Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 754

 

М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

          Прокурор Л.Мажигсүрэн,

          Ялтан М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын  өмгөөлөгч Ш.Бадмаараг,

          Ялтан Э.Өргил /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Өргил, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, Б.Энхтуяа, ялтан М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт холбогдох эрүүгийн 2016 2502 0445 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дархчин овгийн Мөнхөөгийн Бат-Эрдэнэ, 1994 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмэг эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын  33 дугаар байрны 16 тоотод оршин суух,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа  дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014  оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:УЗ94090814/,

 

2. Хэрэйд овгийн Өлзийдүүрэнгийн Онон, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 31 дүгээр байрны 33 тоотод оршин суух,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор “бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг булааж бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан” хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:УШ96072511/,

3. Магалан овгийн Энх-Амгалангийн Өргил, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 30 дугаар байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УУ95111556/,

М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нар нь бүлэглэн, 83-34 УНЭ улсын дугаартай “Киа лотзе” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 2 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны зогсоолд байсан хохирогч Т.Цэрэндашийн 14-62 УБА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслээс “Делли инспирон” загварын зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлс хулгайлж, 1.030.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Ононд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жил хоринх ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, М.Бат-Эрдэнэ 153 хоног, Ө.Онон 122 хоног, Э.Өргил 3 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нараас тус бүр 1.166.666 төгрөгийг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Бат-Эрдэнээс 393.333 төгрөг, Ө.Ононгоос 393.333 төгрөг, Э.Өргилөөс 50.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Цэрэндашид олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 83-34 УНЭ дугаартай, “Киа Лотзе” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Өргил гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нартай үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөөгүй.

2. Намайг машинтай явж байхад нэг байрны найз болох М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нар “ойрхон юманд явчихаад ирье” гэснээс биш хулгай хийх талаар юу ч хэлээгүй.

3. Хулгайн эд зүйлсээс би юу ч аваагүй.

4. Хохирол, төлбөрөөс өөрт оногдох төлбөрийг төлж барагдуулсан.

5. Миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Намайг урьд өмнө нь ял шийтгүүлж байсан нөгөө хоёртой ижил зүйлчлэлээр зүйлчилсэн.

6. М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын мэдүүлэг зөрүүтэй байхад шалгаж, тодруулаагүй. Намайг бүлэглэн хулгайн гэмт хэрэгт зүйлчилсэн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоож өгнө үү...” гэв.

Ялтан Э.Өргилийн өмгөөлөгч Д.Дашдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Э.Өргил нь тухайн хэрэгт анх шалгагдаж эхэлснээс хойш хэргийн талаар мэдүүлгээ тогтвортой өгч байсан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд тогтоосон цаг хугацаанд байнга бүртгүүлж, ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн төлөх ёстой хохирол, төлбөрийг төлж барагдуулсан.

Э.Өргил нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Э.Өргилийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Өргилийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял  хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Өргилд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Э.Өргил нь хохирогч Т.Цэрэндашид 50.000 төгрөгийн хохирол төлөхөөр заагдсан” ба цагдан хоригдож байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний “Хаан банк”-ны 5064107104 дугаарын дансаар 50.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон.

Э.Өргил нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах.

2. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 83-34 УНЭ улсын дугаартай автомашин нь Э.Өргилийн эзэмшилд байдаггүй бөгөөд Э.Өргилийн ах Э.Оргилын эзэмшилд бүртгэлтэй. Мөн М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Э.Өргилтэй хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй талаар мэдүүлэг өгсөн. Тиймээс хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм хэрэглээгүй болно.

Иймд М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1.166.666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хулгайн гэмт хэрэгт М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нар нь үйлдлээрээ нэгдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байх бөгөөд анхан шатны шүүх нь тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд доорх зүйлийг нэг мөр шалгавал зохино. Үүнд:

               1. Хохирогч Э.Ёсүй “...машины хойд талын суудал дээр байсан миний цүнх байхгүй байсан. Цүнхэн дотор хар өнгийн арьсан “Zara” брендийн арьсан цүнх 100.000 төгрөг, “Манго” брендийн түрийвч 1 ширхэг 90.000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл буюу “PACESHOP” брендийн сормуусны будаг 10.000 төгрөг, нүдний тен 5.000 төгрөг, нүүрний крем 20.000 төгрөг, “NYX” брендийн уруулын будаг 2 ширхэг, тус бүр 10.000 төгрөг, “EVO” брендийн усан пүдр 30.000 төгрөг, “chanel chance” брендийн эмэгтэй хүний үнэртэй ус 200.000 төгрөг, “MI” брендийн зөөврийн утасны цэнэглэгч 50.000 төгрөг зэрэг үнэ бүхий эд зүйлсийг хулгайд алдсан” /1-р хх-35-36/ гэж,

              Хохирогч Б.Чинзориг “...зүүн хойд талын шилийг хагалсан байсан. Эмэгтэй хүний гар цүнх хулгайд алдагдсан. ...Цүнхэн дотор хар өнгийн түрийвч, түрийвч дотор нь 10.000-20.000 төгрөг байсан. Мөн “chanel chance”-ийн үнэртэй ус, Улаанбаатар Их Дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авсан, мөн гоо сайхны хэрэглэлүүд байсан. ...Автомашины шилийг шинээр солиулж хийлгэхэд 150.000 төгрөгийн зардал гарсан...” /1-р хх-33-34/ гэж тус тус мэдүүлжээ.

            Гэтэл прокуророос сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор “Б.Чинзориг, Э.Есүй нарын хулгайд алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан хохирлын бага бус хэмжээнд хүрэхгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Есүйгийн хулгайд алдсан гэх 6 эд зүйл / 1-р хх-41-42/ болон хохирогч Б.Чинзоригийн автомашины шилийг тус тус үнэлүүлэх,

            2. Ялтан Э.Өргил “...Их дэлгүүрийн зогсоол дээр зогсоход М.Бат-Эрдэнэ “хүнтэй уулзана, байж бай” гээд буцаад нэг цагийн дараа цэнхэр өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй нотебүүк бариад машинд орж ирсэн. ...Би М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарыг эд зүйл хулгайлсан гэдгийг мэдээгүй, сүүлд нь эд зүйл хулгайлсан гэдгийг нь мэдсэн...” /1-р хх-74, 76, 159, 218/ гэх мэдүүлгээс үзэхэд ялтан Э.Өргилийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцүүлэн гэмт хэрэг гарсан байдал, түүнчлэн хэн нь зохион байгуулсан, гүйцэтгэсэн, хамжсан, хатгасан зэргийг тус тус бүрэн гүйцэд шалгавал зохино.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаасантай холбогдуулан давж заалдах шатны шүүх ялтан Э.Өргилийн өмгөөлөгч Д.Дашдорж, Б.Энхтуяа, ялтан М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Н.БАТСАЙХАН

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ