| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2506 00000 1736 |
| Дугаар | 2026/ДШМ/378 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/378
2026 03 31 2026/ДШМ/378
Ц.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.О-т холбогдох 2506 00000 1736 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А- овгийн Ц-ийн О-, 1982 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ....оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ЧКЦ-).
Шүүгдэгч Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн О- тоот хашааны гадна үл ялих зүйлээр шалтаглан С.О-ын хэвлий хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А- овгийн Ц-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Ц.О-ын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 201 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.О-аас нийт 140.268.400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б- нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ягаан өнгийн нийт 32,5 см урттай хутга” 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд өмнө нь ходоодоо тайруулж байсан. Одоогоор 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт элэгний В, С вирустэй, уушгины сүрьеэ гэсэн оноштойгоор халдвартын тасагт нь тусгаарлагдан 4 сар гаруй эмчлүүлж байна. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруудаа маргаагүй, хийсэн хэргээ гэмшин ухамсарлаж байгаагаа ухаарч засрал хүмүүжлийг олж байна. Шүүхээс гаргасан сэтгэл санааны хохирол болох 118,000,000 төгрөгийг төлөх чадваргүй тул прокурорын гаргасан 10,296,000 төгрөг болгож өгнө үү. Иймд ял эдэлж байх хугацаандаа ажил хийж хохирлоо барагдуулах болно. Мөн 13 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч Ц.О- нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ прокурорын яллагдагчаар татсан тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч, тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгдөг, камерын бичлэг, хэргийн бусад оролцогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Гэм буруу дээр маргахгүй байр суурьтай оролцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.
Үйлчлүүлэгч Ц.О- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт одоо хэвтэн эмчлүүлж байгаа. Биечлэн очиж уулзан зөвлөгөө өгөх явцад хэвлийгээр хүндэрч халуун оргиж гэдэс байнга дүүрдэг, урьд нь ходоодоо тайруулж байсан гэдэг. Үйлчлүүлэгчийн шинжилгээний дүн, эрүүл мэндийн тодорхойлолтын лавлагаа авсан. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримтаар 23,468,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан /1хх 217-243 дугаар хуудас, 2хх 17 хуудас/ хохирлын тооцоо зарим нь баримтын шаардлага хангахгүй, дэвтрийн цаасан дээр гараар бичсэн баримтууд байх ба зарим өгсөн баримтууд нь тамга тэмдэггүй, нэхэмжлэлийн шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэж шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралд шинээр өгсөн баримтууд нь урьд өгсөн баримттай давхацсан зэрэг эргэлзээтэй баримтуудыг үндэслэн оршуулгын зардалд баримтаар 23,468,000 төгрөг Ц.О-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нотлох баримтын шаардлагад нийцсэн баримтаар тогтоож өгнө үү.
3. Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо 118,800,000 төгрөгөөр тогтоосонтой санал нийлэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой шийдвэр гаргах, түүний үндэслэлийг тогтоох хууль зүйн чухал үр дагавар бүхий шинжлэх ухааны аргаар шалгагдсан баримтат мэдээлэл нь шинжилгээний үр дүн болдог. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг тогтоох нь тусгай мэдлэг шаардлагатай, нарийн төвөгтэй ажиллагаа болох нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3 дахь заалтад “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ...сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хамруулан хуульчилсан.
Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, зэрэглэлийг тодорхойлох ажиллагаа хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс нийт амь хохирогчийн оршуулгын зардлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар шийдүүлэх саналтай байна.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хохирол, хор уршигт тооцдог. Түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг гарсны улмаас хохирогч “сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ.” гэж, мөн 3.4-д “сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 3-р зэрэглэл 9-15%, нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг дээрх нэмэгдүүлсэн хэмжээгээр үржүүлэхэд 10,296,000-181,368,000 төгрөг болох бөгөөд улсын яллагч 10,296,000 төгрөгөөр тогтоох санал тухайн үедээ анхан шатны шүүх хурал дээр гаргаж байсан. Иймд Ц.О- нь өнөөдрийг хүртэл тусгаарлалд эмчлүүлж байгаа учраас эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж, хохирол төлбөрийг багасгаж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд хохирол болон гэм буруугийн талаар яригдсан учраас гурван үндэслэлд тайлбар хэлье.
Ц.Б- өрх толгойлсон 3 хүүхэдтэй үлдсэн хүн юм. Хүүхдүүд нь өдөр ирэх бүрд аавынхаа зургийг хараад уйлаад сууж байдаг. Энэ талаар элэг эмтэрмээр зүйлс анхан шатны шүүхэд яригдсан. Талийгаачийн олж байсан орлогын нотлох баримт гаргах гэхээр татвар төлдөггүй байсан учраас учир дутагдалтай байдаг. Талийгаачийг амьдралд хэр зэрэг идэвхтэй хүн байсныг хувийн баримтуудаар тогтоосон. Оршуулгын зардалтай холбоотой үйл баримтын талаар шүүгдэгч маргасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байсан үйл баримт байгаа. Анхан шатны шүүх хуралдааны сүүл рүүгээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан хохиролд Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолыг барьсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолд нас барсан нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхийг шүүх баримталсан. Оршуулгын зардлын тухайд уй гашуутай үед зарлагын падан цуглуулж нотлох баримт бүрдүүлнэ гэдэг нь харьцангуй ойлголт, боломжит хэлбэрээр зан үйлийн зарцуулалтын падан цуглуулсан. Оршуулгын зардлыг баримттай, баримтгүй гэж үзэх нь ойлгомжгүй асуудал. Оршуулгын зардалтай холбоотой нэгтгэлийг би хийсэн. Дээрх нотлох баримтыг шүүх дотоод итгэлээрээ дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү.” гэв.
Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.О-аас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дахин дүгнүүлэх талаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх холбогдох хууль заалтыг зөв баримталж дүгнэлтээ гаргасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасныг баримтлан анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан. Хүний амь нас хохирсон хэрэгт хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхгүй. Харин хор уршиг арилсан уу, эсхүл арилаагүй юу гэдэгт дүгнэлт хийх үндэслэлтэй. Хавтаст хэрэг болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаж байхад шүүгдэгч Ц.О- гэм буруу дээрээ маргаж оролцдог. Хэдийгээр үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй гэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон хэдий боловч гэм буруугаа ухамсарласан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулахгүйгээр дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үздэг. Гэтэл шүүгдэгч гэм буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийг гэм буруу дээрээ маргасан гэж тооцсон. Хохирол төлбөрт хэргийн үйл баримтаар 23,468,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс үнэлэх ёстой баримт, үнэлэх ёсгүй баримтаар нь ялгаж 21,468,000 төгрөгийн хохирлын баримтыг үнэлсэн. Зан заншилтай холбоотой, үйлчлүүлсэн газар, дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авахад баримт олгодог. Захаас буюу хүмүүсийн гараас зан заншилтай холбоотой эд зүйл авахдаа падан хэлбэрээр авсан. Зайлшгүй гаргах ёстой зарлага нь гарч байгаа. Гарсан зардлыг баримтжуулсан байдаг. Шүүхээс дээрх зан заншилтай холбоотой баримт шаардлага хангасан эсэхийг тогтоосон. Баримтгүй л бол оршуулгын зардал гараагүй гэж ойлгож болохгүй. Оршуулгын зардлын жагсаалтын дэвтрийг шүүх үнэлсэн. Шүүгдэгчид оногдуулсан зардал түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалтай дэглэмд эдлүүлэхээр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Ц.О- нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их дарь эхийн О- тоот хашааны гадна 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ муухай харьцаж болохгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар амь хохирогч С.О-ыг гэрээсээ дагуулж гаран хэвлий хэсэгт нэг удаа хутгалж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн “...Манай нөхөр барилгын засал хийдэг, мод болон шахмал хавтангаар тавилга хийдэг, мод, чулуугаар сийлбэр хийдэг байсан, юм хийлгүүлж байгаа хүмүүс нь архи авчирч өгсөөр байгаад сүүлийн 3-4 жил архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эх 1-128 тоотод надтай болон 4 хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ эрүүл, ганцаараа гараад явсан, өдөр намайг хүргэлтийн ажил хийгээд гадуур явж байсан чинь “103”-ын эмч надтай ярьж мэдээллийг нь асуусан, орой би цагдаагийн байгууллага дээр ирээд нөхрөө нас барсан талаар нь мэдсэн. ...” /1хх 114-115/,
гэрч Ш.Батцэцэгийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 19-ний өглөө гэртээ, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо О- тоотод байж байхад нөхөр Ц.О- архи авахаар гараад явсан. ...Ц.О-ыг гараад явсны дараа би хашааны эзэн О-, түүний өвөөгийн хамт байж байтал ..нөхөр удалгүй гаднаас үл таних хоёр эрэгтэй хүний хамт ороод ирсэн. Тэд нар орж ирэхдээ 0,75 литрийн архи нэг шилийг авчихсан байсан. ...бид нар тухайн нэг шил архийг хувааж уугаад байж байтал би бага зэрэг согтоод эхэлсэн. Тэгсэн чинь талийгаач намайг янхан гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үедээ согтоод унтчихсан байна лээ, би унтаж байтал О- нь манай нөхөр Ц.О-ын хамт гэрт орж ирээд, манай нөхөр “би хүн алчихлаа” гэж орилоод гартаа ягаан өнгийн хутга барьчихсан байсан. ...Би “юу яриад байгаа юм бэ” гээд гарсан чинь талийгаач дээшээ харчихсан гэдэс дотор нь гараад ирчихсэн ухаангүй байсан. О- цуг гарч ирээд цагдаа дуудсан. Талийгаачаас гарсан цус байхгүй, ганц хэвлий хэсэгт нь гэдэс дотор нь гараад ирчихсэн дээшээ харсан байдалтай, манай хашааны хаалганы гадна газар хэвтэж байсан. ...Тухайн хутга нь ягаан өнгөтэй урт хутга байсан. Уг хутга нь манай гэрт байдаг хутга байсан. ...” /1хх 19-20/,
гэрч П.О-ийн “...Удалгүй Ц.О- нь ...эхнэр Ш.Б-тэй муудалцахад үл таних хүн эхнэр болох Ш.Б-ийг нь өмөөрөхөд Ц.О- нь хашааны гадаа үйлдвэрийн үүдэнд үл таних хүний хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалахад үл таних хүн шууд унаад өгсөн. Би хэд, хэдэн удаа дундуур нь орж салгах гэж оролдоод дийлээгүй. Би “чи хүн алчихлаа” гэж хэлэхэд “яадаг юм би хүн алцан” гэж орилж байсан. Тэгээд би түргэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид дөрөв шил 0,75 литрийн хэмжээтэй нэг архи хувааж уусан. ...Ц.О-, Ш.Б- юунаас болж муудалцсаныг мэдэхгүй. Үл таних залуу эхнэрийг нь өмөөрч “чи эмэгтэй хүнтэй, өөрийнхөө хань ижилтэй муухай харьцаж болохгүй” гэж хэлэхэд “пизда минь би мэдэж байна” гэж хэлээд дагуулж хашаанаас гараад хутгалсан. Тухайн үед хутга өмдөндөө хавчуулсан, өмднөөсөө хутга гаргаж ирээд хутгалахад нь би яг хажууд нь харж байсан. Хашаанаас гараад хашааны урд талын үйлдвэрийн үүдэнд чернилэн ягаан өнгийн хутгаар үгийн зөрүүгүй шууд хутгалсан. ...” /1хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0625/2078 дугаар “Цогцост хийсэн” шүүх эмнэлгийн “...Амь хохирогч хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэсний дэлүүний булан, дунд хэсэг, махир гэдэсний чацархайг нэвтэрсэн, гол судсыг бүрэн бус тасалж, бүсэлхийн 4-р нугалмын их биеийн гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, эрүү, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хохирлын хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үрэлцэх, шүргэлцэх, хүрэлцэх үед үүсгэгдэх ба, хохирлын зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч нь элэгний хатуурал өвчтэй байжээ. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь 0 (1) бүлгийн цустай байна. 2025 оны 07 дугаар сарын 19-ний 20 цаг 30 минутын цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд нас бараад 7-9 цаг болсон байх боломжтой гэжээ. Амь хохирогч нь дээрх хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэсний дэлүүний булан, дунд хэсэг, махир гэдэсний чацархайг нэвтэрсэн, гол судсыг бүрэн бус тасалж, бүсэлхийн 4-р нугалмын их биеийн гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цочмог алдаж, дотор эрхтэн цус багадаж нас баржээ. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1хх 123-127/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний ЕГО725/8380 дугаар “...Ц.О-ын биед хүзүү, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” /1хх 99-100/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1930 дугаар “...Шинжилгээнд нийт 32,5 см хэмжээтэй /ажлын хэсгийн урт 19 см, өргөн 4 см, бариул хэсгийн урт 13 см, өргөн 3.5 см/ ягаан өнгийн хутга ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хутганаас нэг ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн нэг ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Оролцогч Ц-ийн О-ын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд М№000510003375 дугаарт /ЗХТХ/ 1 удаа бүртгэгдсэн байна...” /1хх 157/ гэх дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн О- тоотын гадна 40-45 настай эрэгтэй нас барсан” гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдлыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /1хх 1/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 04 минут 03 секундэд “...хэвлийдээ хутгалуулсан, цус алдаад байна...” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа /1хх 3/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудаст “...эрэгтэй, нас 45, үзүүлсэн тусламж үйлчилгээ: хэвлийн зүүн талд нэвтэрсэн шархтай, онош: нас барсан... хүлээлгэн өгсөн хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 20 минут...” гэсэн тэмдэглэл /1хх 2/,
2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газар 13 цаг 01 минутаас 13 цаг 40 минутын хооронд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь Эхийн О- тоот гэх хаягтай хашааны гадна очиход уг тоот хашааны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ...хашаатай, хар өнгийн хаалгатай, уг хаалганы үүдэнд очиход модон хашаатай гүйдэг хар саарал өнгийн төмөр хаалга, хаалган дээр болон хашаан дээр ямар нэгэн бичиглэлгүй, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалганы ур талд газарт толгой хэсэг ертөнцийн зүгээр урд зүгт харсан хөл, ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэсэн зүүн хэсгээр хашаа налсан толгойдоо буурал өнгийн өтгөн хар үстэй, уруулын дээд болон эрүү хэсэгт богино буурал сахалтай, дээгүүрээ саарал өнгийн майктай, майкны зүүн доод хэсэгт 4 см орчим урагдаж цоорсон тойроод цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн өргөн бүс, хар өнгийн даавуун өмдтэй хөл нүцгэн, хоёр нүд аниастай ам хагас ангайсан, зүүн гарын тохой хэсгээр нугалж цээжин дээр байрласан, баруун гар газарт шулуун гарын алга дээш харж хагас атгасан зүүн хөл шулуун гарын алга дээш харж хагас атгасан зүүн хөл шулуун, баруун хөл өвдөгний хэсгээр бага зэрэг нугаларсан бэлхүүс хэсгийн доод хэсэгт газарт шингэн зүйлээр бохирлогдсон майкыг сөхөж үзэхэд хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдаж үүссэн мэт шархтай 40-45 настай эрэгтэй хүний цогцос байна. ...цааш 94 дугаартай хаалгыг онгойлгож ороход монгол гэр байх ба, үзлэгийг монгол гэрт хийхэд ...хоёр хөргөгчийн дунд үзмэн ягаан өнгийн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, түүнийг №3 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж тухайн хутгыг хурааж авав . ...зуухны урд модны дөрвөлж дотор 0.75 литрийн хоёр ширхэг архины сав байгааг №2 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-11/,
Цогцост 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 19 минутаас 20 цаг 34 минутын хооронд үзлэг хийхэд “...175 см өндөртэй, 65 кг жинтэй, 43 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. ...ам хагас ангайсан, уруул цайвар хүрэн өнгөтэй, ...хөшилт эрүү хүзүү дээд доод мөчдөд тод үүссэн, цогцсын толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгийн тод үүссэн, дарахад бүрэн бус цайна, ...хүйсийн нүхнээс зүүн тийш 10 см зайд 4,5 см урт, 11 цагийн төвшинд мөр тал 5 цагийн төвшинд ир тал нь үүссэн босоо байрлалтай, зүүн урдаас баруун арагш чиглэлтэйгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч гэдэсний гогцоо шархаар эвэрч гарсан хатгагдсан шархтай, нарийн гэдэсний эвэрч гарсан гогцоонууд хатаж хүрэнтсэн. Шулуун гэдэсний хэм 33,5 градус, 7-9 цаг болсон байх боломжтой. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-15/,
“Эм Эс” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 35 минутад үзлэг хийхэд “...2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 32 минут 03 секундэд хяналтын камерын бичлэгт цагаан футболктой хүн улаан цайвар футболктой хүнтэй зууралдаж, улаан футболктой хүний зүүн мөр дээр цохиход улаан футболктой иргэн цайвар футболктой иргэний хэвлий хэсэг рүү гараа хойш нь савж цохиж байгаа мэт дүрс бичлэг, 11 цаг 32 минут 04 секундэд цайвар футболктой иргэн нь хэсэг гэдсээ тэвэрч бөхийж байгаа, 11 цаг 32 минут 12 секундэд цайвар футболктой гэдэс хэсэгтээ цохиулсан этгээд хойш сав унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...” гэх тэмдэглэл, дүрс бичлэгийг буулгасан гэрэл зураг /1хх 42-51/,
эд мөрийн баримтаар ягаан өнгийн нэг ширхэг хутга, хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди зэргийг тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 229/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүх хэрэгт авагдсан, судлагдсан нотлох баримтыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.О-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тодруулбал, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, сэргээн тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.О-, түүний хамтран амьдрагч Ш.Б-, тухайн Ц- тоот хашааны эзэн гэх гэрч П.О- болон амь хохирогч нар хамтдаа шүүгдэгчийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэнээс шалтгаалан шүүгдэгч ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг бариул хэсэг үзмэн ягаан өнгийн хутгыг биедээ авч, мөн амь хохирогчийг гэрээсээ дагуулж гарч хашааны гадна тэд маргалдсан, улмаар шүүгдэгч Ц.О- амь хохирогчийн биед халдаж хутгаар хутгалж, хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэсний дэлүүний булан, дунд хэсэг, махир гэдэсний чацархайг нэвтэрсэн, гол судсыг бүрэн бус тасалж, бүсэлхийн 4-р нугалмын их биеийн гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийд цочмог алдаж, дотор эрхтэн цус багадаж нас барсан болох нь тогтоогджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж тус тус заасан ба, энэ эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй.” гэж баталгаажуулж, мөн Эрүүгийн хуулиар хамгаалж, хүний амьд явах эрхийг зөрчсөн, амь насыг хохироосон нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг ба тус хэрэгт гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, бусад баримт авагдсанаас гадна, тухайн үйл явдлыг харуулсан хяналтын камерын бичлэгт хохирогч, шүүгдэгч нар нь маргалдаж байгаа, шүүгдэгч нь хохирогчид халдсан, хохирогч унаж байгаа зэрэг дүрс тодорхой бичигдсэн, эдгээрээс дүгнэвэл амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай байна.
Түүнчлэн гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой байдаг бөгөөд шүүгдэгч Ц.О- нь гэрээсээ хутга авч гарсан, улмаар хохирогчийн биед хутгаар гэмтэл учруулсан үйлдэл, үүний улмаас хүний амь нас хохирох боломжтойг буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ц.О-ын “эхнэртэйгээ муухай харьцаж болохгүй” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогч С.О-ыг хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
4. Харин хэрэгт авагдсан шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн EГ0325/4741 дугаар дүгнэлт /1хх 202-203/-д “...хутга дээр илэрсэн цуснаас нэг эр хүний ДНХ тогтоц тогтоогдсон нь С.О- /тогтоолд С.О-/ гэх цус ДНХ тогтоцтой тохирно.” гэх буюу шүүгдэгчийн эсхүл хохирогчийн алины цусны ДНХ тохирч байгаа нь тодорхойгүй эргэлзээтэй байдлаар бичигдэж, уг дүгнэлтийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт 1-ийн №5 зурагт “шинжилгээнд ирүүлсэн ЕГИБ25/6310 С.О- 45 н эр /тогтоолд С.О- гэх/ гэх хаягжилттай хатаан бэхжүүлсэн цусыг харуулав.” гэсэн ба 1 дэх хавтаст хэргийн 129-р талд №6310 дугаартай биологийн шинжилгээний хариуд цус 3мл “С.О-” гэж бичжээ.
Дээрх нэр зөрүүтэй байдал, эргэлзээг арилгахаар бусад баримтыг нягталж, шалгахад “цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн №ЕГ0625/2078 дугаар дүгнэлт”-ийн “нэмэлт шинжилгээнд авсан материал” хэсэгт биологийн шинжилгээнд цус “3 мл авав” гэсэн байх ба “нэмэлт шинжилгээний хариу” хэсэгт “ЕГИБ25/6310” хариунд цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна, дүгнэлт хэсгийн 3-т “амь хохирогч нь О/I/ бүлгийн цустай байна.” гэж дүгнэсэн зэргээс үзвэл хутга дээр илэрсэн цуснаас нэг эр хүний ДНХ тогтоц тогтоогдсон нь амь хохирогч С.О-ын цус гэж үзэхээр, харин хаягжилтад С.О- гэж амь хохирогчийн нэрийг техникийн алдаатай бичсэн гэж үзэх нөхцөл байдал байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ талаарх зөрүүтэй байдлыг анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулсан нь буруу бөгөөд цаашид анхаарах нь зүйтэй.
5. Шүүгдэгч Ц.О-аас “...эрүүл мэндийн хувьд сүрьеэ өвчнөөр өвчилж эмчлүүлж байгаа байдал, урьд ял шийтгэлгүй, гэм бурууд маргаагүй зэргийг харгалзан 13 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнээс “...Ц.О-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.”, мөн “...амь хохирогчийн оршуулгын зардлыг анхан шатны шүүх шаардлага хангаагүй хууль ёсны төлөөлөгчийн гараар бичсэн баримтад үндэслэж шийдвэрлэсэн тул шаардлагад нийцсэн нотлох баримтаар тогтоож өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг улсын яллагчаас 10,296,000 төгрөгөөр санал гаргаж байсан тул шинжээчийн 3-р зэрэглэлээр гаргасан дүгнэлтэд үндэслэн тооцож гарган хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
5.1. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Нөгөө талаар ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл тул түүнийг оногдуулахдаа тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирогчийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхол, зөрчигдсөн эрх сэргээгдсэн эсэхийг харгалзан үздэг болно.
Шүүгдэгч Ц.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг илэрхийлэх боловч хүний амьд явах үндсэн эрхийг зөрчиж согтуурсан үедээ хутга хэрэглэж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол буюу хүний амь нас сэргээгдэхгүй байдал, мөн хор уршиг болох оршуулгын зардал, гэр бүлийн гишүүнд олгогдох сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр зэргээс огт төлөөгүй, нөхөн төлөгдөөгүй зэрэг байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах шаардлагагүй байх бөгөөд хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч нь согтуурсан үедээ хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
5.2. Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг”-т заасныг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 118,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж” шийдвэрлэснийг буруутгах, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тул амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, эхнэр нь болох хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.
Тус эрүүгийн хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №-ЕГО825/3243 дугаар “...шинжлүүлэгчийн буюу амь хохирогч С.О-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” /1хх 244-245/ гэх дүгнэлт гарсан байх боловч дээр дурдсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хэм хэмжээний зохицуулалт нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүйгээр урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай ба энэ нь амь хохирогчийн ар гэрт олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр юм.
Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт зэрэглэл харгалзахгүйгээр эн тэнцүү олгохоор тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно.
Нөгөө талаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэв.
5.3. Харин хавтаст хэрэгт авагдсан оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд, гэмт хэрэг гарахаас өмнөх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 1, 3, 4-6-ны өдрөөр /1хх 218, 219-220-д авагдсан зарим баримт/ огноолсон баримт авагдсан байх ба эдгээр нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай хамааралгүй байна.
Мөн зарим баримтад он, сар, өдөр, үнийн дүнгийн бичилт арилсан, зарим нь нэхэмжлэх гэсэн баримтад он, сар, өдөр бичигдээгүй, хууль ёсны төлөөлөгч өөрөө гараараа жагсааж бичсэн, баримтгүй зэргээр нэхэмжилсэн байх тул эдгээрийг нэхэмжлэлийн үнийн дүгнээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар тооцож үнэлэхэд шүүгдэгчээс 9,578,667 төгрөгийг оршуулгын зардалд гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.О- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний энэ өдрийг хүртэл 83 (наян гурав) хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...140.268.400 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...128,378,667 (нэг зуун хорин найман сая гурван зуун далан найман мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 (наян гурав) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА