| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0123/Э |
| Дугаар | 00128 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 00128
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Б.Д ,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дулаанхаан овогт Дагвадоржийн Даваажаргалд холбогдох 163/2018/0123/Э индекстэй, эрүүгийн 1815001970124 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овогт Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Буриадын хороонд иргэн Б.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваажаргалын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Содбилэгийн шовгорт Содбилэг, Тулга, Мөнхөө нарын хамт архи уугаад сууж байхад Б.Д гуай орж ирсэн. Тухайн үед Мөнхөө архи аягалж байсан, Б.Д гуайд архи хийж өгсөн. Бид нар нийтдээ 2 шил архи ууж дуусгасан. Гэтэл Б.Д гуай өмнө нь намайг хулгайд хардаад байсан түүнийгээ ярьж бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан. Намайг явах гэж байтал Б.Д гуай гарч ирээд дахин зууралдаад нохойгоороо дайруулаад байсан. Тэр үед би нүд рүү нь цохьсон. Хохиролд 1 хонь буюу 130000 төгрөг өгсөн. Цохьсон нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б.Д ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай дүү Содбилэг Улаанбаатар хотоос ирсэн гээд найз нар нь ирж архи ууцгаасан. Орой нь намайг ороход архинаас надад хийж өгөхөөр нь 2-3 удаа татсан. Би загасанд явсан байсан болохоор хатсан загас идээд сууж байхад босч ирээд цохьсон. Миний хувьд шүүгдэгчийн яриад байгаа шиг зүйлийг яриагүй. Тэгээд би оройгоо явж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад нэг шүдлэн хонь өгсөн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
1815001970124 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Б.Б.Д ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой. ...Д.Д намайг шууд босч ирээд зодсон. ...Миний зүүн нүд рүү баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч Б.Содбилэгийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Буриадын хороонд Б.Д ахын шовгорт Д.Д “Б.Д ахыг гэрийн багана хулгай хийсэн” гэж хэлснээс тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Д.Д Б.Д ахыг зодсон юм ...архи бага зэрэг хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-17 тал/, ...нүүр лүү нь гараараа цохьсон ямар нэгэн зэвсэг хэрэглээгүй. Харин тухайн үед Б.Д нь мах идэх гээд хутга барьсан байсан тэгээд би хутгыг нь авсан. Б.Д руу хутга барьж дайраагүй гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 156 тоот:
1. Б.Б.Д ийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 21 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1-2 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-31-32 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Буриадын хороонд иргэн Б.Б.Д той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б.Д болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Д, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Содбилэг нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 156 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Д дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэг шүдлэн хонь авч хохирогч Б.Б.Д нь шүүгдэгчтэй эвлэрснээр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д.Д нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, оногдуулсан торгуулийн ялыг хөрөнгө, орлогын эх үүсвэрийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД