Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00238

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Бүжинлхам          

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д  д холбогдох эрүүгийн 1825001740262 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

П. Б-д  , Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо Хувьсгалчдын **  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар УХ93021615.

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ зочид буудалд байрлах “Топаз” төвийн урд талын зам дээр П-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А.П-гийн ...“2018 оны 02 дугаар сарын 12-ны орой 00 цагийн үед Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудалтай залгаа Топоз төвд хоёр найзынхаа хамт орж суусан. Бид нар 02 цагийн үед гараад такси барих гээд гадаа зогсож байхад миний таньдаг Б- гэдэг залуу танихгүй нэг залуутай зогсож байхаар нь би очоод мэндэлсэн чинь надтай хамт явж байсан залууг Б- тай хамт явж байсан залуу манай найзыг шууд цохичихоод зугтаагаад явчихаар нь би араас нь гүйгээд тэр залууг бариад автал намайг шууд үгийн зөрөөгүй нүүрэн тус газар нэг удаа цохитол би газар уначихсан. Тэгээд тэр залуу цаашаа зугтаагаад явчихсан юм. Дараа нь би Б- гаас намайг цохиж зодсон гэх залуугийн талаар асуухад Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ангид ажилладаг нэрийг нь Б гэдэг гэж хэлсэн. Утасных нь дугаарыг аваад ярьтал ах нь гэх хүн утсыг нь авахаар нь болсон асуудлыг хэлтэл намайг цагдаа шүүхэд хэлээд хэрэггүй, чиний асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл утас нь холбогдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед миний үүдэн зүүн талын дээд шүд хугарсан. Одоо биеийн байдал бага зэрэг шүд өвдөлттэй байна. Согоот багт байрлах Натурмед шүдний эмнэлэг дээр сувгийн эмчилгээ хийлгэж байгаа. Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Гадаа зогсож байхад үгийн зөрөөгүй миний найзыг цохичихоод зугтаахаар нь би араас нь гүйж байгаад бариад автал намайг эргэж хараад шууд нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохитол би газар уначихсан. Тэр хооронд зугтаагаад явчихсан байсан. Намайг зодсон залууг одоо харвал танина. Би шүүх эмнэлэгийн №214 тоот дүгнэлттэй танилцлаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний үүдэн 1 шүд хугарсан. Уг гэмтлийг Б гэх залуу гараараа цохиж учруулсан. Б-д ын зүгээс миний эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Цаашид гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09- 11-р хуудас/

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтийн ...“А.П-гийн биед 21-р шүдний цөгц хэсгийн бүрэн хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 13-р хуудас/

3. Гэрч Б-н...”2018 оны 02 сарын 13-ны орой ажлаа тараад хоёр найз болох П-, Б хоёртой 21 цагийн үед Зэст багт байрлах Дээдэс пабд орж хүн тус бүр нэг нэг пиво авч ууцгаасан. Тэгээд тэндээс гараад Оюут баг Сэлэнгэ зочид буудлын Топаз пабд гурвуулаа орж уугаад тэнд хүн тус бүр 3 ширхэг пиво уугаад гарсан юм. Тэгээд шөнө нэг цаг өнгөрч байхад бид 3 пабаас гараад явж байхад миний танил Б- тааралдаад мэнд усаа мэдээд гар бариад юм яриад зогсож байхад Б- тай хамт явж байсан нэг залуу манай найз Б-г зүгээр байхад нь алгадаад авсан. Тэгэхээр нь П- тэр залууг яаж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр залуу зугатаагаад явчихаар нь араас нь П- хөөж явсан. Би тухайн үед анзаараагүй, найз Б- тай юм яриад зогсож байсан. Тэгтэл П- хүрч ирээд Б- г танай найз чинь намайг цохичихоод зугтаачихлаа гэж хэлэхээр нь П-г хартал амнаас нь цус гарчихсан үүдэн шүд нь дундуураа хугарчихсан харагдаж байсан. Би Б- д танай найз чинь ямар сонин хүн бэ зүгээр байгаа хүмүүсийг цохиж зодоод явах гэж хэлтэл Б- харин тийм ээ архи уучихаараа ийм зан гаргана гэж мэдсэнгүй, манай оюутан ангийн хүүхдүүд сая уулзаад явж байсан юм гэж хэлээд уучлаарай, гээд зогсож байхад нэг машин хүрч ирээд Б- г аваад явсан. Тухайн үед хэрүүл маргаан үүсгээгүй. Бүгд гадаа зогсож байхад Б гэгч нь шууд хүрч ирээд манай найз Бат-Эрдэнийг алгадаад авсан. Тэгэхээр нь П- найзыгаа өмөөрөөд Б-д ыг очоод татсан чинь шууд үгийн зөрөөгүй нүүрэн тус газар нь цохиж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

4. Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 сарын 13-ны өдөр Орхон аймагт ирээд найз Б- тай уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 00 цаг болж байхад Сэлэнгэ зочид буудлын Топаз төвд орсон. Тухайн үед би нилээн согтуу байхад 00-д үл таних 2 залуутай маргалдаад заамдаж аваад салсан. Найз Б- тай хамт тэндээс гараад замын хажууд Б- хоёр хүнтэй юм яриад зогсож байх шиг байсан. Би явж очоод нэг залууг нь согтуудаа чи яагаад намайг ОО-ын өрөөнд цохиж байгаа юм бэ, гэж хэлээд хоёр биенээ заамдаж автал тэр залуу цасан дээр халтираад уначихсан. Тэгээд би цаашаа явж байтал П- гэдэг залуу ирээд чи яагаад манай найзыг унагааж байгаа юм бэ гэж хэлэхээр нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж эвлэрсэн. Хохирол 500000 төгрөгийг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч А.П- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б нь “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч П.Б-д  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч А.П-гийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Батхишигийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 сарын 13-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ топоз төвийн урд талын зам дээр П-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч А.П-д учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгч П.Б-д  ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч П.Б-д  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт П-гийн Б-д  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д  ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д  д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС