Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00129

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Төмөрбаатар,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Оюунцэцэгийн Энхбатад холбогдох 163/2018/0122/Э индекстэй, эрүүгийн 1815001690119 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О. Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ангийн хүүхэд Эрдэнэжав, Дуламжав болон түүний хүүгийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин хийдэд мөргөхөөр явсан. Тухайн үед Дуламжавыг хүлээж байгаад оройхон 15 цагийн үед гарсан. Эхлээд машиныг Эрдэнэжав жолоодон явж байгаад Туулын гүүрнээс цааш би өөрөө жолоо барьсан. Замд утас дуугарч дууг нь спикер дээр нь тавиад ярьж байхад утас доош унасан. Тэр үед би утас руу сатаарч анхаарал сулраад машины рүүль дайвалзахад буруу дараад унагаачихсан. Эхлээд машинаас Дуламханд, Эрдэнэжав, хүү Үйлстөгөлдөр нар гарсан, би бүсээ тайлж чадахгүй машинаас хамгийн сүүлд буусан. Тэгээд Рашаант сум орж хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлээд тэндээсээ микро 200000 төгрөгөөр хөлсөлж шөнөдөө Гэмтлийн эмнэлэгт хүргэчихээд буцаж ирсэн. Би эмнэлэгт гарсан зардал болон бусад эмчилгээний зардлыг төлсөн хэрэгт баримт нь байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын дагуу төлнө, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

  1815001690119 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

 Хохирогч Н.Дуламхандын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед ангийн Энхбат, Эрдэнэжав, Төгөлдөрийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төвхөн хийдэд мөргөхөөр явсан. Тэгээд эхлээд Улаанбаатар хотоос 100 км орчим замыг Эрдэнэжав машин барьж явсан. Тэгээд цааш О.Э машин барьж явсан. Тэгээд цааш О.Э машин барьж явж байтал Энхбатын гар утас нь дугарсан чинь Эрдэнэжав гар утсыг авч өгсөн. Тэгээд О.Э гар утсаа аваад “байна уу эгчээ” гээд хэлтэл Эрдэнэжав зам руу заагаад хашгирсан. Тэгтэл О.Э сандраад машин тэгтэл дайвалзаад унасан гэх  /хх-27 тал/, ...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан цагаас хойш хохирол барагдуулаагүй, маш их гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-23 тал/,

         Гэрч Э.Эрдэнэжавын өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагийг сайн мэдэхгүй байна. Би Шашины дээдийн буддын ухааны ангийнхантай цуг  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзууд мөргөл хийхээр явсан. ...Улаанбаатар хотоос гараад ойролцоогоор 300км зайтай явж байхад машин жолоодож явсан Энхбатын утас дуугарч, утсаа аваад ярих гэж байхдаа ...зам дээрх  жижиг  чулууг тойрон гарах гэж байгаад жолооныхоо хүрдийг зүүн тийш эргүүлээд буцаагаад баруун тийш эргүүлтэл машин хажуу талын жалга руу унаж, замаас гарсан. Тэгээд машин дотроос эхлээд Дуламханд эгч гарсан, дараа нь би гарсан, миний араас Энхбат, Үйлстөгөлдөр нар гарсан, надад гэмтэл учраагүй. ...Тухайн үед миний сууж явсан тээврийн хэрэгсэл нь “Corolla Аxio” маркийн ****УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм гэх мэдүүлэг  /хх-24-26 тал/, p

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8444 тоот:

1. Н.Дуламхандын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, хугарлыг засаж бэхэлсэн мэс ажилбар /2018.06.14/, бүсэлхийн 1, сээрний 12 дугаар нугалмын 2 талын хажуу сэртэн, ар сэртэнгийн далд хугарал,  бүсэлхийн 2 дугаар нугалмын 2 талын хажуу сэртэнгийн далд хугарал,  бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашины бүхээгт цохигдох, дарагдах үед  үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас шалтгаална.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-29 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8443 тоот:

1. О.Үйлстөгөлдөрийн биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-33 тал/,

 “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №18/170 тоот:

  1. “Corolla Аxio” маркийн ****УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшийг 13000000 төгрөг байна гэж тогтоосон  шинжээчийн дүгнэлт /хх-45-48 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн:

  1. Жолооч О.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 760335   тоот эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.
  2. Жолооч О.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь  заалт "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
  3.  ****УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй эвдрэлтэй.
  4. Осол болох үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.
  5. Уг зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч О.Энхбатын

аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-37 тал/,   

     Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-8 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-58 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-56-60, 66 тал/, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын баримтууд /хх-68-69 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-147-150 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, нарын шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд “Corolla Аxio” маркийн ****УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Булган аймгийн Рашаант сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт асфальтан зам дээрхи чулууг тойрон гарахдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан Н.Дуламханд, О.Үйлстөгөлдөр нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар Э.Эрдэнэжавын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Дуламханд, насанд хүрээгүй хохирогч О.Үйлстөгөлдөр нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч О.Э аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж гарсан байна” гэх ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч О.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч О.Э Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Шүүгдэгч О.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлж ирсэн байна.

        Өөрөөр хэлбэл хэргийн 61 дүгээр талд авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Э хохирогчийн оношлогоонд 120000₮, КТГ /нурууны/ төлбөрт 80000₮, эм тарианы эмчилгээнд  /8000₮, 35800₮, 8500₮, 59400₮, 8500₮/ 120200₮, хагалгааны төлбөрт 610000₮ буюу нийт 930200 төгрөгийг шууд төлж, сэтгэл санаа эд материалын /52900₮, 12000₮, 13200₮, 105000₮/ 183100 төгрөгийн тусламж үзүүлж, хохирогч Н.Дуламхандын харилцах дансанд эмчилгээний зардалд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 300000 төгрөг,  6 дугаар сарын 20-ны өдөр 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

      Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн 68-69 дүгээр талуудад авагдсан байна.

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад эмчилгээний зардалд /хх-268 дугаар талд авагдсан эмийн сангаас авсан эм тарианы үнэ 2900₮, 13500₮,122700₮, 7910₮, 4100₮, хх-269 дүгээр талд авагдсан эмийн сангаас авсан эм тарианы үнэ 162680₮, 3400₮, 22500₮, 4800₮, 5100₮, 67310₮, 5100₮, 5100₮, 5100₮, 8500₮, 5100₮, 5100₮, 2500₮, 5100₮, 5100₮, 53702₮/ нийт 517302 төгрөгийг, эмчилгээ үйлчилгээ хийлгэхтэй холбоотой автомашинд зарцуулсан бинзений зардалд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд авсан бинзений зардалд /хх-268 дугаар талд авагдсан 5000₮, 5300₮, 7000₮, 5000₮, 10000₮, 10000₮, 5000₮, 5000₮, 5000₮, 5300₮, 5000₮, 5000₮, 5200₮, 5300₮, 5000₮, 8000₮, 6000₮, 5400₮, 5500₮, 5100₮, 5300₮, 5400₮, 269 дүгээр талд авагдсан 7000₮, 5000₮, 5000₮, 4900₮, 7300₮,10000₮, 5300₮, 5700₮, 7400₮, 5000₮, 5500₮, 6700₮, 5700₮, 10400₮, 5200₮, 5700₮/ нийт 230600 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

       Хэрэгт хохирогчоос 2 удаа мэдүүлэг авахдаа Улаанбаатар хотод авсан, шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гаргасан, хэргийн материалтай 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр танилцсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд  хохирогчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 54 минутад авсан А-92 бинзений үнэ 30000₮, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 37 минутад авсан А-92 бинзений үнэ 6000₮, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг 58 минутад авсан А-92 бинзений үнэ 6000₮, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 40 минутад авсан дизель түлшний үнэ 42980₮, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 58 минутад авсан А-92 бинзений үнэ 71500₮ буюу нийт 156480 төгрөгийг өдөр дутмын эмчилгээнд явахад хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тухайн өдрүүдэд 5000-6000 төгрөгийн бинзен авсан атлаа ажлын бус оройн цагаар их хэмжээний бинзен авч юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.

        Мөн түүнчлэн НӨТ-ийн баримттайгаа давхцсан болон зарцуулалт нь тодорхой биш ХААН, Голомт, ХХБ, Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан баримтаар нэхэмжилсэн /хх-268 дугаар талд авагдсан 10000₮, 8500₮, 7910₮, 25500₮, 5000₮, 269 дүгээр талд авагдсан 22500₮, 5100₮, 4100₮, 53702₮, 32400₮/ нийт 174712 төгрөг, бичвэр харагдахгүйгээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 5200 төгрөг буюу нийт 336392 /156480₮+174712₮+5200₮/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Шүүх шүүгдэгчийн хохиролд шууд төлсөн 930200 төгрөгийн эмчилгээний зардлыг хохирогч давхардуулан нэхэмжлээгүй байгааг дурдаж, хохирогчийн эмчилгээний зардалд 517302 төгрөг, шатахууны зардалд 230600 төгрөг, нийт 747902 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд хохирогчийн дансанд 800000 төгрөгийг шилжүүлснээр хохирол төлөгдсөн байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асаргаа сувилгаатай холбоотойгоор түүний нөхөр Б.Отгонтөгсийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин, хохирогч Н.Дуламхандын хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор нөхөн төлбөр гаргуулах, насанд хүрээгүй хохирогч О.Үйлстөгөлдөрийн эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримт /хуулийн шаардлага хангаагүй хуулбар хувь/-ын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тооцоолон гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э өгсөн мэдүүлэг, хэргийн 58 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр “Corolla Аxio” маркийн ****УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн ALIMUSU болох нь тогтоогдож байгаа бөгөөд зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч О.Э нь хохирогч Н.Дуламхандад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй байна.

        Шүүгдэгч О.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Х овогт О. Э Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхбатыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э оногдуулсан 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг эхний сард 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр, үлдэх 5 сард сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  заасныг баримтлан 336392 /гурван зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн хоёр/төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч О.Э нь хохиролд 747902 төгрөг төлөхөөс 800000 төгрөг төлж төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Б.Очөлөөтэй байх хугацааны цалин, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор нөхөн төлбөр гаргуулах болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД