| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 24150017400425 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
А.Н*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: О.М*******,
Шүүгдэгч: А.Н******* /цахимаар/,
Хохирогч: Б.С******* /цахимаар/,
Хохирогч, иргэний хариуцагч: С.Ж******* /цахимаар/,
Хохирогч Б.С*******ын өмгөөлөгч: Г.Д******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.С******* болон түүний өмгөөлөгч Г.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Н*******д холбогдох эрүүгийн 24150017400425 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ******* онлайн дэлгүүрийн худалдагч ажилтай, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот, дүүргийн 20 дугаар хороо Туулын 4-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт гийн Н*******. регистрийн дугаар .
Шүүгдэгч А.Н******* нь Булган аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замаас гарч онхолдсоны улмаас Б.С*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Ж*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
Булган аймгийн Прокурорын газраас А.Н*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч овогт гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******гийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 4 /дөрөв/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******г оршин суугаа газраас буюу Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******гаас 6,949,591 /зургаан сая есөн зуун дөчин есөн мянга таван зуун ерэн нэг/ төгрөг, иргэний хариуцагч С.Ж*******аас 4,633,061 /дөрвөн сая зургаан зуун гучин гурван мянга жаран нэг/ төгрөгийн тус тус гаргуулж, хохирогч Боржигон овогт Батжаргалын С******* /рд:/-д,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******гаас 2,147,346 /хоёр сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг, иргэний хариуцагч С.Ж*******аас 1,431,624 /нэг сая дөрвөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь тоот дансанд олгож,
Хохирогч Б.С******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч А.Н*******гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.э, С.Ж******* нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.С******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.С******* нь Булган аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авто осолд орж, хүнд гэмтэл авсан. Уг хэргийн талаар Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гаргасан боловч уг шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна.
Дараахи үндэслэлүүд байна. Үүнд:
1.Шүүгдэгч Н******* нь ослын дараа миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эргэж ирж уулзаагүй, уучлалт гуйж байгаагүй.
2.Миний эмчилгээ, хагалгааны зардал болон учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй.
3.Хагалгааны дараа удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин, орлогын хохирлыг шийдвэрлээгүй.
4.Шүүгдэгч Намуунд оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдалтай харьцуулахад хангалтгүй гэж үзэж байна.
Иймд миний бие эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, хагалгааны дараах хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байснаас үүдэн учирсан 15,000,000 төгрөгийн хохирлыг шийдвэрлэж өгөх, мөн шүүгдэгч Намуунд оногдуулсан ял шийтгэлийг дахин хянан шалгаж, дээрх хохирлыг барагдуулах талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” шүүх хурлын өмнө хохирлоо төлнө гээд данс авсан боловч 250,000 төгрөг л шилжүүлсэн байсан. Энэ мөнгөөр нэг удаа л эм авна. Үүнд дургүйцэж байна гэв.
Хохирогч Б.С*******ын өмгөөлөгч Г.Д******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 10 өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Шүүгдэгч А.Н******* нь Булган аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Баруун Бүдүүн” гэх газарт 2024 оны 02 сарын 09 өдөр Рrius-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замаас гарч онхолдсоны улмаас миний үйлчлүүлэгч Б.С*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Ж*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Соёл- Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Н******* нь миний үйлчлүүлэгч Б.С*******ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын улмаас үүссэн эмчилгээний болон бусад зардлыг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчоос уучлал хүсээгүй, учруулсан хохирлоо арилгах талаар бодитой санаачилга гаргаагүй.
2.Шүүгдэгч А.Н******* нь хэрэг шалгагдаж байх хугацаанд Улс руу явж, өөрийн хувийн хэрэгцээ, зорилгоор гадаад улсад зорчих боломж, санхүүгийн боломжтой байсан атлаа өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол амссан хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх талаар зохих арга хэмжээ аваагүй нь түүний гэм буруугаа ухамсарласан, учруулсан хор уршгийг арилгах хүсэл эрмэлзэлтэй гэж үзэх үндэслэлгүй.
3. Шүүгдэгч А.Н******* нь шүүх хуралдааны явцад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгосон хуульд заасан ажлын 5 хоногийн хугацаанд хохирлоо нөхөн төлөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь шүүгдэгчийн хохирол төлөх санаа, зорилгогүй байсан болохыг нотолно. А.Н*******гийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь 1-3 жилийн зорчих эрх хязгаарлах, 1-3 жилийн хорих ялын сонгох санкцтай ба уг гэмт хэргийн улмаас 1 хүн хүнд, 2 хүн хүндэвтэр гэмтэл учирсан байхад эдгээр хохирогч нарт нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй атлаа, ялын хамгийн бага төрлийн ялаас бага хэмжээгээр оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.
4.Хохирогч Б.С******* нь гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хугацаанд олох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин
15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Хохирогч нь тухайн үед “ ХХК”-д ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар болон өөрт олгогдож байсан цалин хөлсний хэмжээг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байдаг. Хэдийгээр тус компани нь нийгмийн даатгал төлөгч байгууллагаар бүртгэгдээгүй боловч энэ нь хохирогч тухайн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгааг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд бодитоор хөдөлмөр эрхэлж, түүнд тохирох хэмжээний цалин хөлс авч байсан нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй юм.
Түүнчлэн хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд тухайн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан, улмаар гэмт хэргийн улмаас тодорхой хугацаанд ажиллах боломжгүй болж орлого олох боломжоо алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнэлгүйгээр, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хангахгүй орхисон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд уг асуудлыг дахин нягтлан үнэлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Иймд миний үйлчлүүлэгч Б.С*******ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 15’000’000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгөө оролцоно гэж бодсон...” гэв.
Хохирогч, иргэний хариуцагч С.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолоо 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авсан. Надад ямар үндэслэлээр мөнгөн торгууль оногдуулсан юм бол” гэв.
Прокурор О.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н*******д анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна. Түүнд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна гэж үзэж байна. 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Н*******д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С******* болон түүний өмгөөлөгч Г.Д******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдсон тул хохирогч Б.С******* болон түүний өмгөөлөгч Г.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3.Шүүгдэгч А.Н******* нь Булган аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замаас гарч онхолдсоны улмаас Б.С*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Ж*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Хохирогч Б.С*******, С.Ж*******, Б.э, гэрч Б.З, иргэний нэхэмжлэгч Д.Г, шүүгдэгч А.Н******* нарын мэдүүлэг,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Эын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8100 дугаартай дүгнэлт,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Эын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8104 дугаартай дүгнэлт,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Эын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8102 дугаартай дүгнэлт,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Э.Бгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №51 дугаартай дүгнэлт,
-Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Я. Сын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 52-36/130 дугаартай дүгнэлт,
-Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0825/2653 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/395 дугаартай захирамжаар шүүгдэгч А.Н*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилж, шүүгдэгч А.Н*******г олж саатуулсан өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, уг захирамжийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч А.Н******* нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Монгол улсын хилээр гарсан нь тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасантай нийцэж байна.
4.1.Харин уг захирамжаар шүүгдэгч А.Н*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж заасан. Гэтэл улсын яллагчаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай санал, хүсэлт гаргасан байхад шүүгдэгч А.Н*******г олж саатуулсан өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүгдэгчийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/395 дугаартай захирамжийн дагуу цагдан хорихоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал: Оролцогчоос санал, хүсэлт гаргасан тохиолдолд шүүх саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг мэдэгдэх ба шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байгаа эсэхийг талуудын мэтгэлцээн, холбогдох баримтыг үндэслэн тогтоож, шүүхээс гарсан шийдвэр нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой байтал эрэн сурвалжилж, түдгэлзүүлсэн захирамжаар хуулийн үндэслэл заалтыг огт дурдалгүй буюу удирдлага болгохгүйгээр албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд мэдэгдэнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.
4.2.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗ/32 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул сэргээж шийдвэрлэсэн ба шүүгдэгч А.Н*******г 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг 55 минутад цагдан хорих төв байранд хүлээлгэн өгсөн болох нь “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих төвд хүлээлгэн өгсөн тухай БАРИМТ №15” баримтаар тогтоогдож байна. /2 хх-ийн 233 тал/
2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЗ/100 дугаартай захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.ий гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөх тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ.
2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь БАРИМТ №1-ээр тогтоогддог. /2 хх-ийн 243 тал/
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг 4 /дөрөв/ гэж тооцсон нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
4.3. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ” гэж заасан. Шүүгдэгч А.Н*******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан байгааг анхан шатны шүүх хойшид анхаарвал зохино.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгах зүйлсийг хуульчилсан ба мөн хуулийн 1.5 дахь хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтын талаархи мэдээллийг оруулахаар зохицуулсан. Шүүгдэгч А.Н*******гийн насыг 26, регистрийн дугаарыг гэж түүний иргэний үнэмлэхийн лавлагаанд бичигдсэнээс зөрүүтэй бичсэн байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж, 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно.” гэж, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байдаг.
6.1.Анхан шатны шүүхээс хохирогч, иргэний хариуцагч С.Ж*******д шийтгэх тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч “утсандаа хариу өгөөгүй” гэх үндэслэлээр буцаж ирсэн байна.
Хохирогч, иргэний хариуцагч С.Ж*******д шийтгэх тогтоол гардуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргэсэн гэж үзэж байгаа бол хохирогч Б.С*******, түүний өмгөөлөгч Г.Д******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдол танилцуулах, хариу тайлбар гаргах эрхээр хангаагүй нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасан.
2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг даргалагч шүүгчээс уншиж сонсгосоноор дэлгэрэнгүй бичилгүй, “...уншиж сонсгосоноор шүүх хуралдааныг хаав...” гэж бичсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
8.Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.С*******ад хохирол төлбөрт 250,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдсон болохыг магадлалд дурдав.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул хохирогч Б.С*******, түүний өмгөөлөгч Г.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогч Б.С*******, түүний өмгөөлөгч Г.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ