Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00135

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж. Ц холбогдох 163/2018/0130/Э индекстэй, эрүүгийн 1815002070125 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Ж.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц өгсөн: мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир хэлж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 5500000 төгрөг төлсөн  гэх мэдүүлэг,

 1815002070125 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 Хохирогч Я.О өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Асгат сумаас Улаанбаатар хот руу ****УБЕ улсын дугаартай, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Жаргалсайхан, хадам дүү Б.Цэндсүрэн, Б.Цогбадрах нарын хамтаар явж байсан. Замд явж байгаад би ядраад байсан учраас дүү Цогбадрахад “чи хэсэг машин барьчих” гээд жолоогоо шилжүүлсэн. Ингээд дүү Цогбадрах шөнийн 03 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт явж байхад өөдөөс машин ирж байсан ба “яагаад гэрлээ шилжүүлдэггүй юм болоо” гэж бодоод явж байхад гэнэт тас хийгээд чимээ гарсан. Ингээд зам тээврийн осол болсон. Үүний дараа машины аваарын дэр задарсан миний хөл тавьж явсан газарт дотогшоо цөмөрч орж ирээд миний хөл гэмтсэн. Ингээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан. Жолооч 40 гаран км цагийн хурдтай явж байсан. Машинд явсан бид нар бүгд хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Би машины эвдрэлийн хохирлыг төлж барагдуулж авмаар байна. Мөн эрүүл мэндээрээ хохирсон учраас эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би байнгын босоо ажил буюу үсчин хийдэг ба одоо хөл хугарч гэмтсэн учраас ажлаа хийж чадахгүй байгаа. Иймд ажилгүй байсан хоногийн хөлсөө гаргуулж авмаар байна. Манай нөхөр намайг гэмтсэнээс хойш 1 сарын туршид ажлаас чөлөө авч байнгын сахиж байсан. Тийм учраас ажлаагүй хоногийн цалинг гаргуулж авмаар байна. Машины эвдрэлийн үнэ гэж 1623000 төгррөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал 1303307 төгрөгийг одоогоор зарцуулсан байна. Би өдөрт өөрийн хийсэн ажлаар цалинждаг, би өдөрт 200-400 мянга төгрөгний орлого олдог байсан ийм учраас би дунджаар 2500000 төгрөг нэхэмжилнэ. Мөн нөхөр Жигүүр пүүп ХХК-д цахилгаанчин хийдэг ба сарын 500000 төгрөгийн цалинтай  намайг сахиж 1 сарын турш ажлаагүй учраас 500000 төгрөг нэхэмжилнэ. Ингээд би нийт 8426000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Б.Цэндсүрэнгийн өгсөн: Би Завхан аймгийн Асгат сумаас 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 06.00 цагийн үед тус сумаас Улаанбаатар хот руу шалгалтын хариу авахаар хамаатны ах Жаргалсайханы машинаар явсан. Тэгээд замдаа Архангай аймгийн замын зоогийн газар хоолонд ороод 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 02 цаг 30 минутын үед нойр хүрээд унтаад явж байсан чинь гэнэт л машин нэг юм мөргөөд машин дотор сууж явсан ах, эгч хоёрын чанга орилох чимээ гарахаар нь цочиж сэрээд юу болсон эсэхийг яриад машиндаа сууж байсан чинь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Гэрч С.Цэрэннадмидын өгсөн: Би Дэлгэрэх хүнс “ХХК”-ны ****УНБ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт бараа хүргэхээр 2018 оны 07 дугаар сарын 01-ний 18 цагийн үед гараад явж байсан чинь ээж Ж.Ц миний хойноос “Архангай орох гээд явж байна. Араас чинь яваад очъё” гээд замдаа Эрдэнэсант сумын нутагт таарч аав Самбуу-Ёндон миний машинд суугаад цааш явсан. Тэгээд Булган аймгийн Рашаант сумын нутагт 03 цагийн үед явж байсан чинь ээж над руу залгаад “ээж нь аваарт орчихлоо” гэж хэлэхээр нь хойноос нь очтол нэг жижиг тэрэгтэй мөргөлдсөн байдалтай байж байсан. Тэгээд би машинаасаа буугаад ээжтэй уулзахад ээж жаахан шоконд орсон байдалтай “ээж нь аваарт орчихлоо” гээд уйлаад байж байсан. Дараа нь би цагдаад дуудлага өгөх гээд Булган аймгийн Рашаант сумын цагдаагийн албанд дуудлага өгөөд эргээд осол болсон газар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч Б.Самбуу-Ёндонгийн өгсөн: Би эхнэр Цэрэндолгорын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу гэрлүүгээ харихаар Улаанбаатар хотоос гараад явж байгаад хүү Цэрэннадмид руу манай эхнэр залгасан чинь “Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байна” гэж ярихаар нь араас нь яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт таарч би хүүгийнхээ машинд суугаад эхнэр маань өөрийнхөө машиныг унаад түрүүлээд явсан. Тэгээд Булган аймгийн Рашаант сум руу ойртож явтал хүүгийн утас дугарч “эхнэр аваарт орсон” гэдгийг дуулаад хойноос нь очтол нэг жижиг тэрэгтэй мөргөлдсөн байдалтай байж байсан. Тэгээд би машинаасаа буугаад эхнэртэйгээ уулзахад “урдаас их хурц гэрэл гарч ирээд машин мөргөлдөөд нэг мэдсэн замын хажуу тал руу орчихсон байсан” гэж хэлсэн, тэгээд нөгөө мөргөлдсөн машины жолоочтой уулзсан чинь “асуудлыг газар дээр нь шийдчихье” гэж хэлж байсан. Тэгээд манай хүү цагдаагаар асуудлыг нь шийдвэрлүүлсэн нь зөв байх гээд цагдаад дуудлага өгөх гээд явсан. Удаагүй байж байсан чинь цагдаа  нар осол болсон газарт ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Г.Жаргалсайханы өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Асгат сумаас Улаанбаатар хот руу ****УБЕ улсын дугаартай, эхнэрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Я.О , дүү Б.Цэндсүрэн, Б.Цогбадрах нарын хамтаар явж байсан. Замд эхнэр машин барьж байгаад “жаахан ядраад байна” гээд дүү Цогбадрахад “чи хэсэг машин барьчих” гээд жолоогоо шилжүүлсэн. Дүү Цогабадрах шөнийн 03 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт явж байхад өөдөөс машин ирж байсан. Тэгээд гэнэт тас хийсэн чимээ гарч осол болсон. Ингээд эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан. Бид нар 40 гаран км цагийн хурдтай явж байсан. Бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Ж.Цолмонбаатарын өгсөн: ****УБЕ дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр машин нь бүртгэлтэй байдаг. Гэхдээ энэ машин манай ээж Я.О  эзэмшлийн машин байгаа юм. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Шүүгдэгч Ж.Цэрэндолгорын яллагдагчаар өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд Subaru Forester маркийн 59-68 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан юм. Ингээд шөнийн 02 цаг 30 минутын орчимд Булган аймгийн Рашаант сумын нутагт явж байхад миний хажуугаар цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтайгаар гүйцэж түрүүлсэн. Тэгээд тэр машиныг дөнгөж хажуугаар зөрөөд өнгөрсөн чинь урдаас ирж байсан нэг машин шууд өөдөөс мөргөж зам тээврийн осол болсон. Тэгээд би мөргөсөний дараа жолооны хүрдээ зүүн тал руу дарж эсрэг эгнээнд орж зогссон. Би ойролцоогоор 55 орчим км цагийн хурдтай явж байсан. Би хамгаалах бүс зүүсэн байсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Хохирогчийн нөхөр Жаргалсайхан тухайн үед осол болсны дараа хүрч ирээд “хоорондоо тохиролцъя, таны машиныг засуулж өгье” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “тохиролцохгүй, цагдаа дуудна” гэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед ийм л зүйл болж өнгөрсөн гэх мэдүүлэг /хх-73-74 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн:

     1. Жолооч Ж овогтой Ж.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 806136 дугаартай эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна.

          Жолооч Даваажав овогтой Цогбадрах нь тээврийн хэрэгсэл жолоодох ВCD

ангилалын 323932 дугаарын эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна.

  1. Жолооч Ж  овогтой Ж.Ц нь Монгол улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Жолооч Довогт Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн:

1.О  биед зүүн хөлийн 5 дугаар хурууны өлмий ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 8377 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн:

“Toyota sprinter” маркийн тээврийн хэрэгсэлд 1623000 төгрөгийн, “Subaru forester” маркийн тээврийн хэрэгсэлд 1874000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-8 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-13 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-78-79, 104 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-105-106 тал/ болон хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.

   Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 59-68 УБН улсын дугаартай “Subaru forester” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж ****УБЕ улсын дугаартай “Toyota sprinter” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я.О  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota sprinter” маркийн тээврийн хэрэгсэлд 1623000 төгрөгийн, “Subaru forester” маркийн тээврийн хэрэгсэлд 1874000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

    Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-23 тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Я.О , гэрч Г.Жаргалсайхан,  С.Цэрэннадмид, Б.Самбуу-Ёндон нарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-27 тал/, шүүгдэгч Ж.Цэрэндолгорын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-73-74 тал/, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч  Ж.Цэрэндолгорын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хэрэг гарсан байна ... /хх-55 тал/ гэх, хохирогчийн эрүүл мэндэд “зүүн хөлийн тавдугаар хурууны өлмий ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол учирсаныг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Ж.Ц замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ж.Ц Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Шүүгдэгч Ж.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5500000 төгрөгийг хүлээн авснаар хохирогч санал гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ /хх-108 тал/ илэрхийлсэн байна.

      Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

           ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ж гийн ЦАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц 450 /дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД