| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0126/Э |
| Дугаар | 00133 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00133
Булган дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга С.Гончигбал,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1815002190123 дугаартай, 163/2018/0126/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Ж зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б гийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
1815002190123 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Ж гийн өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тэшиг сумын Харгал багийн өдөрлөг болж би нөхөр Р.Баярсайхантай цуг баяр үзээд 16 цагийн орчим явж байтал хүргэн ах Н.Батсүх нэг хүнтэй цуг зогсож байсан. Гэтэл нөгөө хүн нь согтуу хүргэн ахыг мань унагаачих гээд татаад орилоод байхлаар нь миний нөхөр салгах гээд очтол Д.Б гараараа нөхрийг минь шанаан тус газар нь цохиж унаагаагаад хөлөөрөө толгой болон нуруу руу 2-3 удаа өшиглөөд авсан. Тэгэхлээр нь би “наад хүн чинь тархи толгойны гэмтэлтэй, зодохоо боль” гэж хэлчихээд нөхрөө босгох гээд тонгойтол эрүү рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл миний амнаас цус гарч би гараараа дараад эргээд явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд 3 шүд хөдөлсөн, уруул язарсан байсан. Би урьд өмнө Д.Б г харж байсан, сайн танихгүй гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,
Гэрч Р.Баярсайханы өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн өдөрлөгт эхнэрийн хамт ирж, наадам үзээд явж байтал 16 цагийн орчим худалдаа наймаа хийж байсан асарын ойролцоо Д.Б хувцсаа тайлчихсан “над дээр ирэх хүн байна уу, ална би” гэх мэтээр орилоод явж байхад нь миний баз хүргэн Н.Батсүх түүнийг хараад “энэ манай малчин байна, би очиж болиулаад ирье” гээд явсан. Тэгээд би Н.Батсүхийг авах гээд очтол Д.Б гараараа миний шанаан тус газар цохиход нь би газар унатал миний толгой, нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Би хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй, өшиглөөд байхаар миний эхнэр Б.Ж намайг салгаж авах гээд иртэл эхнэрийг минь гараараа эрүү тус газар нь цохиод авсан. Тэр хооронд би босоод эхнэрийгээ хартал уруул нь язарчихсан амнаас нь цус гоожоод байхаар нь цусыг нь цэвэрлээд эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 30 минутын орчим Б.Ж гэх эмэгтэй толгой өвдсөн, доод уруул нь хадвартай, 2 шүд хөдөлсөн, амнаас нь цустай шүлс гоожсон байдалтай ирсэн. Үзлэг хийж эмчилгээ бичиж, зөвөлгөө өгч явуулсан. Эмчилгээнд нь үрэвслийн эсрэг эм, өвчин намдаах эм, халдваргүйжүүлэх уусмал хэрэглэх талаар эмчилгээ бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Гэрч Н.Батсүхийн өгсөн: Д.Б манай гэрт ирж 2 хоног хонь хариулж байгаад “би тантай цуг явж баяр үзнэ” гээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сумын төв рүү Тэшиг сумын Харгал багийн өдөрлөгт Д.Б гийн хамт орж ирсэн. Түүнээс салаад найз нөхөдтэйгээ явж байтал хүмүүс танайд ирсэн малчин хүнтэй зодоон хийгээд байна гэхээр нь “салгаж авч явъя” гээд очтол надад дийлдэхгүй ноцолдоод байж байтал миний баз хүргэн Р.Баярсайхан надад туслах гээд ирсэн. Тухайн үед би архи уусан байсан болохоороо яг юу болсон талаар санахгүй байна, дараа нь Р.Баярсайхан, Б.Ж нарыг зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тэшиг сумын Харгал багийн өдөрлөг Тэшиг сумын наадмын талбай дээр зохиогдож баяр үзээд явж байтал эгчийн охинтой хамтран амьдарч байсан Д.Б хүнтэй хэрүүл маргаан болж гараараа түлхэлцээд байхаар нь очиж салгаад гэрлүүгээ авч харьсан. Би хэн нь хэнийгээ яаж цохисон талаар мэдэхгүй, намайг очиход Баярсайханы эхнэр Б.Ж гийн амнаас цус гарчихсан байсан тул юу болсон талаар асуухад “Д.Б миний эхнэрийг зодчихлоо” гээд араас нь зууралдаад байхлаар нь би салгаж авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Б.Ариунтуяагийн өгсөн: Д.Б нь Орхон сумын 5 дугаар багт оршин суудаг, ганц биеэрээ амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Мал маллаж амьдардаг. Д.Б нь зан араншингийн хувьд элдэв муу зуршилгүй, төлөв дөруу зантай, танил нөхөд олонтой, бусадтай нийтэч харьцаатай, хүнтэй харьцах харилцаа сайтай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. Хувьдаа мал байхгүй болохоор айлд мал маллаж амьжиргаагаа залгуулдаг гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
Шүүгдэгч Л.Д.Б гийн яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлэгт: Би Булган аймгийн Орхон суманд амьдардаг юм. Тэшиг суманд 2018 оны 07 дугаар сарын 06-ны орчим Батсүх гэдэг айлд мал маллах гэж ирсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тэшиг сумын Харгал багийн өдөрлөг болж би баяр ёслол тэмдэглэж 1,5 литрийн пиво уучихаад, наадмын талбай дээр баяр наадам үзээд явж байсан. Би жаахан согтууруулах ундаа хэрэглэхээрээ амархан согтчихдог болохоор сайн санахгүй байна, ямар ч байсан Р.Баярсайхан нь намайг гүйж ирээд миний мөр лүү гараараа 1 удаа цохисон. Яагаад цохисоныг мэдэхгүй, би зөрүүлээд Р.Баярсайханыг барьж авч унагаагаад 1 удаа гуяа орчим нь хөлөөрөө өшиглөхөд эхнэр Б.Ж нь хүрч ирээд “наадхаа аллаа” гэж над руу дайрахлаар нь гараарааа эрүүнд нь 1 удаа цохиход хүмүүс бид нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-30-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №173 тоот
1. Б.Ж гийн биед доод үүдэн баруун 1,2-р шүдний түүшин хэсгийн хугарал, доод уруулын дотор салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, эрүүний ооч хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-37-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-34-40 тал/, хохирол төлсөн баримт /хх-44 тал/, хэргийн материалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-41-42 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн өдөрлөгт оролцох явцдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусадтай маргаж, түүний үйлдлийг таслан зогсоохоор очсон Б.Ж зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Д.Баярмагнайн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Ж , гэрч Р.Баярсайхан, М.Мөнхтуяа, Н.Батсүх, Б.Ариунтуяа, Ц.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч Д.Б нь Б.Ж зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч эмчилгээний зардалд 150000 төгрөгийг төлж, хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Д.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б г хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД