Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДМШ/375

 

2026          03              31                                                                       2026/ДМШ/375

 

Д.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа,  ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

хохирогч С.Д-,

цагаатгагдсан этгээд Д.Ц-ы өмгөөлөгч Л.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Бат-Оргилын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Ц-д холбогдох 2509031252166 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

             Ш- овгийн Д-ы Ц-, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, "Д-" ХХК-д жолооч, хамгаалалтын ажилтай, ам бүл 2, нагац эгчийн хамт .... оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ИД-/;

              Д.Ц- нь 2025 оны 07 дугаар 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн зам дээр "явган хуний гарц дээр зам тавьж өгөөгүй" гэх шалтгаанаар маргалдан, хохирогч С.Д-ын эзэмшлийн "Тоёота приус-41" маркийн тээврийн хэрэгслийн салхины урд шилийг цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Д.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Г.Бат-Оргил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагаатгах тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “гэм буруугүйд тооцох” зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдоогүй, түүний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль нь онол практикийн хувьд эргэлзэх нөхцөл байдлыг бодитой үүсгэсэн байвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтай нөхцөлийг баримтлан шийдвэрлэнэ гэж заажээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай байтал хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаар Д.Ц- нь хохирогч С.Д-ын эзэмшлийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн салхины урд шилийг цохиж хагалсан идэвхтэй үйлдэл буюу объектив талын шинж, субъектив талын зайлшгүй шинж болох эд хөрөнгийг устгах санаа зорилго, гэмт үйлдэл болон учирсан хохирлын шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь харилцан зөрүүтэй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотолгооны стандартыг алдагдуулж “in dubio pro гео” зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан байхад гэмт хэргийн шинж хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүйг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна. Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэх заалтын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст шүүх шийдвэрээ гаргах боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгалгүйгээр хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

2.Шүүхийн шийдвэрийн агуулга нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, цагаатгаж буй үндэслэл тодорхойгүй талаар: Шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/287 дугаартай цагаатгах тогтоолд 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.9 дэх заалтад заасан аль үндэслэлээр цагаатгаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан атлаа “Хууль зүйн дүгнэлт” хийхдээ нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ гэсэн агуулга тусгасан байна. Гэтэл хууль хэрэглээ болоод онолын хувьд “гэмт хэргийн шинжгүй”, “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх агуулга нь өөр хоорондоо хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдлыг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл шүүхээс дүгнэхдээ дээрх зарчмын агуулгыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан аль үндэслэлээр бус 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр цагаатгаж буй нь учир дутагдалтай, цагаатгаж буй үндэслэл тодорхойгүй ойлгомжгүй байна.

3.Цагаатгах тогтоолд тавигдах бүтэц, хэлбэрийн шаардлага зөрчсөн талаар: Цагаатгах тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлээгүй үндэслэлийг, хэрэгт хамааралтай болон хамааралгүй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ...” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь цагаатгах тогтоолд хохирогч С.Д-ын “...Улмаар тухайн хүн намайг зам тавьж өгөөгүй нэрийдлээр салхины шил рүү цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн ШД-725-9145503 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар, хэрхэн няцаан үгүйсгэгдэж байгаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтыг үнэлээгүй, үнэлээгүй бол ямар үндэслэлээр үнэлээгүй талаараа дурдаагүй, няцааж буй үндэслэл тогтоолд тусгагдаагүй нь “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Түүнчлэн дээрх нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд тусгаж яллах ажиллагаанд ашигласан байхад цагаатгах тогтоолд тусгаж, үндэслэл бүхий няцаалт хийгээгүй, гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй, яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй үүнээс улбаалаад шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байхад хүргэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж, эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч С.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайн үед замын цагдаа ирээд “зөрчлийн хэрэг биш, гэмт хэргийн шинжтэй байна” гэж цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч шалгуулах талаар хэлсэн. Эхлээд замын цагдааг би дуудсан. Дараа нь 102 дугаарт дуудлага өгсөн. Ц- “би явлаа бэлтгэлтэй” гэж байсан. Цагдаа намайг Ц-ыг явуулж болохгүй” гэсэн. Ц- “намайг хурдтай явсан” гэж мэдүүлсэн. Тухайн үед түгжрэлтэй байсан учраас би хурдтай явах боломжгүй. Би явган хүний гарц дээр зогсож байтал хажуу талаас Ц- мөргөсөн. Тэгээд миний тээврийн хэрэгслийг цохисон. Замын цагдаа, хэв журмын цагдаа аль аль нь ирсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ц-ы өмгөөлөгч Л.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахаар заасан. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлэхдээ бүх нотлох баримтыг тогтоох үүрэгтэй. Шүүгдэгчийг гэм буруутай эсэх гэм буруутайд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, хууль нийцсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Санаатай бусдын эд хөрөнгө устгаж гэмтээсэн үү, эсхүл мөргүүлсэндээ хорсож цохисон талаарх сэдэл санаа зорилгыг тогтоох ёстой. Гэтэл прокурор хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн үйл баримтыг нотлох ажиллагаа дутуу хийж Ц-ыг яллуулахаар шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүхээс дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт бүрдүүлэх талаар эсэргүүцэлдээ дурдсан. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт бүрдүүлэх үүргийг хүлээхгүй. Нотлох баримт бүрдүүлэхдээ хууль зөрчсөн, зүйлчлэл хүндрүүлэхээр хуульчилсан учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Хохирогч С.Д-ын мэдүүлгийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр няцаах ёстой. Шинжээчийн дүгнэлтэд ямар эд зүйлийг үнэлсэн тодорхойгүй. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар гар утасны дэлгэцийн үнэлгээг 450,000 төгрөгөөр үнэлсэн зөрүүтэй байдаг. С.Д-ын мэдүүлгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэмтсэн тээврийн хэрэгслийн фото зурагт үзлэг хийгээгүй, гэрэл зургаар бэхжүүлээгүй, тухайн замын цагдааг гэрчээр асуугаагүй зэргээс харахад тухайн үед тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан гэдгийг нотолж тогтоогоогүй учраас анхан шатны шүүхийн 87 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахаар заасан. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлэхдээ бүх нотлох баримтыг тогтоох үүрэгтэй. Шүүгдэгчийг гэм буруутай эсэх гэм буруутайд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, хууль нийцсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Санаатай бусдын эд хөрөнгө устгаж гэмтээсэн үү, эсхүл мөргүүлсэндээ хорсож цохисон талаарх сэдэл санаа зорилгыг тогтоох ёстой. Гэтэл прокурор хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн үйл баримтыг нотлох ажиллагаа дутуу хийж Ц-ыг яллуулахаар шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүхээс дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт бүрдүүлэх талаар эсэргүүцэлдээ дурдсан. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт бүрдүүлэх үүргийг хүлээхгүй. Нотлох баримт бүрдүүлэхдээ хууль зөрчсөн, зүйлчлэл хүндрүүлэхээр хуульчилсан учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Хохирогч С.Д-ын мэдүүлгийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр няцаах ёстой. Шинжээчийн дүгнэлтэд ямар эд зүйлийг үнэлсэн тодорхойгүй. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар гар утасны дэлгэцийн үнэлгээг 450,000 төгрөгөөр үнэлсэн зөрүүтэй байдаг. С.Д-ын мэдүүлгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэмтсэн тээврийн хэрэгслийн фото зурагт үзлэг хийгээгүй, гэрэл зургаар бэхжүүлээгүй, тухайн замын цагдааг гэрчээр асуугаагүй зэргээс харахад тухайн үед тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан гэдгийг нотолж тогтоогоогүй учраас анхан шатны шүүхийн 87 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлууд болон эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Ц-ыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт буруутган түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Ц-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна гэж дүгнээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

             Тодруулбал, анхан шатны шүүх Д.Ц-д холбогдох хэргийг хянаад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ...” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Ц-ы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарч байна.

             Мөн хууль зүйн хувьд, тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч үндэслэл бүхий эргэлзээ үүссэн үед буюу нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрэн хангагдсан тохиолдолд л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалтыг хэрэглэнэ.

             Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэхэд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бий болгоогүй байхаас гадна хэрэгт авагдсан хохирогч С.Д-ын мэдүүлэгт “...тухайн хүн намайг зам тавьж өгөөгүй нэрийдлээр салхины шил рүү цохиж хагалсан. ...би хэний буруутай үйлдлээс болж ийм асуудал болсныг тогтоолгох шаардлагатай байна. Би явган хүний гарц дээр зогсож хүн харж байгаад урагш явсан. Тухайн үед Эко байктай хүн хурдтай явж байсан гэж бодож байна...” гэж гэмт хэрэг хэрхэн ямар байдлаар үйлдэгдсэн талаар мэдүүлсэн байна.

             Гэтэл анхан шатны шүүх, хохирогчийн дээрх мэдүүлэг болон яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. 

 Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталж хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх байтал яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, тэдгээрийн үндэслэлээ заагаагүй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

             Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Иймд, прокурор Г.Бат-Оргилын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Цагаатгагдсан этгээд Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

 

                       ШҮҮГЧ                                                   Т.АЛТАНТУЯА

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ