| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2305017951665 |
| Дугаар | 2026/ДМШ/371 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДМШ/371
2026 03 31 2026/ДМШ/371
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Цэцэгмаа,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2305017951665 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Б-ийн М-, 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...., ... оршин суух,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: УБ-/;
Шүүгдэгч Б.М- нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Б-" ХХК-ийн байранд иргэн А.Б-ийн 380,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung A70" загварын гар утсыг гар утсаа өгч бай, банк ороод ирье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-ыг "Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д энэ шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх нийт хорих ялыг 2 жил 8 сар 07 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-оос 380,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Б-" ХХК-ийн байранд иргэн А.Б-ийн 380,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung A70" загварын гар утсыг, би өөрийн буруутай үйлдлээс болж эвдэлсэн бөгөөд хохирогчид хохирлыг тухайн үед төлж барагдуулаагүй. Уг хэрэгтээ маш их гэмшиж байна. Би гэм буруутайгаа маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Гэмт хэрэгт учирсан хохирол болох 380,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 25 өдөр тухайн гэмт хэрэгт холбогдох үед М- миний бие ямар нэгэн гэмт хэрэгт болон хуулийн хариуцлага хүлээж байгаагүй, тэр байтугай эрүүлжүүлэх болон сахилгын арга хэмжээ торгуулийн ял шийтгэл өмнө нь авч байгаагүй байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Уг ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар хорих ангид эдэлж байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 17 өдөр 461 дүгээр хорих ангид ирсэн. 423 дугаар ангид эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 07 хоногийн ялтай үүн дээр 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар тогтоолоор 6 сарын хорих ял нэмэгдүүлсэн нь миний эрхзүйн байдлыг маш их доройтуулж байгаа тул уг байдлыг минь эцэг, эх сонсоод хүнд байдалд орж байгаа. Дээрх бичсэн үг үсэг бүгд үнэн зөв болохыг бүх зүйлээрээ батлан тангараглаж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хөнгөрүүлж хорихоос өөр ялаар шийдвэрлэж өгөхийг чинь сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн үйлдэл, зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. 2025 онд шүүхээр гэм буруутайд тооцохдоо 2023 онд үйлдсэн хэргийг нэмж нэгтгээгүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийг сэжигтнээр татаж эд зүйлийн үнэлгээ хийгдсэн боловч нэгтгэгдэхгүй орхигдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөр төлсөн эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Иймд Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.М- нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Б-" ХХК-ийн байранд иргэн А.Б-ийн 380,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung A70" загварын гар утсыг гар утсаа өгч бай, банк ороод ирье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Б-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” ХХК-ийн байранд М- гэх залуу надад та гар утсаа өгч байгаач, би таны rap утсыг авч яваад ойрхон банк орчхоод эргээд ирье гэхээр нь би гар утсаа өгч явуулсан. Тэрнээс хойш тухайн залуу нь ажилдаа ирэхгүй байгаад байсан. Тэгээд орой ажил тараад 08 цагийн үед тухайн залуу руу хүний утас гуйж байгаад залгахад надад М- нь “ахаа миний иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байна, би одоо ахындаа очоод гадаад паспортоо авах гээд явж байна” гэж надад хэлсэн. Тэгээд тухайн залуу нь та гэртээ хариад амарч бай, над руу эхнэрийнхээ дугаарыг мессежээр явуулчих би орой аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд тухайн цагаас хойш М- гэх залуугийн утас нь холбогдохоо больсон. ...Би өөрийн Samsung А70 загварын гар утсаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөгөөр авч байсан. ...Би М-д гар утсаа ажилладаг газрынхаа хашаан дотор байхдаа өгсөн. ...Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. ...Би алдсан утсаа олж авмаар байна. ...” /хх 39-40/,
шүүгдэгч Б.М-ын “...Тухайн үед би ажлын газрын хүн болох Б-ээс Төрийн банк ороод ирье утсаа түр хэрэглүүлчих гээд түүний Samsung А70 загварын гар утсыг нь аваад явсан. Банк явж байтал утас нь эвдэрсэн, тэгэхээр нь би утсыг нь засуулаад нэг бол мөнгийг нь өгье гэж бодож байгаад тэр өдрийн маргааш нь манай аав, ээж хоёр эмчилгээнд явах гээд би хөдөө гэр рүүгээ яваад холбоогүй байж байтал цагдаагаас залгаад 2024 он гарахаас өмнө ирж уулз гэхээр нь очиж уулзаад дээр ярьсан зүйлс болсон. ...” /хх 100-101/ гэсэн мэдүүлгүүд,
“Кости эстимейт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung А70 /хуучин/ нэгжийн үнэ 380,000 төгрөг...” гэх тайлан /хх 45-47/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/,
Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-90/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
Прокуророос Б.М-ын бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Б.М-оос “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ 380,000 төгрөг, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх... ялын санкцитай ба шүүгдэгч Б.М-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Б.М- нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгч Б.М-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 5 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосон өөрчлөлтийг оруулав.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.М-ын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Шүүгдэгч Б.М- нь хохирогч А.Б-д гэмт хэргийн улмаас учирсан 380,000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх нийт хорих ялыг 2 жил 8 сар 07 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх нийт хорих ялыг 02 жил 05 сар 07 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Б.М- нь хохирогч А.Б-д 380,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ