| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2026/0032/Э/223/2026/0017 |
| Дугаар | 2026/ДШМ/37 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/37
2026 04 02 2026/ДШМ/37
Б.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүгдэгч Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар /цахим/,
Хохирогч Н.Э/цахим/,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн 2534007180674 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.****
2.Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн ** 2 дугаар багийн нутагт 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах чиглэлд “Тоёота приүс-41” маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.3.Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэгт мөн дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх” гэсэн дүрмийг зөрчиж эсрэг урсгал руу эргэсний улмаас жолооч Ч.Эрдэнэтогтохын жолоодож явсан “Тоёота приүс-40” маркийн **УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар “Тоёота приүс-41” маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Ээрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч **Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч **Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд ***сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Дгээс 1.524.875 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд оруулж,
Шүүгдэгч Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харъяа газрын Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 2534007180674 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь хохирол төлбөрийг төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн, шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс “...шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,524,875 төгрөгийг төлсөн талаар дурдсан” Мөн шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Дг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илрэхийлсэн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэжээ.
Гэтэл шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6-д миний үйлчлүүлэгчийг Эрүүл мэндийн даалтгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Дгээс 1,524,875 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд оруулахыг даалгасан байна. Гэтэл шүүгдэгчийн хувьд тухайн эмчилгээний зардлыг зохих дансанд шүүх хуралдаанаас өмнө тушаасан байсан ба баримтаа хэрэгт гаргаж өгсөн болно. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан санал, хүсэлт, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээнд гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн хувьд чөлөөтэй зорчиж, ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох цаашид гарч болох хохирол төлбөрөө санаачлагаараа төлж, хохирогчид учирсан гэм хорыг арилгах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Дгийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаарх санал, дүгнэлтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнд гаргасан.
Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” зэрэг шүүхээс сонгон шийдвэрлэх олон боломжууд байгаа тул шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6.Прокурор Б.Лувсанцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга нь шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гэж ойлголоо. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Уг ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, төлбөрийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан санкцын хүрээнд оногдуулсан. Тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2 төрлийн ял оногдуулах боломжтой бөгөөд шүүх өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Ял шийтгэлийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Харин давж заалдах гомдолд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
7.Хохирогч Н.Эдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогоор төлбөр аваагүй байгаа, сэтгэцийн дүгнэлт гаргуулахаас би татгалзсан байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Өөр тайлбарлах зүйлгүй” гэв.
8.Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын давж заалдсан гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн ** 2 дугаар багийн нутагт 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах чиглэлд “Тоёота приүс-41” маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж эсрэг урсгал руу орсоны улмаас жолооч Ч.Эрдэнэтогтохын жолоодож явсан “Тоёота приүс-40” маркийн **УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота приүс-41” маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Ээрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт авагдсан байна.
2.1.Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/,
шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0725/572 дугаартай “Н.Эбиед зүүн чамархай яс хөхлөг сэртэн хүрсэн шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцралт, баруун чамархайн тархины эдэд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,
хохирогч Н.Э“...Би Улаанбаатар хотоос унаанд суугаад Багахангай дүүрэг орохоор явсан. Тэгсэн тосож авах хүн маань болоогүй байна “Болор” цайны газрын тэнд уулзья гэж хэлэхээр нь суусан машинтайгаа цааш явсан. “Болор” цайны газрын хажууханд бид нарын урд ачааны том машин явж байсан. Тэгээд жолооч “Болор” цайны газар руу зүүн эргэтэл эсрэг урсгалын машин ирж мөргөсөн. Би бууж чадахгүй толгой өвдөөд байсан, жолооч маань хүмүүсийг буулгасан... цагдаа нар болон эмч нар ирж бид нарын биеийн байдал, даралтыг үзэж өвчин намдаах тариа хийсэн. Би сэтгэцэд учирсан хохиролоо үзүүлэхгүй. Гомдолтой байна. Одоо цаашид биеэ үзүүлж, эмнэлэгээр явах төлбөрөө нэхэмжилмээр байна. Өөр надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,
гэрч Ч.У“...Төв аймгийн ***өнгөрөөд “Болор” цайны газар руу эргэх гэж байхад осол босон. Манай эхнэр ард суугаад унтаад явж байсан. Би бүсээ тайлаад эхнэрээ эхлээд буулгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,
гэрч Л.О“...Тухайн осол болох үед би унтаж байсан. Тэгээд юм тачигнаж дугархаар сэрсэн чинь осол гарсан байсан. Би арын суудалд зорчиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,
шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2025/38 дугаартай “Хэрэг бүртгэлтийн ***дугаартай хэргийн материалтай танилцаад Toyota prius-41 маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Хэрэг бүртгэлтийн ***дугаартай хэргийн материалтай танилцаад Toyota prius-40 маркийн **УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Toyota prius-41 маркийн **УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол хэрэг гарах болсон гол шалтгаан болсон гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, харин энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр хандсан байдаг.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгох юм.
Шүүгдэгч Б.Д нь хэрэг, осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодон явсан болон Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Н.Ээрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байгаа тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...Шүүгдэгч Б.Дгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна...” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна.
5.Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “...Эрүүл мэндийн даатгалын санд 1,524,875 төгрөгийг төлсөн байхад дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн байгааг хасах, түүнчлэн шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илрэхийлсэн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.1.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
6.2.Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Д зам тээврийн осол гаргасаны дараа осолд өртсөн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгийн байгууллагад хандсан, холбогдох зардлыг төлсөн, Ч.Э15,000,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэн, шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, энэхүү албадлагын арга хэмжээг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдэх гэсэн өөрчлөлт оруулж, “Тогтоох нь” хэсгийн 6, 7 дахь заалтыг хасаж, дугаарлалтыг “1-11” гэснийг “1-9” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч **Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч **Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд ***сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 6, 7 дахь заалтыг хасаж, “1-11” гэж дугаарласныг “1-9” гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД