Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДМШ/367

 

2026            03            27                                                                       2026/ДМШ/367

Ц.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ,  ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

             Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ц.Ж-т холбогдох 2406013713238 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Б- овгийн Ц-ын Ж-, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ....., ял шийтгэлгүй, /РД:НЦ-/;

            Шүүгдэгч Ц.Ж- нь хохирогч О.Ц-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ц- Ц- тоот хашааг түрээслэхээр харилцан тохиролцож, 2023 оны 08 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны хооронд уг хашаанд амьдарч байхдаа О.Ц-гийн итгэмжлэн хариуцуулсан гуалин модноос 31 ширхгийг завшиж, 3,990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлсэн.

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Ц.Ж-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

              Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Дүүргийн Эpүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 2025/ШЦТ/1243 дугаар шийтгэх тогтоолоор " ... шүүгдэгч Ц.Ж-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хохирогч О.Ц-д учруулсан хохиролд 3.990.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардалд төлсөн хор уршигт 100.000 төгрөгийг буюу нийт 4.090.000 төгрөгийг гаргуулах ... "-аар шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцахад ТОГТООХ хэсэгт " ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, “ ...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ... " гэж зөрүүтэй тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ" гэсэн заалтад хамаарч байна. Иймд Дүүргийн Эpүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1243 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ж-ийг О.Ц-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ц- Ц- тоот хашааг түрээслэхээр харилцан тохиролцож, 2023 оны 08 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны хооронд уг хашаанд амьдарч байхдаа О.Ц-гийн итгэмжлэн хариуцуулсан гуалин модноос 31 ширхгийг завшиж, 3,990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт Ц.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал:

Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, мөн зүйлийн 1.9 дэх хэсгийн “анхан шатны  шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарна.

Шүүгдэгч Ц.Ж-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлахад “...Ц.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хохирогч О.Ц-д учруулсан хохиролд 3,990,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардалд төлсөн 100,000 төгрөгийг буюу нийт 4,090,000 төгрөгийг гаргуулах ... "-аар шийдвэрлэв.” гэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүгдэгч Ц.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй... гэж зөрүүтэй бичиж тогтоол гаргасан байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Ганчимэгийн бичсэн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Ц.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцсон байхад тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгч оролцсон мэтээр бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Ц.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ