Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01389

 

 

 

 

 

Г.Б-, Х.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2022/00214 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-, Х.Э- нарын хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч нарын өмгөөлөгч А.Даваабилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн С.Г-, Б.Б- нарт өөрийн өмчлөлийн Б- 3 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө 10,000,000 төгрөг, мөн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй Рашаант 3 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай 518 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөг, мөн гудамжны 2 тоот хаягт байршилтай 518 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөг, 1а тоот хаягт байршилтай 455 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9,000,000 төгрөгөөр тус тус тооцож бүгд 37,000,000 төгрөг авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон эзэмших эрхээ шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх үед худалдан авагч С.Г-ын санаачилгаар үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварыг бага хэмжээгээр төлөхийн тулд гэрээн дээрх үнийн дүнг бууруулан бичиж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ нийт 37,000,000 төгрөгийг Г.Б- миний Хаан банк-ны дансанд шилжүүлсэн. С.Г-, Б.Б- бидний хооронд хийгдсэн газар болон үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүд нь татвар нуун дарагдуулахыг хориглосон хууль тогтоомж зөрчсөн хэлцлүүд тул 159, 160, 161, 162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж өгнө үү. Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 3 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.Б-г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С.Г-, Б.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Манайх Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны арын буудлын Аавын хишиг дэлгүүрийг ажиллуулдаг. Иргэн Г.Б- нь 2021 оны 01 дүгээр сард дэлгүүрт ирээд Энэ танай ажлын байр чинь өөрийнх үү, би Рашаантад байдаг 8 нэрийн дэлгүүрээ 40,000,000 төгрөгт зарна, сонирхох уу гэсэн. Эхнэр бид 2 тэр дэлгүүрийг үзэхэд нилээд хуучирч муудсан, маш их засвартай, дээврээсээ нурж унах гэж байгаа тийм дэлгүүр байсан. Г.Б- дэлгүүрийн зөвшөөрөл, хугацааг сунгуулаад бид хоёрын компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Доороо эзэмшлийн 3 газар байсан. Тэр үед Г.Б- зарж байгаа обьектоо танилцуулахдаа дээвэр их муудсан, дэлгүүрийн урд талын газрыг дээврийн засварт дагалдуулж өгнө гэсэн. Бид хоёрын хувьд 40,000,000 төгрөгөөр авах боломжгүй, маш их засвар орохоор байна гэхэд Г.Б- 35,000,000 төгрөгөөр ав гэсэн. Миний бие барилгын засварын ажил хийдэг учраас засаад янзлаад авъя гээд наймаа хийхээр болсон. Ингээд банкнаас зээл хөөцөлдөөд 7 хоногийн дараа зээл бүтэж, наймаагаа хийх болоход Г.Б- нэг хүн сонирхоод байна, үнээ нэмнэ гэсэн. Бид ярьсан үнээрээ зарахгүй гэвэл наймаа хийхгүй гээд больсны хэд хоногийн дараа дахин яриад 37,000,000 төгрөгөөр ав гээд өөрөө залгасан. Гэрээ хийхдээ гэнэт 37,000,000 төгрөгөөр зарж байгаа зүйлээ, 14,000,000 төгрөгөөр зарж байгаа гээд өөрөө хэлээд бичүүлээд эхэлсэн. Тухайн үед нотариатч зарж байгаа хүн үл хөдлөхийн 2 хувийн татварыг төлнө. Харин гэрчилгээний үнэ, нотариатын ажлын хөлсийг худалдаж авч байгаа хүн төлнө гэж хэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг засан тохижуулах зардалд 90,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бидний зүгээс хөрөнгийн үнийг гэрээнд бууруулж бичих саналыг хэлээгүй, нэхэмжлэлд худал бичсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн, мөн хөрөнгө оруулалт хийж, хүн үйлчлүүлэхээр хэмжээний үйлчилгээний обьект болсон гэдгээр дахин төлбөр авахыг хүсэн шүүхэд үндэслэл нэхэмжлэл байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Г.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0160 дугаартай худалдах, худалдан авах, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0162 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 0159 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б- нь 24 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байшин болон автомашины гараашийн өмчлөгчөөр Г.Б-г тогтоолгох, дээрх эд хөрөнгийг С.Г-, Б Баяр-Угтах нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гаас улсын гэмдэгтийн хураамжид төлсөн 696,300 төгрөг, нэхэмжлэгч Х.Э-ын улсын тэмдэгтийн хураамид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч нар нь хөрөнгийн үнийг буулгахаар ярилцахдаа худалдан борлуулсны албан татварыг хариуцаж төлөхөөр өөрсдөө санал гаргасан, татварыг бага хэмжээгээр төлөхийн тулд гэрээнд үнийг дүнг тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр бичүүлэх санал тавьсан гэх нэхэмжлэгчийн тайлар нь гэрч нотариатч Д.Оюунтунгалагийн мэдүүлгээр тогтоогдсон. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Г.Б-гийн эдгээр хөрөнгийг зах зээлийн үнээс хямдхан зарж байгаа учир хариуцагч нарын хүсэлтээр 37,000,000 төгрөгөөр зарсан хөрөнгөө 14,000,000 төгрөгөөр худалдсан хэмээн гэрээнд үнийг багасгаж бичүүлсэн бөгөөд хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварыг өөрсдийн санаачлагаар төлсөн гэх тайлбар нотлогдохгүй байна гэж үндэслэх хэсэгт бичсэн дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай зүйл бичжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөвхөн аль нэг тал нь бус талууд хэн аль нь хүсэж, зөвшөөрч татварын хууль тогтоомж, хэм хэмжээ зөрчсөн хэлцлүүд хийжээ. Хариуцагч нар нь хариу тайлбартаа ... эзэмшлийн 3 газар нь тус бүр 9,000,000 төгрөг эзэмшлийн газар буюу төрийн өмчийг эдгээр хүмүүс 9,000,000 төгрөгөөр үнэлж зарсан. Үнийн дүнг бууруулан бичсэн талаар талууд маргаагүй. Энэ нь мөн л албан татвар төлөхөөс зугтаж, зайлсхийх зорилгоор гэрээний агуулгыг гуйвуулж, хуулийн хориг зөрчсөн үйлдэл болсон. Талуудын тайлбараар ч бусад баримтаар ч гэрээний үнийн дүнг бууруулж бичих өөр шалтгаан байгаагүй. Талуүдын хэн аль нь хүсэж, зөвшөөрч албан татвар төлөхөөс зугтах, татвараас зайлсхийхийг хориглосон Татварын ерөнхий хууль, Хувь хуний орлогын албан татварын тухай хүулийн хэм хэмжээг зөрчсөн хэлцлүүд хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүулиар хориглосон хэлцэл тул хучингүй байна. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэлцлийн агуулгаас бусад дагавар нөхцөл буюу хэзээ хэрхэн хэлцэл хийсэн тухай асуудал нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх асуудлыг хөндөхгүй гэж дүгнэжээ. Албан татвар төлөхөөс зугтах, зайлсхийх зорилгоор үнийн дүнг бууруулах, үнэ төлбөргүй өгч байгаа мэтээр бичих зэргээр хэлцлийн агуулгыг өөрчлөн, хууль зөрчиж байхад шүүх агуулгын хувьд байж болох хэлцэл гэж дүгнэж байгаа нь илт хууль бус юм. Нэхэмжлэгч нь хэлцлүүдийг хэзээ, хэрхэн хийсэн байдлыг /шөнийн цагаар хийсэн гэх мэт/ үндэслэл болгож хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй болно.

4.б.Нэхэмжлэгч нарын 37,000,000 төгрөгөөр эд хөрөнгөө зарах хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч нар хүлээн авч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон бөгөөд Татварын хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээд нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу болон холбогдох хуулийн дагуу тусдаа хариуцлага хүлээх боломжтой болохоос гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дээрх үндэслэл нөлөөлөхгүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон эсэх асуудал чухал биш бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл болох хэлцэл нь өөрөө хүчинтэй эсэх асуудал яригдаж байна. Хэрэв талуудын аль нэг нь төлбөл зохих татвараа төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол мэдээж холбогдох хуулийн дагуу тусдаа хариуцлага хүлээж, татвар алдангийг төлнө. Энэ хэргийн хувьд талууд хамтдаа татвараас зугтаж, зайлсхийх зорилгоор татварын холбогдох хууль, тогтоомжийн агуулга, зорилгыг зөрчиж, хэлцлийн агуулгыг өөрчилж, хууль зөрчсөн хэлцэл хийсэн асуудал яригдаж байна. Ер нь татварыг хариуцагч тал өөрсдөө хүлээн зөвшөөрч төлсөн үйл баримт илэрхий тогтоогдож байхад татварын хэмжээг багасгах нь хариуцагч талд ашигтай байсан нь ойлгомжтой. Тэгэхээр үнийн дүнг бууруулж гэрээг байгуулсан нь хариуцагч талын санаачилга байсан, үүнийг талууд харилцан зөвшөөрсөн болох нь хэргийн үйл баримт болон нотариатчаар гэрчлүүлсэн хэлцлүүдээр тогтоогдож байна. Мөн хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талбай нь гэрээнд дурдсанчлан 135 м.кв бус 122,6 м.кв байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч Г.Б-гийн хувьд үл хөдлөх хөрөнгөөсөө амьдрах зориулалттай байр, гарааш хоёрыг зарж байгаа хөрөнгөд ороогүй, хөрөнгийг өмчлөх гэрчилгээнд тусгагдаагүй гэж бодоод хөрөнгөө хямд зарсан учир хохиролтой байна гэж байгаа. Анхан шатны шүүх зохигчид хэн аль нь Татварын хууль тогтоомжийг санаатай зөрчин, татвараас зугтах, зайлсхийх зорилгоор хэлцлүүдийг агуулгыг нь санаатай өөрчилж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцлүүдийг байгуулсан байтал худалдах, худалдан авах гэрээний харилцаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг татвараас зайлсхийх зорилгоор үнийн дүнг бууруулж бичсэнээр татварын хууль тогтоомж зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль бус хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байсан. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь агуулга болон хэлбэр, субьектив талын хандлагаараа хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрхэн гэрээнд тусгагдсан гэдгээс хамаарах ёстой. Анхнаасаа 37,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байсан. Хариуцагч нарт худалдан авах хүсэл зориг байсан. Тухайн өдөр нь 37,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Гэрээний үнийн дүн татвараас болж бууруулснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж, тус хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд чөлөөтэй тэгш эрхийн хүрээнд гэрээ байгуулж, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. Хэлцлийн объект хуулийн дагуу хийгдсэн. Талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Орлого олж байгаа этгээд буюу худалдаж байгаа шилжүүлж байгаа этгээд болох нэхэмжлэгч өөрөө татварыг төлөх байсан. Хариуцагч талд татвар төлөх үүрэг байгаагүй. Объект худалдаж байгаа 8 нэрийн дэлгүүр байсан учраас тусгай зөвшөөрлийг авахын тулд бичүүлсэн бага үнийн дүнгээр бичүүлсэн. Нэхэмжлэгчийн талын тайлбарласан бэлэглэл гэрээ байгуулаагүй. Үнийн дүн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу бага бичигдсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах болон газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Ковид-19 цар тахлын өмнө бүх үйл ажиллагаа түр зогссон байхад худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдэж 90,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсний дараа хямд үнээр худалдан борлуулсан, үнэ өсгөнө гэж хэлсэн. Эхлээд мөнгө нэхсэн, мөнгө гаргаж өгөх боломжгүй, худалдаж авсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Энэ хэлцэл нь агуулгын хувьд бүрэн илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г.Б-, Х.Э- нар нь хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг бага төлөх зорилгоор гэрээнд үнийг бууруулан бичиж нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч өөрөө санаачлан гэрээний үнийн дүнг багаар бичсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өөрсдийн зардлаар засварласан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.а.Худалдагч Х.Э- нь худалдан авагч С.Г-, Б.Б- нартай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 159 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Э- нь Б-, 4-р хороо, Р--р гудамж, 2 тоот хаягт байршилтай, 518 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг 3,000,000 төгрөгөөр, /хх-ийн 5-р тал/, мөн өдөр худалдагч Г.Б- нь худалдан авагч С.Г-, Б.Б- нартай 160 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Б- нь Б-, 4-р хороо, Р--р гудамж, 1 тоот хаягт байршилтай, 518 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг 3,000,000 төгрөгөөр, /хх-ийн 9-р тал/, мөн өдрийн 161 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээгээр мөн хаягт байрлах, 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай обьектийг 8,000,000 төгрөгөөр /хх-ийн 7-р тал/, 162 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр мөн хаягийн 3-1а тоотод байршилтай, 455 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх-ийн 11-р тал/

3.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Дээрх гэрээнүүдийн дагуу худалдагч Г.Б-, Х.Э- нар нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийг худалдан авагч нарт шилжүүлж, худалдан авагч нар нь гэрээний үнэд нийт 37,000,000 төгрөгийг худалдагч нарт бодитоор төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 3-р тал/

3.в.Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг бага төлөх зорилгоор гэрээний үнийн дүнг бууруулж бичсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлд хуулийн ямар нэг заалтыг зөрчсөн хэлцэл бүр хамаардаггүй, харин ийм төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга угтаа хуульд нийцээгүй байхыг ойлгодог.

3.г.Талуудын тохиролцоо нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг зөрчих агуулгатай биш байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг хууль үндэслэлтэй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

3.д.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийг шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсныг залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2022/00214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 ... гэсний дараа , 56.5 гэж нэмж, ... дэх ... гэснийг дах гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ