Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01404

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01404

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 181/ШШ2022/01036 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ын хариуцагч Д.Г-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,620,000 төгрөг, алданги 31,842,600 төгрөг, экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардал 4,000,000 төгрөг, нийт 79,462,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Hyundai R3000LC7A маркийн экскаваторыг нэг сарын 20,000,000 төгрөгөөр, 1 өдрийн 740,000 төгрөгөөр 3 сарын хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш түрээслэгч нийт 108 хоног буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл экскаваторыг ашигласан бөгөөд нийт 79,920,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 49 хоногийн төлбөр болох 36,300,000 төгрөгийг төлсөн. Гэвч одоог хүртэл Д.Г нь үлдэгдэл төлбөр 43,620,000 төгрөг, экскаватор буцаан тээвэрлэсэн зардал 4,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн гэрээнд заасны дагуу алдангийг 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоход 31,842,600 төгрөг болно. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тухайн үед ажил хийх боломжгүй болтол бороо орсон, техник эвдэрсэн гэх үндэслэлээр татгалзаж байгаа боловч уг татгалзал нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Гэрээнд байгалийн онц ноцтой үзэгдэл бий болсон тохиолдолд онц байдал зарласнаар төлбөр төлөхөөс татгалзаж болно гэж заасан. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 тоот Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журамд аюултай үзэгдэл гэдэг нь 30 мм болон түүнээс их хэмжээний хур тунадас 12 цаг хүртэл үргэлжлэхийг хэлдэг. Харин 50 мм болбол гамшигт үзэгдэл болно гэсэн байна. Хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар өгсөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн баримтаар 108 хоногийн хугацаанд ганцхан өдөр 30 мм-ээс дээш хэмжээтэй бороо орсон нотлогдоно. Иймд бороог давагдашгүй хүчин зүйлийн хэмжээнд хүрсэн гэх үндэслэлгүй. Хариуцагчийн тайлбарт техник эвдэрсэн учраас нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн ч хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч тал молоток эвдэрсэн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээнд экскаваторыг молотокын хамт түрээсэлнэ гэсэн заалт байхгүй. Хариуцагч талын хүсэлтээр ямар ч нэмэлт түрээсгүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй молоток ашиглуулсан. Гэрээний хугацаанд үндсэн техник хэвийн ажиллаж байсан, туслах эд анги түр хугацаанд эвдэрсэн асуудал байдаг. Гэрээнд 1 сарыг яагаад 27 хоногоор тооцсон бэ гэвэл үлдсэн хоногийг засварын хоног гэж тооцдог, засварын 3 хоног гэж тусгасан учраас ажил зогссон гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн эзэмшлийн техник уурхай дээр байсантай хариуцагч тал маргахгүй байна. Иймд техник ажиллаагүй шалтгаан нь байгалийн онцлог, техникийн саатлаас биш зөвхөн хариуцагчаас шалтгаалсан байна. Мөн ажилласан цагийн бүртгэлийг уурхай хариуцаж байгаа хүмүүс өөрсдөө үйлдэх ёстой боловч бодит байдал дээр бүртгэл байхгүй. Гэвч хариуцагч тал зөвшөөрч тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Хариуцагч тал Ү.Ц тэй холбоотой гэж тайлбарладаг боловч гэрээнд Ү.Ц хамааралгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн хувьд төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгчийн хувьд түрээс, хожимдуулсан хугацаанд төлбөл зохих хөлс зэргийг шаардах эрхтэй. Иймд Д.Г аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 43,620,000 төгрөг, алданги 31,842,600 төгрөг, экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардал 4,000,000 төгрөг, нийт 79,462,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Hyundai R30007A маркийн экскаваторыг 3 сарын хугацаагаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж 2 талбай дээр ажилласан. Эхнийх нь 40 м.кв талбайг доошоо 4 метр ухаад ажиллаж байхад бороо ороод 2 метр гаруй нь усанд автсан. 2 дахь газрын талбайг доош нь эгц ухаад 6 метр явсан байгаа. Мөн 25 хоногт бороо орсны улмаас ажиллах боломжгүй байсан. Мөн том чулуу унаж байсан учраас техникийн эвдрэл гэмтлийг тооцоолоод зогсоосон. Жонш нь хаданд байдаг учраас зөвхөн шанагаар ухна гэж байхгүй, молоток заавал ашиглана. 2020 оны 08 дугаар сарын эхэнд молоток эвдэрсэн гээд Б.Т т хэлэхэд ажлаа зогсоосон. Ажлыг буцааж эхлүүлэхдээ надтай биш Ү.Ц тэй ярилцсан. Мөн экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын эхээр ачиж явсан. Ү.Ц хамтран хариуцах ёстой. Наадмын дараа ажилчидгүй болоод сул зогсолт хийсэнд буруугүй. Гэхдээ төлөх нь зүй ёсны хэрэг байх гэж бодоод гэрээний төлбөрт 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нийт 108 хоногийн төлбөр нэхэмжилсэн. Гэтэл гэрээнд 3 сарын хугацаатай гэж заасан. Гэрээг сунгасан талаар бичгийн баримт байхгүй. Иймд бичгээр байгуулагдаагүй хугацаа буюу 18 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардал 4,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Гэрээний 5.6 дахь хэсэгт 3 сараас дээш хугацаагаар ажилласан тохиолдолд буцах зардлыг түрээслүүлэгч тал хариуцна гэж заасан. Түрээслүүлэгч 3 сараас илүү хугацаагаар ажилласан атлаа буцах зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь гэрээний дээрх заалттай нийцээгүй. Мөн экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардлыг нотолсон баримт хэрэгт байхгүй учраас 4,000,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч тооцооллын хувьд 108 хоногийг 740,000 төгрөгөөр тооцсон. Гэрээнд түрээсийн төлбөрийг 1 сарын 20,000,000 төгрөг, 1 өдрийн 740,000 төгрөг гэж заасан. Гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан учраас нийт төлбөр 60,000,000 төгрөг байна. Нэхэмжлэлийн тооцооллыг хийхдээ өөртөө ашигтай байдлаар гэрээнд заасан дүнгээс илүү нэхэмжилсэн байна. Түрээсийн гэрээний 4.5-д түрээслүүлэгч нь бүртгэл хөтөлнө гэж заасан. Техникийн ажилласан байдлыг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан гэж дурдчихаад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, зөрчилтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээд ажилласан цагийн бүртгэлийн хөтөлсөн бол маргаан гарахгүй байсан. Гэрээний 4-т зааснаар түрээслүүлэгч тал техникийн эвдрэл гэмтлийг хариуцах ёстой. Алдангийн хувьд хуульд заасан 50 хувийн хэмжээнээс хэтэрч байна. Алдангийг хэдэн сарын хэдний өдрөөс тооцсон, ямар үнийн дүнгээс тооцсон зэрэг тодорхойгүй тул зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч ...бороо 2-3 өдөр орсон гэж мэдүүлдэг. Харин хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрчийн мэдүүлэгт ...бороо олон хоног орсон, ухсан нүх усаар дүүрсэн, насосоор гаргасан, хажуу уурхайд хүн дарагдсан учраас хөдөлмөр, аюулгүйн байдлаа хангуулаад үнэхээр ажиллах боломжгүй байсан гэж мэдүүлдэг. Хариуцагч төлбөрөөс 36,300,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдсэн хэсгийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г аас 35,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,912,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2021/07942 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг тооцохдоо 3 сараар бодож, 1 сарын төлбөрийг 20,000,000 төгрөг, нийт түрээсийн тооцоог 60,000,000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Гэрээний 4.5-д түрээслүүлэгч нь сар бүрийн эцэст ажилласан байдалд дүгнэлт өгч гэрээ дүгнэсэн акт буюу цагийн бүртгэл үйлдэнэ гэж зохицуулсан. Гэвч гэрээний хугацаанд их хэмжээний бороо орж, уурхайн ам усаар дүүрч байсан тул түрээсэлж авсан экскаватор ихэнх хугацаанд ажиллаагүй бөгөөд ажилласан цагийн бүртгэл, акт үйлдээгүй. Гэтэл ажиллаагүй байхад 3 сарын турш экскаваторыг ажиллуулсан мэтээр анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг 3 сараар тооцож гаргуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх алданги 11,850,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээнд түрээсийн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй бөгөөд төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусах хугацаа тодорхойгүй байхад үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж алданги тооцсон нь үндэслэлгүй. Алдангийг хэзээнээс хэднийг хүртэл тооцсон нь ойлгомжгүй, шийдвэрт бичигдээгүй. Түрээсийн гэрээний 3.4-т өөрийн буруугаас болоогүй, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж заасан. Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн тодорхойлолт, уурхайд ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгээс үзвэл их хэмжээний бороо орж, уурхайн нүх усаар дүүрч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нь нотлогддог. Экскаваторыг ашиглаж байх хугацаанд молоток нь эвдэрч олон хоног сул зогссон талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд гагцхүү сул зогсолтын хоног нь хэд байсан талаар маргаантай байдаг. Хариуцагчийн тайлбараар бол экскаваторын эвдрэлийн улмаас 14 хоног сул зогссон гэдэг бол нэхэмжлэгчийн тайлбараар 5-6 хоног сул зогссон гэж хэлдэг. Гэтэл шүүх энэхүү сул зогсолтын хоногийг хүртэл анхаарч, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүйд гомдолтой байна. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг оновчтой, зөв шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолд дурдсанаар тухайн цагийн бүртгэл байхгүй байхад бүтэн 3 сар ажилласан гэж үзэж түрээсийн төлбөрийг 60,000,000 төгрөгөөр тооцоолсон нь үндэслэлгүй гэж байна. Гэрээнд энэ талаар тодорхой дурдсан бөгөөд хууль зүйн хувьд түрээслэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй эд зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж шилжүүлэх үүрэг хүлээсэн. Түүнчлэн, түрээсийн техник ямар нэгэн эвдрэл, гэмтэл, доголдолтой байсан талаар маргадаггүй. Хариуцагч тал техникийг ашиглаж чадаагүй нөхцөл байдлыг бороотой холбож тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бороо орсон гэх тайлбар нь ажиллах боломжгүй болох хэмжээний бороо ороогүй нь тодорхой байдаг. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан тогтоолд аюултай үзэгдэл болон гамшигт үзэгдэл гэж ямар хэмжээний бороо, ямар хугацаанд үргэлжлэх талаар жагсаалтаар баталсан байдаг. Мөн хариуцагч тал молоток эвдэрсэн гэж тайлбарладаг бөгөөд молоток биш шанагатай экскаватор буюу 1,5 метр куб эзлэхүүнтэй шанаг бүхий экскаватор ашиглах гэрээ байгуулсан. Молоток эвдэрснээс шалтгаалан ажил зогсоогүй, дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн. Алдангийг тооцохдоо хамгийн сүүлийн төлбөр төлсөн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Г-т холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,620,000 төгрөг, алданги 31,842,600 төгрөг, экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардал 4,000,000 төгрөг, нийт 79,462,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги болон экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардал зэргийг гаргуулна гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ...экскаваторыг дагалдуулсан молоток эвдэрсэн, цаг агаарын нөхцөл байдлын улмаас ажил хийгээгүй, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Т , Д.Г нар нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Hyundai R3000LC7A маркийн экскаваторыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хөлийн холбоо гэх алтны уурхайд түрээсээр ажиллуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 1 өдрийн 740,000 төгрөгөөр тооцож сарын 20,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай шилжүүлэн түрээслүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Т нь гэрээний дагуу экскаваторыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашиглаж Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хөлийн холбоо гэх газарт хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн, түрээсийн төлбөрт 36,300,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин зохигчид ажилласан хугацаа болон гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас ажиллаж чадаагүй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Д.Г нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Б.Т нь түрээсийн зүйлийг буцаан авч, үлдэгдэл түрээсийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь молоток эвдэрсэн, бороо орж ажиллаагүйн улмаас сул зогссон хугацааны төлбөр төлөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй.

6. Анхан шатны шүүх хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт нийт 36,300,000 төгрөгийг төлсөн байх ба тэрээр үлдэгдэл төлбөр төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг гэрээнд зааснаар тооцон 23,700,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Зохигчид гэрээний 3.2-т Түрээслэгч гэрээний баталгаа болгож 10,000,000 төгрөгийн эхний сарын урьдчилгаа түрээслүүлэгчид төлөх ба үлдэгдэл төлбөрийг 15 хоногийн дараа, цаашид 15 хоногоор тооцож урьдчилж төлж барагдуулна, 3.3-д Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж тус тус тохиролцжээ. /хх4-6/

Дээрхээс байдлаас үзвэл хариуцагч нь 15 хоногоор тооцож түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр хугацаа тогтоосон байх ба уг хугацааны төлбөрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.6-д зааснаар түрээслүүлэгч нь экскаваторыг буцаан тээвэрлэсэн зардлыг хариуцахаар тохиролцсон байх ба уг зардлыг хариуцагч Д.Г хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч хариуцах боломжгүй бөгөөд хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

8. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг бүрэн биш боловч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд тодорхой хэмжээнд төлбөр төлсөн байхаас гадна гэрээний хугацаанд хур тунадас орсон цаг агаарын нөхцөл байдал нь Цаг уурын Баян-Адрага харуулын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдийн ажиглалтын мэдээлэл гэх баримтаар тогтоогдсон зэргийг харгалзан шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд алдангийг багасгаж шийдвэрлэхээр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд шүүх эрх хэмжээний хүрээнд алдангийг гаргуулж шийдвэрлэсэн 11,850,000 төгрөгийн 50 хувь болох 5,925,000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 181/ШШ2022/01036 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 35,550,000 гэснийг 29,625,000 гэж, 43,912,600 гэснийг 49,837,600 гэж,

2 дахь заалтын ...хариуцагчаас 335,700... гэснийг ...хариуцагчаас 306,075... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 300,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН