Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/369

 

2026            03             27                                                                      2026/ДШМ/369

 

 

А.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.Батбилэг,

Хохирогч Ж.М-,

шүүгдэгч А.Г- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408 04334 1587 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт А-гийн Г-, 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, автомашины механикч мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, ...... оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.11-ний өдрийн 784 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 9 сарын хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.25-ны өдрийн 757 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1,17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.21-ний өдрийн 1275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. (РД:УО02241916).

Шүүгдэгч А.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 29- өөс 30-нд шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.П-ын нуруу хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.М-ын зүүн гарын булчин хэсэгт 1 удаа, хэвлийн орчим газарт 1 удаа, зүүн гуяны дотор хэсэгт 1 удаа хутгалж хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ял дээр 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн хорих ялын хугацааг 6 /зургаа/ жил 3 /гурав/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жил 3 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 9 /ес/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 109 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 13,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.М-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 9,405,140 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А- овогтой Г- миний бие нь одоогийн байдлаар 86 настай хөгшин эмээтэйгээ амьдардаг бөгөөд миний бие эцэг, эхээ 2 сарын зайтай алдсан бөгөөд тэр үеэс эхлэн эмээ минь миний асаргаанд байдаг болсон билээ. Иймд миний бие хөгшин эмээгээ бодож нийгэмд учруулсан хор уршгаа арилгаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж хохирогч Ж.М-д 500,000 төгрөг өгсөн байдаг. Гэтэл шийтгэх тогтоол дээр нийт хохирлоос буюу 22,605,145 төгрөгөөс хасаагүй байдаг. Энэ нь миний эрх зүйн байдалд хүндээр нөлөөлж хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалт ашиглах боломжийг үгүй болгосон билээ.

Мөн энэ хэрэг дээр гэрчээр хохирогчийн талаас буюу гэрч Г.М-, Б.А-, О.Ч- нараас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Хэрэг дээр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэдэг бөгөөд хохирогч талын гэрчүүд энэ талаар ямарч мэдүүлэг өгөөгүй байдаг. Зүгээр л байхад хутгалсан гэдэг. Гэтэл прокурор, байцаагч нар хаанаас энэ заалтыг гаргаад ир вэ. Таарамжгүй харилцаа хоёр талын ямар харилцааны улмаас үүссэн нөхцөл байдал байна вэ, хэрэг болох үед тэнд байсан гэрч болох Ц-, Т-, Э- нараас яагаад мэдүүлэг авсангүй вэ. Миний бие нь хохирогч нарын зүй бус үйлдлээс гэрч гээд байгаа хүмүүсийн утасны цаанаас доромжилсон байдлаас болж хэрэг үйлдсэн. Энэ бүх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед болон прокурорын хяналтын шат, шүүхийн шатанд хэлж бас мэдүүлсэн байдаг. Иймд Ц-, Т-, Э- нарыг гэрчээр шүүх хуралд оролцуулмаар байна. Мөрдөн байцаагч дэслэгч Эрдэнэбаяр нь хохирогч нарын ах, эгчийн найз нөхөд болон ах нь байх бүрэн боломжтой юм.

Байцаагч Эрдэнэбаяр нь намайг дандаа хөтөлж мөрдөн байцаалт авсан байдаг. Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р зүйлд заасан “яллагдагчийн эрх үүргээ эдэлж прокурор О.Батбилэг, байцаагч Н.Эрдэнэбаяр нараас татгалзаж хэргийг анхан шатны тойргийн шүүхэд буцааж шинэ гэрчүүдийг оролцуулж хохирлоо төлж, анхны саналаа дэмжиж, хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх саналаа сэргээлгэх хүсэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн биеийн байцаалтыг буруу бичсэн байдаг. Үүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 757-р дугаартай шийтгэх тогтоолоор, 2 жил, 9 сарын хорих ял биш тэнсэн харгалзах ял байсан билээ. Иймд А- овогтой Г- миний бие нь энэхүү хэрэг бүртгэлийн “2408043341587” дугаартай хавтаст хэргийн үнэн зөвийг олж хамгийн бага ялаар шийтгүүлэх болон миний гэм буруутайгаа маргаагүйг харгалзан үзэж эрхэм шүүгч нар гэрчүүдийг оролцуулж энэ хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Жич: миний бие нь 2019 онд эцэг, эх хоёрыгоо 2 сарын зайтай ар араас нь алдаад сэтгэцэд хүнд цохилт орсон бөгөөд уурлахаараа ухаанаа алддаг юм. Иймд миний бие нь сэтгэц мэдрэлийн эмнэлэгт мэдрэл ухаанаа шалгуулах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Г- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмэг эхтэйгээ хамт амьдардаг. Эцэг, эхээ алдсаны улмаас сэтгэл зүйн хүнд байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. А.Г-ын эмэг эх нь асаргаанд байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан хөнгөн ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна. Гэмт хэрэгт холбогдсон эрүүгийн хэргийн хоёр зүйл, анги дээр маргахгүй байгаа. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан зүйчлэлтэй холбоотой эргэлзээ харагдаж байна. Хэргийн газарт заазуур, хутга зэргээс хоёр эрэгтэй хүний өөр дезоксирибонуклейны хүчил /днх/ илэрсэн. Тэгэхлээр заазуур болон хутга хоёрыг өөр өөр хүн барьж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байгаа. Заазуурыг Ч-, хутгыг А.Г- барьж байсан гэдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр заазуур, хутга хоёрыг хоёр өөр хүн барьж байна. Гэтэл хоёр хохирогчийн дезоксирибонуклейны хүчил /днх/ байхад, А.Г-ыг хоёр хутга барьсан мэтээр нотлох баримт бүрдүүлсэн нь эргэлзээтэй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

Хохирогч Ж.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эрүүл мэнд хэвийн болсон. Шүүгдэгч А.Г-тай нэг сургуулийн найз байсан. Найзыгаа уучилсан гомдол байхгүй. Шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэв. 

Прокурор О.Батбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т холбогдох хэрэгт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонд тооцсон. Гэрчүүдээс гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөлийг тодруулсан агуулгатай гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэнийг нотлон тогтоосон. Иймд нэр бүхий гэрчүүдийг асуух шаардлага байхгүй. Мөн хөнгөн ял шийтгэл оногдуулах талаар гомдолдоо дурдсан. Шүүгдэгч А.Г-ын тухайд хоёр хүний эрүүл мэндэд зэвсэг ашиглаж, хөнгөн болон хүнд хохирлыг санаатай учруулсан тогтоогддог. Анхан шатны шүүхэд прокурорын гаргасан саналын хүрээнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 6 жилийн хугацаагаар оногдуулж уг ялыг нэмж нэгтгэн 6 жил 3 сарын хорих ял оногдуулах саналын хүрээнд шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.П-ын нуруу хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.М-ын зүүн гарын булчин хэсэгт 1 удаа, хэвлийн орчим газарт 1 удаа, зүүн гуяны дотор хэсэгт 1 удаа хутгалж хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 10/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-16/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-21/,

- хохирогч Б.П-ын "...Би машины зүүн хойд талын хаалга талд сууж байсан чинь Г- машины хаалгыг онгойлгохоор нь би суух юм байна гэж бодоод урагшаа өндийсөн чинь Г- хутга гаргаж ирээд миний нуруун тус газарт хутгалсан. Тухайн үед Г- бид нарын хооронд ямар хэрүүл, маргаан болоогүй байсан. Зүв зүгээр байхад яаж байгаа юм бэ? гэж Г-аас асуухад өөдөөс юм хэлээд байсан боловч тухайн үед өвдөлтөөсөө болоод юу гэж хэлснийг тогтоож аваагүй. Би машинаас буугаад нуруугаа гараараа тэмтэрч үзэхэд цус гарч байсан ба гараараа шархаа дараад машинаас бага зэрэг холдоод алхсан. Би машины баруун хойд хаалгыг онгойлгоод харахад М- хойд талын суудал дээр ганцаараа цустайгаа холилдчихсон ухаан алдсан байдалтай сууж байсан. Хүзүүний оролтоор нь гуяны шархийг нь боосон байсан. Г- цагдаагийн машины маяакны гэрлийг хараад ганцаараа зугтчихсан. Ч- ганцаараа бид нартай маргалдаад зогсож байхад нь цагдаа авч явсан...” /1хх 24-25/,

 

- хохирогч Ж.М-ын “...Тухайн үед болж өнгөрсөн асуудлын талаар тодорхой санаж, мэдэж байгаа зүйл байхгүй бөгөөд сүүлд П-аас сонсоход П-, Т- бид гурвыг машины хойд суудал дээр сууж байхад Г-, Ч- буцаж ирээд машины хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй хутгалсан гэж хэлж байсан. Миний биеийн зүүн гарын булчин хэсэгт 1 удаа, хэвлий орчим газарт 1 удаа, зүүн гуяны дотор хэсэгт 1 удаа хутгалсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Миний бие учирсан гэмтлүүдийг Г- хутгалж гэмтээсэн гэж П- хэлж байсан. Тухайн хэрэг болох үед П- согтолт багатай байсан болохоор болсон үйл явдлыг санаж байсан..." /1хх 28/,

 

- гэрч Г.М-ийн "...Ч-, Г- нарын хоолой сонсогдоод байхаар нь машин дээрээ яваад очсон чинь М- машины ард хутгалуулчихсан цус алдаад ухаангүй сууж байсан. Тэгсэн чинь П- надад хэлэхдээ М-ыг Г- хутгалчихлаа гэж хэлсэн. Г- болохоор урт хэмжээтэй хутга барьчихсан зогсож байсан. Би Ч-ээг заазуураа хая гэж хэлсэн чинь заазуураа хаяхгүй байсан. М- машины ард суусан хэвээр цус алдаж байхад цагдаа, эмнэлэг ирсэн..." /1хх 30/,

 

- гэрч Б.А-ийн "...П-, М-ын биеэс цус гараад байна гэж хэлсэн бөгөөд М- машины ард талын суудал дээр ямар ч хөдөлгөөнгүй гар гуя хэсгээс нь цус гарсан байдалтай сууж байсан. П-ын нуруу нь бас цус болчихсон байхад өөрийгөө гэмтсэн байгааг мэдэхгүй яваад байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн үед М-ыг Г- хутгалсан, П-ыг Ч- заазуурдсан гэж ярьж байсан. М-ыг Г- хутгалж байхад нь П- харсан гэсэн..." /1хх 32/,

 

- гэрч О.Ч-ий: “...М- болон П- хоёр хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн байсан. Бид нартай хамт байсан Г- цагдаагийн алба хаагч ирэх үед зугтаагаад явчихсан байсан нь М-, П- хоёрыг хутгалсан байж болзошгүй гэж бодож байна. Учир нь бид хэдээс өөр хүн тухайн газарт байгаагүй тул тэгж бодож байна..." гэх мэдүүлгүүд  /1хх 35-36/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №14384 дугаартай "...Ж.М-ын биед дух ясны шугаман хугарал, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бугалга, гуянд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дух ясны шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бугалга, гуянд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." /1хх 44-45/,

 

 

- Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №14482 дугаартай "...Б.П-ын бүсэлхийн зүүн хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /1хх 57-58/,

- иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...А.Г-аас 7.775.040 төгрөг, болон 1.630.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү ...” /1хх 183, 190/,

- шинжээч Ч.Эрдэмболорын: “...П-ад учирсан гэмтэл заазуураар үүсгэгдэх боломжгүй. Шарх нь 7-8см орчим гүн байх тул хутгаар үүсэх боломжтой...” /1хх 209/,

- шинжээч эмч Б.Сэргэлэнгийн: “...М-ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бугалга, гуянд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна. Духны ясны шугаман хугарал нь дангаараа хүн зэрэгт хамаарна...” /1хх 213/

 - шүүгдэгч А.Г-ын "...яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна." /1хх 38, 136/ гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

3. Шүүгдэгч А.Г- хохирогч Ж.М-, Б.П- нартай хувийн сэдэлттэйгээр маргалдаж, улмаар түүний Ж.М-ын биед “...дух ясны шугаман хугарал, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бугалга, гуянд зүсэгдсэн шарх...” бүхий хүнд гэмтэл, Б.П-ын биед “...бүсэлхийн зүүн хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” шийтгэхээр, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь ялын сонгох төрөлгүй буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын хугацааг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 6 хоногийн хорих ялыг 415-р нээлттэй, хаалттай хорих ангид  эдэлж байхад нь түүнийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 461-р хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон /хх172/, ялын тооцоог 2025 оны 10 дугаар сарын 6-нд хийхдээ түүний эдлээгүй үлдсэн ялыг 2 жил 10 хоног 25 хоног гэсэн байх /хх171/ бөгөөд хоригдлыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн цагдан хорьсон байх тул ялаас эдлээгүй үлдсэн хугацааг 2 жил 10 сар 10 хоног гэж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 3 сарын хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 9 жил 1 сар 10 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

6. Шүүгдэгч А.Г-аас “...Эрүүгийн хуульд заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

Тодруулбал, хохирогч Б.П- хүний сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй,  хохирогч Ж.М-ын энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг 3 дугаар зэрэглэлд хамаарсан шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүгдэгч А.Г- хохирогч Ж.М-д 500.000 төгрөг төлсөн, бусад хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хэрэг мөрдөн шалган ажиллагааны үед хохирогч Ж.М-ын эмчилгээнд зориулан шүүгдэгчээс өгсөн 500.000 төгрөгийг шүүх хуралдаанаас гаргуулах сэтгэцийн хохирлоос хасаж тооцох боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн “...нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, ял хөнгөрүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнээд, гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч А.Г-ын 2026 оны 02 дугаар сарын 3-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын 2026 оны 02 дугаар сарын 3-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       П.ГАНДОЛГОР