| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2505028180939 |
| Дугаар | 2026/ДШМ/368 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/368
Г.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Бум-Аюуш,
шүүгдэгч Г.Ш- /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Уянга,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ш-т холбогдох 2505028180939 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овогт Г-ын Ш-, 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .... оршин суух хаягтай, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, (РД:ЗК91070414).
Шүүгдэгч Г.Ш- нь 2025 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- баарны гадна талд ирэн Н.А- биед зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д- овогт Г-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 14,317,800 (арван дөрвөн сая гурван зуун арван долоон мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 1,870,000 (нэг сая найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Н.А- нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /XX-5/ 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 цаг 30 минутад Г.Ш-аас холбогдогчоор мэдүүлэг авсан, 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-22/, 2025 оны 6 дугаар сарын 3-нд Н.А-г хохирогчоор тогтоосон атлаа 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Ш-аас гэрчээр мэдүүлэг авчээ.
Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, гэрч Э.А-, хохирогч Н.А- нарын мэдүүлгээр Г.Ш- гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг тогтоосон сэжиглэх хангалттай үндэслэл бүхий баримт материал байсаар байхад гэрчээр байцаасан, мэдүүлэг авсан нь хуульд заасан нотлох баримт цуглуулах журмыг ноцтой зөрчсөн байна.
Мөн хохирогчоос мэдүүлэг авахдаа ...Танд ЗА- Регистерийн дугаартай Г-ын Ш- гэдэг хүний зургийг харууллаа. Таны биед халдсан хүн мөн байна уу? Хариулт- Би уг хүний зургийг харлаа. Намайг цохиж ухаан алдуулсан хүн мөн байна /XX-33/ гэж асуужээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэж заасан байх ба хохирогчоос мэдүүлэг авахдаа Г.Ш-ыг сэжиглэж байгаагаа хөтлөх тулгах байдлаар асууж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас харвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж заасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул Г.Ш-аас гэрчээр мэдүүлэг авсан. Хохирогч Н.А-гээс мэдүүлэг авсан тогтоол тус тус хууль зөрчиж авагдсан баримт тул нотолгооны шинжээ алдахаас гадна хууль бусаар бэхжүүлсэн баримтыг үндэслэн прокурор яллах дүгнэлт, анхан шатны шүүх мөн үндэслэн шийтгэх тогтоол тус тус гаргасан байна.
Хохирогч талд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэргийн гэмтэл буюу зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хөндлөн зөрөө далд хугарал гэмтэл тогтоогдсон байна. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/6821 Шинжээчийн дүгнэлт ХХ-43 хуудас хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд хохирогч талд учирсан гэмтэл болон миний үйлчлүүлэгчийн үйлдэл шалтгаант холбоог тогтоох хүрээнд тус гэмтэл нь Г.Ш-ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл боловч гэмтэл учруулсан цаг хугацаа үйлдлээс харахад хохирогч тал Г.Ш-ыг зөрүүлээд цохиж байх явцдаа хоёулаа газар савж унасан болох нь хэрэгт авагдсан Камерын бичлэгээс тодорхой харагдана. Мөн хохирогч миний үйлчлүүлэгч хоёр бие биеийнхээ толгой хэсэгт хүчтэй цохиж байх нь харагдах ба Шүүх шинжилгээний дүгнэлтээр гарсан гэмтэл нь халтирч унаснаас үүссэн байх бүрэн боломжтой харагдаж байна. Энэ нөхцөл байдлыг ял оноохдоо харгалзаж үзээгүй байна. “Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим 1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан байх ба гэм буруугийн шинж, шинж, арга нь тухайн хэрэгт ял онооход чухал ач холбогдолтой болохыг дурдмаар байна.
Миний үйлчлүүлэгч Өмгөөлүүлэх эрхээ хангуулаагүй, хэрэгжүүлээгүйгээс эрхээ хамгаалуулах, өөрийн хувийн байдал төлбөрийн чадвар чадамжаа нотлох, хохирогч талд 172 нөхөн төлбөр хохирол боломж бололцоо, орлогоо нотлох арга хэмжээ аваагүйгээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,256.000/ арван дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянган төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ хохирлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан ба энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүйгээр шийдвэрлэжээ.
Миний үйлчлүүлэгч Г.Ш-т холбогдуулж анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох арга хэмжээ авагдсан эсэх, нотлох ажиллагаа хуульд нийцсэнийг хяналгүйгээр хэргийг шийдвэрлэж хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаа хийгдээгүй, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангагдаагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 2026/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Ш- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.
Прокурор Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, прокурорын яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргуулаагүйгээс болж ял шийтгэл авсан” гэж шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Т.Уянга нараас давж заалдах гомдол гаргасан. Гэтэл “өнөөдрийн шүүх хуралд ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар тайлбартаа дурдаж” байна. Ямар агуулгаар давж заалдах гомдол гаргасан тодорхойгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “анх зөрчлийн хэрэг үүсэж гэрчээр мэдүүлэг авсан. Сэжиглэх үндэслэл байсан нөхцөлд сэжигтнээр мэдүүлэг авах ёстой байсныг зөрчсөн” гэж байна. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Г.Ш-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж дүгнэлт хийгээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тооцогдохгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа “Г.Ш-ын цохих явцад хоёулаа унахдаа халтираад унаж байгаа нөхцөл байдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Санаатайгаар шүүгдэгч Г.Ш- хохирогчийн биед хохирол учруулаагүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гэтэл камерын бичлэгээр хохирогч Г.Ш-ыг хий цохиход нь Г.Ш- зөрүүлж цохиод хамт газар унасны шүүгдэгчийн өмгөөлөгч санаатай үйлдэл харагдахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч Г.Ш- хохирогчийг унасан байхад нь 2-3 удаа өшиглөж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд дээрх үйлдлийг санаатай үйлдэл гэж дүгнэхээр байна. Хохирогчид хохирол төлбөрт 61,800 төгрөг. Эрүүл мэндийн даатгалын сангаас 58,870 төгрөгийн үйлчилгээ авсан. Хохирогч өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчтой хохирол төлбөр төлөхтэй холбоотой асуудал дээр маргаж оролцсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ял хууль зүйн үндэслэлтэй байна....” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Г.Ш- нь “...2025 оны 5 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” баарны гадна талд ирэн Н.А- биед зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх 4/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-28/,
- хохирогч Н.А-гийн: “...Би 2025 оны 5 дугаар сарын 06-ны орой нарны хорооллоос гэр рүүгээ буюу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 32а байр руу явж байсан бөгөөд 00 цаг өнгөрөөд гэрийн хажуу талд байдаг А- баарны үүдэнд явж байхдаа 3 хүн тамхи татаад зогсож байсан, тэр гурвын нэг нь ирээд миний толгой тус газарт цохихоор нь би ухаан алдаж унасан. Сэрээд босох гэсэн чинь хөл минь хөдөлж болохгүй байсан бөгөөд би ухаан санаа манараад юу болж байгааг сайн мэдээгүй, нэг мэдэхэд тэр залуус дөрвүүлээ болчихсон нэг нь намайг өмөөрөөд байх шиг байсан. Удалгүй түргэн ирээд би эмнэлэгт очсон, өөр санаж байгаа юм алга байна. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ ухаан санаагаа алдтал архи уугаагүй. ...Зүүн хөлийн дунд чөмөгний толгой, түнх нь хугарсан байсан, түүнээс болоод сар гаруй хугацаанд хэвтрийн дэглэмтэй байна. Миний биеийн олон газар цохисон юм шиг байна. Тухайн үед цээж хавирга хэсэг маань өвдсөн, хөндүүртэй байсан. ...Гэм буруутай этгээдэд маш их гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” /хх 32-33/,
- гэрч Э.А-ын: “...2025 оны 5 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Б-, Ш- нар намайг ажил дээр байхад ирж аваад уулзацгаасан. Тэгээд бид нар модны хоёрын А- бааранд Ш-, Б-, Н- бид 4 орсон. Нэг нь манай ажлын найз Н-, тэгээд Б-, Ш- бид хэд байсан. Манай ажлын найз орчхоод удахгүй гараад явсан. Баарандаа нэг сет аваад бас дээр нь дөрвөн ширхэг пиво авч уусан. Баарнаас яг хэзээ гарснаа санахгүй байна, ойролцоогоор 2025 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 01 юм уу 02 цагийн үед гарсан. Б- гээд найз маань бараг эрүүл шахуу байсан. Харин Ш- бид 2 халамцуу гарч ирцгээсэн. Баарнаас гараад Ш-ын машинд суугаад явж байхад манай найз Ш- буцаад баар руу явсан. Би удаад байхаар нь араас нь гараад очиход манай найз Ш- үл таних хүнтэй маргалдсан байсан ба тухайн үл таних залуу нь газар хэвтэж байхад нь би тухайн хүнийг газраас босгоод Ш- дээр ирээд байж байхад цагдаа нар ирсэн. ...Тухайн үед маргаан юунаас үүссэнийг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед баарнаас гараад Ш-ын машин руу явсан. Тэгээд Ш- ирэхгүй удаад байхаар нь баарны үүдэнд очтол зодоон хийсэн байсан. Яг ямар учраас зодолдсоныг мэдэхгүй байна, Ш- руу очиход баарны үүдэнд нэг хүн сууж байх шиг байсан, би тэр хүнийг өргөөд босгосон. Тэр үед Ш- өөр хүмүүстэй бас маргалдаж байсан. ...Би Ш-тай нэг нутгийн найзууд...” /хх 36-37/,
- иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.А- нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 1,870,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд төлүүлж өгнө үү...” /хх 199/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/6821 дугаартай шинжээчийн: “1.Н.А- биед зүүн дунд чөмөгний ясны хүзүү хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 44-45/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0825/2607 дугаартай шинжээчийн: “1.Үзүүлэгч Н.А- (РД:СГ-)-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх 100-101/,
- шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би одоогоор хувиараа хяналтын камер суурилуулдаг ажил хийдэг. ...Би найз А- болон нэрийг нь сайн мэдэхгүй байна түүний найз гэх залуу бид гурав Чингисийн музейн хажууд лаунжид сууж байсан бөгөөд тэнд байж байгаад манай найз болох Б-ыг гэрээс нь бид гурав очиж авсан. Тэгээд модны хоёрын А- баар руу 2025 оны 5 дугаар сарын 06-ны орой 22-23 цагийн хооронд орсон. Тэнд бид 4 цаг гаран 0,7 литрийн хэмжээтэй нэг шил архи аваад сууж байгаад тухайн архиа бид нар хувааж уугаад тухайн газраас миний санаж байгаагаар 00 цаг өнгөрөөгөөд гарсан санагдаж байна. Тэндээс гараад радио телевизийн үүдэнд байсан миний машин дээр очиж дуудлагын жолооч дуудаад тэр хавьцаа дуудлагын жолооч хүлээгээд зогсож байсан. Би текэн дээр тооцоогоо хийх гэж байгаад утсаа блоколсон болохоор утсаа үлдээгээд маргааш тооцоогоо хийе гэж хэлээд гараад ирсэн. Ингээд манай найз болох А-ын гар утсыг баарны хамгаалагч нар төлбөр төлөөгүй гээд аваад үлдсэн гэхээр тийшээ очиж учраа олох гэж байхад зам дагуу зүгээр явж байсан дунд насны согтуу ах араас дуудаад тухайн хүнтэй юм ярьсан. Тэгэхдээ тухайн үед би юу ярьснаа сайн санахгүй байна, би өөрөө А- баарны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд нөгөө ах хүү намайг дуудаад тэр хүн ирээд зууралдаад харилцан зодолдох явцад надтай зууралдаад газар унагаасан. Тухайн хүнийг унагаачхаад 2-3 удаа өшиглөсөн, тэгээд би тухайн хяналтын камерын бичлэгийг үзээд болсон асуудлыг эргэн санаж байгаа юм. ...Би тэр хүнийг огт танихгүй, ямар шалтгааны улмаас тухайн хүний биед халдсанаа санахгүй байна. ...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтолттой байсан учраас тухайн хэрэг болсон. ...Надад гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Миний буруутай зүйлээс болсон. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулна. Гэвч хохирогч надтай холбогдохгүй байгаа. Би дугаар руу нь олон удаа залгахад хөдөө орон нутагт байна гэдэг зүйл яриад байгаа...” /хх 56-58/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-28/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тэдгээрийн ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, харьцуулан шинжлэн судлах замаар шүүх үнэлж, дүгнэлт хийдэг.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж шүүгдэгч Г.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Анхан шатны шүүхээс Г.Ш-т “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд” 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянгаас: “...мөрдөгч процессын алдаа гаргасан..., ...шүүгдэгч, хохирогч тал 2-лаа хамт газарт унаж байгаа, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байхад ял оногдуулахдаа харгалзаж үзээгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй“ гэж заасан бөгөөд Г.Ш-аас гэрчээр /хх 38/ авсан мэдүүлгийг шинжлэн судлаагүй, уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно.” гэж хуульчилжээ.
Хэрэгт мөрдөгч “...Танд ЗА- регистрийн дугаартай Г-ын Ш- гэдэг хүний зургийг харууллаа, Таны биед халдсан хүн мөн байна уу?...” гэж /хх 33/ асуусан баримт хавсаргагдсан байх ба үүнийг мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуусан гэж үзэхээргүй байна.
Шүүгдэгч Г.Ш- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө ...” /хх 56/, мөн шүүх хуралдаанд оролцохдоо “...миний бие энэ шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орох хүсэлтэй байна...” /хх 135/ гэсэн хүсэлтийг тус тус бичгээр гаргасан байх тул хүний эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Г.Ш- “...иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.870.000 төгрөг, хохирогч Н.А-д 8.000.000 төгрөг...”-ийг тус тус төлсөн болохыг дурдав.
Дүгнэвэл, шүүгдэгчийг гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө зохих хэмжээгээр төлбөр төлснийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Т.Уянгын гаргасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ш-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “... Г.Ш-т 3 /гурав/ жил...” гэснийг “...Г.Ш-т 2 /хоёр/ ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Ш- “... Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.870.000 төгрөг, хохирогч Н.А-д 8.000.000 төгрөг...”-ийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянгын “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР