| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0125/Э |
| Дугаар | 00131 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00131
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох 163/2018/0125/Э индекстэй, эрүүгийн 1815001930116 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.Б, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, У овогт Л.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Хар нүдэн” гэх газар улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Т эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвийн урд эгнээнд хүн буулгачихаад хойшоо харьж явтал Т таараад Төв аймгийн Лүн ороод өгөөч, үнэ хөлсийг нь өгье гэсэн. Тэгээд намайг бинзен байхгүй гэтэл хамаатны эгч Тунгаагийнд очиж бинзений мөнгө авъя гээд очтол эгч Тунгаа нь өгөөгүй, загнаад явуулсан. Тэндээс гараад иртэл Т өврөөсөө нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирэхээр нь манайд очиж уусан. Ууж дуусчихаад Т бид хоёр яваад Баяннуур суманд Т хүргэн ахынд очиж хоол идсэн. Эгч нь 20000 төгрөг өгч бид хоёр бинзен хийгээд Баяннуур сумаас Төв аймгийн Лүн сум орохоор явж байхдаа осолд орсон, нэг сэрэхэд эмч, цагдаа нар ирсэн байсан. Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд нэг сая төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,
1815001930116 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Т өгсөн: Би 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн суманд айлд мал маллаж байсан юм. Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрээсээ Дашинчилэн сумын төв ортол Дашинчилэн сумын төвд Л.Д таараад бид хоёр нэг шил архи хувааж уугаад тэндээсээ шууд Булган аймгийн Баяннуур сум явсан. Тэгээд Баяннуур суманд ямар айлд орсон, тэндээсээ яагаад Улаанбаатар хотын чиглэлд явсан эсэхээ санахгүй байна. Баяннуур сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Баяннуур сумын нутагт зам тээврийн осолд орсон. Одоо миний толгой өвдөж байгаа, би Улаанбаатар хотын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Г.Энхбаатар шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн байсан ба тэр өдөр гадаа нартай дулаахан өдөр байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан юм. Л.Д бид 2 хамгаалах малгай хэрэглээгүй байсан. Зам тээврийн осол юунаас болж гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний бодож байгаагаар бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон учраас осол болсон байх гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, 3 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Гэрч Б.Намжилмаагийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед намайг гэртээ байж байтал Дашинчилэн сумын иргэн Дашдорж, Т хоёр манай гадаа мотоциклтойгоо ирсэн юм. Тэгээд би тэр хоёрт хоол хийж өгчихөөд байж байтал Дашдорж, Т хоёр надаас 3000 төгрөг байвал өгчих гээд нэхээд байхаар нь би мөнгө өгөөгүй юм. Тэгсэн чинь Л.Д манай гэрээс мотоциклтойгоо эхлээд хөдлөөд явтал Т Дашдоржийн араас гараад явсан ба би тэр хоёрыг хаашаа явсан эсэхийг хараагүй юм гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Д.Жаргалсайханы өгсөн: Намайг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал 15 цаг 30 минутын үед Эрүүл мэндийн төвийн дарга Б.Үүрийнтуяа над руу утсаар яриад Баяннуур сумын Шар тал багийн нутаг Хар нүдэн гэх газар зам тээврийн осол гарсан байна гэнэ гэсэн дуудлагын дагуу очиж зам тээврийн осолд орсон иргэн Ч.Т ыг үзэж эмчилгээ хийсэн юм гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Ц.Соёлмаагийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хойш багцаагаар 15 цагийн үед намайг “МТ-Шатахуун түгээс станц” дээр ажил дээрээ байж байтал Дашинчилэн сумын иргэн Л.Д нэг залуугийн хамт шатахуун түгээх станцын түгээгүүрийн талбайд мотоциклтой ирчихсэн байж байгаа харагдсан юм. Тэгээд манай түгээгч Мөнхцэцэг гарч тэр хоёрын тээврийн хэрэгсэлд шатахуун хийж өгчихөөд орж ирсэн юм гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
Гэрч Д.Цэрэндаваагийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед намайг Дашинчилэн сумын 2 дугаар багт хөдөө цэцэрлэг дээрээ байж байтал Баяннуур сумын цагдаа надруу утсаар залгаад “танай нөхөр Л.Д сая Баяннуур суманд зам тээврийн осолд орсон, та хурдан ирж уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Тэгээд би орой ажлаа тараад Баяннуур суманд ирж Л.Дашдоржтой уулзсан. Намайг уулзахад Л.Дашдоржийн биеийн байдал хэвийн байсан ба одоо мөн биеийн байдал хэвийн байгаа. Л.Дашдоржийн биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учирсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Гэрч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг МТ ШТС-ийн гадаа зогсоол дээр байж байтал замын жолооч надад Баяннуур сумаас зүүн тийш багцаагаар 15 км орчим газар замын урд талд улаан өнгийн мотоциклтой хүн зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8299 тоот:
1. Ч.Т биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 42 тал/,
Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн
1. Жолооч Л овогтой Л.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.
2. Жолооч Л.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а заалт “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Жолооч мансууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 заалтанд “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ”. Замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн дэслэгч Б.Булгантамирын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуурал шалгадаг багажаар шалгахад согтуурлын зэрэг 1,68% согтолттой гэх агууламж илэрсэн байна.
Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а заалт “Жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын эрхийн үнэмлэхтэй байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Уг Даюун маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй тухайн үед зорчих хэсэгт үүссэн ямар нэгэн тоормозны мөр үгүй байна.
4. Зам тээврийн осол нь жолооч Л.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зорчих хэсэгт тэнцвэржилт алдсанаас замын зорчих хэсгээс гарч онхолдож зам тээврийн осол гарсан байна. Жолооч Л.Д буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна гэх дүгнэлт /хх 52 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №209 тоот:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Хар нүдэн” гэх газарт осол гаргаж, хамт зорчиж явсан Ч.Т эрүүл мэндэд хүнд хохирол учуулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-16 тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Ч.Т , гэрч Б.Намжилмаа, Д.Жаргалсайхан, Ц.Соёлмаа, С.Пүрэвсүрэн нарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-38 тал/, шүүгдэгч Л.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-65-66 тал/, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч Л.Дашдоржийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хэрэг гарсан байна, ...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн согтуурал шалгадаг багажаар шалгахад согтуурлын зэрэг 1,68% согтолттой гэх агууламж илэрсэн байна” гэх зам тээврийн хэрэг гарах шалтгааныг тогтоосон /хх-52 тал/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, “DAYUN” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 1600000 төгрөг болохыг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Л.Д замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Дашдоржийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогчид 1000000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч мэдүүлэгтээ эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч хэргийн 41 дүгээр талд авагдсан шинжээчийн үзлэгийн төлбөр 8000 төгрөгийн баримтаас бусад нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгч Л.Д холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Л.Д Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 7.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Л.Д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй бөгөөд хохирогч эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД