| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0121/Э |
| Дугаар | 00127 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00127
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Ц.Н , Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н , Э.Г нарт холбогдох эрүүгийн 1815001560104 дугаартай, 163/2018/0121/Э индекстэй хэргийг 2018 дугаар 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт Э.Г
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Цэвэгжавын Ц.Н
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.Н , Э.Г нар нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаврын гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Г өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1815001560104 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Шүүгдэгч Ц.Н гийн хохирогчоор өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хотоос Булган аймгийн Сэлэнгэ сумын 2-р багийн нутагт “Шаврын гол” гэх газарт зусдаг Хорлоо эгчийнд эхнэр Норжинсүрэн, охин Н.Уянга, Н.Сэлэнгэ, хүү Н.Ариунбаатар, зээ охин Мөнхдэлгэр нарын хамт ирсэн. Тэгээд байж байтал 19 цагийн үед зүс таних Э.Г ганцаараа халамцуу, мотоцикльтой ирсэн. Хорлоо эгчийн гэр дотор Э.Г нь Ж.Гэрэлнямд хандан “би чамайг зодоогүй биз дээ эд нар намайг зодсон гээд байна үнэнийг нь хэл л дээ пизда минь” гэхэд нь Хорлоо эгч “чи манай хүүхдийг дандаа дагуулж явж архи уудаг, тэгээд зоддог” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи чимээгүй бай, ноднин хүртэл согтуу ирээд ийм асуудал гаргасан, би эгчийндээ амармаар байна” гэтэл “чамд ямар хамаатай юм, чи чаддаг юм бол намайг хараана биз” гээд байсан. Тэгээд Гэрэлнямынх руу Төмөрбаатар, Норжинсүрэн бид 3 орсон. Тэгээд байж байтал бэр Баасанжаргал нэг шил архи гаргаад задалж байтал гаднаас Гэрэлням орж ирсэн, араас нь Э.Г орж ирсэн. Хэсэг сууж байтал Э.Г нь надад хандан "миний асуудал чамд хамаагүй, аятайхан байгаарай” гэхээр нь “би эгчийндээ амарч байна, чи харь” гэхэд өөдөөс “хуц чи лам гэсэн бил үү чаддаг юм бол намайг хараагаарай” гэхээр нь “би хэнийг хараасан юм бэ” гээд маргалдсан. Гэтэл намайг гадаа гаръя гэхээр нь би хамт гарахад намайг барьж аваад хавирч унагаагаад нүүр руу 1 удаа өшиглөсөн. Би тэгээд л ухаан алдсан байсан шөнийн 02 цагийн үед ухаан орсон гэх мэдүүлэг /хх 8-9 тал/,
Шүүгдэгч Э.Г хохирогчоор өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед найз Гэрэлнямынд очиж түүний эхнэр Баасанжаргал бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. Архи талдаа орж байхад Төмөрбаатар ах орж ирээд дахин 1 шил архи гаргаж ирээд бид нар хувааж уучихаад гэр рүүгээ явсан. Орой 18 цагийн үед Гэрэлням над руу залгаж “би Хялганатаас 1 шил архи аваад ирлээ, ууя хүрээд ир” гэхээр нь ганцаараа мотоцикльтой очсон. Тухайн үед тэднийд хотоос ирсэн зүс таних Ц.Н эхнэр хүүхдийн хамт ирсэн байсан. Тэгээд Гэрэлнямынд Ц.Н , Гэрэлням, Төмөрбаатар ах, Баасанжаргал бид тав байсан бөгөөд 1 шил архи задалж тойруулсан. Тэгтэл Ц.Н нь надад хандан “чи миний дүүгийн мөрийг гэмтээсэн, би лам хүн чамайг иднэ, эндээс зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гэрэлням бид хоёр учраа олсон, та одоо юм яриад яахав” гэхэд “чи миний дууг хорьдог хэн бэ, би чамайг удмаар чинь устгана” гээд байсан. Хэсэг хугацааны дараа Ц.Н нь намайг гараад ир чамтай зодолдоно гээд байхаар нь “би тантай зодолдохгүй зүгээр архи ууя” гэхэд ”чи миний дууг хорьдог хэн бэ, би чамайг заавал залгина, чи миний дүүг ноднин архи уулгаж байгаад гэмтээсэн” гэж хэлсэн. Тэгээд бид 2 гадагшаа гараад хэрэлдэж байхад тэр миний бэлэг эрхтэн руу нэг удаа өшиглөхөөр нь би гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. Тэгтэл Баасанжаргал ирээд “чи хөгшин хүн зодоод яаж байгаа юм бэ” гэхээр нь “намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд гэр рүү орох гэж байтал өөдөөс тэд нар гарч ирсэн. Тэгээд бүгд над руу дайрч намайг цохиод байсан. Би тэгээд явах гэтэл мотоциклийн түлхүүр байхгүй байсан болохоор нь алхаад явсан гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч Ж.Гэрэлнямын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ц.Н ах гэр бүлийн хүмүүсийн хамт хотоос ирсэн. Тэгээд хоол унд хийж идээд байж байтал 18 цагийн үед Э.Г халамцуу ирсэн. Удалгүй Гансүх, Ц.Н 2 маргалдаад байхаар нь би “боль” гэж хэлээд болиулсан. Тэгээд гарч учраа олъё гээд хоёулаа гараад явсан ба хүүхдүүд зодолдоод байна гэхээр нь гараад хартал Ц.Н ах газар хэвтэж байсан. Э.Г нүүр рүү нь өшиглөсөн гээд Ц.Н ахын зүүн хөмсөгнөөс нь цус гарч нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч О.Баасанжаргалын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хотоос манайд хүмүүс ирсэн. Тэгээд 18 цагийн үед Э.Г ганцаараа халамцуухан ирсэн. Тухайн үед манайд Гэрэлням, ах Төмөрбаатар, ах Ц.Н нар байсан. Намайг хоол хийж байхад тэд нар 0.75 лиртийн архи задлаад тойруулан ууж байсан. Удалгүй Гансүх, Ц.Н 2 маргалдаад учраа олъё гээд хоёулаа гараад явсан ба гадаа пид гээд юм дуугарах чимээ сонсогдсон. Гараад хартал Ц.Н ах газар хэвтэж байсан. Э.Г түүний нүүр рүү нь өшиглөсөн бөгөөд Төмөрбаатар ах салгасан. Ц.Н ахын зүүн хөмсөгнөөс нь цус гарч нүд нь хавдсан байсан. Э.Г зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Ж.Төмөрбаатарын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дүү Гэрэлнямынд байж байхад нутгийн залуу Э.Г халамцуу орж ирсэн. Тухайн үед бид нар нэг шил архи ууж байсан юм. Удалгүй Гансүх, Ц.Н 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд Э.Г гарч учраа олъё гээд Ц.Н г аваад гарсан ба удалгүй хэн нэгэн Ц.Н ахыг цохичихлоо гэхээр нь гараад хартал Ц.Н ах газар хэвтчихсэн Э.Г хажууд нь зогсож байсан. Э.Г нүүр рүү нь өшиглөсөн гээд Ц.Н ахын зүүн хөмсөгнөөс нь цус гарч нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Е.Норжинсүрэнгийн өгсөн: ...Би Хорлоо эгчийнхээс гүйж гараад Гэрэлнямын гадаа очиход манай нөхөр Ц.Н нь газар доошоо харчихсан хэвтэж байсан. Э.Г гэх хүн мөр хэсэг рүү нь өшиглөж байхаар нь би салгасан. Нөхрийн маань зүүн хөмсөгнөөс нь цус гарч нүд нь хавдсан байхаар нь эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.Ихэрсарангийн өгсөн: Би хониндоо явах гээд морины уяа руу явж байхад Э.Г ах намайг өшиглөчихлөө гэж орилсон. Тэгээд хартал Ц.Н ахын нүүр рүү нь гараараа цохисон. Би гэр рүү гүйж ороод хүмүүст хэлчихээд хониндоо явсан гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Нямжаргалын өгсөн: Би эгч Ихэрсарангийн хамт хониндоо явах гээд морины уяа руу явж байхад Э.Г ах намайг өшиглөчихлөө гэж орилсон. Тэгээд хартал Ц.Н ахын нүүр рүү нь гараараа цохисон. Эгч бид 2 гэр рүү гүйж ороод хүмүүст хэлчихээд хониндоо явсан гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Шүүгдэгч Э.Г яллагдагчаар өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед найз Гэрэлнямынд очиж түүний эхнэр Баасанжаргал нарын хамт 0.75 литрийн архи хувааж уусан. Архи талдаа орж байхад Төмөрбаатар ах орж ирээд дахин 1 шил архи гаргаж ирээд бид нар хувааж уучихаад гэр рүүгээ явсан. Орой 18 цагийн үед Гэрэлням над руу залгаж “Хялганатаас 1 шил архи аваад ирлээ ууя, хүрээд ир” гэхээр нь ганцаараа мотоцикльтой очсон. Тухайн үед тэднийд хотоос ирсэн зүс таних Ц.Н нь эхнэр хүүхдийн хамт ирсэн байсан. Тэгээд Гэрэлнямынд Ц.Н , Гэрэлням, Төмөрбаатар ах, Баасанжаргал бид 5 байсан бөгөөд 1 шил архи задалж тойруулсан. ...Тэгээд бид хоёр гадагшаа гараад хэрэлдэж байхад тэр миний бэлэг эрхтэн руу нэг удаа өшиглөхөөр нь би гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийнт 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №113
1. Ц.Н гийн биед зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал,
зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний
алимны салстад цус хуралт, дух цээжинд зулгаралт, дээд үүдэн зүүн
баруун 1-р шүднүүдэд ганхал, зүүн хоншоорын хөндийд цусан хураа
гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-36 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №127
1. Магадлуулагч Э.Г биед хуйхнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал
гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх 42 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-49-50, 53 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63-66 тал/, хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх 73-74 тал/ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаврын гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ хууль зүйн факт, хэргийн үйл баримт нь шүүгдэгч Ц.Н , Э.Г нарын хохирогчоор, Ж.Гэрэлням, О.Баасанжаргал, Ж.Төмөрбаатар, Е.Норжинсүрэн, Т.Ихэрсаран, Г.Нямжаргал нарын гэрчээр хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07, 13-ны өдрийн №113, 127 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шууд нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Н г Э.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Гансүхийг Ц.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь хоорондоо эвлэрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, оногдуулсан торгуулийн ялыг хөрөнгө, орлогын эх үүсвэрийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц.Н , Г овогт Э.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Н , Э.Г нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Н , Э.Г нарын 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н , Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н , Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД