| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2406013713238 |
| Дугаар | 2026/ДМШ/387 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ДМШ/387
2026 04 01 2026/ДМШ/387
Б.Э-, Г.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
цагаатгагдсан этгээд Б.Э-ын өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.Э-, Л.Т- нарт холбогдох 2503005030796 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т- овгийн Д-гийн Э-, 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Д-” ХХК-д хангамжийн ажилтнаар ажилладаг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ....., ял шийтгэлгүй, /РД: ЧД-/;
2. Б- овгийн Г-ийн Т-, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон улсын багшийн их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эцгийн хамт ......., ял шийтгэлгүй, /РД: УГ-/;
Д.Э- нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд Toyota Lexus RX-450 маркийн Г-УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан КТМ Duke-390 маркийн Г-УРА улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч Г.Т-, зорчигч Б.А- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд КТМ Duke-390 маркийн Г-УРА улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан Ж олооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, Toyota Lexus RX-450 маркийн Г-УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар мотоциклийн зорчигч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Э-ыг цагаатгаж, шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж түүний суралцаж буй сургууль болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчихоор тогтоож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.А-, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, 248,000 (хоёр зуун дөчин найман мянга) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа нарт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-гаас 982,750 (есөн зуун наян хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, жолооч Д.Э-ыг цагаатгаж шийдвэрлэв....” гэж дүгнэжээ. Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тухайн осол нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд болсон бөгөөд яллагдагч Д.Э- нь “Toyota Lexus RX” маркийн Г- УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон буцах эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний дагуух эгнээнд оролгүй шууд 1 дүгээр эгнээ рүү орж осолтой байдал бий болгон төв замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас “КТМ Duke 390 маркийн Г- УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөн болох нь хэрэгт авагдсан дараах:
-Замын хөдөлгөөн аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн шинжээч Б.Баттулгын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/160 дугаартай: ... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд КТМ Duka-390 маркийн А- УРА улсын дугаартай мотоциклийн жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, мөн дүрмийн “3.4. “в”-д заасны зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэснийг хэрэгжүүлж чадаагүй нь шалтгаан болж, Toyota Lexus RX-450 маркийн А- УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэснийг зөрчсөн нь уг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэв.” Гэх дүгнэлт,
яллагдагч, хохирогч Г.Т-гийн “Яармагийн Англи сургуулийн хойд талын эсрэг урсгалтай 6 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2-р эгнээгээр зорчиж яваад 1-р эгнээ рүү ороод 60-70 орчим км/цагийн хурдтайгаар зорчиж явтал замын буцаж эргэдэг хэсэг дээр эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн жийп машин эргэж орж ирсэн. Тэгээд би тэр үед тулаад ойрхон ирсэн байсан учраас сандраад урд тоормосоо базаад араатайгаа атгасан байсан консоо тавиад хойд тоормос баруун хөлөн доор гишгэж тоормосолдог учраас сандарсандаа хойд тоормосоо гишгэж чадалгүй тойроод гарчих санаатай жолоогоо аль болох зүүн тал руугаа дараад амжилгүй тэр машины зүүн хойд хэсэгт нь мөргөлдөх шиг болоод онхолдсон” гэх мэдүүлэг,
мөн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдон тогтоогддог. Жолооч Д.Э- нь Toyota Lexus RX-450 маркийн Г- УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын буцаж эргэх тэмдгээр хөдөлгөөний дагуу урсгалд нийцүүлэн эргэх үйлдэл хийж, 3-р эгнээнээс 2-р эгнээ, 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих үйлдэл хийлгүй шууд 1-р эгнээнд орсноор 1-р эгнээнд чигээрээ явсан мотоциклийн жолоочид тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах, самбаачлах боломж олгоогүй улмаас Toyota Lexus RX-450 маркийн тээврийн хэрэгслийн гүперын зүүн хойд хэсэгт нь мөргөж, мотоциклийн жолооч болон зорчигч нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэн өсвөр насны шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүдэгч Д.Э-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчид ял завшуулсан, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болжээ. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Э- прокурорын бичсэн эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “…Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Маралын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно” гэж заасан бөгөөд эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа амралтын өдөр таарсан учир дараагийн ажлын эхний өдрөөр хугацааг тоолсон болно. Прокурор А.Марал эсэргүүцэлдээ: “...Д.Э- тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон буцах эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний дагуух эгнээнд оролгүй шууд 1 дүгээр эгнээ рүү орж осолтой байдал бий болгон төв замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Г- УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөн...’’ гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж тус тус заасан. Эрүүгийн 250300503796 дугаартай хэрэгт анхнаасаа хяналт тавьсан прокурор А.Марал нь хуулийн дээрх заалтыг буюу яллагдагч, шүүгдэгчийг .. цагаатгах ...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлдэггүй, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд Тоёото Лексус Ар Экс загварын Г- УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, КТМ Duka-390 загварын Г- УРА улсын дугаартай мотоцикл хоорондоо мөргөлдсөн гэж яллаад байдаг. Гэтэл хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар Тоёото Лексус АрЭкс загварын Г- УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас КТМ Duka-390 загварын Г- УРА улсын дугаартай мотоцикл мөргөсөн нөхцөл байдал байхад мөргөлдсөн гэж прокурор ялласан нь учир дутагдалтай, хууль буруу хэрэглэж байна гэж үзэхээр байна. Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөр, Бямбажав нар нь анхнаасаа Д.Э- намайг буруутгасан, ийм өнгө аястай байж надтай санаатай гэмт хэрэг үйлдсэн ялтан шиг харьцаж, хандаж байсныг одоо энд хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Осол болсны дараа өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөхөөр мөрдөгч дээрээ очиход надаас мэдүүлэг огт аваагүй, яагаад авахгүй байсныг мэдэхгүй байсан ч, миний мэдүүлгээр хуульд заасны дагуу цагаатгах талын нотлох баримт цуглах, миний нөхцөл байдал дээрдэх гээд байсан учир санаатайгаар мэдүүлэг, тайлбар авалгүйгээр намайг буруутгах гээд байсан явдал байсан. Осол болсны дараа мотоциклийн жолооч миний унаж явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байхад мөрдөгч болон прокурор нь ‘’мөргөлдсөн” гэж намайг буруутгадаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явц^д Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрд хяналтын камерын бичлэг авхуулахаар тэр хавийн ойр орчим байх бүрэн дунд боловсролын сургуулиудаас /Англи болон Шинэ Монгол Харумафүжи сургуулиуд/ камер байдаг эсэх, байдаг бол осол болох үеийн камерын бичлэг авхуулахаар хүсэлт, гаргахад энэ талаарх ажиллагааг огт хийгээгүй, миний зүгээс энэ талаар ажиллагааг хийж байгаа тухайн сургууль болон холбогдох албан байгууллагууд руу албан бичиг явуулж мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэж найдаж явсан боловч хэргийн материалтай танилцахад ийм ажиллагаа огт хийгээгүй байсан. Осол болсон газраас буюу Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер тухайн зам дагуу байрласан байхад тухайн камераас бичлэг авах талаар ажиллагаа хийгээгүй. Мөн мөрдөгчөөс ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болон тухайн осол болсон газарт байсан хэв журмын цагдаа, бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөр нь надаас мэдүүлэг авна гэж 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн цагдаагийн газар дуудсан атлаа мэдүүлэг аваагүй, намайг шөнийн 23 цаг хүртэл Тээврийн цагдаагийн газрын гадна хүлээлгэсэн, мэдүүлэг хэзээ авах талаар түүний гар утас руу залгахад утсаа авдаггүй, мессеж бичихэд “хүлээж бай, очиж мэдүүлэг авна” л гэдэг хариу ирүүлдэг байсан. Болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, унаж явсан тээврийн хэрэгслийнхээ араас мөргүүлснийхээ дараа учир нь олдоно гэж найдаж, итгэж хүлээж байсан ч мөрдөгч нь хуульд заасан ажлаа хийгээгүй, прокурор нь мөн хяналтаа хэрэгжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклийг унаж явсан Г.Т-г яллагдагчаар татаагүй /Г.Т- жолооч биш, осол болох үед насанд хүрээгүй байсан, мөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүй унасан, улмаар зорчигчийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан атлаа зориулалтын малгай, дуулгагүйгээр тээвэрлэсэн/, удаа дараа миний болон өмгөөлөгчийн гомдол хүсэлтээр Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа Г.Т-г яллагдагчаар татсан. Прокурор А.Марал нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа Г.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, энэ зөрчлийг шүүхийн шатанд засуулсан зэргээс харахад прокурор нь хяналтын үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн дээр хэт нэг талыг барьж буюу намайг л яллагдагчаар татаж, ял оногдуулах субьектив санаатай байсан гэж харагдахаар байсныг анхаарна уу. Д.Э- миний хувьд тухайн үед буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн дагуу эгнээ байр сольж 1 дүгээр эгнээнд бүрэн орсон байхад Г.Т- унаж явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүйгээр миний тээврийн хэрэгслийн зүүн хойноос мөргөж зам тээврийн осол гаргасан байгааг Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Цагаатгагдсан этгээд Б.Э-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг дэлгэрэнгүй тодорхой бичсэн. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “мөргөсөн” гэх үг бичигдсэн. Гэтэл манай үйлчлүүлэгч “мөргүүлсэн” байдаг. Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан тээврийн хэрэгслийн араас мөргүүлсэн. Хэргийн газрын фото зураг, үзлэгийн баримтууд болон эгнээ эзэлсэн, байрлал хэрэгт авагдсан. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 11-д “давуу эрхийн” талаар заасан. Тухайн үед эгнээндээ шилчихсэн байх үед араас нь мөргөсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад насанд хүрээгүй шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг. “Зогсоох үйлдэл хийсэн талаар” мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд зогсоох арга хэмжээ авсан бол уг осол гаргахгүй байх шалтгаан нөхцөл бүрэн байсан. Замын хөдөлгөөний дүрмийг Э- зөрчиж хэн нэгэнд аюултай нөхцөл байдлыг үүсгээгүй. Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл насанд хүрээгүй, жолооны эрхгүй, аюулгүй байдлаа хангаагүй мотоцикл унасан үйл баримттай шууд холбоотойгоор дээрх осол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс 3 жилийн жолооны эрх хасах, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тухайн ял надад хүндрэлтэй байна. Эцэг маань тодорхой ажил эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Иймд ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т-ы өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаар санал гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл прокурорын ярьсан үйл баримттай санал нийлж байна. Замын уулзвараар эргэхдээ 3, 2, 1 гэсэн дарааллаар явах байсныг зөрчсөн. Л.Тайвны хувьд жолоодох эрхийн үнэмлэхгүй мотоцикл барьсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Л.Т-гийн хувьд тээврийн хэрэгсэл гарч ирэхэд зүүн гар тийш дарж самбаачилсан учраас гэмт хэргийн улмаас учрах аюулыг буруулсан гэж үзэж байна. Тэгэхээр Л.Т-гийн хувийн байдлын тухайд эцэгтэйгээ хамт амьдардаг. Эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй, Л.Т-гийн эцэг, эх хоёр нь салсан тусдаа амьдардаг. Анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Сургуульд сурдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Г.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд КТМ Duke-390 маркийн Г-УРА улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, “Toyota Lexus RX-450” маркийн Г-УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар мотоциклийн зорчигч Б.А-ын эрүүл мэндэд “баруун далны сэртэн ясны хугарал, баруун чамархайн хуй, дух, шанаа, хацарт зулгаралт, цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн сарвуунд хууларсан шарх, зүүн тохой шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4-5/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/,
жолооч Д.Э-ын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх 112/,
мөрдөгчийн нас тоолсон лавлагаа /хх 18-19, 28-32/,
насанд хүрээгүй хохирогч Б.А-ын “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөө хичээлдээ яваад 13 цаг 20 минутын орчимд хичээлээ тараад багштайгаа уулзчихаад сургуулиасаа гараад “Хүннү Молл” руу ажил руугаа явах гэж гарч явснаа санаж байна. Тэрнээс хойш миний баруун гар сойлттой, замын хажууд тэргэнцэр дээр сууж байгаад гэнэт ухаан орсон. Тэгтэл би зам тээврийн ослын улмаас гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байснаа мэдсэн. Осол болохоос өмнө болон осол болох үеийг юу ч санахгүй байгаа. ...” /хх 16/,
насанд хүрээгүй хохирогч Б.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн “...Тухайн осол болсон өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ очоод унтаж байхад өдрийн 13 цаг 40 минутын үед миний утас дуугараад автал А-ын ээж мөн үү? Би 103-ын эмч байна, охин нь зам тээврийн осолд орсон одоогоор ухаантай байна, бид нар гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна гэж хэлсэн. Би тэр даруйдаа гэмтлийн эмнэлэг дээр очиход манай охин тэргэнцэр дээр суусан гараа боолгож сойсон, нүүрний баруун шанаа халцарч хавдсан байдалтай байсан. Охинтойгоо юм ярих гэтэл манай охин шокийн байдалтай намайг танихгүй байсан. 18 цаг 30 минутын үед гэнэт ухаан ороод намайг бүрэн таньж юм ярьж эхэлсэн. Би охиноосоо юу болсон талаар нь асуухад охин ослын талаар юу ч санахгүй байна гэсэн бөгөөд би осол болох үед өөрөө байгаагүй учраас ослын талаар өөр нарийн тодорхой мэдэх зүйл байхгүй. Охиныхоо биед тархи толгой болон мөрний MRI оношилгоо хийлгэсэн, эм авсан, гарын сойлт бэхэлгээ авсан гээд 750,000 орчим төгрөгийн зардал гарсан байгаа бөгөөд зарим нэг баримт дутуу байгаа. Бидний зүгээс одоогоор өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 22/,
өсвөр насны шүүгдэгч Г.Т-гийн хохирогчоор өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ харьтал аав ажилдаа явчихсан байхаар нь аавын мотоциклийг унамаар санагдаад түлхүүрийг нь олоод 13 цагийн үед аав Г-ийн эзэмшлийн КТМ Duke-390 маркийн УРАГ- улсын дугаартай мотоциклийг жолоодоод гарсан. Гэрээсээ гараад Хүннү Молл-с юм авах гээд явж байтал манай найз охин Б.А- замын хажууд зогсож байхаар нь түүнийг ардаа сундлаад хамт явсан. Яармагийн Англи сургуулийн хойд талын эсрэг урсгалтай 6 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2-р эгнээгээр зорчиж яваад 1-р эгнээ рүү ороод 60-70 орчим км/цагийн хурдтайгаар зорчиж явтал замын буцаж эргэдэг хэсэг дээр эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн жийп машин эргэж орж ирсэн. Би тэр үед тулаад ойрхон ирсэн байсан учраас сандраад урд тоормосоо базаад араатайгаа атгасан байсан консоо тавиад хойд тоормос баруун хөлөн доор гишгэж тоормосолдог учраас сандарсандаа хойд тоормосоо гишгэж чадалгүй тойроод гарчих санаатай жолоогоо аль болох зүүн тал руугаа дараад амжилгүй тэр машины зүүн хойд хэсэгт нь мөргөлдөх шиг болоод онхолдсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” /хх 27/,
насанд хүрээгүй хохирогч Г.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн “...осол болсон өдөр би Өлзийт хороололд хүний машин янзлаад байж байтал манай хуурай дүү Г- утсаар залгаад танай хүү Яармагийн Хүннү Виллагийн хажууд зам тээврийн осолд орчихлоо гэхээр нь би шууд тэр даруйдаа яваад ирсэн. Тэгтэл мотоцикл нь зам дээр хэвтэж байсныг замаас гаргаж байсан. Дүү Г-өөс юу болсон талаар тодруулахад би усны машинтайгаа зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхад танай хүү найз охинтойгоо хамт таны мотоциклтой явж байгаад осолд орохыг нь хараад би шууд залгаж хэлсэн гэсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэгт очиход манай хүү сандарсан баруун хөл нь доголсон байдалтай найз охин нь бас ослоос болоод ээрч муурсан, сандарсан тархи толгойдоо гэмтэл авсан байдалтай байсан. Осол болох үед би өөрөө байгаагүй учраас ослын талаар нарийн тодорхой зүйл мэдэхгүй. Миний зүгээс манай хүүгийн биеийн байдал гайгүй байгаа учраас гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй. ...” /хх 35/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-, Б.А- нар нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.Т-, Б.А- нарын төлбөрт нийт 982,750 төгрөгийн зардал гарч төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан байна. Иймд гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 37-39, 83-86/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Э-ын “...Тухайн өдөр манай эхнэр Э- миний эзэмшлийн Toyota Lexus RX-450 маркийн Г-УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож сургуулиас хүүхдээ авах гээд явсан. ...намайг очиход манай эхнэрийн жолоодож явсан машины араас нь мотоцикл мөргөсөн байсан. Мотоциклийн жолооч зорчигч 2-ыг 103 түргэн тусламж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байсан бөгөөд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд осолд холбогдсон 2 тээврийн хэрэгслийг ачуулж журамлахаар явсан. Эхнэр бид 2 нөгөө мотоциклийн жолооч, зорчигч 2-ын биеийг асуухаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 42, 45/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын ахлах шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №ЕГ0725/6614 дугаартай “...Б.А-ын биед гэмтлийн хүндэвтэр зэрэг...” тогтоогдсон талаарх дүгнэлт /хх 53-55/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ЕГ0725/6615 дугаартай “...Г.Т-гийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, тойгны даруулган холбоосны урагдал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохой, шилбэ, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх 51-52/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Н.Алтанхуягийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №62 дугаартай “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн КТМ Duke-390 маркийн Г-УРА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 заалтыг үндэслэн, техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /хх 62/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ц.ЭнхТ-гийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №271 дугаартай “...автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гэрлийн тусгалын чадал нь стандарт шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгслийн Хойд буфер цуурч будаг зурагдсан зүүн талын түгжээ мултарч урагш гүйсэн байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийн урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,98кН, баруун талдаа 5,21 кН, зөрүү нь 4% (стандарт <20% хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,21 кН, баруун талдаа 3,02кН, зөрүү нь 6% (стандарт<30% зогсоолын тоормос зогссон үзүүлэлттэй байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь 2025 онд Монгол Улсад импортоор орж ирсэн. 2025-04-08 техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн дүгнэлт гарсан байна. Уг автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй. Асуултад дурдагдаагүй шинээр илэрсэн зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хх 65-74/,
Хөрөнгө үнэлгээний “Онцгой Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 250522001 дугаартай КТМ DUKE-390 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2.860.000 төгрөгөөр үнэлсэн талаарх дүгнэлт /хх 77- 81/,
Замын хөдөлгөөн аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн шинжээч Б.Баттулгын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/160 дугаартай “...КТМ DUKE-390 маркийн Г-УРА улсын дугаартай мотоциклийн жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, мөн дүрмийн 3.4 “в”-д заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг хэрэгжүүлж чадаагүй. ...” гэх дүгнэлт /хх 152-153/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Г.Т-гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан ба Г.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй, 17 нас 6 сар 14 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон магадалгаагаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгасан нь хуулийн шаардлага хангасан байна.
Мөн Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Э-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзлээ.
Прокуророос “... шүүдэгч Д.Э-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Д.Э- нь “Toyota Lexus RX-450” маркийн Г-УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Англи сургуулийн автобусны буудлын хойд замд уулзвараар нэвтэрч, өөрийн явах чиг болох зүүн тийш буцаж эргэхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ хэрэгжүүлсэн буюу бүрэн эргэж дуусаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж байх үед Г.Т- нь зогсоох арга хэмжээ авч чадахгүйгээр араас нь мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тухайн тохиолдолд Д.Э-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримт болон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, “...Д.Э- буцаж эргэх үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу бүрэн хийж дуусаад зорчих эгнээндээ бүрэн орж, хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан ...” гэж дүгнээд Д.Э-ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт найруулгын хувьд ойлгомжгүй байх тул доорх байдлаар буюу “Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг үндэслэн шүүгдэгч Г.Т-г оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож” гэж өөрчлөх нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангана гэж үзлээ.
Дээрх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Олон Улсын багшийн их сургуулийн байр хүртэл хэрхэн яаж зорчих боломжтой талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож, зорчих чиглэлийг тогтоох нь зүйтэй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор А.Маралын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон багасгаж, оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу суралцаж буй сургуулийнхаа хооронд тогтоосон чиглэлээр зорчихыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ