаар явж дэл сүүл аваад явж байхад замд буюу Сэлэнгэ сумын Харлаг гэх газарт 2 мотоциклотой залуу Бугын эвэр ганзаглаад явж байхаар нь зогсоогоод М.Б наад эвэрнүүдээ зарах уу гэхэд тэр 2 залуу зарна гэж хэлээд эврээ жин дээр тавиад зарсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд тэр 2 залуу шууд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,
Шинжээч Г.Баяржаргал мэдүүлэхдээ: ...бугын эвэрийг үнэлэхдээ хуульд заасны дагуу Халиун буганы үнэлгээгээр бодож хохирлыг тооцож гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Яллагдагч М.Б мэдүүлэхдээ: Би тухайн өдөр найз Батбаярын хамтаар өөрийн эзэмшдийн 30-45 ОРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Сэлэнгэ сум руу малбн дэл сүүл, ноолуур болох түүхий эд авахаар явсан. Би урьд нь Булган аймгийн Сэлэнгэ сум руу мөн түүхий эд авахаар явж байсан. Тэгээд малын дэл сүүл, ноолуур аваад явж байхад Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутагт 2 мотоциколтой залуу Бугын эвэр ганзаглаж явсан ба тухайн 2 залууг зогсоогоод Бугын эвэрээ зарах уу гэхэд “зарна” гэж хэлсэн. Тэгээд машинаасаа буугаад тэр 2 залуугийн ганзаглаж явсан 8 ширхэг эврийг жинлээд нийт 570.000 төгрөгөөр худаладж авсан. Тэгээд л шууд Булган аймгийн Сэлэнгэ сумаас Орхон аймар руу явсан. Орхон аймаг руу ороод цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,
Бугын ясан эвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 33 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-55 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэ эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68 хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 84 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох Халиун бугын түүхий эдийг /эвэр/ худалдан авч 13.200.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Баттулгын...тэр 2 залуугийн ганзаглаж явсан 8 ширхэг эврийг жинлээд нийт 570.000 төгрөгөөр худаладж авсан гэх, хохирогч С.Хүрэлбаатарын...шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжлэнэ гэх, гэрч Ш.Эрдэнэ-Очирын...Буган ясан эвэр нь зөвшөөрөлийн бичиггүй байсан..., суудлынхаа арын зайнд хоёр ширхэг шинэ бололтой ясан эвэр нуугаад хийчихсэн байсан..., хоёр нь шинэ хөрөөдсөн бололтой, 6 нь жамаараа унасан хуучин байсан гэх, гэрч Г.Батбаярын...М.Б наад эвэрнүүдээ зарах уу гэхэд тэр 2 залуу зарна гэж хэлээд эврээ жин дээр тавиад зарсан гэх , шинжээч Г.Баяржаргалын...Халиун буганы үнэлгээгээр бодож хохирлыг тооцож гаргасан гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Ховор амьтны түүхий эдийг худалдан авсан гэдэгт бусдын шунахайн сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн зүйлийг өөхшүүлж, мөнгөн төлбөр төлж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Баттулгын ховор амьтан болох Халиун бугын түүхий эдийг /эвэр/ худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”..., мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч М.Баттулгын гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг бугын ясан эвэрийг улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 30-45 ОРА улсын дугаартай Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь хохирогч байгууллага Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газарт 6.600.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт М. Б ховор амьтны түүхий эдийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 01 /нэг/ жилийн хугацаагар тэнсэж үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгож, ховор амьтны түүхий эдийг худалдан авахыг хориглосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Б ас 6.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг бугын ясан эвэрийг улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 30-45 ОРА улсын дугаартай Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН