| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 000/2020/0319/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 319
Д.Г, Д.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч П.Ө, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Д.Г, Д.Ж нарт холбогдох 1914003770255 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарын гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй Д овогт Д-ийн Г нь Д.Ж-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар Н.А-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй Д овогт Д-ийн Ж нь Д.Г-той бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар эхнэр Н.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд, Д.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Ж-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Г-оос 4,645,033, Д.Ж-аас 545,033 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.А олгохоор шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Жаргалсайханд бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Д.Г, Д.Ж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн заалт нэмж оруулж,
4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, ... Ж” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, “Д.Ж” гэж,
6, 7, 10 дугаар заалтуудад “...Ж...” гэснийг “...Д.Ж...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлын 1 дэх хэсэг болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ж гаргасан гомдолдоо: “Д.Ж би 1966 онд төрсөн. Одоо 55 настай билээ. Миний бие сургуульд сурж, эрдэм боловсрол эзэмшээгүй боловч Монгол үндэстний өв уламжлал, ёс заншилаа дээдэлж мал ахуй дагасан малчин мэргэжилтэй хүн билээ. Би өөрийн хөдөлмөрөөр амьдарч, бусдад буруу муу зүйл хийлгүй амьдарсаар ирсэн минь үнэн болно. Миний бие хохирогч Н.А-тай хамт нилээд хэдэн жил хамт амьдарсан ба энэ үйл явдлаас хойш тусдаа амьдарч байна. Надтай ханилан амьдарч байсан энэ хүн намайг гэмт хэрэгтэн болгож байгаад би их харамсаж байна. Н.А нь тухайн үед болсон үйл явдлыг эхний мэдүүлэгтээ үнэн зөвөөр нь хэлж байсан бөгөөд хохирол төлбөр хамт төлүүлэх, гаргуулах зорилгоор намайг мөн хамт зодсон, цохисон гэж мэдүүлэг өгөөд байгааг би зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Энэ хохирогч Н.А-ын сүүлд нэмж өгсөн мэдүүлгүүдээс болж анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх надад ял оногдуулсанд би гомдол гаргаж байна. Ийм учир та бүхэн хэргийг хянан үзэж, миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар гаргасан гомдолдоо: “иргэн Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид өөрийн биеэр биеэ үзүүпжээ. Хэсэг газрын үзлэгээр: “Зүүн хацарт 4х4 см, баруун чамархайд 3.5х3 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 9x3 см, урд дээд 2.5х1.5 см, урд дунд 2.5x2.5 см, гадна доод 2x2 см, 3х1.5 см, ар доод 3x2 см, баруун мөрний гадна дээд 6x4 см, 2.5х2 см, 2.5x1 см, 2х1 см, зүүн бугалганы гадна дунд 1.5х1 см, доод 1х1 см, зүүн өгзөгт 6х6 см, хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралтуудтай. Дух баруун талд 1.2х1см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 7х0.1 см, 4х0.1 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Зүүн хацарт 5х5 см, баруун чамархайд 6х6 см хэмжээтэй овойж хавдсан байв” гэжээ.
Дээрх шинж тэмдгээс “Тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарч, гэмтэл болох нь тогтоогдсон ба Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 298 дугаартай дүгнэлтээр, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1096 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон.
Харин бусад олон зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа нь тодорхой байна. Тодруулбал зүүн өгзөгт 6х6 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралтууд нь гэмтэлд хамаарахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээс үзвэл “тухайн цаг хугацаанд толгойгоо хамгаалаад Д.Г-той зууралдаж байхад үед хөл орж ирж өшиглөсөн” тухай мэдүүлдэг. Д.Ж түүний биед халдсан гэж үзвэл толгой, тархи хэсэгт огт цохиогүй болох үүнээс харагдаж байна. Мөн шүүгдэгч нар нь хүний биед гэмтэл учруулахаар үйлдлээрээ нэгдсэн бүлэглэн гүйцэтгэсэн санаатай үйлдэл байгаагүй болно. Д.Ж тэр хоёрыг салгаж, Д.Г-ыг гэрээс авч гарсан идэвхтэй үйлдэл хийсэн.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас Д.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хэлсэн саналдаа: Д.Г, Д.Ж нарт холбогдох хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.Г, Д.Ж нар нь хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон болох нь нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Н.А учирсан хохирлыг харгалзан хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй болсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хохирогч Н.А-д хийсэн мэс засал нь бусдад зодуулсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн 1096 дугаартай шинжээчийн дүгнэлт бий. Мөн дүгнэлт гаргасан шинжээч нарыг байцаахад хохирогчид хийгдсэн мэс засал нь бусдад зодуулсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Д.Г-оос 4,645,033 төгрөг, Д.Ж-аас 545,033 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөрийг мэс засал хийлгэхэд зарцуулсан төлбөр гэж үзэж байна. Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр уг мэс засал нь бусдад зодуулсан хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон учир шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын төлбөрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Д.Ж нь өөрийн эхнэр Н.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан, уг шалтгааны улмаас согтуурсан үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргалдахдаа хохирогчийн мэдүүлснээр “халуун савтай цай асгах гэж дайрахаар нь эсэргүүцэн гарыг нь барих үед түүний дүү Д.Г араас нь цохиж, Д.Г, Д.Ж нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогчийг бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамаарал бүхий хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь эрүүгийн хариуцлага гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нар нь хяналтын шатны шүүхэд “гэм буруугүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдол гаргажээ.
Д.Ж-ны “... Н.А над руу дайраад үснээс зулгааж орон дээр дарчихсан байхад дүү Д.Г орж ирээд “ахыг доромжиллоо” гэж дайраад араас нь нэг удаа шанаа руу нь цохиод авсан. Би босоод Д.Г-ыг барьж авахад Н.А гараад явсан” гэх мэдүүлэг нь цагдаагийн байгууллагад эрх нь зөрчигдсөн талаар гомдол гаргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэн зааж, зориуд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх баталгаа гаргасан хохирогч Н.А-ын “... Д.Г, нөхөр Д.Ж хоёр нийлж зодсон. Би салгасан талаар мэдэхгүй, хоёр хүний хөл, гар орж ирээд цохиод байсан учраас Д.Ж, Д.Г хоёрыг зодсон гэж үзэж байна. Миний толгой, хүзүүний хэсэгт ээлжлэн цохиод байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж “олон тооны цохилтын улмаас хөнгөн зэргийн гэмтэл” учирсан болохыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан 3 удаагийн дүгнэлт, хохирогч нь бусдад зодуулсан гэдгийг харсан, мэдсэн шүүгдэгч нарын дүү Д.Б, Б.Дагиймаа нарын мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримт сэлт, нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Харин хоёр шатны шүүх хохирогч Н.А-д учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээр Н.А-ын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүзүүний үе солиулах хагалгаа хийлгэсэн шалтгаан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй холбоогүй гэдгийг эргэлзээгүй байдлаар тогтоосон байтал уг хагалгааны төлбөрийг шүүгдэгч Д.Г-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд шийтгэх тогтоолын холбогдох заалтыг зөвтгөн залруулсан өөрчлөлтийг оруулж, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,090,065 төгрөгөөс шүүгдэгч Д.Г-ын сайн дураар төлсөн 900,000 төгрөгийг хасаж, үлдэх 190,065 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “... шүүгдэгч Д.Г-оос 95,032 төгрөг, Д.Ж-аас 95,032 төгрөгийг ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН