Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 00126

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир,

шүүгдэгч Г.Б , П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О нарт холбогдох эрүүгийн 1815000830112 дугаартай, 163/2018/0120/Э индекстэй хэргийг 2018 дугаар 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт Г.Б   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт П.О  

Холбогдсон хэргийн талаар: 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт шүүгдэгч Г.Б , П.О нар нь хоорондоо маргалдах явцдаа Г.Б  нь П.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, П.О нь Г.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.О өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

1815000830112 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Шүүгдэгч Г.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт: 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн найз Намсрай, Хүрэлсамбуу нарын хамт Шинэ зуун худалдааны төвд буюу Тэгшжаргал гэж эгчийн ажил дээр очиж хөзөр тоглоод байж байсан. Тэгээд 17 цагийн үед ганцаараа гарч бие засчихаад Шинэ зуун руу орох гээд явж байхад П.О ах замын эсрэг талд ганцаараа явж байхаар нь би “юу байна Оогий ах” гэж мэндлээд зам хөндлөн гарч очиход П.О ах согтуу миний өөдөөс толгой дохиж мэндэлсэн болоод “чи ер нь их том болчихжээ, атман болжээ” гээд миний урдаас дайраад байсан. Тэгээд намайг цохиод дайрахаар нь би бултаад түүнийг тэврээд автал бид 2 газар давхралдаж унасан. Тэгээд миний дээр гараад толгойруу гараараа цохиод авсан ба миний толгойн баруун хэсгээс цус гарсан, зүүн талдаа жаахан халцарсан. Тэгээд би ноцолдож байгаад босоод зугтаасан ба зам хөндлөн гараад Шинэ зууны үүдэн дээр ирсэн чинь араас хөөж гүйж ирээд намайг барьж аваад дахиж газарт давхралдаад унасан. Тэгээд ноцолдоод Шинэ зуун руу хаалгыг нь онгойлгоод орох гэсэн араас татаж нүүр болон зүүн нүдрүү нэг удаа цохиод авсан. Тэгээд тэврэлдээд л үүдний коридорт ороод ирсэн чинь манай найзууд гарч ирж Намсрай П.О ахыг салгаж авч гараад би дотогшоогоо орсон. Тэгээд л Намсрай явуулчихаад эргэж орж ирээд удаагүй байхад П.О ах дахиж ирчихээд хаалга татаж онгойлгоод дуудсан ба Намсрай гарч уулзтал 3 залуу дагуулчихсан ирсэн байна гэсэн. Гараад ир ална гээд орилж хашгирсан гэсэн. Тэгээд л удаагүй цагдаа дуудсан байсан ба 2 цагдаа орж ирээд намайг цагдаа дээр авчирч эрүүлжүүлэхэд хонуулсан. Тухайн үед П.О ахыг дуудсан ирээгүй юм билээ гэх мэдүүлэг /хх-20-23 тал/,

Шүүгдэгч П.О  хохирогчоор өгсөн мэдүүлэгт: 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэндээс хүнээс бичиг баримт аваад Булган сумын Тамгын газарт хүнд хүргэж өгөхөөр ганцаараа явж байгаад “Булган-Мээж” ХХК-ийн замын урд талаас Г.Б  намайг дуудаж зам хөндлөн гарч ирж надтай уулзсан. Тухайн үед би утсаар ярьж явсан ба утсаа салгаад “сайн уу” гээд мэндэлсэн. Тэгээд “чи над дээр ирээд нэг уулзчихгүй юмаа” гэсэн өөдөөс “тэр чинь хамаагүй, та манай нэг ахтай маргалдаад байхаар нь би таныг зодсон ш дээ” гээд маргалдсан. Тэгээд зам хөндлөн урагшаагаа гараад Холбоо, Шинэ зуун хоёрын хооронд байдаг зайруу орчихсон ба харанхуйд намайг барьж аваад хоёр хөлийг давхар хамж аваад унагаагаад бид 2 тогтсон усны мөсөн дээр ноцолдсон. Тэгээд босоод Шинэ зуун руу гүйгээд орчихсон ба тэр дотроосоо Г.Б , 2 эмэгтэй, 3 залуу дагуулаад гарч ирсэн. Тэгээд л бөөнөөрөө намайг цохиж зодохоор нь нүүрээ гараараа хааж байхад нэг нь гар руу өшиглөчихсөн ба гарын савх яс нь хугарсан. Тэгсэн намайг нэг найз залуу нь таньж салгаж аваад явуулсан ба би дээшээ өгсөж яваад Тулгаа гэж найз дээрээ очиж уулзсан ба ямар хүмүүс байна очиж уулзая гээд Тулгаа, Бамбар /Бамбарын нэрийг мэдэхгүй Булганы залуу гэх/ нарын хамт очиж уулзахаар явж байгаад намайг салгадаг залуутай таарсан чинь нөгөө хүмүүсийг яваад өгсөн гээд гадаа зогсож байсан. Тэгээд бид нар буцаж яваад шууд харьсан гэх мэдүүлэг /хх-24-30 тал/,

Гэрч Г.Хүрэлсамбуугийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 2100 цагийн үед Шинэ зуун худалдааны төв дотор Г.Б , Намсрай, Тэгшжаргал бид дөрөв хөзөр тоглож байхад үүдэнд хүмүүс орилоод байхаар нь Тэгшжаргал эгчтэй Намсрай бид хоёр хамт гарах гэхэд намайг байж бай гээд Намсрайтай хамт гарсан. Тэгтэл гаднаас Г.Б  ах нүдэндээ цохиулсан, толгой нь хагарсан орж ирсэн, араас нь Тэгшээ эгч орж ирсэн. Тэгээд Тэгшээ эгч мөсөөр Г.Б  ахын нүдэнд жин тавьж өгөөд байж байхад цагдаа ирээд Г.Б  ахыг авч эрүүлжүүлсэн. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гараад байж байсан чинь П.О гэж ахтай Г.Б  ах утсаараа залгаад ярьсан ба удалгүй өөрөө буцаж залгаад шинэ хорооны гүүрэн дээр уулзая гээд Намсрай ах, Г.Б  ах, бид 3 хамт явж Шинэ хорооны гүүрэн дээр уулзсан. Тэгээд та яагаад цагдаа дуудсан юм бэ гэхэд би дуудаагүй манай найз нар л цагдаад өгсөн байх гэсэн. Ахынхаа куртикыг оёулаад өгчихгүй юу ямар нэгэн гомдол санал гэхгүй гээд л салцгаасан. Тухайн үед тэр ах шүд жаахан хөдөлчихсөн байна гээд мод зуучихсан ирсэн ба нүүр аманд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Гар өвдөж байгаа тухай ерөөсөө яриагүй. Маргааш нь сумын тамгын газар дээр цагдаатай уулзах гэж байхад урд өдөр нь ярисанаасаа шал өөр юм яриад шүд маань цаашаа орчихоод манай найз татаж гаргаад тэгээд би цагдаа дуудсан гээд шал өөр юм яриад байсан гэх мэдүүлэг /хх 31-34 тал/,

Гэрч Э.Намсрайн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой Г.Б , Хүрэлсамбуу хоёр Шинэ зуун худалдааны төв дээр очиж хөзөр тоглоё гээд дуудахаар нь би ирж Шинэ зуун төвд Тэгшжаргал гээд тавилга зардаг эгч дээр очсон. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад хөзөр тоглосон. Г.Б  ганцаараа “бие засчихаад ирье” гээд гарсан ба 20-30 минут болоод Шинэ зуун төвийн хаалга онгойхоор нь харсан чинь Г.Б ын зүүн нүд нь хөхөрчихсөн байсан ба буцаад хаагдчихаар нь би гүйгээд гарсан чинь П.О ах Г.Б ын дээр дарчихсан байсан. Тэгээд “П.О ахаа яагаад байгаа юм бэ” гээд салгаад Г.Б ыг оруулчихаад П.О ахтай гадаа үлдсэн. П.О ах согтуу байсан ба “Г.Б ыг дуудаад гаргаад ир ална” энэ тэр гээд байсан ба тухайн үед өмсөж явсан куртикных нь баруун ханцуй нь оёдлоороо ханзраад салах дөхчихсөн байсан. Тэгээд би Шинэ зууны тэндээс өгсөж жимс ногоо зардаг дэлгүүрийн урд очоод зогссон чинь Ган-Эрдэнэ гэдэг ах өөр нэг залуутай гарч ирчихсэн наадах чинь өөрөө Г.Б ыг хөөгөөд гүйгээд байсан, наадах чинь цохих гэхээр нь нөгөөх нь тэвэрч аваад болиулаад зугтаад байсан гэхэд “та нар дуугай бай, та нарт хамаагүй Г.Б ыг ална” гээд байсан. Тэгээд би та хаана байхын би Г.Б ын цусыг нь цэвэрлэж угаачихаад аваад очьё гээд утасны дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд би буцаж ороод Г.Б ын нүүрэн дээр хөлдүү банш барьчихсан, цусыг нь арчаад зогсож байсан ба удаагүй П.О эргэж ирээд намайг дуудахаар нь гараад ирсэн чинь Жаран гуанзны урд 3 залуутай ирсэн байсан. Нэг нь Бамбар гэж дууддаг 28-18 ОРХ гэсэн дугаартай цагаан өнгийн Леганс машин унаад байдаг залуу, нөгөөх нь хар Баянаа гэж дуудаад байдаг таеквандогоор хичээллэдэг залуу, өөр нэгийг нь огт танихгүй залуу байсан. Тэгээд намайг огт танихгүй десант ногоон цамцтай залуу надруу хүрч ирээд заамдаж аваад зодох гээд унасан ба “яахаараа найз зоддог юм” гээд дайраад байсан. П.О наадах чинь огт хамаагүй гэж хэлээд болиулсан…гэх мэдүүлэг /хх-35-38 тал/,

Гэрч Б.Тэгшжаргалын өгсөн: Тэр өдөр манайх гадаанаас бараа оруулж угсарахаар Г.Б ыг дуудаж ирүүлсэн ба тэрээр найз гэх Намсрай, Хүрэлсамбуу нартай хамт ирсэн. Тэгээд бараа оруулж угсарч байгаад хэсэг амраад хөзөр тоглоод сууцгаасан. Тухайн үед би Намсрай, Хүрэлсамбуу, Г.Б  бид 4 байсан. Тэгээд Г.Б  бие засна гээд ганцаараа гараад явсан ба 15-20 орчим минутын дараа үүдний шилэн тамбарт хүн орилох дуу чимээ гарахаар нь бид хэд хаалгаруу гүйгээд очсон чинь Г.Б тай зууралдчихсан нэг залуу зогсож  байсан. Тэгээд Г.Б ыг салгаад оруулсан, Намсрай нөгөө залууг салгаж аваад гарсан. Тэгээд Г.Б ын зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь мөс өөр жин тавиад, толгойн баруун талд хагараад цус гараад байсаныг нь арчиж цэвэрлэсэн. Тухайн үед Хүрэлсамбуу гадагшаа гараагүй хамт байсан ба удаагүй Намсрай гаднаас орж ирсэн. Тэгээд юу болсон талаар хоорондоо ярилцаж байсан чинь нөгөө залуу удалгүй эргэж ирээд хаалгаар шагайхаар нь Намсрай оруулалгүй цаашаа аваад гарсан. Тэгээд орж ирэлгүй удаад байхаар нь гарч харахад жимсний дэлгүүрийн баруун талд Намсрай нөгөө Оогий гээд байсан залуу өөр танихгүй 2 залуугийн хамт зогсож байсан ба Оогий гээд байгаа залуутай хамт ирсэн бололтой өөр нэг залуу Намсрайг заамдаад барьчихсан байсан санагдаж байна. Хэрэлдээд маргалдаад байгаа бололтой чанга чанга яриад л байсан. ...Г.Б  хөзөр тоглоод сууж байхдаа бие нь зүгээр ямар нэгэн гэмтэл шархгүй байсан ба бие засахаар гараад эргэж орж ирэхдээ зүүн нүд нь хөхөрч хавдсан, толгой нь хуйхандаа хагарсан бололтой цус гарчихсан орж ирсэн. Тэр Оогий гээд залууг нь харахад ямар нэгэн цус нөж болж зодуулж цохиулсан зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-39-41 тал/,

Гэрч Г.Давхарбаярын өгсөн: Тэр өдөр манай нөхөр П.О гэртээ байж байгаад 15-16 цагийн үед хүнээс бичиг аваад өөр нэг хүнд хүргэж өгөхөөр ганцаараа явсан. Тэгээд 21 цаг болж байхад гэртээ ганцаараа ирсэн. Ирэхдээ өмсөж явсан хар өнгийн өвлийн куртикний зүүн гарын ханцуй нь оёдолоороо ханзарчихсан, хамар амнаас нь цус гарчихсан, баруун гарын алганы ар хэсэг хавдчихсан, үүдэн дээд 1 шүд нь хугараад эргүүлээд суулгасан гэчихсэн, уруул нь бамбайгаад хавдчихсан байдалтай ирсэн. Тухайн үед биеийн ил харагдах гэмтэл нь энэ ба хувцасны цаана байгаа биеийн хэсгүүдэд ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг нь бол мэдэхгүй. Тэгээд тэр өдрөө эмнэлэгээр яваагүй ба Бямба, Ням гаригийг өнгөрүүлээд 1 дэх өдөр нь эмнэлэгт үзүүлсэн. Ирэхдээ баруун гарын алгаа гипсдүүлчихсэн, үүдэн 1 шүд нь хугарчихсан гэж байна гэж ирсэн. Тэгээд энэ бичиг баримтуудаа аваад хэсгийн байцаагчтай уулзана гээд яваад ирэхдээ эмнэлэгийн бичиг баримтуудыг цагдаа маань аваад үлдсэн гэж ирсэн. Би ямар хүнд яагаад зодуулсан талаар асуухад Балжаа гэх залууд зодуулсан гэж ярьсан. Өмнө нь тэр залуу бас зодсон, сая бас найзуудтайгаа явж байгаад дуудаж зодсон гэж хэлсэн. Тэр Балжаа гэдэг нь өөрөөсөө гадна 3 эрэгтэй, 2 эмэгтэй гээд 6-лаа байсан гэж хэлсэн. Зодох болсон шалтгааныг нь бол мэдэхгүй. Өмнө нь тэр Балжаатай маргалдаж байсан асуудал байсан юм шиг байна лээ. 2018 оны 01 дүгээр сарын дундуур манай нөхөр зүүн талын хөмсөгний орчимд тэс цохигдсон, зүүн талын нүд хамар, эрүү шанаа гээд зүүн талын нүүр тэр чигтээ хөхөрч хавдчихсан байдалтай ирсэн. Тухайн үед хэн зодсон талаар юу ч яриагүй ба сая зодсон Балжаа өмнө нь бас зодоод ийм болгосон гэж надад хэлж мэдсэн. Тухайн үедээ цагдаад хандаагүй, эмнэлэгээр ч бас яваагүй байх. Тэр үед бид хоёр Улаанбаатар хот руу ажил хийхээр төлөвлөчихсөн байсан боловч энэ асуудлаас болоод нөхөр яваагүй би ганцаараа хот явсан юм. Хотод 20 орчим хоноод ирэхэд хөхрөлт нь бүрэн эдгэрээгүй байсан. Одоо ямар нэгэн эмнэлэгийн болоод өөрсдөө бэхжүүлэн авсан баримт байхгүй болчихсон байна гэх мэдүүлэг /хх-42-46 тал/,

Гэрч Н.Гансүхийн өгсөн: 2017 оны 12 сард Булган сумын 3-р багт байдаг Энхбат гэж айлд Энхбат, П.О , Г.Б , Намсрай бид хэд архи ууж байгаад би П.Баярааг дуудсан. Тэгсэн П.Баяраа гаднаас ганцаараа орж ирсэн ба жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд П.Баяраа ус хийгээд өгөөч гэж хэлсэн чинь П.О түүний өөдөөс би чамд ус хийж өгөх үү гээд гөлөг нохойгоор нь дуудаад эхэлсэн ба нэг харсан чинь П.О Баярааг цохиод унагаачихсан. Баяраагийн зүүн нүдрүү цохиод доод зовхи нь сэтрээд унжчихсан нүд нь хөхөрч хавдсан байсан. Г.Б  Баярааг өмөөрөөд П.О ыг манай ахыг яагаад зодоод байгаан гээд 2-3 удаа гараараа цохиод салсан. Тэгээд би П.Баярааг авч гараад би гэрлүүгээ, Баяраа гэрлүүгээ ганцаараа явсан санаад байна. Г.Б  П.О ыг цохисоноос болоод ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй. Тэрнээс хойш таараагүй ба өнөөдрийг хүртэл уулзаагүй л явна гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

Гэрч П.Баяраагийн өгсөн: 2017 оны 12 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр Гансүх гэж залуу надруу утсаар яриад Булган сумын 3-р багт байдаг айлд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би тэр айлд ганцаараа нэлээд согтуу очсон ба тэднийд  Гансүх, П.О , Г.Б  нар байсан, бусад хүмүүс нь ямар хүмүүс байсаныг мэдэхгүй байгаа юм. Тэгээд тэнд юу болсныг мэдэхгүй. Гэртээ харьж хоноод өглөө босоход зүүн нүдний доод зовхи сэтэрчихсэн, зүүн нүд битүү хөхөрч хавдсан байсан. Тэгээд би Г.Б аас утсаар юу болсон талаар асуухад “таныг юм яриад сууж байхад П.О босож ирээд өшиглөчихсөн” гэж хэлсэн. Юунаас болоод яагаад тэгсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд би тэрнээс хойш тэр хэдтэй уулзаагүй утсаар ч яриагүй тэгээд л өнгөрсөн. Тухайн гэмтлийг эмчид үзүүлээгүй, гэрэл зураг авсан асуудал байхгүй. Сэтэрчихсэн хэсгийг нь татаж нааж байгаад тэгээд эдгэрчихсэн ба одоо бол ямар нэгэн зовиур байхгүй, жаахан нулимс л гарах гээд байдаг юм. Нүдний хараад нөлөөлсөн зүйл мэдэгдээгүй. Гомдол санал цагдаа сэргийлэхэд гаргаагүй ба одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тухайн үед би өөрөө их согтуу байсан учраас хэнтэй юунаас болж маргалдаад яагаад тийм болсоноо мэдэхгүй байгаа юм гэх мэдүүлэг /хх-50-52 тал/,

Гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн: Би Шинэ зуун дэлгүүрийн хажууд байдаг "Жимс хүнсний ногоо"-ны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэр өдөр орой 17 цагийн багцаанд болов уу дэлгүүр хаах дөхчихсөн байсан. Намайг дэлгүүр дотор байхад гадаа гудамжинд хүн маргалдаад байгаа бололтой чанга чанга ярих дуу чимээ гарахаар нь би тамхи татах гээд гарсан. Тэгсэн Булган-Мээж ХХК-ийн урд талд явган хүний зам дээр Балжаа өөр нэг залуутай зогсож байсан ба Балжаа нь би таныг хүндэлж явдаг шүү гэхэд нөгөөх нь хуцаарай би чамайг алнаа гээд л хэрэлдээд Балжааг барьж авах гээд араас нь хөөгөөд нөгөөх нь ухарч яваад байсан. Тэгээд сүүлдээ араас нь хөөгөөд байсан ба нөгөө залуу нь хоёулаа ийшээ гарчихья гээд замын урагшаа гараад Холбоо, Шинэ зуун 2-ын завсраар яваад орчихсон. Тийшээ ороод л ямар нэгэн дуу чимээ гараагүй байж байгаад удаагүй Балжаа зугтаад холбооны зүг рүү гүйгээд гараад ирсэн ба нөгөө залуу түүний араас хөөгөөд гарч ирсэн. Тэгээд нөгөө залуу араас нь бариад авахад Балжаа еөдөөс нь үсрэх маягтай тэврээд авсан ба газарт дараад уначихсан. Тэгж тэвэрч авахдаа Балжаа тэр залууг мөргөчих шиг болсон. Тэгээд Балжаа тэр залууг цохиж бариагүй газар унаад л босоод дахиад зугтаасан. Тэгсэн нөгөө залуу араас нь хөөхөөр босоод ирэхдээ амуу хамар уу тэр орчмоос нь цус гарчихсан байсан. Тэгээд Балжаа Шинэ зууны урд зугтаж явахад араас нь гүйж очоод дээр нь дарж унаад 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Балжаа ноцолдож байгаад доороос нь мултарч босоод Шинэ зууны үүдний шилэн таамбарлуу оронгуут араас нь очоод бариад авсан. Тэгсэн цаад Шинэ зуун дотроос цахилгаан бараа зардаг эмэгтэй гарч ирээд тэр хоёрыг салгаж байсан. Нөгөө Балжааг зодоод байсан залуу ганцаараа дээшээ өгсөөд явчихсан ба Балжаа Шинэ зуун руу орчихсон байх. Тэгээд би дэлгүүрлүүгээ орчихсон. Тухайн үед надтай Мөнхзул хамт зогсож байгаад яваад өгсөн. Удалгүй нөгөө өндөр биерхүү залуу нь хоёр залуутай ирчихсэн зогсож байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-53-55 тал/,

Гэрч М.Баттулгын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед Булган сумын 5-р багт байрлах Анар дэлгүүрийн гадаа П.О тай уулзсан. Тухайн үед би найз Мөнхтөр /Бамбар гэж дууддаг/, Баянжаргал нарын хамт явж байсан ба тухайн үед П.О Улаанбаатар хотруу бичиг баримт дайх гэж уулзсан. Түүнтэй уулзахад хүнд зодуулчихлаа гээд өмсөж явсан хар өнгийн куртикных нь нэг талын ханцуй нь оёдлоороо бараг салчих дөхсөн байдалтай байсан. Түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл гэхээр зүйл анзаарагдаагүй. Шүд гээд шүдээ л яриад байсан ба шүд нь уначихсан зүйл харагдаагүй. Баахан хүмүүст зодуулчихлаа, хамт очоод ирье гээд бид дагаад Шинэ зуун худалдааны төвийн урд очсон. Балжаа гэж залуугийн нэрийг хэлээд байсан ба өөр тэр энэ байсан гэж хүний нэр хэлээгүй. Тэр газарт очиход 1 эмэгтэй, 3 эрэгтэй байсан санагдаж байна. Тэр хүмүүсийг танихгүй ба Балжаа гээд байсан залууг муухан таних ба тэнд бол байгаагүй. П.О тэр хүмүүстэй ярилцаж байгаад чанга чанга яриад маргалдаад эхлэхээр нь П.О ыг салгаж аваад явсан. Тухайн үед бол бид нар хэн нэгэнтэй зодоон цохион хийгээгүй. Ийм л үйл явдал болж өнгөрсөн гэх мэдүүлэг /хх-56-58 тал/,

Гэрч М.Туяацэцэгийн өгсөн: Тэр өдөр найз Идэр, түүний эхнэр Халиунаа нарын хамт бид 3 орой 19 цаг өнгөрч байхад Булган сумын 5-р багт байрлах Шинэ зуун худалдааны төврүү орсон. Тухайн үед Шинэ зуун худалдааны төвд бараа зардаг Тэгшжаргал гэж эгч, Г.Б , Намсрай, Самбуу нар байсан. Г.Б  нь зодуулчихсан гээд баруун билүү зүүн билүү хөмсөгнөөс нь, мөн толгой дээрээ хагарсан юм уу цус гараад байсан. Тэгээд бид нарыг тэнд ороод 5 минут ч болоогүй байхад нэг согтуу залуу орж ирээд Г.Б ыг чирээд авч гарч гадаа маргалдсаныг нь Тэгшжаргал, Намсрай хоёр гарч салгаж авч орж ирсэн. Тэгээд бид хэд удалгүй явсан. Тухайн болсон зодооны тухай бид нар мэдэхгүй. Бид нарыг очихоос өмнө Г.Б  зодуулчихсан гээд дотор сууж байсан гэх мэдүүлэг /хх-59-61 тал/,

Гэрч Г.Халиуны өгсөн: Тэр орой 18-19 цагийн үед нөхөр Идэр, найз М.Туяацэцэг нарын хамт гадуур явж байгаад Шинэ зуун худалдааны төврүү ороход Тэгшжаргал эгч, Г.Б , Намсрай нар байсан. Г.Б  нь Шинэ зуун худалдааны төв дотор толгойгоо хагалуулчихсан гээд мөс тавьчихсан сууж байсан. Аль билээ нэг талын хөмсөг нь хавдчихсан юм уу гэмээр байсан ба толгойноос нь цус гараад байгаа бололтой байсан. Яасан юм бэ гэхэд Г.Б  нэг танидаг ахтайгаа таарахаар нь мэнд мэдсэн чинь араас хөөж цохиж зодсон гэж яриад байсан. Өмнө нь тэр 2 маргаантай байсан юм уу гэмээр зүйл яриад байсан. Тэгээд байж байтал Г.Б тай маргалдсан гэх эрэгтэй хүн хаалга тогшоод Балжааг гаргаад ир гээд Тэгшжаргал, Намсрай 2 тэр ахыг цааш нь аваад гарч хоорондоо яриад байсан. Тэгээд бид 3 явахаар хаалгаар гарахад Намсрай, Тэгшжаргал нөгөө ах гурав Шинэ зуун худалдааны төвийн зүүн талаар тойроод цаана нь очоод зогсчихсон Намсрайтай юм яриад зогсож байсан. Бид 3 тэндээс гараад явж байхад гурван залуу зогсож байгаад хөөе яагаад ах зодоод байгаан гэсэн манай нөхөр надад ямар ч хамаагүй, би энүүгээр ороод л гарч явна гэж хэлээд бид нар явцгаасан гэх мэдүүлэг /хх-62 тал/,

Шүүгдэгч П.О  яллагдагчаар өгсөн: 2018 оны 3-р сарын 09-ний өдөр шиг санагдаж байна Цогоо гэдэг айлаас дайвар аваад найз Тулгаад аваачиж өгөх гээд Булган мээж ХХК-ийн урдуур ганцаараа утсаар яриад алхаж явтал Г.Б  гэдэг залуу араас гүйж ирээд сайн уу гэж мэнд мэдсэн. Тэгэхээр нь би чи хүнээс уучлал гуйчихаж чадахгүй байна уу, урд нь хүн зодчихоод тааралдахгүй яваад байхын гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёулаа яриад яахав ийшлье гээд Шинэ зуун худалдааны төв Холбооны газар хоёрын хооронд орсон. Энэ асуудал болохоос өмнө 2 сард Г.Б  надтай хамт архи ууж байгаад Баяраа гэдэг театрт ажилладаг залуутай намайг маргалдахад түүнийг өмөөрч намайг зодож байсан юм. Тэр асуудлаас болж маргалдаж эхэлсэн ба Г.Б  намайг давхар хамж унагаагаад бид хоёр ноцолдож байтал Г.Б  Шинэ зуун худалдааны төв рүү гүйгээд орчихсон.Тэгэхээр нь би араас нь гүйгээд очтол өөдөөс Г.Б  3 залуутай хамт гарч ирсэн. Г.Б  миний үүдэн шүд рүү гараараа цохихоор нь эргүүлээд шанаа хэсэг рүү нь зүүн гараараа цохиход хамт байсан залуучууд нь намайг тал талаас цохиж зодсон. Тэгэхэд Намсрай гэдэг танил залуу гарч ирээд намайг таниад өө энэ Отгоо ах байна ш дээ гээд болиулж салгасан. Би Тулгаа гэдэг найздаа дайвраа өгөөд эргээд Тулгаатай хамт ирэхэд нөгөө залуучууд байхгүй байсан. Тэгээд би 21 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. ...Миний үүдэн шүд үхжилд ороод харалж, хөдлөсөн мөн баруун гарын сарвуу нэлэнхүүдээ өвчтэй хүнд ажил хийж чадахгүй, юм бичиж чадахгүй, барьж чадахгүй хөдөлгөөн хязгаарлагдмал болсон. Г.Б д гомдолтой урьд нь бас намайг зодоход би юм яриагүй дахиад намайг зодсон болохоор гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл шүдээ  янзлуулж  гараа  эмчлүүлмээр  байна гэх мэдүүлэг /хх-80-83 тал/,

Шүүгдэгч Г.Б ын яллагдагчаар өгсөн: 2018 оны 3-р сарын 09-ний өдөр шиг санагдаж байна Шинэ зуун дэлгүүр дотор дүү Самбуу, найз Намсрай, тус дэлгүүрийн эзэн Тэгшжаргал эгч нартай хамт  хөзөр тоглоод сууж байгаад бие засах гээд гарсан чинь замын эсрэг талд П.О гэдэг таньдаг ах явж байхаар нь мэнд мэдэхээр замын нөгөө талруу гарч очоод “сайн уу ах” гэхэд мэндийн зөрүүгүй “чи их атмаан болжээ”гээд намайг гараараа хальт цохиод авахаар нь би бултаад гарыг нь бариад авсан. Тэгээд Шинэ зууны зүг зугтаахад араас хөөж ирээд бариад авсан. Бид хоёр барьцалдаж газарт унаад ноцолдож байхад Намсрай гарч ирээд салгасан. Би Шинэ зуун руу орсон, Намсрай П.О тай уулзаад үлдсэн. Хэсэг байж байгаад П.О хэдэн залуучуудтай ирсэн Шинэ зууны гадаа ална гээд байсан би гараагүй манай найзууд гарч уулзсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн. Газар унахад П.О намайг ганц нэг цохисон байх миний толгой хагарсан байсан гэх мэдүүлэг /хх-85-87/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №61 тоот

1. П.О  биед баруун 4-р шивнүүр ясны хугарал, хамар ясны хуучин хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд улайлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.3.1-д  зааснаар  эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-70 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №62 тоот

1. Г.Б ын биед тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйханд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл  нь  мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх 72 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-4 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92-96 тал/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан баримт /112-113 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-116-119 тал/ болон хэрэгт хавсрагдаж ирсэн СД-г шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт шүүгдэгч Г.Б , П.О нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Г.Б  нь П.О  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, П.О нь Г.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ хууль зүйн факт, хэргийн үйл баримт нь шүүгдэгч П.О , Г.Б  нарын хохирогчоор өгсөн, гэрч Г.Хүрэлсамбуу, Э.Намсрай, Б.Тэгшжаргал, Г.Давхарбаяр, Н.Гансүх, П.Баяраа, Б.Ган-Эрдэнэ, М.Баттулга, М.Туяацэцэг, Г.Халиун нарын гэрчээр өгсөн хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаархи мэдүүлгүүд, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 61, 62 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шууд нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

         Иймд шүүгдэгч Г.Б ыг хохирогч П.О  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.О ыг хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  нь П.О  хохиролд 200000 төгрөгийг төлж, хоорондоо  эвлэрснээр  санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.   

Шүүгдэгч П.О , Г.Б  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй, хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, оногдуулсан торгуулийн ялыг хөрөнгө, орлогын эх үүсвэрийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.О , Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:   

1. У овогт  Г.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Х овогт  П.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б , П.О нарын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б , П.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Г.Б , П.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг СД-г хэрэгт хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б , П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

.

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД