Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДМШ/372

 

2026            03            31                                                                       2026/ДМШ/372

 

Л.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-,

шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Л.Б-ад холбогдох 2506000000899 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            С- овгийн Л-ын Б-, 1971 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт ....., ял шийтгэлгүй, /РД: ЦЛ-/,

            Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр хэсэг, Л- тоот хашаанаас өөрийн эзэмшлийн Л-УБК улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зөрчсөний улмаас хохирогч П.Ч-ыг мөргөж амь нас нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                Тээврийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Б-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-ын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-ын хүүхэд болох 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Х- овогт Ч-ын Б- /РД:УБ-/-н асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг флаш, 2 ширхэг арчдасыг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж явдаг. Ханийгаа маш их санаж, өдөр бүр үгүйлж байна. Ханийн маань үргэлжлэл болсон 16 настай ганц хүүгээ хүний дайтай мэдлэг боловсролтой, хүмүүжилтэй хүн болгож өсгөхийн төлөө үлдсэн насаа зориулна. Хадам ээж, ааваасаа үргэлж уучлалт гуйж байсан. Одоо ч бас дахин дахин уучлалт гуйж байна. Хүү маань одоо ганцаараа үлдсэн, яаж байгаа бол гэж бодохоор дотор харанхуйлж, маш хэцүү байна. Иймд эрхэм шүүгч нараас гуйхад хорих ял оногдуулахгүйгээр хүүтэйгээ байх боломж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Л.Б-ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэх буюу сонгох ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Л.Б-ын хувьд шүүхээс гэм буруутайд тооцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчоос уучлал гуйж үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй, урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай, өсвөр насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар нотлох баримт хэрэгт авагдсан байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хянан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл тус зүйл ангид оногдуулахаар заасан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ач хүүгээ ээжтэй нь хамт байлгах хүсэлттэй байна. Нөхөр бид хоёр ярилцаж уг шийдвэрийг гаргасан. Ач хүүдээ санаа их зовж байна. Одоо дөнгөж 16 нас хүрч байгаа болохоор хэцүү байна. Одоо маргах зүйлгүй. Би олон жил амьд явж чадахгүй учраас хүүгээ эхтэй нь хамт байлгая гэж бодож байна. ...” гэв.

            Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад хамгийн чухал үндэслэл болсон мэдүүлэг нь гэрч М-, Б-, Н- нарын мэдүүлэг. Шүүгдэгч Л.Б- согтуу байсан гэдгийг нотлох чухал ач холбогдолтой мэдүүлэг гэж үзэж байна. Гэрч нар нь шүүгдэгч Л.Б-тай ураг төрлийн харилцаатай найз нөхдийн холбоотой хүмүүс анхны өгсөн мэдүүлэгтээ “Л.Б- согтуу байсан” гэж нотолдог. Шүүх энэ талаар эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийх боломжтой. Шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Б-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;

Прокуророос шүүгдэгч Л.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч П.Ч-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Л.Б- нь Л- УБК улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч П.Ч-ыг мөргөж, амь насыг хохироосон болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0625/1437 дугаар дүгнэлт, шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2025 он 10 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна...” гэж дүгнээд, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн эрх зүйн хүрээнд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх, сэргээн тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх, улмаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдсэн, аль гэмт хэргийн шинж хангагдсан эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлага тавигддаг.

Гэтэл шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлээд байгаа баримтууд нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх, үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхөд хангалттай биш байхад шүүх шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал, шүүх хэрэгт гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлан дүгнээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”; 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”; 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байгаа нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл боллоо.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдал зэргийг бүрэн тогтоож, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосноор хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-15/-д цагаан өнгийн Веллфайр маркийн тээврийн хэрэгсэл гэж тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үзлэгээр бэхжүүлсэн. Гэтэл яллах дүгнэлтэд “Л- УБК улсын дугаартай Toyota Noah маркийн тээврийн хэрэгсэл” гэж дурдсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо нотлох баримтын нотолгооны үндэслэл болгосон дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр  ...камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл… зэргээр нотлогдсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Л.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БОЛОРТУЯА

 

                       ШҮҮГЧ                                          Т.АЛТАНТУЯА

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ