Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/370

 

2026            03             27                                                                      2026/ДШМ/370

 

 

Б.Б-, Л.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Сүхчулуун,

цагаатгагдсан этгээд Б.Б-, Л.Х-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Пүрэвбаатар,

хохирогч З.М-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/176 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэл, хохирогч З.М-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-, Л.Х- нарт холбогдох 2506 02597 0978 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овогт Б-ын Б-, 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:ТБ-).

М- овогт Л-гийн Х-, 1960 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Дэлгэрэх бат дэвжих”, “Л-” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..... оршин суух үндсэн бүртгэлтэй боловч .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:ТЛ-).

Цагаатгагдсан этгээд Б.Б-, Л.Х- нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б-ы өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсээр байж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч З.М-д худалдан борлуулахаар тохиролцож, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай гэрээг бичгээр байгуулан, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 6 396 850 000 төгрөгийг бэлэн мөнгө, валют, тээврийн хэрэгслээр тооцож шилжүүлэн авсны дараа, тухайн үл хөдлөх хөрөнгө Жижиг дунд үйлдвэрийн газартай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2017/3-151 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч “Л-” ХХК болон холбогдох этгээдүүдийн авсан 900 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байршуулсан талаарх бодит мэдээллийг хохирогчид мэдэгдэж, зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгнө гэх мэтээр хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоос 120 232 713 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлсний дараа гэрээний дагуу хохирогчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг хохирогчид шилжүүлэн өгөлгүй, хуурч, гэрээгээр халхавчилж, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 6 517 082 713 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-, Л.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д- овогт Б-ын Б-, М- овогт Л-гийн Х- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 02597 0978 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Х-, Б.Б- нарыг цагаатгаж,

Л.Х-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Х-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууц болон тухайн орон сууцны хамааралтай газар”-ын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Л.Х-, Б.Б- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Жижиг дунд үйлдвэрийн газар нь “Л-” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/3-151 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 900 000 000 төгрөгийн зээлийг олгосон байх бөгөөд зээлийн барьцаалбарт, иргэн Б.Б-ы өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн талаар талуудын хооронд байгуулсан гэрээ, зээлийн барьцаалбарын гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дээрх үл хөдлөх хөрөнгө Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газарт барьцаалсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээлгэн өгсөн үл эд хөрөнгө байжээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Х-, хохирогч З.М- нар нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 6,3 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, тухайн гэрээнд 6.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулж байгаа орон сууц нь хэн нэгний бий болгосон үүргийн гүйцэтгэлд буюу барьцаалбарт авагдаагүй, зөвхөн худалдагч талын өмчлөл, захиран зарцуулах эрхэнд байгаа үл хөдлөх хөрөнгө болох талаар зааж талууд гэрээний нөхцөл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Худалдан авагч талаас худалдаж авч байгаа үл хөдлөх хөрөнгө нь зээлийн барьцаагүй, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжтой эд хөрөнгө гэсэн ойлголт авсан байх бөгөөд Жижиг дунд үйлдвэрийн газраас бусдын авсан зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болохыг гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа буюу 2024 оны 08 дугаар сард худалдагч талаас өгсний дагуу мэдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хохирогчийн удаа дараалан өгсөн мэдүүлэг, шүүгдэгчээс хохирогч талд хандаж бичгээр гаргаж өгсөн баримт зэргээр хангалттай нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан,..Худалдах, худалдан авах гэрээгээр,... эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргийг худалдагч тал биелүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар зээлийн барьцаанд барьцаалбарт байгаа үл хөдлөх хөрөнгийг, барьцаалагч тал буюу Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газарт урьдчилан мэдэгдэлгүйгээр, хохирогчид худалдан борлуулахаар гэрээ хийсэн, хохирогч талын хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглах эзэмших, түр хугацаагаар оршин суух хэлбэрээр хэрэглэх сонирхолгүй, зөвхөн худалдан авч өмчлөх эрхэндээ шилжүүлэн авах, энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт зэргээрээ тодорхой илэрхийлсэн байхад үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах эрх үүсээгүй, зөвхөн худалдаж авч байгаа орон сууцанд тодорхой хугацаагаар амьдарсан талаар мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн талууд энэ талаар маргахгүй байгаа гэх мэтээр өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. /Гэтэл талууд нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шат болон гэм буруугийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүртэл, худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа талаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулахдаа мэдэгдсэн, мэдэгдээгүй гэх асуудлаар маргалдаж байсан болно/.

Мөн шүүхийн цагаатгах тогтоолд,..Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.1 дэх хэсэгт,.. Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно,.. гэж,..заасан. Өөрөөр хэлбэл барьцаанд байгаа хөрөнгийг бусдад худалдах нь хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.,..гэжээ.

Улсын яллагчийн хувьд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан,... Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно,.. гэх заалт нь энэ хэрэгт хамааралтай гэж үзвэл, хохирогч талын худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг өмнө зээлийн барьцаанд хүлээн авсан, барьцаалагч тал болох Жижиг дунд үйлдвэрийн газарт хамааралтай заалт бөгөөд, тус газартай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2017/3-151 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хувьд Б.Б- нар нь барьцаалуулагч буюу гуравдагч этгээд болж байна.

Улсын яллагчийн хувьд барьцаанд байгаа хөрөнгийг бусдад худалдан борлуулсан үйлдлийг хууль бус, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж дүгнээгүй, зөвхөн шүүгдэгч нар нь худалдан борлуулж байгаа эд хөрөнгө нь бусдын зээлийн барьцаанд барьцаалбар хэлбэрээр байгаа талаарх бодит мэдээллийг хохирогч талд гаргаж өгөөгүй үйлдлийг хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж буруутгаж байгаа болно.

Иймд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/176 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү...” гэв.

Хохирогч З.М-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн цагаатгах тогтоолд “...улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа үйл баримт нь 2020.04.15-ны өдөр талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх заалтад заасан “...барьцаалагдаагүй...гэж гэрээнд заасан атлаа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” болон “Л-” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд 2018.04.20-ны өдөр барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан нь залилах гэмт хэргийн бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг бий болгох гэж заасан шинжүүдийг хангаж байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий үйл баримтад талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг төлсөн, худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд тодорхой мэдүүлж байгаа бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй болно гэж цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 1.3-т заасан “хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарна.

Учир нь анхан шатны шүүх маргаан бүхий объектын өмчлөх эрх З.М-д одоог хүртэл шилжээгүй, яллагдагч нарын хувьд Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцаанаас чөлөөлөгдсөний дараа ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг З.М-д шилжүүлэх талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй /хэрэг шүүхэд шилжсэний дараа л хохирол төлөх талаар хүсэлт гаргасан байдаг/ зэрэг шийдвэрт нөлөөлж болохуйц гол үйл баримтыг үнэлж дүгнэлгүйгээр зөвхөн эзэмшилд шилжүүлсэн байгаа үйл баримтыг авч үзэж, үүнийгээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр тайлбарласан нь хууль буруу хэрэглэсэн байгааг харуулна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх... ” харилцан үүргийг хүлээдэг.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаар гэрээний зүйл нь худалдан авагчийн өмчлөлд шилжсэн байхыг шаарддаг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар одоог хүртэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр яллагдагч Б.Б- байгаа үйл баримт нотлогдон тогтоогдсон байдаг.

Түүнчлэн шүүх “...барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан нь эд хөрөнгийг залилж авсан гэж үзэх үндэслэлгүй”...гэж дүгнээд үүнийгээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасан “Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно...” гэсэн заалтыг иш татан тайлбарлажээ. Энэ нь анхан шатны шүүх нотлогдсон үйл баримтыг буруу үнэлж дүгнэж, шалтгаант холбоог авч үзэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хууль хэрэглээний алдааг гаргасан байгааг харуулж байна.

Хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ “анх гэрээ байгуулахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийн сангийн барьцаанд байгаа талаараа огт хэлээгүй, биднээс нуусан, 4 жилийн туршид төлбөрийг төлүүлж авсныхаа дараа буюу 2024 оны 8 сард гэнэт зээлийн барьцаанд байгаа талаараа хэлж, бичгээр хүсэлт гарган 120 сая төгрөгийн үлдэгдлийг чөлөөлөөд өгчихвөл өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгнө гэж үргэлжлүүлэн итгүүлж, хуураад чөлөөлж авсныхаа дараа 2020.04.15-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан учир дээрх гэрээ хүчингүй, тиймээс бид энэ гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг танайд шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хэлээд түүнээс хойш өмчлөлийг шилжүүлэхгүй явсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрсдөдөө шилжүүлэн авсан мөнгө, эд хөрөнгийн үнэ болох 6,517,082,713 төгрөгөөс огт буцаан төлөлт хийгээгүй, хохироож байгаа, анхнаасаа барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг мэдсэн бол худалдан авахаар гэрээ байгуулахгүй байсан...” гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн бөгөөд энэ нь бусад бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдсоор байхад дээрх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдалгүй, Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцааны гэрээнүүдийг дурдаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар заалтын зөрчлүүдийг бий болгож байна.

Шүүхийн хувьд “бодит байдлыг нуух” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинжийг үгүйсгэн тайлбарлахдаа “Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Б- анхнаасаа байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө байгаагүй буюу бодит байдлыг нуусан гэж дүгнэх боломжгүй юм” гэжээ.

Онолын ч хувьд, хууль хэрэглээний тогтсон ойлголтын ч хувьд эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болно.

Тогтоолд ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд байсныг нууж байсан нь Залилах гэмт хэргийн шинж болох бодит байдлыг нуусан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Энэ талаар Иргэний хуулийн 56.3 дахь хэсэгт “...энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ...” гэсэн заалтыг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгожээ.

Яллах дүгнэлтэд “ үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан талаар гэрээ байгуулах үедээ хэлээгүй, нуусан өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн зөрчлийн талаар худалдан авагч талд мэдэгдээгүй, гэрээндээ тусгаагүй, санаатайгаар нууж, гэрээ байгуулсан, урт хугацааны туршид их хэмжээний төлбөрийг шилжүүлж авсан...” гэж буруутгаж, шүүх хуралдааны явцад ч талууд энэ талаар мэтгэлцсэн байдаг.

Гэтэл шүүх Б.Б-ы хөрөнгө мөн байна, бодит байдлыг нуугаагүй байгаа учир залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Л.Х-, Б.Б- нар нь хохирогчтой анх уулзахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагдаагүй, худалдагдаагүй...ямар нэгэн эрхийн зөрчилгүй гэсэн учраас З.М- нь итгэж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлж авах шийдвэрийг гарган, их хэмжээний төлбөрийг төлөх болсон шалтгаант холбоог анхаарч үзэлгүй, түүнд дүгнэлт огт хийгээгүй байна.

2024 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан гэдгээ хэлээд бичгийн хүсэлт тавьж, зээлийн үлдэгдлийг төлчихвөл өмчлөлийг шилжүүллээ гэж итгүүлээд зээлээс чөлөөлүүлсэн үйл баримт нь 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн хуурах, залилах үйлдлийн үргэлжлэл байгааг зөв дүгнэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсгийг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Л.Х-, Б Б- нар нь 2020.04.15-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус учир өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хэлээд одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлээгүй байгаа нь хэлцлээр хийсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болгох хүсэл сонирхолгүй байгааг илэрхийлнэ. Түүнчлэн өнөөдрийг хүртэл дээрх гэрээг хуульд заасан хэлбэрээр дахин байгуулаагүй байгааг шүүх зөв дүгнээгүй.

Мөн цагаатгах тогтоолд “...Худалдан авагч тал болох З.М- нь гэрээнд заасны дагуу үнийн дүнг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрх нь нээлттэй бөгөөд худалдагч талаас ч мөн адил гэрчилгээгээ шилжүүлэхийг шаардах эрх нь тус тус хуулиар нээлттэй байна. Иймд гэрээний үүргийн зөрчлийг гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй тул шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй” гэж шүүх дүгнэлээ гэсэн нь мөн хууль хэрэглээний алдаа болсон байна.

Тогтоолд дурдсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалт нь хүчин төгөлдөр гэрээг үндэслэн хэрэгжих боломжтой хуулийн заалт байгааг шүүх анхаарч үзэлгүй, буруу дүгнэлт хийжээ.

Эцэст нь дүгнэхэд эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөний дараа буюу өөрөөр хэлбэл өөрөөс үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүй байж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд авсан их хэмжээний мөнгийг буцааж өгөлгүй ашигласан үйл баримт нь залилах гэмт хэргийн нэг хэлбэр юм. Хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь залилах гэмт хэргийн итгэлийг урвуулах аргын үндсэн шинж юм.

Мөн шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог атал үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Цагаатгах тогтоолд заасан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан зөрчлүүдийг бий болгосон байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026.01.14-ний өдрийн 2026/ШЦТ/176 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогч З.М-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 176 дугаар тоот цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, яллагдагч Б.Б-, Л.Х- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Жижиг дунд үйлдвэрийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан зээлийн барьцаанд байсан Б.Б-ы өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч З.М-д худалдан борлуулахаар тохиролцож, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" тухай гэрээг бичгээр байгуулан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрт 2020 оны 04 дүгээр заалтын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 6,396,850,000 төгрөгийг бэлэн мөнгө, валют, тээврийн хэрэгслээр тооцож шилжүүлж авсны дараа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө Жижиг, дунд үйлдвэрийн газартай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2017/3-151 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Л-” ХХК болон холбогдох этгээдүүдийн авсан 900,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байршуулсан талаарх бодит мэдээллийг хохирогчид мэдэгдэж, зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгнө гэх мэтээр хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоос 120,232,713 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлсний дараа гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хохирогчид шилжүүлэн өгөлгүй, хуурч, гэрээгээр халхавчилж, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 6,517,082,713 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн цагаатгах тогтоолд “улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа үйл баримт нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх заалтад заасан “барьцаалагдаагүй гэж гэрээнд заасан атлаа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” болон “Л-” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд 2018.04.20-ны өдөр барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан нь залилах гэмт хэргийн бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг бий болгох гэж заасан шинжүүдийг хангаж байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн маргаан бүхий үйл баримтад талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг төлсөн, худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд тодорхой мэдүүлж байгаа бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй болно гэж цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 1.3-т заасан “хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарна. Учир нь анхан шатны шүүх маргаан бүхий объектын өмчлөх эрх З.М-д одоог хүртэл шилжээгүй, яллагдагч нарын хувьд Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцаанаас чөлөөлөгдсөний дараа ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг З.М-д шилжүүлэх талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй хэрэг шүүхэд шилжсэний дараа л хохирол төлөх талаар хүсэлт гаргасан зэрэг шийдвэрт нөлөөлж болохуйц гол үйл баримтыг үнэлж дүгнэлгүйгээр зөвхөн эзэмшилд шилжүүлсэн байгаа үйл баримтыг авч үзэж, үүнийгээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр тайлбарласан нь хууль буруу хэрэглэсэн байгааг харуулна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх” харилцан үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаар гэрээний зүйл нь худалдан авагчийн өмчлөлд шилжсэн байхыг шаарддаг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар одоог хүртэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр яллагдагч Б.Б- байгаа үйл баримт нотлогдон тогтоогдсон байдаг. Түүнчлэн шүүх “барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан нь эд хөрөнгийг залилж авсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнээд үүнийгээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасан “Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно” гэсэн заалтыг иш татан тайлбарлажээ. Энэ нь анхан шатны шүүх нотлогдсон үйл баримтыг буруу үнэлж дүгнэж, шалтгаант холбоог авч үзэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хууль хэрэглээний алдааг гаргасан байгааг харуулж байна. Хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ “анх гэрээ байгуулахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийн сангийн барьцаанд байгаа талаараа огт хэлээгүй, биднээс нуусан, 4 жилийн туршид төлбөрийг төлүүлж авсныхаа дараа буюу 2024 оны 8 сард гэнэт зээлийн барьцаанд байгаа талаараа хэлж, бичгээр хүсэлт гарган 120 сая төгрөгийн үлдэгдлийг чөлөөлөөд өгчихвөл өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгнө гэж үргэлжлүүлэн итгүүлж, хуураад чөлөөлж авсныхаа дараа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан учир дээрх гэрээ хүчингүй, тиймээс бид энэ гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг танайд шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хэлээд түүнээс хойш өмчлөлийг шилжүүлэхгүй явсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрсдөдөө шилжүүлэн авсан мөнгө, эд хөрөнгийн үнэ болох 6,517,082,713 төгрөгөөс огт буцаан төлөлт хийгээгүй, хохироож байгаа, анхнаасаа барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг мэдсэн бол худалдан авахаар гэрээ байгуулахгүй байсан гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн бөгөөд энэ нь бусад бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдсоор байхад дээрх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдалгүй, Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцааны гэрээнүүдийг дурдаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар заалтын зөрчлүүдийг бий болгож байна. Шүүхийн хувьд “бодит байдлыг нуух” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинжийг үгүйсгэн тайлбарлахдаа “Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Б- анхнаасаа байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө байгаагүй буюу бодит байдлыг нуусан гэж дүгнэх боломжгүй юм. Онолын ч хувьд, хууль хэрэглээний тогтсон ойлголтын ч хувьд эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болно. Тогтоолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд байсныг нууж байсан нь Залилах гэмт хэргийн шинж болох бодит байдлыг нуусан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Энэ талаар Иргэний хуулийн 56.3 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэсэн заалтыг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгожээ. Яллах дүгнэлтэд “ үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан талаар гэрээ байгуулах үедээ хэлээгүй, нуусан өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн зөрчлийн талаар худалдан авагч талд мэдэгдээгүй, гэрээндээ тусгаагүй, санаатайгаар нууж, гэрээ байгуулсан, урт хугацааны туршид их хэмжээний төлбөрийг шилжүүлж авсан.” гэж буруутгаж, шүүх хуралдааны явцад ч талууд энэ талаар мэтгэлцсэн байдаг. Гэтэл шүүх Б.Б-ы хөрөнгө мөн байна, бодит байдлыг нуугаагүй байгаа учир залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Л.Х-, Б.Б- нар нь хохирогчтой анх уулзахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагдаагүй, худалдагдаагүй ямар нэгэн эрхийн зөрчилгүй гэсэн учраас З.М- нь итгэж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлж авах шийдвэрийг гарган, их хэмжээний төлбөрийг төлөх болсон шалтгаант холбоог анхаарч үзэлгүй, түүнд дүгнэлт огт хийгээгүй байна. 2024 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан гэдгээ хэлээд бичгийн хүсэлт тавьж, зээлийн үлдэгдлийг төлчихвөл өмчлөлийг шилжүүллээ гэж итгүүлээд зээлээс чөлөөлүүлсэн үйл баримт нь 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн хуурах, залилах үйлдлийн үргэлжлэл байгааг зөв дүгнэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсгийг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Л.Х-, Б Б- нар нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус учир өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хэлээд одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлээгүй байгаа нь хэлцлээр хийсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болгох хүсэл сонирхолгүй байгааг илэрхийлнэ. Түүнчлэн өнөөдрийг хүртэл дээрх гэрээг хуульд заасан хэлбэрээр дахин байгуулаагүй байгааг шүүх зөв дүгнээгүй. Мөн цагаатгах тогтоолд “Худалдан авагч тал болох З.М- нь гэрээнд заасны дагуу үнийн дүнг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрх нь нээлттэй бөгөөд худалдагч талаас ч мөн адил гэрчилгээгээ шилжүүлэхийг шаардах эрх нь тус тус хуулиар нээлттэй байна. Иймд гэрээний үүргийн зөрчлийг гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй тул шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй” гэж шүүх дүгнэлээ гэсэн нь мөн хууль хэрэглээний алдаа болсон байна. Тогтоолд дурдсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалт нь хүчин төгөлдөр гэрээг үндэслэн хэрэгжих боломжтой хуулийн заалт байгааг шүүх анхаарч үзэлгүй, буруу дүгнэлт хийжээ. Эцэст нь дүгнэхэд эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөний дараа буюу өөрөөр хэлбэл өөрөөс үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүй байж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд авсан их хэмжээний мөнгийг буцааж өгөлгүй ашигласан үйл баримт нь залилах гэмт хэргийн нэг хэлбэр юм. Хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь залилах гэмт хэргийн итгэлийг урвуулах аргын үндсэн шинж юм. Мөн шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог атал үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Цагаатгах тогтоолд заасан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан зөрчлүүдийг бий болгосон учраас анхан шатны шүүхийн 176 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч З.М-гийн өмгөөлөгч Э.Билгүүн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбоотой тайлбаргүй, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 77 настай өдий олон жил амьдрахдаа хүн хуурч явсан түүх байхгүй. М- гэх хүнийг танихгүй, тэр хүн М-ын эхнэр юм. Манай үл хөлдөх хөрөнгийг түрээсэлдэг байсан. Манай гэрт эхнэрийн хамт ирж үл хөдлөх хөрөнгийг үзээд зөвшөөрч авахаар болсон. Нотариатаар батлуулаагүй гэж буруутгаж байгаа учраас энэ талаарх тайлбар өгье. М- “хууль хяналтыг байгууллагад шалгагдаж байгаа учраас эхнэрийн нэр дээр гэрээ байгуулах” санал гаргасан. Намайг М- гэртээ дуудаж гэрээ байгуулж гарын үсэг зурсан. М- манай гэрт ирэхэд “тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаалбарт байгаа” гэдгийг хэлсэн. М-аас “чи барьцаалбарт байгаа гэдгийг мэдэж байна уу гэхэд, М- “мэдэж байна” гэсэн. Одоо болохоор шүүх, цагдаагийн байгууллагаар намайг гүжирдэж “нотариатаар батлуулахгүй” гэж хэлсэн гэж байна. Би байр худалдаад байдаг ч хүн биш, өөрсдөө зориулж барьсан үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан. Надаас гэрчилгээ гаргаж, мөнгөө өгөх эрх нь түүнд байсан. 10 жилдээ үерхэж дотон харилцаатай байсан талаар ярьдаг. Тийм зүйл огтоос байхгүй. Компанийн хажуу өрөө түрээсэлдэг байсан. Би мөнгөө М-аас дандаа нууцаар авдаг байсан. Дансаар шилжүүлж авсан мөнгө байхгүй, яагаад гэвэл М- хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Надад М-ыг хуурах залилах ямар ч шаардлага байхгүй. 5 жил хугацаанд мөнгөө увуулж цувуулж авсан. М- надад мөнгө өгч би барьцаалбараас чөлөөлөх үүрэгтэй байсан. 3 тэрбум төгрөгийн тавилгатай үл хөдлөх хөрөнгө өгсөн. Үүнээс хойш 5 жил болоход юмны үнэ өндөр болсон. М- үл хөдлөх хөрөнгийн үнийг 1,000,000-2,000,000 төгрөгөөр цувуулж төлдөг байсан. Шүүхээр асуудал шийдэгдэх хүртэл би тэвчээртэй хүлээсэн. М- намайг доромжилдог “хуцаа чи, амбаар үнэтэй авсан” гэж олон удаа маргалдсан. Гэтэл удахгүй эрүүгийн хэрэг үүсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдэж, прокурорын гаргасан эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Цагаатгагдсан этгээд  Б.Б-, Л.Х- нарын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос барьцаалбарт байсан эд хөрөнгийг борлуулсан үйлдэл хууль бус Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж дүгнээгүй. Худалдан борлуулсан эд хөрөнгө нь бусдын зээлийн барьцаалбарт байгаа талаар бодит мэдээллийг хохирогч талд гаргаж өгөөгүй үйлдлийг хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар прокурор эсэргүүцлээ тайлбарласан. Цагаатгагдсан этгээд Л.Х- тайлбартаа “М- манай гэрт ганцаараа ирсэн хоёр дахь удаа ирэхдээ эхнэртэйгээ хамт ирсэн үл хөлдөх хөрөнгийг худалдаж авах талаар санал хэлсэн. 3 дахь удаагаа уулзахдаа М-ын гэрт очиж гэрээ байгуулсан. Гэрээг хохирогч тал өөрсдөө интернэтээс хуулбарлаж авч боловсруулсан гэрээнд гарын үсэг зурсан. Тухай бүр уулзах бүрдээ үл хөдлөх хөрөнгө барьцаалбарт байгаа талаар хэлж байсан. Гэтэл Л.Х- гэрээ байгуулах үед “барьцаалбаргүй гээд бичсэн” байна. Энэ ямар учиртай вэ, гэж хэлээд гэрээнд дээр гарын үсэг зурсан байдаг. Гэрээнд тусгагдсан 6,3 тэрбум төгрөгийн тавлагтай үл хөдлөх хөрөнгө гэх бичвэрийг хохирогч З.М-гийн нөхөр М- бичсэн байдаг. Энэ талаараа хэлсэн. Гэтэл хэлбэрийн төдийн шинжээр эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Эх, хүү хоёр амьдарч байсан орон сууцаа бусдад худалдан борлуулсан. Уг гэрээнд үнийн дүн бичсэн болохоос хугацааны талаа дурдаагүй учраас хохирогч тал 5 жилийн хугацаанд тасралтгүй мөнгө цувуулж өгсөн үйл баримт байдаг. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн дүгнэлт гаргахдаа анхаарахыг хүсэж байна. “Л-” ХХК-ийн зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан. Б-ы хөрөнгө юм. 2018 онд барьцаалбарт бүртгэгдэж барьцаалагдсан. 900,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн компанийн зээлийг төлж байсан талаарх үйл баримт байдаг. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүх талуудын хооронд болсон үйл явдлыг Иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүдэлтэй худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч талаас гаргасан гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд гэрээний харилцаа биш, анхан шатын шүүх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Өмчлөх эрхийг шилжүүлж худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу нотариатаар батлуулах зорилгоор талууд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр барьцаанаас зээлийг чөлөөлсний дараагаар уулзсан. Энэ үед хохирогч З.М-, Б- нар байгаагүй, энэ үед хохирогчийн нөхөр М- болон Х- нар уулзсан. Тухайн үед үл ялиг маргаанаас болж муудалцаж гарсан. Энэ маргаанаас хойш 7-10 хоногийн дараа цагдаагийн байгууллага хандсан. Билгүүн өмгөөлөгчөөс Х- утсаар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгнө үү, 02 дугаар сарын 28-ны дотор шилжүүлэх хүсэлт ирсэн. Энэ хооронд цагдаагийн байгууллагад хандсан байдаг. 2025 оны 04 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Хохирогч талаас шүүх байгууллагад гомдол ирснээс хойш шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Нөгөө талаас жилийн хугацаан хэрэг шалгагдсан талаар тайлбартаа дурдаж байна. 1 жилийн хугацаанд шалгагдаагүй, өргөдөл гаргаснаас хойш 5 сард сэжигтнээр татаж, үргэлжлүүлээд яллагдагчаар татаж, яллах дүгнэлт гардаж авснаас хойш 3 сарын дотор хэрэг шалгагдсан. Хэрэгт ажиллаж хэлснээс хойш хөрөнгийг хэрхэн шилжүүлэх, нотариатын гэрээ хийх байдлаар уулзсан. Прокурорын тогтоолоор битүүмжилсэн учраас боломжгүй болсон. Хохирогчийн хүсэл зоригийн талаар анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч асуусан. Гэтэл хохирогч “би гэрчилгээ авна” гэх тайлбарыг өгсөн. Шүүхийн цагаатгах тогтоолд энэ талаар дурдсан. Гэтэл өнөөдөр хохирогчийн өмгөөлөгч хохирогчоосоо зөрүүтэй тайлбар өгч “Мөнгө авъя” гэж байна. Энэ асуудлыг ойлгохгүй байна. Энэ үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй. Гэмт санаа зорилго эхнээсээ байгаагүй. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд дурдагдсанаар 08 дугаар сараас хойш 220 гаруй сая төгрөгийг хохирогч талаас төлсөн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд  Б.Б-, Л.Х- нарын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гэж үзэхээр бол гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах ёстой. Гэтэл гэмт хэргийн субьектив санаа зорилго, обьектив нөхцөл байдлын аль нь ч байхгүй байхад гэмт хэрэг гэж үзсэн нь учир дутагдалтай байна. М- Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд “Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилго байсан эсэхийг заавал шалган тогтоох ёстой” гэсэн байдаг. Гэтэл прокурор субьектив санаа зорилгыг өөрөөр ойлгосноос болж асуудал илүү хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байна. Анх илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр бөгөөд талуудын хэн нь ч хэлцэл хүчин төгөлдөр бус гэж ярьдаггүй. Тийм учраас хүсэл зоригоо хүлээн зөвшөөрч, түүнийгээ хуульд заасан хэлбэрээр илэрхийлснийг шинээр хийсэн хэлцэл гэж үзэхээр дээрх тогтоолд тусгасан болохыг анхаарч үзэх ёстой байх. Энэ асуудал 6 жил болж байгаа бөгөөд төлбөр төлөгдөж дуусах хүртэл Б.Б-, Л.Х- нарын өмчлөх эрхтэй холбоотой асуудал яригдахгүй гэдгийг хоёр тал ойлгож байгаа. Хэдийгээр эд хөрөнгө “Л-” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа ч өмчлөгч нь Б.Б- хэвээр байгаа тул талууд хоорондоо Иргэний хуульд заасан ямар нэгэн үйлдэл хийхэд асуудал үүсэхгүй. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн агуулга нь шүүгдэгч хохирогчийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэж үзэхийн тулд тухайн хөрөнгөө алдсан байх үр дагавар үүссэн байх гэсэн гол утга байдаг. Гэтэл эд хөрөнгийн эрхээ алдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг тул гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж тогтоогдоогүй, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй буюу гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзнэ. Эд хөрөнгийг 6 жилийн өмнө хүлээж авсан хүмүүс зохион байгуулалтын өөрчлөлт хийж, захиран зарцуулах эрхээ эдэлж байсан учраас энэ нь бодитой баримт гэж үзэгдэнэ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тээврийн хэрэгслийн төлбөртэй холбоотой асуудлын хувьд, ченж гэж яригдах Баттөрөөс асууж тодруулж, асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Үнийн өөрчлөлт үүнд огт хамааралгүй юм...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогч З.М-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Б-, Л.Х- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Б.Б-, Л.Х- нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б-ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Л- “Нийслэл хүрээ өргөн чөлөө” гудамж, Л- тоот хаягт байрлах, 986 мкв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсээр байж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч З.М-д худалдан борлуулахаар тохиролцож, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай гэрээг бичгээр байгуулан, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрт 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хооронд 6.396.850.000 төгрөгийг бэлэн мөнгө, валют, тээврийн хэрэгслээр тооцож шилжүүлэн авсны дараа, тухайн үл хөдлөх хөрөнгө Жижиг дунд үйлдвэрийн газартай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2017/3-151 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч “Л-” ХХК болон холбогдох этгээдүүдийн авсан 900.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байршуулсан талаарх бодит мэдээллийг хохирогчид мэдэгдэж, зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгнө гэх мэтээр хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоос 120.232.713 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлсний дараа гэрээний дагуу хохирогчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг хохирогчид шилжүүлэн өгөлгүй, хуурч, гэрээгээр халхавчилж, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 6.517.082.713 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-, Л.Х- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хохирогч З.М- 2020 оны 4 дүгээр сарын 15-аас 2024 оны 12 дугаар сарын 16-н хүртэлх хугацаанд гэрээний төлбөрийг Б.Б-, Л.Х- нарт цувуулан өгч байсан, улмаар шүүгдэгч Л.Х-ын хэлсний үндсэн дээр хохирогч З.М- Төрийн банкны ЖДҮД санд 2017 оны 01 дүгээр сарын 11-нд барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний зүйл болох “Баянзүрх дүүрэг 26-р хороо, Л- Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Л- тоот хаягт байрлах 986м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай” үл хөдлөх эд хөрөнгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг сулласан үйл баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний харилцаагаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн хариу төлбөрийг хийхгүйгээр, гэрээний үүргээ зориуд биелүүлэлгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогддог болно.

Хэрэгт хохирогч З.М-гийн ...Л.Х- наад орон сууцыг барьцаанд тавьсан байгаа, төлбөрийг төлчих, тэгээд орон сууцыг шилжүүлж өгье гэхээр нь 120.232.713 төгрөг төлж зээлийг хаагаад үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардахад Л.Х- шилжүүлэхгүй, би өөрөө зараад танай өгсөн мөнгийг өгье гэсэн... /1хх 30/, гэрч Т.М-ын ...үл хөдлөх хөрөнгө өө шилжүүлж өгөөч гэхэд Л.Х- янз бүрийн шалтгаан тоочдог... /1хх 40-43/, гэрч Ш.Дэлгэрмаагийн ...гэрчилгээгээ авах гэсэн юм гэхэд ЖДҮДС-д зээлийн барьцаанд байгаа, та зээлээ төлөх юм бол гэрчилгээ гарна гэж хэлсэн.../1хх 46/, Л.Х-ын...манай гэрт анх орж ирж орон сууцыг үзэх үед нь орон сууц 2017 онд ЖДҮДС-д дүүгийн компани зээлийн барьцаанд тавьсан байгаа талаар хэлэхэд Т.М- за, за гэж хэлж байсан. Гэрээ хийсний дараа 7 хоногийн дотор М-, түүний эхнэр М- нарт зарсан орон сууцаа суллан хүлээлгэж өгсөн.../1хх 81-86/, Б.Б-ы...тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд байгаа талаар ээж хэлж байсан.../1хх 101-104/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Дээрх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд, иргэн Л.Х-, Б.Б- нар нь “Баянзүрх дүүрэг 26-р хороо, Л- Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Л- тоот хаягт байрлах 986м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай” үл хөдлөх эд хөрөнгийг иргэн З.М-д худалдан борлуулж, хохирогч З.М-, түүний нөхөр Т.М- нарт тавилгатай нь 7 хоног дотроо багтаан суллан хүлээлгэж өгсөн, тухайн байранд хохирогч З.М- гэрээ байгуулагдсанаас хойш одоог хүртэл амьдарч, эзэмшиж  байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Тэгтэл, хохирогч З.М- цагаатгагдсан этгээд Л.Х-, Б.Б- нараас дээрх үл хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг, эсхүл төлсөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг хууль зүйн хувьд үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогч З.М- “Баянзүрх дүүрэг 26-р хороо, Л- Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Л- тоот хаягт байрлах 986м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай” үл хөдлөх эд хөрөнгийг 6.3 тэрбумаар худалдан авч гэрээ байгуулахаа  нотариатчаар батлуулаагүй нь өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаанд байсныг мэдээгүй гэснийг үгүйсгэж,

тодруулбал, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд зээлийн барьцаанд барьцаалж, Эд Хөрөнгийн Эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан тул, 2020 оны 4 дүгээр сарын 15-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар баталгаажуулаагүйг илэрхийлж буй юм.

Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан талаар гэрээ байгуулах үедээ хэлээгүй, нуусан өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн зөрчлийн талаар худалдан авагч талд мэдэгдээгүй, гэрээндээ тусгаагүй, санаатайгаар нууж, гэрээ байгуулсан, урт хугацааны туршид их хэмжээний төлбөрийг шилжүүлж авсан гэж прокурор дүгнэж уг үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж маргаж байх боловч шүүгдэгч хохирогч хэн аль нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй, тухайн гэрээний зүйл болсон эд хөрөнгийг худалдан авагч тал 2020 оны 4 дүгээр сарын 15-нд гэрээ байгуулагдсанаас хойш одоог хүртэл эзэмшиж байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг хувьд эрхийг шилжүүлэх, гэрээгээ дүгнэх үед талуудын хооронд үнийн дүнтэй холбоотой маргаан үүссэн талаар хэн аль нь мэдүүлдэг, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хувьд заавал төрийн байгууллагад бүртгэл хийгдэж шилжилт хөдөлгөөн хийгддэг онцлогтой.

Ингээд Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай болохыг дурдаж байна.

Иймд прокурор М.Сүхчулууны...Л.Х-, Б.Б- нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахдаа барьцаанд байснаа нуусан... гэсэн агуулга бүхий эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн нарын хамтран гаргасан...барьцаанд барьцаалснаа нуусан, иргэний эрх зүйн харилцаа биш юм...гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/176 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны...Л.Х-, Б.Б- нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахдаа барьцаанд байснаа нуусан... гэсэн агуулга бүхий эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Билгүүн нарын хамтран гаргасан...барьцаанд барьцаалснаа нуусан, иргэний эрх зүйн харилцаа биш юм...гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                       П.ГАНДОЛГОР