| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0124/Э |
| Дугаар | 00130 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 00130
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Ж.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.О холбогдох 163/2018/0124/Э индекстэй, эрүүгийн 1815000000121 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Д.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ж.Б д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эхнэрээсээ уучлал гуйж эвлэрсэн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 12-нд нөхөр бид хоёр сумын төвөөс халамцуу ирсэн. Манай нөхөр гэртээ ирчихээд “энд нэг архи байгаа” гээд эрээд, олохгүй болохоороо охин бид хоёрыг “нуучихлаа, гаргаад ир” гээд байсан. Тэгэхээр нь би “хараагүй, нуугаагүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь л “чи авсан” гээд миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Би зугтаад Баян-Агт сумын төв орж эмнэлэгт үзүүлчихээд маргааш нь гэртээ ирсэн. Нөхөр маань буруугаа хүлээж уулчлал гуйсан, дахин надад болон үр хүүхдэдээ тийм зан гаргахгүй гэж амласан учир би уучилсан. Намар цаг, хадлан тэжээл, мал ахуй гээд маш их ажилтай байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө гэжээ.
1815000000121 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Ж.Б ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-нд гэртээ нөхөр Д.О нь согтуу архи нэхэж охин бид хоёрыг “архи авч нуусан” гэж хэлж, нэхэж намайг нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан ба би айгаад охиноо аваад зугатаачихсан. Тэгээд сумын төв орж ирж цагдаад мэдэгдэж, хүчирхийллээс хамгаалах байранд хандсан. Тухайн цохьсон үйлдлийн улмаас миний зүүн нүд хөхөрч хавдсан. Манай нөхөр архи уухаараа угаасаа их муухай ааштай болж гэрт байж суухын аргагүй байдалтай байдаг. Намайг элдвээр хэлж хараадаг шигээ том охидуудыг мөн адил харааж зүхдэг. Ийм учраас цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-09-10 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Энххүслэнгийн өгсөн: Тэр өдөр манай ээж бид хоёр Баян-Агт сумын төвд хуушуур хийж зарчихаад хөдөө гэрт иртэл аав ирээд архи хайгаад байхаар нь би хамт хайтал олдохгүй байсан. Тэгтэл аав уурлаад ээжийг гараараа нүдрүү нь цохисон юм. Тэгээд намайг элдвээр харааж зүхээд байхаар нь ээж дүүг хувцаслаад намайг дагуулаад Баян-Агт сумын төврүү явсан гэх мэдүүлэг /хх-12 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Отгондоржийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн баяр дуусаад хуушуур хийсэн гэрээ буулгаж ачаад хөдөө гэртээ харьсан. Тэгээд аав гэрлүүгээ ороод гэрт архи байсан тэрийгээ хайгаад олоогүй, “ээж, эгээ хоёрыг асгасан” гэж уурлаад ээжийг зодчихсон. Ээж сумын төв явчихсан, эгээ дүү бид хоёрыг мотоцикль дээр сундлаад сумын төв орсон, аав ганцаараа үлдсэн. ...Архи уучихаар нь бид нар сүүлдээ айгаад зугтаадаг болсон... гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Шүүгдэгч Д.Отгонбаярын яллагдагчаар өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баян-Агт сумын хүн эмнэлгийн 90 жилийн ой болж өдөрлөг болсон. Түүн дээр манайх гэр барьж хуушуур хийж зарсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээ буулгаж ачаад гэртээ хариад эхнэрээсээ архи нэхсэн чинь эхнэр “байхгүй” гэхээр нь би агсам тавиад “архи олж ир” гээд л би эхнэртээ гар хүрчихсэн. Тэгсэн манай эхнэр том охиноо аваад явчихсан байсан. Архи уусан үедээ эхнэрээ зодож биед нь хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 212 тоот:
1. Ж.Б ын биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн зовхи, хамар хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, аюулын зэргийн үнэлгээ /хх-27-29 тал/, гэрч Д.Пүрэвсүрэн, Л.Мөнхбаяр, Ш.Нармандах, Д.Нямдаваа, нсанд хүрээгүй гэрч О.Отгондорж нарын мэдүүлэг /хх-38-45 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон хувийн байлын талаархи баримтууд /хх-22-26, 37, 46-48 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн “Хуурай хаг” гэх газар гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээсээ архи нэхэж “архи нуулаа” гэх шалтгаанаар гэр бүлдээ агсам тавьж тэднийг хэл амаар доромжлох явцдаа эхнэр Ж.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Б , насанд хүрээгүй гэрч О.Энххүслэн, О.Отгондорж нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 212 тоот дүгнэлт, эрсдэл “өндөр түвшинд байгаа” талаархи аюулын зэргийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.О гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ж.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Д. О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг хуулийн хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД