Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.авхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г.О т холбогдох 1825001280242 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Х овгийн Г.О , Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүлийн зөвлөх мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Залуусын 4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 93032803

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.О нь хэрэг бүртгэлтийн 172500458 дугаартай хэрэгт 2017 оны 12 сарын 09-ний өдөр хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг сануулан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа С.Л-д хүчиндүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хэрэг бүртгэлтийн 172500458 дугаартай хэрэгт Г.О хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг сануулагдан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг. /хх-ийн 8-11-р хуудас/

2. Г.О-ийн Цагдаагийн газарт худал мэдүүлсэн, гомдол саналгүй талаараа бичсэн хүсэлт. /хх-ийн 5-р хуудас/

3. Шүүгдэгч Г.О-ийн... “Би 2017 оны 12 сарын 09-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгт худлаа ярьсан. Тухайн үед нөхөр, ээж, аав нараасаа айгаад худлаа ярьчихсан юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30, 41-р хуудас/

4. Гэрч С.Л-гийн... “О гэдэг эмэгтэй өөрийгөө Улаанбаатар хотод амьдардаг, цэргийн эмнэлэгт сувилагч ажилтай гэж хэлж байсан. О-тэй би лав бэлгийн харьцаанд ороогүй. Гэхдээ нилээн согтуу байсан болохоор бас сайн санахгүй байна. Би бэлгийн харьцаанд орсоны дараа астам маань хөдлөөд зүрх дэлсээд амьсгал боогдох гээд байдаг юм. Харин маргааш өглөө нь сэрэхэд миний бие зүгээр байсан болохоор бэлгийн харьцаанд ороогүй гэж бодож байна”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.О-ийн гараараа бичиж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүх хуралдаан оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ  “Г.О нь хэрэг бүртгэлтийн 172500458 дугаартай хэрэгт 2017 оны 12 сарын 09-ний өдөр хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг сануулан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа С.Л-д хүчиндүүлсэн гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа. Мөн 172500458 дугаартай хэргээс хуулбарлаж авсан материалууд болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол, гэрчийн мэдүүлэг, О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн цагдаагийн байгууллагад өөрийн гараар хүсэлтийг бичиж өгч байсан. Шүүгдэгч О-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор тогтоогдон мэдүүлэхдээ бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүхэд хүргүүлсэн байгаа” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг дүгнэлтдээ “Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөө мэдүүлгээ худал өгсөн тухайгаа бичгээр хоёр ч удаа бичиж өгсөн. Гэм буруугийн асуудал болон зүйлчлэл дээр маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэх талаар өмгөөлөгчийн зүгээс санал хэлж байна. Улсын яллагч тэнсэн харгалзах ял оногдуулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт орж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаас үзэхэд тогтоогдож байна. Тэнсэн харгалзах ял оногдуулахад улсын яллагчтай санал нэг байгаа.  Хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн 172500458 дугаартай хэрэгт 2017 оны 12 сарын 09- ний өдөр хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгөхдөө С.Л-д хүчиндүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Г.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн саналыг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Г.О ийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС