| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2506069882718 |
| Дугаар | 2026/ДМШ/366 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДМШ/366
2026 03 27 2026/ДМШ/366
Г.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д-т холбогдох 2506069882718 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ын Д-, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалт, технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:РГ-/;
Шүүгдэгч Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Г-" хотхон В блок Г- тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Ч-эг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь олон удаа цохиж, гуя, нуруу хэсэгт олон удаа өшиглөж, гар бугуй хэсгээс базаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хохирогч Ж.Ч-э цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Г.Д- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаж мэтгэлцээгүй. Анхнаасаа хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хувийн байдлын хувьд 2023 оноос өнөөдрийг хүртэл барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч-" ХХК-нд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар “Х-” ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлд хүндэтгэлтэй хандаж байгаа боловч бусдын өмнө хүлээсэн ажил, гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн 2 настай хүүхдээ гадагшаа эмчилгээнд авч явах шаардлагатай байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн арга хэмжээ авч өгнө үү.” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал хохирогчийн өгсөн гурван удаагийн мэдүүлэг болон гэрч О-ын мэдүүлгүүдээр тухайн үед цагдаагийн албан хаагчид ирж, үйлдлийг таслан зогсоохыг оролдсон боловч шүүгдэгч Г.Д- нь цагдаагийн албан хаагч руу дайрч, цохихыг завдсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ таслан зогсоохгүй үргэлжлүүлж байсан нөхцөл байдал хохирогчийн өмнө өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагдана. Иймд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцүүлэн шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Г-" хотхон В блок Г- тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Ч-эг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь олон удаа цохиж, гуя, нуруу хэсэгт олон удаа өшиглөж, гар бугуй хэсгээс базаж зодон эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн чихэнд зулгаралт, чихний арын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Ч-эгийн “...2 хүүхдийн хамт гэртээ унтаж байхад нөхөр Г.Д- үүрийн 04 цагт согтуу орж ирээд намайг “чи муу янхан” гэж элдвээр хэлж, харааж, орилоод зодож эхэлсэн. Гэрээсээ 2 хүүхдээ тэврээд гарч гүйхдээ цагдаа дуудсан. Тухайн үед миний зүүн талын чихнээс их хэмжээгээр цус урссан байсан. ...миний дээр гараад нүүр хэсэг, толгой хэсэг рүү олон удаагийн давтамжтай цохиод эхэлсэн. ... Гуя, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Миний баруун гарын бугуйн хэсгээс базаад чанга атгасан. ...2022 оноос хойш гэр бүр болон хамтран амьдарсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй...” /хх 7, 13-14, 16/,
гэрч Ж.О-ын “...Намайг унтаж байхад Г.Д- гэнэт миний үснээс зулгаагаад орноос чирч унагаагаад үснээс ороож чирээд өрөөнөөс гаргасан, дээрээс дэвсэж, нүүр нүдгүй цохисон. Тухайн үед би цохиулаад ухаан балартсан байсан. Намайг ухаан балартаад сэргэх үед 2 цагдаа ирсэн, ...манай эгч турсик, майктайгаа охиноо хөтлөөд, хүүгээ тэвэрсэн байдалтай зогсож байсан. Цагдаагийн хажууд Г.Д- намайг дахиад цохих гэж дайрсан. Тэр үед цагдаа болиулахад Г.Д- цагдааг цохих гээд дайраад байсан. Тэгээд би түргэн дуудаж өөрийгөө болон эгчийгээ үзүүлсэн. Тухайн үед эгч Ж.Ч-эгийн чихнээс цус их урссан байсан. ...” /хх 18/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/9752 дугаартай “Ж.Ч-эгийн биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон” талаарх шинжээчийн дүгнэлт /хх 30-31/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ег0825/3779 дугаартай гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 34-35/ гэх дүгнэлтүүд, дуудлага, мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх 5/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 47-49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Д-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Д- нь шалтгаангүйгээр хохирогч С.Ч-эг нүүрэн тус газар олон удаа цохиж, гуя, нуруу хэсэгт олон удаа өшиглөж, гар бугуй хэсгээс базаж, эрүүл мэндэд нь “зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн чихэнд зулгаралт, чихний арын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа “...миний үйлчлүүлэгч урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Г.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт оногдуулсан ял тохирсон байх тул эрүүгийн хариуцлагыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ