Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01408

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02200 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ийн хариуцагч Ч.М-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 6,589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Монголын эрүүл ард сан ТББ-ыг төлөөлсөн Л.Лхаасүрэнтэй түрээсийн гэрээ байгуулан, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-5 байрны нийт 47 м.кв талбай бүхий хараа зүйн чиглэлийн үйл ажиллагааг явуулах шаардлагыг бүрэн хангасан байрыг түрээсэлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг бөгөөд Ч.М- бид хоёр хувааж төлөхөөр тохирсон. Гэрээний дагуу Д.М- би эзэмшил, ашиглалтдаа аж ахуйн үйл ажиллагаагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд дараахь шалтгааны улмаас эрх маань хязгаарлагдаж хохирол учирч саад бэрхшээл тулгарч байна. Би 2021 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулах үедээ өмнөх түрээслэгч Ч.М-тэй ажлын байраа хуваан хэрэглэх тухай аман хэлэлцээр хийж үйл ажиллагаа явуулах үед манай ажиллах ёстой 2 хоног дээр 2 удаа Ч.М- үйл ажиллагаа явуулсан. Тухайн өдрийн орлого болох 2,270,000 төгрөгийг хараа зүйн төвийн орлогын дэвтэр дээр тэмдэглэгдсэн. Үүнээс болж манайд орж ирэх байсан орлого ороогүй. Мөн Ч.М- ажлын байрны 2 том өрөөний нэг болох хараа зүйн төвийн хараа оношлох өрөөнд өөрийн эд зүйлээ хийж авахгүй байгаагаас шалтгаалан түрээсийн талбайг бүрэн ашиглаж чадаагүйгээс манай байгууллагын үйл ажиллагааны орлого буурч үйлчлүүлэгчид тав тухгүй үйлчлүүлж, эрэлт буурч хохирол учирсан. Тиймээс Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглагдахгүй байгаа 16.5 м.кв талбайг Ч.М-ээс албадан чөлөөлүүлэх, мөн ашиглуулаагүй өрөөний төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа дур мэдэн явуулсан тухайн өдрийн орлого 2,270,000 төгрөг, нийт 7,270,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн талбайн зарим хэсэг 16,5 м.кв талбайг хариуцагч Ч.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөн тул уг шаардлагаасаа татгалзаж байна. Мөн үйл ажиллагаа явуулсан өдрийн орлого 2,270,000 төгрөгийн шаардлагаас 681,000 төгрөгийг хасч 1,589,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа дур мэдэн явуулсан орлого 1,589,000 төгрөг, нийт 6,589,000 төгрөгийг хариуцагч Ч.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.М- миний бие Монголын эрүүл ард сантай 2016 оноос түрээсийн гэрээ байгуулан 31 м.кв талбайг түрээслэн түрээсийн төлбөрт сард 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон ажиллаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн 1-р хороо, 47-р байр, 5 тоот нь хуучны 2 өрөө байр бөгөөд би хуучны 2 өрөөнд нь үйл ажиллагаа явуулж байсан ба арын өргөтгөлийг нь огт ашиглаагүй. Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөд үйл ажиллагаагаа явуулж байтал тус санг үүсгэн байгуулсан Ч.Алтанцэцэг гэж хүн ирээд хууль бус хүнд түрээс өгч байна, энэ үйлдлээ зогсоо гэсэн тул 2020 оны 08 сараас түрээсийн төлбөрөө н.Палам гэж хүн рүү шилжүүлэхээ зогсоосон. Учир нь н.Палам, Л.Лхаасүрэн нар сангийн үүсгэн байгуулагчдын гарын үсгийг хуурамчаар зурж, гэрчилгээг гаргуулж авсан үйлдэл нь илэрч улмаар цагдаад шалгагдаж эхэлсэн. Энэ асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар шалгаад прокурор хянаад хуурамч гэдгийг нь тогтоосон. Тус сангийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 3701 дугаар бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон. Гэтэл 2021 оны 07 сард Д.М- нь Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Алтанцэцэгтэй уулзан хойд талын өргөтгөлийн өрөөг түрээслэе гэсэн ба Ч.Алтанцэцэг уг өрөөг засч оффис болгоно гэж хэлээд гаргасан. Уг өргөтгөлийн өрөө нь миний түрээслэж байсан өрөөнөөс 2 дахин том, тус байрны 31 м.кв талбайд ордоггүй өрөө бөгөөд тус байр нь өргөтгөлийн хамт 78 м.кв, хараа зүйн ашиглах талбай нь 48 м.кв ба өргөтгөлд сангийн эд хөрөнгийг хадгалах агуулах зориулалтаар ашиглаж байсан. Тус өргөтгөлд Д.М- одоо амьдарч байгаа. 2021 оны 08 сард Д.М- нь би энэ байрыг түрээслэхээр боллоо гээд хуурамч түрээсийн гэрээ бариад ирсэн. Л.Лхаасүрэн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Алтанцэцэгтэй зөвшилцөлгүй гэрээ байгуулсан байсан. Ингээд би 2021 оны 08 сард Д.М-той хамт ажилласан ба би түүнд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд намайг байнга хөөж байсан, надаас орлогын 4,061,000 төгрөг авсан. 2021 оны 09 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг өг гэхэд нь би түрээс 10-ны өдөр өгөх гэрээтэй гээд өгөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд хаалга цоожилсон байсан. Би аргагүйн эрхэнд өөрийн түрээслэж байсан 15 м.кв үзлэгийн өрөөгөө лацдаад гарсан бөгөөд лацыг хөдөлгөж хаалгыг нь нугасаар нь салгаад тавьсан байсныг цагдаа дуудаж хаалгаа цоожилсон. Иймд Д.М-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 323 дугаар зүйлийн 323.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.М-т холбогдох 6,589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшеөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч бидний хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн боловч нэхэмжлэгч намайг дамжуулан түрээслэх эрхгүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон боловч шүүх дараах нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэлээ түрээсийн төлбөр шаардсан байдлаар тодорхойлоогүй атал шүүх дамжуулан түрээслэх эрх гэх дүгнэлт хийсэн. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед миний түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгөд байршуулсан гэх эд зүйлсээ чөлөөлж авсан ба үүнээс үүдэлтэй чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан. Хэрэв хариуцагч анхнаасаа эд зүйлсээ аваад явсан бол түрээслэгч миний бие түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж үр шимийг хүртэх байсан боловч хариуцагчийн буруутай үйлдлээс болж бүрэн ашиглаж чадаагүйн дээр ашиглаж чадаагүй талбайд түрээсийн төлбөр төлж хохирсон. Гэвч хариуцагч шүүх хуралдаанд худал тайлбар мэдүүлэг гаргаж мэтгэлцсэн байх атал шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд зөв зүйтэй дүгнэлт хийж чадаагүй ба нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүйн дээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн хувьд буруу дүгнэлт хийсэн. Тодруулбал хариуцагч бидний хооронд түрээсийн эрх зүйн харилцаа үүсэн боловч намайг дамжуулан түрээсэлсэн гэж буруу дүгнэж энэ талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Хохиролтой холбоотой нөхцөл байдал энэ талаарх тайлбар мэдүүлэг нотлох баримтыг өгсөөр байтал энэ тухай ямар ч дүгнэлт хийхгүй орхигдуулсан явдалд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Д.М- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монголын эрүүл ард сан ТББ-тай ажлын байр хөлслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т Түрээслэгч нь түрээсийн зүйлийг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх, давхар түрээслэхийг хориглосон. Нэхэмжлэгч өрөө ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлага гаргасан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч Ч.М- нь нэхэмжлэгч Д.М-той тохиролцоод 15 м.кв 1 өрөөг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Энэ нь хариуцагчийн тайлбар, дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээнд заасныг зөрчиж, давхар түрээсэлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрт нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээнд дамжуулан түрээслэх, давхар түрээслэхийг хориглосон байхад нэхэмжлэгч гуравдагч этгээдэд түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр 1 өрөөг давхар түрээслээд ашигласан атлаа төлбөр, мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн түрээсэлсэн байрны гэрчилгээ дээр 31м.кв талбайтай, өргөтгөсөн байдлаар 80 м.кв байдаг. Ажлын байр хөлслүүлэх гэрээний 2.1-д түрээслэх талбайн хэмжээг тодорхой тусгасан буюу нийт 47 м.кв талбайг түрээслэх тухай заасан. Гэрээнд зааснаар бусад м.кв талбайг эзэмших, ашиглах нөхцөл бүрдээгүй. Нэхэмжлэгч түрээсийн гэрээнд тусгагдсан талбайн хэмжээнээс гадуурх м.кв талбайд маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргах боломжгүй. Нэхэмжлэгч талаас тухайн Ч.М-ийн эд зүйлсээ байрлуулж байсан гэх 15м.кв талбай дээр ямар үйл ажиллагаа явуулах байсан, өдөрт хэдэн төгрөг олох ёстой байсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарсан гэж худал мэдүүлсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ч.М-ийг гарсан үйл баримтыг гэрч Ч.Алтанцэцэг шүүхэд мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Ч.М-т холбогдуулан түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, хохирол 1,589,000 төгрөг, нийт 6,589,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

3.Монголын эрүүл ард сан ТББ нь нэхэмжлэгч Д.М-той 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь тус төрийн бус байгууллагын өмчлөлийн 47 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийг, нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 6-8-р тал/

3.а.Улмаар нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Ч.М-тэй 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор дээрх түрээсийн талбайн зарим хэсгийг хариуцагчид нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

3.б.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

3.в.Нэхэмжлэгч Д.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Ч.М- нь 2021 оны 08 дугаар сарыг дуустал түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, 1 сарын түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж түрээсийн байрнаас гарсан гэх агуулгатай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд энэ талаар мөн шүүх хуралдаанд гэрч Ч.Алтанцэцэг мэдүүлэг өгчээ.

3.г.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар татгалзаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй, зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэлд заасан 5 сарын хугацаанд хариуцагч Ч.М- түрээсийн талбайг ашигласан болохыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

3.д.Энэ тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар болон түүний бусадтай байгуулсан ажлын байр хөлслөх гэрээг үндэслэн хариуцагч Ч.М-т 5,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэг үүссэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй юм. Иймд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хариуцагч түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч дээрх байдлаар дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн хохирлын зохицуулалтыг буруу баримталсныг залруулах нь зүйтэй.

4.а.Хохирол буюу олох байсан орлого 1,589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 323 дугаар зүйлийн 323.1-т ... гэснийг 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ