Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00134

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

 нарийн бичгийн дарга С.Гончигбал,

         улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

         хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа,

         иргэний хариуцагч А.Баатархүү,

         иргэний хариуцагч Ө.Алтанбек, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч   Г.Алтанчимэг,

        насанд хүрээгүй хохирогч Э.Б /онлайнаар/,

        насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарантуяа /онлайнаар/,

        шинжээч Ү.Оюун-Эрдэнэ /онлайнаар/,

        шүүгдэгч Х.Г , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0032/Э индекстэй, 201706000157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Х.Г   

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Г  нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500000 төгрөг төлсөн, шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг нөхөн төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн: Тэр машинд Наянтай, Баатархүү, Х.Г , Батзолбоо, Сүхболд бид хэд хамт явсан. Бид Архангай аймагт очиж самар түүхээр явсан юм. Тэнд очоод хэд хоносон боловч самар олдоц муутай байсан. Тэгээд Баатархүү, Наянтай нар уурлаад Х.Г  бид хоёрыг үзэн ядаад байсан. Бид тэндээс түүсэн жаахан самраа тушаагаад мөнгөөр нь бензин хийж харина гээд явсан. Тэндээс гарахдаа 2 пиво авсан. Тэгээд замд явж байснаа Баатархүү, Наянтай нар “бид хоёр хойшоо сууж уулаа” гээд бид хоёрыг урд суулгасан. Тэгээд “Х.Г  машин барь” гэхэд Х.Г  “би машин сайн барьж чадахгүй” гэхэд нь “би мэдэж байна” гээд Х.Г аар машин бариулж явсан. Тэгснээ гэнэт зогс гэж байгаад Х.Г ыг буулгаж зодоод байсан. Тэгээд дахиж машин бариулж явахдаа Х.Г ын араас нь алгадсан. Би сайн харж байсан. Х.Г  яагаад буруу яриад худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. Х.Г  бид хоёрыг уусан байна гэж яриад байна. Бид юу ч уугаагүй, Х.Г ыг машин барьж явахад нь Наянтай, урд суусан та нар үхнэ, бид хоёр яах ч үгүй гээд байсан. Би Баатархүү, Наянтайхүү нарт  гомдолтой байна. Биеийн байдал эдгэрээгүй, байнга тайвшруулах, таталтын эсрэг өвчин намдаах эм ууж байдаг. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: Гомдолтой байна. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхэд нь хэлэлгүй авч яваад замдаа дарамталж зодож айлган сүрдүүлж, ялангуяа Х.Г ыг зодож, дарамталж байгаад 60000 төгрөг хүртэл авсан байсан. Миний хүүгийн хувьд хүнд гэмтэлтэй, 5 жил үргэлжилсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн, унаж тусдаг болсон. Байнга уналтын эм ууж байна, долоо хоногт 35000 төгрөг зарцуулагддаг, эмийг огт тасалж болохгүй гэсэн. Х.Г  500000 төгрөг өгсөн, гомдол саналгүй. Үлдэх хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг А.Баатархүүгээс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.Баатархүүгийн өгсөн: Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээр  нэмээд хэлж яриад байх зүйл байхгүй. Би хотод байхдаа Э.Бат-Эрдэнэтэй таарсан. Биеийн байдал муу гээд байна, гэтэл Э.Б эрүүл гудамжинд сагс тоглоод гүйж явсан. Би утсаар бичлэг хийж авсан. Надад 15 минутын бичлэг байгаа. Би буруу таниад байж магад гээд сагс тоглож байсан хүүхдүүдээс энэ Э.Б мөн үү? гэхэд хүүхдүүд мөн гэж байсан. Надад өөр нэмж яриад байх зүйл байхгүй.Би өөрөө эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүн. Иргэний хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна, би машины хохирлыг нэхэмжлээгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ө.Алтанбекийн өгсөн: Намайг иргэний хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй. Миний машин яалт ч үгүй эвдэрсэн, би ардаа тэмдэг тавьсан байсан. Автобус болохоор замын хөвөөнд багтахгүй байсан. Би нэг дугуйг нь замын хөвөөн дээр гаргаад, замаа шахаад зогсоосон байсан. Одоо зургаас харчихаад зам чөлөөлөөгүй байна гээд байна. Араас хурдтай машин ирж мөргөөд хүчтэй мөргөсний улмаас машин гулсаж эргэсэн юм. Би үүнийг зурган дээрээс ч гэрчилж чадна. Мөн гэрэл дохио байхгүй байсан гээд байгаа. Автобусны аваарын гэрэл байнга асаалттай байсан. Замын хажуу далан 6 метр өндөр байсан тул хүмүүс далан дээрээс бууж болохгүй тул хүн буулгах талбай болгож бүр зам шахаагүй байсан. Гэтэл шөнө машиндаа байж байтал араас машин хүчтэй мөргөсөн. Намайг бууж очиход жолооч, жолоочийн хажууд сууж байсан хүмүүс машинаас гарч чадахгүй байсан. Би очоод жолооч талын хаалгаар Х.Г , Э.Б нарыг татаж гаргасан. Хойно сууж байсан хүмүүс нь уугаад тасарсан байдалтай харагдаж байсан. Намайг иргэний хариуцагчаар татаад байгаад гайхаж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ү.Оюун-Эрдэнийн өгсөн: Шинжээчийн дүгнэлт гаргахад хавтас хэрэг өөрөө ирсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан жолооч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан.  Хэрэгт бэхжүүлж авсан гэх Фото зургийг бүгдийг харж судлаж байгаад дүгнэлт гаргасан байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар жолооч зогссон тохиолдолд замыг чөлөөлөх үүрэгтэй.  Замын хөдөлгөөний дүрмээр хашлагатай замд хашлаганд шахаж зогсоно, хашлагагүй замд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоно гэж заасан байгаа. Энэ тээврийн хэрэгсэл эвдэрч зогссоноос хойш 12 цаг болж байхад бусдаас дэмжлэг аваад замаас гаргаж болох байсан. Зайлшгүй зогсолт хийсэн байгаа хэдий ч жолоочийн үүргээр заавал замаа чөлөөлөх үүрэгтэй байдаг. Хэн, хэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бэ гэдгийг бүгдийг нь дүгнэж гаргасан байгаа. Хэрэв автобус зам дээр байгаагүй бол мөргөлдөхгүй байсан. ...Шөнийн цагаар гарсан ослын ихэнх хувь нь зам дээрх машины эвдэрлээс болсон байдаг. Тэнд янз бүрийн жолооч нар зорчдог. Тэр дотор хараа муутай хүн байгаа, самбаачлах хугацаа удаан хүн байгаа. Хөдөө орон нутгийн замд эвдрэл гарч зайлшгүй зогссон бол ослын гурвалжин тэмдэгийг 30 метрээс доошгүй зайнд тавих ёстой байсан, эдгээр заалтуудыг зөрчсөн. Тухайн осол жолооч Ө.Алтанбек, Х.Г  нарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс гарсан гэх мэдүүлэг, 

201706000157 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

 Насанд хүрээгүй хохирогч Э.Б өгсөн: Тухайн үеийн он сар өдрийг яг тодорхой мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос Сүхболд, Батзолбоо, Х.Г , Наянтайхүү, Баагий гэх хүмүүсийн хамт хар өнгийн “Hyundai Avante XD” маркийн тээврийн хэрэгсэлтэй /улсын дугаарыг нь мэдэхгүй/, Архангай аймгийн нэг сум руу самар түүхээр явсан. Тухайн очсон газрыг би мэдэхгүй. Уулын модонд очиж самар хайгаад олдоогүй 2-3 хоносон. Тэгээд жаахан самар түүгээд зарж түлш хийгээд буцсан. Буцаад Улаанбаатар хот руу явахад Баатархүү хэсэг бариад худалдаж авсан 2 сав пиво уух гээд арын суудалд суусан. Тэгээд үнэмлэхтэйгээр нь Батзолбоог жолоо барь гэсэн, машин ээрүүлээд жолоодож чадахгүй байна гээд жолоо барих эрхийн үнэмлэхгүй Х.Г  жолоо барьсан. Х.Г  жолоо бариад жолоочийн хажуугийн суудалд миний бие, Батзолбоог салтаандаа авч суугаад арын суудалд Баатархүү, Наянтайхүү, Сүхболд 3 суугаад пиво уугаад явсан. Х.Г ын жолоо барьж явах үед Баатархүү, Наянтайхүү 2 араас нь гараараа нилээн хүзүүн тус газарт нь хурдан яв гээд цохиод байсан. Уул нь 90 км цагийн хурдтай явж байхад хурдан яв гэсээр байгаад 130 км цагийн хурд хүрсэн байх. Тухайн үед би унтаагүй архи согтууруулах ундааны зүйл уугаагүй зүгээр явж байсан ба гэнэт эмнэлэг дээр сэрсэн. Яг юу болсон талаар санахгүй байгаа юм. Миний мэдэж байгаагаар Х.Г  архи согтууруулах ундааны зүйл уугаагүй. Тухайн үед цаг агаар хэвийн, үзэгдэх орчин саадгүй,  харанхуй байсан ба тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл, гэмтэл байхгүй зүгээр явсан. Би урд ямар нэгэн саад байхыг хараагүй. Осол болсноос хойш толгой байнга өвдөнө. Заримдаа ухаан алдаж унаж, хүчтэй татаж унадаг. Зарим зүйлийг мартаж санах болсон. Осол болохоос өмнө надад болон хамт явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Хохирлын баримтыг цуглуулж байгаа. Тиймээс хохирлыг буруутай хүнээс нэхэмжлэх болно. Би 3 сар тутам тархины томографикт бичлэг, нойрны бичлэг, Имраны зураг авахуулах шаардлагатай мөн тархины тэжээл, витаминууд, дархлаа дэмжих эм, элэг хамгаалах эм зэргийг тогтмол хэрэглэх шаардлагатай гэсэн боловч авч чадахгүй байгаа   гэх мэдүүлэг /хх-1-139-141 тал/,

         Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарантуяагийн өгсөн: Би долоон хүүхэдтэй Э.Б бол манай хамгийн бага хүү юм. 2018 дугаар сард гэж санаж байна, 20-ны үед Э.Б ангийн хүүхэдтэй самарт явна гэхээр нь дургуйцсэн чинь уурлаад гараад явсан. Тэгээд долоо хоног сураггүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө үүрээр Булган аймгийн Рашаант сумын эмч миний утас руу залгаж “миний хүүг зам тээврийн осолд ороод ухаангүй сумын эмнэлэгт байна хурдан ир” гэж мэдэгдсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж хүүгээ хараад орой ухаан орохоор нь Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би хэрэг болсон газар очиж үзээгүй авчирсан машиныг нь бол харсан. Осолд орсноос хойш гэмтлийн эмнэлгээс гарч Эх нялхсын төвд хамар чихийг нь татах хагалгаанд орсон. Тэгээд одоог хүртэл толгой нь өвдөж, үнэр болон амт мэдрэхгүй, унаж татдаг байнгын эм тариа хэрэглэж эмчийн хяналтанд байгаа. Манай хүү осолд орохоос өмнө ямар  нэгэн өвчингүй, эрүүл саруул хүүхэд байсан. Манай хүүг эцэг эхэд нь хэлэлгүй авч яваад осолд оруулж одоог хүртэл биеийн байдлыг нь асуухгүй, сураг чимээгүй байгаад гомдож байна. Батзолбоо бол 2017 оны 04 дүгээр сард нас барсан  гэсэн. Сүхболд манай гэрийн ойролцоо байдаг ба одоо харагдахгүй байгаа. Баатархүү, Наянтайхүү нарын аав, ээжийн ажлын газрыг нь мэднэ. Х.Г тай холбоотой байгаа. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй гэх /хх-1-143-144 тал/, ...одоогийн байдлаар 3 гаран сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, ...цаашид 5 жилийн эмчилгээ шаардлагатай байна. Гомдолтой байна, хохирлыг А.Баатархүүгээс нэхэмжилнэ /хх-1-245 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Сүхболдын өгсөн: 2016 оны 08 сард байх Э.Б бид хоёрыг гадуур явж байхад Баатархүү, Наянтайхүү хоёр ирээд Архангай аймаг руу самарт явах уу гэхээр нь зөвшөөрч хамт явсан. Тэрнээс хүчээр авч явсан зүйл байхгүй. Тэгээд Архангай аймагт 3 хоноод самар олдохгүй болохоор буцаж хот руу явсан. Улаанбаатар хот руу явахад Баатархүү жолоо барьж явснаа Х.Г ад жолоогоо шилжүүлсэн. Жолоочийн хажууд Э.Б түүний өвөр дээр Батзолбоо суугаад жолоочийн ард Баатархүү, голд нь Наянтайхүү, захад нь би сууж явсан. Би машинд унтаад явсан болохооор осол болсныг мэдээгүй. Машин дотор 2 савтай боргио, жижиг 4 савтай боргио пиво Баатархүү, Наянтай 2 уусан. Бусад хүмүүс уугаагүй. Осол болсныг мэдээгүй эмнэлэгт сэрсэн. Осол болохоос өмнө гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Тухайн осол болоход цээжээр өвдсөн. Толгой доргисон байсан. Одоо бол биеийн байдал зүгээр байгаа. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Баримтыг нь дараа гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-1-145-146 тал/,

Шүүгдэгч Х.Г ын гэрчээр өгсөн: Би он сар өдрийг сайн санахгүй байна. Баатархүү, Наянтайхүү, Батзолбоо, Сүхболд, Э.Б нарын хамт Баатархүүгийн хар өнгийн “Hyundai Avante XD” маркийн машинтай Архангай аймаг руу самарт яваад 2-3 хоноод Улаанбаатар хот руу буцсан. Буцаж замд Баатархүү машин бариад явж байгаад замаасаа пиво аваад Батзолбоогоор машин бариулаад Батзолбоо барьж чадахгүй байна гээд надаар жолоо бариулсан.  Тухайн үед Баатархүү надаар машин бариулахад дарамталсан зүйл байхгүй. Би өөрөө эрхийн үнэмлэхгүй байсан ба Баатархүү намайг жолоо барих эрхийн үнэмлэхгүйг мэдэж байсан. Намайг машин барихад орой 23 цагийн үед байх гэж санаж байна. Намайг машин бариад явж байхад Баатархүү, Наянтайхүү 2 хурдан яв гээд миний толгой руу гараараа 5-6 удаа цохисон. Би яг хэн нь цохиод байгааг мэдээгүй. Тэгээд араас цохиод байхаар нь би замын хажууд зогссон чинь Баатархүү намайг машинаас буулгаж элэг орчим, цээж хэсэг рүү гараараа 10 гаруй удаа цохьсон. Тэгээд би жолоо барихгүй гэсэн чинь ална шүү гээд дарамтлаад аргагүй эрхэнд жолоо барьсан. Тэгээд Баатархүү хурдан яв гээд дахиж цохиод хаазаа нэм гээд дарамтлаад аргагүй эрхэнд жолоо барьсан. Осол болох үед Баатархүү намайг цохих гэхэд би бултаад урагшаа харахад урд зам дээр ямар нэгэн ослын тэмдэг тавиагүй. Ослын аваар асаагаагүй автобус тулаад ирсэн. Тэгээд тормос тултал нь гишгээд амжаагүй араас нь мөргөсөн. Тухайн үед ойролцоогоор 100 гаран километр цагийн хурдтай явсан. Тэгээд машин мөргөөд би машинаас буухад автобусны жолооч ослын гурвалжин тэмдэг тавиад мөргөсөн талын хаалгаар ирээд намайг загинаад байсан. Би хэлийг нь ойлгоогүй.Тухайн үед замд 2 удаа зогсож пиво уусан. Авсан пивыг Баатархүү, Наянтайхүү, Сүхболд, Батзолбоо нар уусан. Э.Б бид 2 огт уугаагүй. Яагаад миний цуснаас этилийн спирт илэрсэнийг мэдэхгүй байна. Би архи огт уудаггүй. Осол болохоос өмнө архи пиво уугаагүй байсан. Одоогоор миний биеийн байдал хэвийн байгаа. Одоо зүгээр юм чинь үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна гэх мэдүүлэг  /хх-1-147-149 тал/,

Гэрч А.Баатархүүгийн өгсөн: 2016 оны 08 дугаар сард Архангай аймгийн Их тамир сум руу Наянтайхүү, Сүхболд, Х.Г , Батзолбоо, Э.Б нарын хамт миний эзэмшлийн ****УНЧ улсын дугаартай хар өнгийн “Hyundai Avante XD” маркийн машинтай самар түүхээр явсан. Тэгээд 3 хоноод буцсан ба замд Батзолбоо жолоо бариад явсан. Би замдаа пиво уугаад унтсан байхад Х.Г  жолоо барьсан байсан. Осол болоход би унтаж явсан болохоор юу болсныг мэдээгүй. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Зам хэвийн байсан. Миний биеийн байдал одоогоор зүгээр байгаа. Дахин шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-1-150-151тал/, ...би тухайн үед унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна, Х.Г ад машин барь гэж бариулсан асуудал байхгүй. Өөрөө барьсан байсан, жолооны үнэмлэхтэй эсэхийг мэдэхгүй гэх /хх-1-247 тал/ мэдүүлэг,

Гэрч Б.Наянтайхүүгийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймаг руу самар түүхээр Баатархүү, Батзолбоо, Сүхболд, Бат-Эрдэнэ, Х.Г  нарын хамт Баатархүүгийн эзэмшлийн хар өнгийн “Hyundai Avante XD” маркийн машинтай явсан. Тэгээд бид нар Архангай аймгийн Ихтамир суманд 4 хоноод буцсан. Буцах замд Баатархүү Архангай аймгийн Цэцэрлэг сум хүртэл жолоо бариад явсан ба Архангай аймгийн төвөөс Баатархүү 2 савтай пиво авч замдаа уусан. Тэгээд Хархорин дээр зогсож пиво аваад явахад Х.Г  жолоо бариад явсан. Би замдаа унтаад явсан ба нэг сэрэхэд осол болсон байсан. Явж байх үед гэрлийн үзүүрт автобус харагдсан ба ослын гурвалжин тэмдэг ба гэрэл асаагаагүй байсан. Тэгээд осол болж хүмүүс гэмтсэн. Тухайн үед Баатархүү, Сүхболд, бид 3 уусан ба бусад нь пиво уугаагүй. Тухайн үед Х.Г ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг бүгд мэдэж байсан. Би унтаж байсан болохоор Х.Г  яагаад жолоо барьсныг мэдээгүй. Х.Г ыг загнаж, зодож, дарамталсан зүйл огт болоогүй. Миний биеийн байдал зүгээр. Ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бие биенийгээ дээрэлхсэн зүйл байгаагүй. Самар түүх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй  гэх мэдүүлэг /хх-1-152-154 тал/,

Гэрч Ө.Алтанбекийн өгсөн:  Би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ****УНМ улсын дугаартай PAZ маркийн автобустай явж байхад 08 дугаар сарын 28-ны 15:30 цагийн орчим элсэн тасархайн орчим Тарнын гүүр гэх газрын ойролцоох замд автобусны баруун хойт талын дугуйны шаариг нураад яндан турботой гагнагдсан тул яалт ч үгүй хөвөөрүү шахаад зогссон. Уг хөвөө нарийнхан байсан тул автобус бүтэн биеэрээ багтаагүй, хөвөөн дээр зогсоод ослын тэмдэгээ ард зам дээр 24 метрт тавиад зорчигчдоо буулгаад замын унаанд суулгаад ойролцоох гуанз руу хүргүүлэн Автотээврийн үндэсний төв рүү залган компаний алба хаагчдад мэдэгдэн сэлбэг захиж унаа гаргуулсан. Ингээд зогсоод автобусан дотроо хэвтэж байхад 23:30 цагийн орчимд араас спорт яндантай машин ирж яваа чимээ гарахаар нь босоод толиндоо хараад хажуугаар тойроод гарах болов уу гээд сууж байтал чигээрээ ирээд автобусны зүүн хойд буланг мөргөсөн. Би автобуснаасаа буугаад өнөөх мөргөсөн машин  дээр очоод машин дотроос урд талаас нь гурван хүн, хойд сандал дээрээс гурван хүнийг буулгаад яаралтай түргэн тусламж болон цагдаа дуудаж, гар утсаараа бичлэг хийж болсон асуудлыг баримтжуулсан. Ингээд хотоос надад сэлбэг авчирч өгөхөөр гарсан автобус ч ирсэн. 30 орчим минутын дараа цагдаа болон түргэн тусламж ирээд хэргийн газрыг хамгаалсан. Би боломжоороо замын баруун тал руугаа шахаж, баруун талын дугуйг шороон дээр, зүүн талын дугуйг засмал дээр хүн бууж, суух боломжийн зайг үлдээн зогссон. Би ослын тэмдэг гарган урд болон хойд талд нь тавьсан ба автобуснаас хойш 24 метрийн зайд тавьсан байсан гэх мэдүүлэг /хх-1-156 тал/,

Гэрч Б.Энхтүвшиний өгсөн: Би Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт 2013 оны 08 дугаар сааас одоог хүртэл мөрдөн байцаагчаар тасралтгүй ажиллаж байна. Тухайн үед цагдаагийн газарт зам тээврийн осол болсон талаар мэдээлэл ирж цагдаагийн газраас миний бие, хяналтын прокурор Золжаргал, шинжээч Нансалмаа, криминалистикийн шинжээч гэсэн бүрэлдэхүүнтэй гарсан. Цаг хугацаа өнгөрсөн болохоор яг хэдэн цагт дуудлга ирж, хэдэн цагт хэргийн газарт очсоноо сайн санахгүй байна. Ямар ч байсан шөнө дуудлаганд очиж хэргийн газрыг хамгаалалтанд авч үзлэг хийсэн. За тээврийн ослоор гэмтсэн хүмүүс Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэгээд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийг шалгасан. Тухайн үед хүмүүсээс шинжээч эмч О.Нансалмаагаар цус авахуулж шинжээч томилсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-157/,

Иргэний нэхэмжлэгч Д.Энхбатын өгсөн: Ө.А нь манай Газрын-Од ХХК-ний гэрээт жолооч байгаа юм. ****УНМ улсын дугаартай улсын дугаартай “PAZ” маркийн авто бус манай “Газрын-Од” ХХК-ийн эзэмшилд байдаг. Би гомдолтой байна. Буруутай хүнээс машины эвдрэл гэмтлийн төлбөр болон 2016 оны 08 дугаар сараас одоог хүртэлх нийтийн тээврийн орлогыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн -1-162/,

Шүүгдэгч Х.Г ын яллагдагчаар татагдаж өгсөн: 2016 оны 08 дугаар сард шиг санаж байна. Бат-Эрдэнэ, Наянтайхүү, Баатархүү, Сүхболд, Батзолбоо нарын хамт самар түүхээр Улаанбаатар хотоос Архангай аймар руу Баатархүүгийн аавынх нь ****УНЧ улсын дугаартай  “Hyundai Avante XD”  маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Самар түүж 5 хоноод Архангай аймгаас түүсэн самраа зарсан. Самар зарсан мөнгөөрөө Баатархүү, Наянтайхүү хоёр дэлгүүрээс 2 сав том пиво 0,75 литрийн нэг шил архитай гарч ирсэн. Архангай аймгаас гарахдаа Баатархүү машин жолоодож яваад Архангай аймаг өнгөрөөд Батзолбоог тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй учраас машин бариулсан. Наянтайхүү, Баатахүү нар архи ууж эхэлсэн ба Батзолбоог машин жолоодож явж чадахгүй болохоор Баатархүү намайг машин жолоодчих гэхээр нь би жолоодож явсан. Машины урд талын зорчигчийн суудал дээр Батзолбоо, Э.Б нар давхарлаж суусан ба Баатархүү, Наянтайхүү, Сүхболд нар архи ууж байсан болохоор ард сууж явсан. Замд машин жолоодоод явж байхад Баатархүү араас цохиод байсан болохооор би зогссон. Машинаас буухад толгой гэдэс рүү цохиод намайг зодсон. Дахин жолоодож явахад араас нүд, ам руу цохиод алгадаад байсан намайг хурдан яв гэж хэлж байсан. Нэг мэдсэн зам голлоод зогссон автобус байсан ба түүнийг би мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-11-12 тал/,

Булган аймаг дахь Шүүхийн шилжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн Х.Г  гэх цусанд 1,6% промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,6% промилли спиртийн агууламж нь согтолын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-70-71/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 44 дугаартай дүгнэлтэд:

1. Жолооч Х.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхийн үнэмлэхгүй байна, Ө.А нь ВСДЕ ангилалын 547490 тоот эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2. Жолооч Х.Г , Ө.А нар нь МУ-ын ЗХД-ийг зөрчсөн байна.

а. Жолооч Х.Г  ЗХД-ийн 2.1а, 2.3б, 9.1, 9.3, 21.8а заалтуудыг,    

б. Жолооч  Ө.А ЗХД-ийн 11.1, 6.3 заалтуудыг тус тус зөрчсөн.

в. Жолооч А.Баатархүү нь ЗХД-ийн 2.7б заалтыг тус тус зөрчсөн.    

3. ****УНЧ улсын дугаартай “Hyundai Avante XD” маркийн тээврийн хэрэгсэлд техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байна. ****УНМ улсын дугаартай “PAZ” маркийн автобусанд хийсэн үзлэгт тээврийн хэрэгслийн эвдрэл, бүрэн бүтэн байдлын талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна.

 4. Уг осол хэрэг гарах шалтгаан нь: Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгслийг зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс шалтгаалж зам тээврийн гэмт хэрэг гарсан байна  /хх-1-34/ гэх, 

 Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 50 дугаартай дүгнэлтэд:

1. ****УНМ, ****УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн зорчиж явсан хэсэг нь замд тооцогдоно.

2. Жолооч Х.Г , Ө.А нар нь МУ-ын ЗХД-ийг зөрчсөн байна.

3. Жолооч Х.Г  ЗХД-ийн 2.1а, 2.7а, 2.3б, 9.1, 9.3, 21.8а гэсэн заалтуудыг, жолооч Ө.А ЗХД-ийн 11.1 заалтыг тус тус зөрчсөн.

4. Жолооч Х.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхийн үнэмлэхгүй байна.

   Жолооч  Ө.А нь ВСДЕ ангилалын 547490 тоот эрхийн үнэмлэхтэй байна.

5. 35-85УНМ улсын дугаартай ““PAZ” маркийн тээврийн хэрэгсэл, 11-81УНЧ улсын дугаартай “Hyundai Avante XD” маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд брэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

6. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарсан байж болох магадлалтай.

7. Уг осол хэрэг гарах шалтгаан нь жолооч  Ө.А улсын чанартай хатуу хучилттай замд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед /00 цагийн орчим/ зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгийг МУ-ын ЗХД-д заасан зайнд байрлуулаагүй зогссоноос /10метр 30 сантметр/ шалтгаалж уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарсан байна  /хх-96 тал/ гэх,   

“PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 300000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 1685000₮, нийт 1985000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий шинжээчийн үнэлгээний тайлан /хх-1-110-116 тал/,

“Hyundai Avante XD” маркийн 11-81УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 3160000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон /хх-117- 120 тал/ Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий шинжээчийн үнэлгээний тайлан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1098 дугаартай дүгнэлтээр:

1.Э.Б биед тархи доргилт, зүүн тахилзуур ясны далд хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-2-4-6 тал/,

Замын цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн шинжээчдийн 310 дугаартай

1. Шүүхийн шинжилгээний  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан тул уг зам тээврийн үзлэгийн бүрэлдэхүүнд ажилласан Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Батхуягийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №44 тоот дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр,  зохицуулагч цагдаа дэслэгч Б.Нямбаяр, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Өнөрбат нарыг гаргасан ослын дүгнэлт зэрэг нь үндслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

2. Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас шинжлэхэд жолооч Ө.А нь МУ-ын ЗХД-ийн 2.3 ж, 11.1, 6.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

 Жолооч Х.Г  нь МУ-ын ЗХД-ийн 2.1а, 2.3б, 2.7а, 9.1, 9.3, 21.8а гэсэн заалтуудыг тус тус зөрсөн байна.

3.Жолооч А.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7б гэсэн заалтыг зөрчсөн байна.

4.Жолооч Ө.А , Х.Г  нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

5.Эрүүгийн 201706000157 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинээр илэрсэн нөхцөл байдал гараагүй болно гэх дүгнэлт /хх-ийн 2-99-101/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-01 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-1-14 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-18-23 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-18-23 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-1-104 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-107 тал/, “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/67 дугаартай прокурорын тогтоол /хх-1-125 тал/, хохирогчийн эмчилгээний картын хуулбарууд /хх-2-13-19,135-152 тал/, иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-2-20-28,123-133, 159-161 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-2-34-35, 106-109 тал/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд “Hyundai Avante XD” маркийн 11-81УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Баатархүү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.Г ад жолоогоо шилжүүлсэн,  Х.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар “Hyundai Avante XD” маркийн ****УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хурдыг замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн явах үедээ ”2016 оны 8 дугаар сарын 29-ний шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Тарны гүүр” гэх газарт замын зорчих хэсгийг чөлөөлөөгүй зогсож байсан “Газрын-Од” ХХК-ний гэрээт жолооч Ө.Алтанбекийн жолоодон явсан “PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай автобусны араас мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, зорчигч насанд хүрээгүй Э.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1985000 төгрөгийн, “Hyundai Avante XD” маркийн 11-81УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3160000 төгрөгийн хохирол тус тус учирсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-16-22 тал/, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-1-138-144 тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар гэрч Г.Сүхболд /хх-1-145 тал/, иргэний хариуцагч А.Баатархүүгийн гэрчээр /хх-150 тал/, гэрч Б.Наянтайхүү /хх-1-152 тал/, иргэний хариуцагч Ө.Алтанбекийн гэрчээр /хх-1-156 тал/, гэрч Б.Энхтүвшин /хх-1-157 тал/, гэрч Г.Вандандорж /хх-1-158 тал/ болон шүүгдэгч Х.Г  нарын гэрчээр өгсөн /хх-1-147 тал/ мэдүүлгүүд, “жолооч Ө.А нь МУ-ын ЗХД-ийн 2.3 ж, 11.1, 6.3 гэсэн заалтуудыг,  жолооч Х.Г  нь МУ-ын ЗХД-ийн 2.1а, 2.3б, 2.7а, 9.1, 9.3, 21.8а гэсэн заалтуудыг,  жолооч А.Баатархүү нь МУ-ын ЗХД-ийн 2.7б гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Жолооч Ө.Алтанбек, Х.Г  нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн шинжээчдийн 310 дугаартай дүгнэлт /хх-2-99-101 тал/, “Шинжилгээнд ирүүлсэн Х.Г  гэх цусанд 1,6% промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,6% промилли спиртийн агууламж нь согтолын хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймаг дахь Шүүхийн шилжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-70-71/,  “Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн тахилзуур ясны далд хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдгий дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, зүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ...мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1098 тоот дүгнэлт /хх-2-4-6 тал/, “PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 300000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 1685000₮, нийт 1985000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон дүгнэлт /хх-1-110-116 тал/, “Hyundai Avante XD” маркийн 11-81УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 3160000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон /хх-117- 120 тал/ Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий шинжээчийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г  нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хөнгөрүүлэх байр сууринаас хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцсэн бол иргэний хариуцагч А.Баатархүү болон Ө.Алтанбек, түүний өмгөөлөгч нар иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг  зөрчөөгүй гэж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Э.Бат-Эрдэнийн “...Баатархүү хэсэг бариад худалдаж авсан пивоо уухаар ...үнэмлэхтэйгээр нь Батзолбоогоор жолоо бариулсан чинь машин ээрүүлээд жолооодож чадахгүй байна гээд жолоо барих эрхийн үнэмлэхгүй Х.Г  жолоо барьсан...араас нь хурдан яв гээд Баатархүү, Наянтайхүү нар цохиод байсан...” /хх-138 тал/ гэх, гэрч Г.Сүхболдын “...Улаанбаатар хот руу явж байгаад Баатархүү жолоо барьж явснаа Х.Г ад жолоогоо шилжүүлсэн...” /хх-145 тал/ гэх, шүүгдэгч Х.Г ын гэрчээр өгсөн “...Баатархүү машин барьж явж байгаад Батзолбоогоор бариулаад...түүнийг чадахгүй байна гээд надаар жолоо бариулсан, ...эрхийн үнэмлэхгүйг мэдэж байсан...” /хх-147 тал/ гэх, гэрч А.Баатархүүгийн “...Батзолбоо жолоо бариад явсан, би замдаа пиво уугаад унтсан байхад Х.Г  жолоо барьсан байсан...” /хх-150 тал/ гэх, гэрч Б.Наянтайхүүгийн “...Хар хорин дээр зогсож пиво аваад явахад Х.Г  жолоо бариад явсан...эрхийн үнэмлэхгүйг бүгд мэдэж байсан...” /хх-152 тал/ гэх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн /хх-1-133, 214 тал/ болон  Замын цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн шинжээчдийн 310 дугаартай дүгнэлт /хх-2-99 тал/ зэргээр А.Баатархүү нь МУ-ын ЗХД-ийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” ...б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй ...буюу түүнчлэн согтууруулах ундаа...хэрэглэсэн, ....хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн хориглосон заалтыг зөрчиж “Hyundai Avante XD” маркийн 11-81УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Баатархүү нь тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн Х.Г ад жолоогоо шилжүүлсэн болох нь;

түүнчлэн “автомашины чанх хойш 10.30 метр зайд ослын тэмдэг байх ба уг тэмдэг нь хагарч эвдэрсэн...” гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-16 тал/, хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн “ ...би урд ямар нэгэн саад байгааг хараагүй...” гэх /хх-1-140 тал/, шүүгдэгч Х.Г ын гэрчээр өгсөн “...урд зам дээр ямар нэгэн ослын тэмдэг тавиагүй, ослын гэрэл асаагаагүй автобус тулаад ирсэн. Тэгээд тормоз тултал гишгээд амжаагүй араас нь мөргөсөн...” гэх /хх1-148 тал/, гэрч Б.Наянтайхүүгийн өгсөн “...явж байх үед гэрлийн үзүүрт автобус харагдсан ба ослын гурвалжин тэмдэг ба гэрэл асаагаагүй байсан...” гэх /хх-1-152 тал/, гэрч Г.Вандандоржийн өгсөн “...намайг анх очиход аль аль машин нь аваарийн гэрэл асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй байсан...” гэх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн /хх-1-133, 214 тал/ болон  Замын цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн шинжээчдийн 310 дугаартай дүгнэлт /хх-2-99 тал/ зэргээр “PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.А нь автобус эвдэрч зогссоноор замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй нөхцөл үүссэн байхад МУ-ын ЗХД-ийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. ...ж/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй...бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралттай мэдэгдэх”,  мөн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол /хөвөөгүй/ түүний зах руу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө”, 6.3 “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн  заалтуудыг баримтлаагүй  нь уг осол болох шалтгаан болсон нь нотлогдож тогтоогдсон байх бөгөөд Х.Г , Ө.А, А.Б нарын дээрх үйлдэл тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

      Тухайн үйл баримт, хууль зүйн факт нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний шөнө болж, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлийг мөн өдөр хүлээн авч хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, тухайн тээврийн хэрэгслүүдэд зорчин явсан нэр бүхий хүмүүсээс тайлбар авах, ослын шалтгааны талаархи Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч шинжээчийн дүгнэлт гаргуулах, бусдын эрүүл мэндэд учирсан хохирол болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг зэргийг тогтоох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан /хх-1-125 тал/ байх боловч 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/67 дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгож, 201706000157 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж /хх-1-01 тал/ хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байх хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлжээ.

      Энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар хуулийг буцаан хэрэглэж А.Б жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус зааснаар Ө.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанаас хойш хуульд заасан хугацаа хэтэрсэн нь тогтоогдож, А.Б, Ө.А нарыг иргэний хариуцагчаар татаж, Х.Г ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

      Өөрөөр хэлбэл А.Б, Ө.А нар нь хуульд заасан үндэслэлээр яллагдагчаар татагдаагүй нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Х.Г ын МУ-ын ЗХД-ийн 2.1а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-ийг биедээ авч явна,  2.3б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх”, 2.7а “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис,  сэтгэцэд  нөлөөлөх эм,  бэлдмэл хэрэглэсэн,  мөн  хөдөлгөөний  аюулгүй  байдлыг хангаж чадахааргүй  өвчтэй  буюу ядарсан   үедээ   тээврийн   хэрэгсэл   жолоодох", 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,  9.3 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,  21.8а “хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

       Хэрэгт авагдсан “PAZ” маркийн ****УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний эзэмшигчээр “Хас” банк бүртгэгдсэн /хх-1-112 тал/ байгаа боловч “Газрын-Од” ХХК-ний өмч болох нь тус компаний захирал Д.Э гэрчээр өгсөн ““PAZ” маркийн автобус нь манай компаний эзэмшилд байдаг, Алтанбек нь гэрээт жолооч...буруутай хүнээс машины эвдрэл гэмтлийн төлбөр болон 2016 оны 8 дугаар сараас одоог хүртэлх нийтийн тээврийн орлогыг нэхэмжилнэ” гэх мэдүүлгээр, “Hyundai Avante XD” маркийн ****УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний эзэмшигчээр Ц.Наранхүү бүртгэгдсэн /хх-1-117 тал/ байгаа боловч иргэний хариуцагч А.Баатархүүгийн өмч болох нь гэрч Ц.Наранхүүгийн “Баатархүү миний хүү, тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй боловч Баатархүүгийн эзэмшилд байдаг” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Баатархүүгийн өгсөн “миний хувьд тээврийн хэрэгсэлд учирсан 3160000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг зэргээр уг тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч, өмчлөгчийг шалгаж тогтоосон байна.

     Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Газрын-Од ХХК-ний эд хөрөнгөд 1985000 төгрөгийн, иргэний хариуцагч А.Баатархүүгийн эд хөрөнгөд 3160000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

      Гэмт хэрэг гарах үед хохирогч Э.Б нь насан хүрээгүй байсны улмаас түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Нарантуяаг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд тэрээр хохирогчийн  эмчилгээ, оношлогоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор учирсан хохиролд 3496500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянав.

      Хэргийн 2 дугаар хавтасны 20-28 дугаар талд авагдсан эмийн сангаас авсан эм тарианы үнэ 264600 төгрөг /14000₮, 22300₮,18300₮, 80350₮, 47430₮, 14000₮, 8150₮, 7750₮, 11800₮, 4000₮, 2000₮, 14050₮, 10520₮, 9950₮/, хэргийн 130-133 дугаар талд авагдсан  эмийн сангаас авсан эм тарианы үнэ 938864 төгрөг /50000₮, 50000₮, 2000₮, 20000₮, 9874₮, 9000₮, 5000₮, 21950₮, 27000₮, 12000₮, 174620₮, 107420₮, 30000₮, 80000₮, 80000₮, 260000₮/, хэргийн 159-161 дүгээр талд авагдсан эмийн үнэ 35000₮, замын хураамжны 1000₮, Петростар ХХК-иас авсан бинзений үнэ 60000₮, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар замын хураамжны 3000₮, Тэс Петролиумаас авсан бинзений үнэ 30000₮, Петростар ХХК-иас авсан бинзений үнэ 50000₮/ буюу нийт 1382464 төгрөгийн хохирлыг гаргуулахаас шүүхийн шатанд шүүгдэгч Х.Г ын хохирогчид төлсөн 500000 төгрөгийг хасаж, үлдэх 882464 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн 132 дугаар талд авагдсан иргэний эрх зүйн хэлцлийн дагуу эрх зүйн туслалцаа авсаны төлбөр буюу өмгөөлөгчид төлсөн 600000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Харин хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа удаашралттай явагдсаны улмаас гэм хорын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй зарим нотлох баримтуудын бичвэр арилж гаргагдахгүй болсоны улмаас шүүх хохирлыг бүрэн тооцож гаргах боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага 3496500 төгрөгөөс үлдэх 1514036₮ /3496500₮-1382464₮-600000₮/-ийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь энэ хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

       Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Х.Г , иргэний хариуцагч А.Баатархүү, Ө.А нараас тооцон гаргуулахдаа тээврийн хэрэгслийг шүүгдэгчид шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад иргэний хариуцагч нарын шууд болон шууд бус нөлөө, эд хөрөнгийн хувьд хохирсон байдал, хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Г ын хохирогчид төлсөн 500000 төгрөгийг тооцож, хохирогч нь шүүхийн хэлэлцээгүй орхисон 1514036 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Х.Г аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний хариуцагч А.Баатархүүгийн эд хөрөнгөнд 3160000 төгрөгийн хохирол учирсаныг харгалзан түүнээс 882464 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бат-Эрдэнэд олгохоор, иргэний хариуцагч Ө.Алтанбекээс 1985000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Газрын-Од ХХК-ний захирал  Д.Энхбатад олгож, үйл ажиллагааны орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн түүнээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

       Шүүгдэгч Х.Г ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж, цаашид төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Х.Г ад холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Галдбардах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлиийн 1, 3 дах хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Х.Г ыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Г ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар  тэнссүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч А.Б 882464 /найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б, иргэний хариуцагч Ө.А 1985000 /нэг сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Газрын-Од ХХК-ий төлөөлөгч Д.Энхбатад тус тус олгож, хохирогч Э.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Б нь шүүхийн хэлэлцээгүй орхисон 1514036 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин зургаа/ төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Х.Г аас, иргэний нэхэмжлэгч  Газрын-Од ХХК нь үйл ажиллагааны орлогоо иргэний хариуцагч Ө.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн тус тус нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

         4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНХАНД