Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 7

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             Хэргийн индекс:114/2016/0071/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын  хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.*******гийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Б.Саранчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          Ц.Баасандорж,

Хариуцагч                                                                     П.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч                                             Ё. Ринзаан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Баасандорж нар шаардлагын талаар тайлбарлахдаа:- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.*******гийн гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй  гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын  улсын  байцаагч Д.*******,  А.*******  нар нь  Монгол  улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй татар сагаг, чөдөр тарна гэх мэтийн хориглосон хорт ургамлууд илэрсэн учраас үрэнд тарьж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлтийг манай холбооны зүгээс үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байгаа.Үрийн буудай гэдэг бол цаашид Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд гол нөлөөтэй чухал бүтээгдэхүүн. Дээрээс нь манай холбоо Монгол Улсын газар тариалангийн салбарт үр тариа хүнсний бүтээгдэхүүнийг тарьж Монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангахад чиглэгдсэн эрхэм зорилготой аж ахуй нэгжүүдийг хамааруулж сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан тэднийхээ эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага. Энэ зорилго чиглэл үйл ажиллагааныхаа үндсэн дээр П.******* байцаагчийн гаргасан дүгнэлтийн талаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус албан хүсэлт хүргүүлж байсан.

Нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай байгаа. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ хариуцдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж, хяналт шалгалт хийх удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн байна.  Монгол Улсын стандартыг зөрчсөн. Энэ дүгнэлт нь мэргэжлийн хүн гаргасан гэхэд ойлгомжгүй, ойлгоход хэцүү хор уршиг ихтэй ийм дүгнэлт болсон гэж үзэж байгаа. Нэгдүгээрт: Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасны дагуу ямар ч хяналт шалгалтыг  удирдамжтай явуулдаг. Хэрэв удирдамжгүй гүйцэтгэвэл хуулийн 5.3-д зааснаар төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийнэ гэдгийг хуульчлаад өгсөн. Мөн улсын байцаагч П.******* нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д заасан үүргээ биелээгүй, зөрчсөн.Шалгалтыг “Нямбайгаль”даваа” ХХК-ийн хүсэлтийн дагуу хийсэн гэж актад дурьдсан, хэрэв аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр хийж байгаа бол заавал удирдамжтай төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хуулийн 52.1-д заасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д хяналт шалгалт удирдамжтай байх, удирдамжийн дугаарыг бичих, хуулийн 5.7-д удирдамжтай, хяналтын хуудсанд заагдсан хүрээнд хийх гэдгийг зөрчсөн, дүгнэлт нь ойлгомжгүй захиргааны акт болсон. Дүгнэлтэд хог ургамлын нэрийг бичээгүй, 20,30,20 гэсэн тоог бичсэн нь актыг ойлгоход төвөгтэй болсон, уг нь дүгнэлт дээр хог ургамлын нэрийг тодорхой бичсэнээр тариаланчид хог ургамалтай үрийн буудайнд ямар хор хэрэглэх, ямар хэмжээгээр хэрэглэхээ дүгнэлтээс харж мэднэ.

Дүгнэлт гаргахдаа Монгол улсын стандартыг зөрчсөн. Стандартын 6.1-д улаан буудайн үрийг 3 ангилах талаар дурьдсан, тэгтэл улсын байцаагч 1 кг-д байх хог ургамал 30 гэж гараад байхад 3 дугаар ангилалд оруулахгүй 2 дугаар ангиллаар дүгнэлтээ гаргасан нь нэгдүгээрт үнийн зөрүү яригдана, энэ нь тариаланчид өндөр үнээр аваад улс буцаагаад бага үнээр авдаг учир тариаланчдад хор хохиролтой болдог. Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын 2015 оны А/90 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтад чөдөр тарна, хонгио хошуу, татаар сагаг зэрэг ургамлуудыг хориглосон байдаг.

“*******” ХХК нь ОХУ-аас үрийн буудайг хямд аваад өндөр үнээр Монгол улсад оруулж ирсэн.Хаврын тариалалт тулгаад хилээр буудайг оруулж ирсэн. Үрийн буудай хилээр орж ирээгүй байхад “Нямбайгаль”даваа” ХХК-д мөнгийг шилжүүлсэн байсан. Сар хүрэхгүй хугацаанд эдгээр залуучууд 4 тэрбум төгрөг олсон. Улсын байцаагч П.******* дээрх хог ургамалтай үрийн буудайг хилээр оруулж ирэхийг хориглосон учраас хог ургамлын нэрийг бичээгүй, хариуцагч тайлбартаа ОХУ-ын лабораторийн бичиг байгаа гэж ярьж байна, үрийн буудайгаа хурдан борлуулахын тулд гадагш гаргаж байгаа ОХУ-ын лабораторийн шинжилгээ үнэн зөв гарсан эсэхэд эргэлзээтэй. Монгол Улс тусдаа хуультай, тусгай стандарттай, тиймээс хууль болон стандартын дагуу дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Энэ хог ургамлаас болж хөрс бохирдоно, ургац багасна, үнийн зөрүү гээд тариаланчид л хохирч байна. Үрийн буудайг 1 тонныг 880000 төгрөгөөр тариаланчдад зээлээр тараасан, өрөө төлөх гээд тариаланчид будаагаа 560000 төгрөг, түүнээс доош үнээр өгч байна. Тариаланчид урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэгчээр л явдаг хүмүүс. 3 дугаар ангилалын үрийн буудай яг Орос улсын зах зээл дээр маш хямдхан. Муу буудайг хямдхан оруулж ирээд 3 дугаар ангиллаар зарах юм бол хямдхан зарна. Ангиллыг нь дээшлүүлээд зарчих юм бол хэд нугалж зардаг ийм бизнес явж байгаа. Ийм маргаан Захиргааны хэргийн шүүх дээр анх удаагаа ирж байгаа. Будаа орж ирнэ, дандаа Дархан-Уул аймгийн гааль дээр бууж байдаг. Гэтэл Сэлэнгэ аймаг хилтэй хамгийн ойр, зардлаа хэмнэх боломжтой, тариалан дэмжих сантай, гэтэл энэ нутаг дэвсгэрийг алгасаад  Дархан дээр ирж буудаг, жил болгон ийм маргаан гардаг. Тэжээлийн будааг таваарын будаа болгон зэрэглэл, үнийг нь дээшлүүлдэг.

Иймд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.*******гийн гаргасан энэ дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч П.******* болон түүний өмгөөлөгч Ё.Ринзаан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2016 онд үрийн буудай оруулах аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж Засгийн газраас “*******” ХХК-ийг шалгаруулж, 2016 оны 04 дүгээр сард хилээр ОХУ-аас үрийн буудай орж ирсээн. Гүний гаальд таваар ирсэн тул Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.******* ажил үүргийн чиглэлээр хяналт шалгалтыг эхний 6 вагонд хийж, будаанаас дээж авч магадлан итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээнд өгч, дүгнэлтийг гаргасан. Нийт 43 вагон үрийн  буудай орж ирсэн байгаа. Энэ асуудлаас болж Эрүүгийн цагдаагийн газар, Авилгалтай тэмцэх газар гээд олон газруудаар шалгуулсан, шалгасан байгууллага бүр буудайны дээжээс шинжилгээ авсан, шинжилгээ бүгд адил гарсан байгаа. Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Тариалан дэмжих сангаар дээрх үрийн буудай 147 аж ахуйн нэгж, иргэдэд тараагдсан, одоо будаагаа хураагаад аваад тушаасан, энэ буудайны талаар ямар нэгэн байгууллага, иргэдээс гомдол гараагүй байна. Анх удаа зөвхөн үрийн будаа орж ирж байгаа юм биш, 10 гаран жил болж байна. Хилээр орж ирсэн үрийн буудайнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөхдөө ОХУ-тай байгуулсан 1993 оны хүчин төгөлдөр хэлэлцээр, 2015 оны ХХААЯамны сайдын А/90 дүгээр тушаалаар батлагдсан хилээр оруулж ирэхийг хориглосон хог ургамлын жагсаалтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Улсын байцаагчаас дээрх дүгнэлтийнхээ дагуу албан шаардлага, зөвлөмж гаргаж байсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан удирдамж нь дотоодын хяналт шалгалт хийхэд хамааралтай, хилийн хяналт шалгалт нь өдөр тутмын байнгын байх тул удирдамжгүй явуулдаг журамтай. Лабораторийн шинжилгээгээд хог ургамлын нэр гараад ирсэн болохоор дүгнэлтдээ 1 кг-д байх хог ургамлын тоо ширхэгийг бичсэн, нэрсийг дурьдаад байх шаардлагагүй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан ТТБ-ын дүрмээр  нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч 4 тэрбум төгрөгний ашигтай гэж байна, тэгтэл өнөөг хүртэл Засгийн газар төлбөрийг төлөөгүй байгаа шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- ...”*******” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны  харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сард ОХУ-аас “Алтайская жница” сортын үрийн буудайг оруулж ирсэн бөгөөд үүнтэй холбогдуулан гаргасан бусдын гүтгэлэг, мэдээллээр тухайн үрийн буудайг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газраас удаа дараа шалгаж, тухай бүрт мэргэжлийн байгууллагын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжлэн, зохих шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байсан.

“*******” ХХК нь ОХУ-ын чанар байдлын тодорхойлолт, гарал үүсэл болон ургамлын эрүүл ахуйн зохих гэрчилгээтэй үрийн буудай оруулж ирсэн.

Гуравдагч этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийн  байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.*******гийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын  хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.******* нь “*******” ХХК-аас хаврын тариалалтанд зориулж ОХУ-аас импортоор гүний гаалиар нэвтрэн орж ирсэн эхний 6 вагон үрийн буудайнд хяналт шалгалт хийж, ургамал хорио цээр, чанарын дүгнэлт гаргах зорилгоор дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлсэн байна.  “Алтайская жница” сортын үрийн буудайнд  шинжилгээгээр гадаад хорио  цээртэй хөнөөлт шавьж, хачиг, ургамлын өвчин, хог ургамлын үр илрээгүй тул Монгол улсын MNS 0246:2010 стандартын үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангасан гэж үзээд улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот дүгнэлтийг гаргасан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 6 вагоноос авсан дээжийн шинжилгээгээр 1 кг тутамд байгаа хог ургамал  шинжилгээний 1463, 1464 дүгээр сорилтын дүнгээр хонгио хошуу будаа -  20, 20, чөдөр тарна 10 ширхэг, 1465,1466 дугаар сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, 20, татаар сагаг 10 ширхэг, 1476, 1477 дугаартай сорилтын дүнгээр татаар сагаг 10, хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 12 ширхэг илэрсэн ба гадаад хорио цээртэй хог ургамал илрээгүй болох нь 1463-1466,1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнгээр нотлогдож байх бөгөөд дээрх шинжилгээний дүнд дурьдагдсан хог ургамал нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А-90 тот тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаардмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж,мэрэгч амьтдын нэрсийг жагсаалт”-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад бүртгэгдээгүй, хамааралгүй байна.

Нэхэмжлэгчээс “хариуцагч MNS0246:2010 үрийн буудайн стандартын 6 дугаарт тарих үрийн чанарын шаардлагад хог ургамлын үр 1 кг тутамд байх хэмжээгээр 3 ангилалд хувааж 1 дүгээр ангилалд 5 ширхэг, 2 дугаар ангилалд 20 ширхэг, 3 дугаар ангилалд 70 ширхэг байхаар хамаарсан байхад дүгнэлтдээ 30 ширхэг гэж бичсэн атлаа үрийн буудайг 2 дугаар ангилалд хамааруулсан” гэх тайлбарын тухайд хавтаст хэрэгт авагдсан 1463-1464,1465-1466,1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнд 1 кг байх хог ургамлыг ширхэгээр бичсэн байх ба шинжилгээний дүнд “30 ширхэг” гэсэн тоо бичигдээгүй байхад хариуцагч дүгнэлтдээ “30” гэж бичсэн нь техникийн алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй  байна. Иймээс хариуцагч шинжилгээний дүнг  үндэслэн  “Алтайская жница” үрийн буудайнд гадаад хорио цээртэй хог ургамал илрээгүй тул  MNS0246:2010 стандартын 2 дугаар ангийн шаардлагыг хангасан гэж дүгнэлт гаргасан нь 1463-1466, 1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүн, үрийн буудай MNS0246:2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн чанарын шаардлага зэргээр тогтоогдож  байна.

Хариуцагч П.******* 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг гаргахдаа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хорио цээрийн хяналт шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ...гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч ... хэрэгжүүлнэ”, 8 дугаар зүйлийн 8.1.3-д “хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 207 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 9.2-т “хил, хорио цээрийн хяналт нь байнгын хяналт байх”, 9.9.-д “хил гүний хяналтын бүсэд хийх өдөр тутмын хяналтыг удирдамжгүй хийнэ” гэж заасныг зөрчөөгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэсэн зарчимтай нийцэж байна.

 Иймд хариуцагчийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтээр “Алтайская жница” үрийн буудайнд 1463-1466, 1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнгээр гадаад хорих цээртэй хог ургамал илрээгүй, MNS0246:2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн чанарын шаардлагаар 2 ангид хамаарч байгаа нь  дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.*******, А.******* нараас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 18-02-008/44 тоот дүгнэлт үнэн зөв” гэх тайлбарын тухайд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол,соёл, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн  Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн  ажлын байрны тодорхойлтолтонд заасан ажлын байрны зорилгод “Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт болон Таримал ургамал үр, сортын чанарт хяналт тавих ажлыг орон нутагт зохион байгуулах, ААНБ, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэхэд үр сортын үр, хорио цээрийн дэглэм, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тарих үрийн чанарыг стандартын түвшинд байлгахад хяналт тавих, үрийн чанарыг сайжруулах замаар хүнсний аюулгүй байдлыг хангуулахад тус дөхөм үзүүлэх, Ургамал хамгаалал, хорио цээрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах”, үндсэн зорилтод “Таримал ургамал үр, сорт, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх”, “хариуцсан хяналтын чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохион байгуулах” гэж зааснаас үзэхэд дээрх улсын байцаагч нар нь  ажлын байрны чиг үүргээрээ хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг хийх эрхгүй этгээд байна.

Хариуцагчаас “нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, дүрэмд заагаагүй” гэх тайлбарын тухайд Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагыны дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу бүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж зааснаар газар тариалангийн чиглэлээр гишүүддээ үйлчилдэг, төрийн бус байгууллага болох нь 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 000042713 тоот гэрчилгээ, төрийн бус байгууллагын дүрэм, 2013-2015 оны ажлын төлөвлөгөө, тайлан, тариаланчдын дунд зохион байгуулсан хурал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн  ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.*******д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.*******гийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА