| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0131/Э |
| Дугаар | 00136 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 00136
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Б.М , М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715001980114 дугаартай, 163/2018/0131/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Б.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бовогт М.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Цогбадрах, Б.М нар нь бүлэглэн 2017 оны 09, 10 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Баруун Захцаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулан байгаль экологид 1827466 /нэг сая найман зуун хорин долоон мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтээр/.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
17150001980114 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Нямдоржийн өгсөн: Би Бүрэгхангай суманд төрж өссөн бөгөөд 2017 оны 10 сараас хойш Булган аймгийн Бүрэгхангай сумын газрын даамлаар ажиллаж байна. “Ө ” нэртэй нөхөрлөлийг мэднэ, 2017 онд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргатай гэрээ байгуулж байсан. Манай сумын хэмжээнд бичил уурхай явуулах боломжтой газрууд байгаа. “Ө ” нөхөрлөлийн хувьд манай сумын Дэрст багийн нутаг “Туулын гүүр” гэх нэртэй газар бичил уурхайн үйл ажиллагаа явуулсан. Бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 151-р тогтоолоор батлагдсан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бичил уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд нөхөрлөл байгуулж газраа сонгоод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, батлагдсан тогтоолоо аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу явуулдаг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцээд баталсны үндсэн дээр ашигт малтмалын газар луу явуулэа. Тэгээд Ашигт малтмалын газраас тухайн газрыг ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргадаг. Дүгнэлтээ сумын Засаг даргад танилцуулаад Засаг даргатай гэрээ хийдэг. Гэрээ хийсний үндсэн дээр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж болдог юм. 2017 оны 10 дугаар сард би “Ө ” нөхөрлөл Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газар үйл ажиллагаа явуулж байхад нь очиж шалгаж байсан. Тэгэхэд “Ө ” нөхөрлөл хувь хүнтэй гэрээ хийж хүмүүс ажлуулсан байсан. Би очоод “Ө ” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байсан газрын кординатыг хэмжиж заагдсан газар заагдсан хэмжээний дагуу явагдаж байгаа эсэхийг шалгахад зааж өгсөн газар заагдсан хэмжээний дагуу явуулж байсан бөгөөд хөрсөө хуулж байсан. Тэрнээс хойш “Ө ” нөхөрлөл үйл ажиллагаа явуулах явцдаа ухсан шороогоо газар зөөвөрлөх гэхээр ачиж гарах боломжгүй учир карьераа сэтгэж зам гарган шороогоо зөөсөн байсан. Ингэхдээ заагдсан кординатаас хэтэрч 20 орчим метр газар илүү гаргаж ажилласан байсан. Илүү гарсан газар нь Туул голын сав газар эргийн хамгаалтын 50 метрийн газар луу орчихсон учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. “Ө ” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрын кареьр 25 метр өргөн, урт нь 40 орчим метр, гүн нь 16-20 метр орчим хэмжээтэй ухсан байсан. Тухайн үед хүйтрээд удаагүй үйл ажиллагаагаа зогсоосон, хэдэн сард гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Намайг шалгалтаар очиход “удахгүй бууна” гэж байсан хүйтэн, цас орох гэж байсан үе. Би тухайн үед хэсгийн төлөөлөгчтэй хамт очсон. Нөхөрлөлийн гишүүдээс байгаагүй. Б.М , Цогбадрах, Э гэх хүмүүсийг танихгүй. Тухайн үед ухсан газраас нь ус их гараад ,усаа дийлэхгүй байна гээд хөрс хуулалт л явагдаж байсан. Шороо угааж алт олборлоогүй үйл ажиллагаагаа зогсоосон, хаанахын ямар техник хэрэгсэл ашигласан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Ц.Э ын өгсөн: ...“Ө ” нөхөрлөлийн ахлагч Ц.Мөнхзул нь Бүрэгхангай сумын засаг дарга Н.Эрхэмбаяртай “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хийсэн гэрээ, бичиг баримт үзүүлсэн. Тэгээд бид нар уг бичиг баримтыг үзээд нөгөө заасан газарт нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид нар уг талбайд техник тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Надад тусгай зөвшөөрөл олгосон бичиг байхгүй. Чагнаадоржийн өгсөн нөхөрлөлийн гэрээнээс өөр бичиг баримт байхгүй. Тухайн үед би сум орон нутгийн холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан. Сумын засаг дарга Н.Эрхэмбаяртай уулзахад та нар “Ө ”-тай хийсэн гэрээн дээр хамтарч ажиллах гэж байгаа бол болно гэж хэлсэн. Бид нар тэр газар уг нь “хиймэл нуур” бий болгох гэж нүх ухсан юм. Бид өөрсдийн хийсэн буруутай үйлдлээ ойлгож байна гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Гэрч Н.Эрхэмбаярын өгсөн: Засгийн газрын “Бичил уурхайгаар уул уурхай эрхлэх” гэсэн нэртэй 15 дугаартай тогтоолын дагуу байгуулагдсан нөхөрлөл байгаа юм. “Ө ” нөхөрлөл нь 2017 онд байгуулагдаж байсан бөгөөд, Бүрэгхангай сумын гаралтай хүмүүс нэгдэж нөхөрлөл байгуулан Сумын иргэдийн иргэдийн хурлаар батлагдаж албан ёсоор байгуулагдаж байсан. Нөхөрлөл байгуулагдаж бичил уурхай явуулахын тулд Ашигт малтмалын газраас давхцалгүй гэсэн лавлагаа авдаг, тэгээд газраа сонгоод орон нүтгийн тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг сумын иргэдийн хуралд тавьдаг, тэгээд сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцээд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргадаг, тэгээд сумаас Аймгийн иргэдийн хуралд тогтоолоо хүргүүлээд Аймгийн иргэдийн хурал хуралдаж тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа гэсэн тогтоол гаргадаг. Тэгээд аймгийн Засаг дарга дүгнэлт гаргуулах хүсэлтээ Ашигт малтмалын газрын тосны газар луу өгдөг. Тэгээд Ашигт малтмалын газраас гарсан дүгнэлтийг сумын Засаг даргатай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. “Ө ” нөхөрлөлийн хувьд Ашигт малтмалын газраас дүгнэлтээ гаргуулж, надтай гэрээ байгуулж байсан. Тэгээд гэрээнийхээ дагуу ажиллагаа явуулсан. “Ө ” нөхөрлөл нь гэрээ байгуулах үед 5 хүнтэй байж байгаад сүүлд 9 хүний бүрэлдэхүүнтэй болсон. “Ө ” нөхөрлөлийн хувьд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “Туулын гүүр” нэртэй газар туулын гүүрний доохон талд үйл ажиллагаа явуулсан. Нөхөрлөлийн ахлагч нь Ц.Мөнхзул гэдэг хүн байдаг. Ер нь нөхөрлөл үйл ажиллагаа явуулахдаа туслан гүйцэтгэгч техник түрээслэх мэргэжлийн ажилтан ажиллуулах гэрээ байгуулж өөр хүмүүстэй хамтарч ажиллаж болдог. “Ө ” нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахдаа туслан гүйцэтгэгч хүмүүстэй гэрээ байгуулж ажилласан байсан. Ямар гэрээ байгуулж ямар хүмүүстэй ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн Б.М , Цогбадрах, Э гэдэг хүмүүстэй гэрээ байгуулж ажилласан байсан. Нөхөрлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллага, сумын Тамгын газар, байгаль орчноос хяналт тавьдаг. “Ө ” нөхөрлөлийн хувьд дүгнэлтэд заагдсан газар дээрээ ажиллаж байсан бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. “Ө ” нөхөрлөлийн замын тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, заагдсан газраасаа илүү гаргаж зам бий болгож шороо тээвэрлэсэн зөрчил гаргасан. Заагдсан газар хэмжээнээсээ гаргаад байгаа хэсэг нь голын ай сав газар хамгаалалттай газар луу орсон учир үйл ажиллагааг зогсоосон...гэх мэдүүлэг /хх 44-45 тал/,
Гэрч Б.Должиннямын өгсөн: Би Бүрэгхангай сумын Тамгын газар архивч, бичиг хэргийн эрхлэгч албан тушаалтай. Уг ажилд ороод 7 сар гаран болж байна. Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн бүх бичиг надаар дамжиж би бүртгэж, бүртгэлд оруулдаг. Зарим үед харъяа байгууллагын хүмүүс нь ирсэн бичгээ аваад надад авчирч өгөөд даргаар цохолт хийлгээд буцаагаад өгдөг. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ө ” нөхөрлөлийн ахлагч Ц.Мөнхзул гэсэн хүний бичвэрээр зөвшөөрөл хүссэн тухай товч утгатай өргөдөл ирснийг бүртгэл хяналтын картын “412-р” бүртгэн авч Засаг дарга Н.Эрхэмбаярт уламжлан танилцуулаад цохолт хийлгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Байгаль орчины хяналтын улсын байцаагч Г.Батжүгдэр”-т хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байсан гэх мэдүүлэг /хх-46-47/,
Гэрч Ц.Мөнхзулын өгсөн: Би анх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Ө ” нөхөрлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулсан. Бид анх үүсгэн байгуулахдаа ах дүү, хамаатны хүмүүс нийлж санал бодлоо солилцсоны үндсэн дээр нөхөрлөлийг байгуулсан. Анх уг нөхөрлөлийг үүсгэн байгуулахад миний төрсөн аав У.Цэдэн-Иш, ээж Ц.Оюумаа, дүү Ц.Мөнхнасан, аавын төрсөн эгчийн хүүхэд Ю.Баттөмөр, дээр нь миний бие Ц.Мөнхзул гэсэн 5 хүн байсан. Үүний дараа 2017 оны намар ээжийн төрсөн дүү Ц.Цэрэннадмид, хүргэн Ц.Ганхуяг, эхнэр Б.Баяраа, П.Нямдаваа гэсэн 4 хүн нэмэгдээд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Эдгээр хүмүүс нь уг нөхөрлөлийн гишүүн гэж явж байгаа. Яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх ёстойг нь сайн мэдэхгүй байна. Бид сумынхаа Иргэдийн төлөөлөгчидийн хуралд нөхөрлөл байгуулах хүсэлтээ тавьсан юм. Тухайн үеийн дарга нар ч биднийг дэмжиж манай нөхөрлөлийг үүсгэн байгуулах зөвшөөрөл олгосон. Бид анх бичил уурхай явуулах зөвшөөрөлтай болох, улмаар ашигт малтмал олборлох чиглэлээр үүсгэн байгуулсан юм. Би 2017 оны хавар Улаанбаатар хотод байж байгаад ажил хэргийн шугамаар хүнтэй уулзаж яваад Чагнаадорж гэдэг залуутай танилцсан. Тухайн үед уг залуу уурхай ажиллуулах талаарх яриа гэнэт гарч ирсэн. Тэр үед Чагнаадорж залуу намайг чи нөхөрлөлтэй юу гэж асуусан. Би ч тухайн үед 2016 онд “Ө ” гэдэг нөхөрлөл байгуулсан гэж хэлсэн. Тэгээд бид нар нэг хэсэг уулзаагүй байж байгаад 2017 оны зунаар нөгөө Чагнаадорж гэдэг залуу “танай нөхөрлөлийн нэр дээр би өөрийн зөвшөөрөлтэй газраа ажиллуулж үйл ажиллагааг нь явуулмаар байна” гээд ойр ойрхон хэд хэдэн удаа утсаар ярьсан. Тухайн үед би “чи өөрийн газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа юм бол миний зүгээс татгалзах зүйл алга” гэж хэлж байсан. Тухайн үед би хөдөө ажилтай байсан учир уулзаж амжихгүй байсан. Тэгээд сая 8 сарын сүүлчээр Бүрэгхангай сумын төвд Чагнаадорж гэдэг залуутай уулзсан. Тэр үед Чагнаадорж нь надтай уулзаад “миний газартай холбоотой бүх бичиг баримт болсон. Бүгд бүрэн байгаа. Одоо ганцхан танай нөхөрлөлтэй хамтарч ажиллах, нөхөрлөлийн нэрэн дээр чинь өөрийн газраа ажиллаж болно гэсэн сум орон нутгийн зөвшөөрөл авах юм бол болох гээд байна” гэж надаас гуйсан. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа Чагнаадорж нь Улаанбаатар хотоос өөрөө ирж надтай уулзаад Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяртай уулзаад “манай нөхөрлөл “Ө ”-ын нэрэн дээр бичил уурхай ашиглах үйл ажиллагаа явуулах гэрээ хийж, би гэрээн дээр гарын үсэг зурсан” гэсэн. Би уг гэрээний нэг хувийг авна гэж ярьсан чинь “дүү нь танд итгэж байхад надад итгэхгүй байгаа юм уу” гэхээр нь би “за,за” гээд хувилан авч чадаагүй. Тэгээд бид 2 хамгийн сүүлд гэрээ хийж гарч ирээд нэг уулзаад тэрнээс хойш одоог болтол уулзаж чадахгүй явна. Би тэр үед “АМГТ газраас дүгнэлт чинь гарсан юм уу” гэж асуухад надад “гарсан” гэж хэлсэн. Тэрнээс биш уг дүгнэлтийг харж, уншиж танилцаагүй. Гэрээ хийгээд 2-3 хоносны дараа Туулын гүүрний зүүн талд 2-3 гэр барьчихсан, зарим техникээ татаад байрлуулсан байсныг хажуугаар нь гарах үедээ харсан юм. Би тэгээд сая 10 дугаар сарын 15-ны үед нөгөө Чагнаадорж гэдэг залуутай утсаар яриад “за нөгөө уурхайн ажил чинь юу болж байна” гэж асуухад Чагнаадорж “Мөнхзул ахаа, би нөгөө гэрээгээ цуцалсан шдээ. Одоо надад хамаагүй болсон” гэж хэлсэн. Тэр үед би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “тэр газар нь маргаантай юм байна лээ. Тэгээд би цуцалсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-49-53 тал/
Гэрч Ч.Цэдэн-Ишийн өгсөн: Манай хүү бид нар анх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сум орон нутгийн холбогдох хүмүүстэй уулзаж “Нөхөрлөл” байгуулах талаар ярилцсаны үндсэн дээр бид нар сумын ИТХ-ийн тогтоолоор бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, бид нар 5 хүний гишүүнтэй байсан. Тэгээд уг нөхөрлөлийн ахлагчаар нь миний хоёрдох хүү Мөнхзул болсон. Тэгээд бид тэр жилээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэгтэл үүний дараа энэ жил буюу 2017 онд Бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хүний тоог нэмсэн гэсэн үндэслэлээр бид нар уг үндсэн бүрэлдэхүүн дээрээ шинээр 4 хүнийг нэмж, нөхөрлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй дахин батлуулсан. Уг хүмүүс нь манай ах дүү, хамаатан садангийн хүмүүс байсан. Албан ёсоор бол бид нар үйл ажиллагаа явуулаагүй. Харин өөр хүмүүс манай нөхөрлөлийн нэр дээр үйл ажиллагаа явуулсан байсныг мэдсэн. Тэр газар нь очиж хүмүүстэй нь уулзсан. Тэр үед тэдгээр хүмүүс манай хүүгийн нэрийг бариад “Мөнхзул мэдэж байгаа” гээд байсан. Тэгэхээр нь би “тэр Мөнхзул чинь манай хүү байгаа юм” гэж хэлэхэд “тэгвэл та Чагнаадорж гэдэг хүнтэй уулзаж учраа ол” гэж хэлсэн. Тэр үед би “юун Чагнаадорж, та нар анх гэрээг Засаг даргатай хийсэн юм биш үү” гэж асуухад “бид нар гэрээ хийгээгүй, харин тэр Чагнаадорж гэдэг залуу гэрээ хийсэн” гэж хэлсэн. Мөн тэнд байсан Э , Ганбаатар, Б.М гэдэг залуус “уг нь бид нар анх энэ газрыг судлаж авах талаарх зөвшөөрлийг хөөцөлдөж байтал тэр Чагнаадорж гэдэг залуу биднээс түрүүлээд зөвшөөрөл болон нөхөрлөлтэй гэрээ хийсэн байснаас болж бид нар хоорондоо маргаан болсон. Тэгээд бид нар тэр Чагнаадорж гэдэг залууд чинь мөнгө төлж байж энэ газрыг ашиглах эрхтэй болсон” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс яваад Э гэдэг залууг “чи маргааш суман дээр ирээрэй” гэж хэлсний дагуу нөгөө залуу суман дээр ирээд бид хоёр Засаг дарга дээр орсон. Засаг дарга Э ын авч явсан баримт бичгийг үзээд “та нар ирэх жил наад зөвшөөрөл дээрээ гэрээ байгуулах боломжтой юм байна” гэж хэлсэн. Тэр үед би “наад асуудал чинь надад хамаагүй шүү, би наад газраас чинь хүрз шороо ч аваагүй шүү” гэж хэлээд гарсан. Хууль зөрчсөн асуудал гарах юм бол надад хамаагүй шүү гэж хэлээд гарсан. Тэндээс гараад байгаль орчины байцаагч Батжүгдэртэй уулзаад “гэрээ хийсэн асуудал нь хууль бус юм байна ш дээ” гэж хэлэхэд “тийм, би мэдэж байгаа. Засаг даргад хэлсэн” гэж хариу өгсөн... гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,
Гэрч Ц.Оюумаагийн өгсөн: ...Тухайн үед би ерөөсөө мэдээгүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын дундуур ИТХ- ийн дарга Баатарын өрөөнд нэг орсон чинь танай хүү Мөнхзулын нэр дээр хоёр өөр хүн үйл ажиллагаа явуулаад байх юм даа. Би очоод тэд нарт “та нар гол ус руу битгий бохир усаа оруулаарай гэж хэлээд ирлээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь манай хүн бид хоёр уг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй нь уулзахад “бид нарт хамаагүй. Чагнаадоржтойгоо ярь” гэсэн. Бид хоёр ч гэсэн “та нар дур мэдээд хүний нөхөрлөлийн нэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа, та нарыг хууль хяналтын газарт хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд суманд ирээд би засаг дарга Эрхэмбаяртай орж уулзаад “та нар хаанаас ямар хүмүүс авч ирээд манай нөхөрлөлийн нэр дээр гэрээ хийж газар ухуулаад байгаа юм бэ” гэж асуусан. Засаг дарга тэр үед наад хүмүүс чинь Булганы хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар наад юмныхаа учрыг олоорой” гэж хэлсэн. Чагнаадорж, Батжүгдэр, Эрхэмбаяр нар нь ямар нэг холбоотой, тийм орой ажил тарсан хойно, ажлын бус цагаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах гэрээ хийнэ гэж юу байсан юм. Эд нар хоорондоо хобоотой гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
Гэрч Б.Буянбаатарын өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын эхээр “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын хажууд бичил уурхай ажиллуулж байгаа юм, ковш чинь байгаа юу” гээд Б.М ах залгаад асуухад нь би тухай үед ажилгүй байсан учир “та яасан ямар ажил байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд надад нэг их тодорхой зүйл ярилгүй сарын түрээсийг нь тохироод би ажиллахаар болсон. Тэгээд би техникээ аваад очиход М.Ц ах Туулийн гүүрэн дээр тосож авсан. Тэгээд тэндээ ажиллаж байсан чинь 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр цагдаа нар ирээд нөгөө уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Манай найзын техник юм, цагдаа дээр шалгагдаад ирсэн чинь техникээ аваад явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй /хх-70 тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М гийн яллагдагчаар өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 15-16-ны үед үйл ажиллагаа явуулж эхэлсэн. М.Ц гэдэг залуу надтай хамт газар хөөцөлдөж хамтарч ажиллах гэж байсан бөгөөд бид нар үйл ажиллагаа явуулахын тулд сумын Засаг даргатай гэрээ хийх ёстой, мөн үйл ажиллагаа явуулахын тулд заавал “нөхөрлөл” байх ёстой байдаг юм. Э гэдэг залуу Бүрэгхангай сумын “Ө ” гэдэг нөхөрлөлтэй тохиролцож гэрээ хийсэн байсан тэгээд бид нар “Ө ”-ын нэр дээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Үйл ажиллагаа явуулахын тулд Э бид нар тус тусдаа ажилласан бөгөөд газраа голоор нь хувааж хоёр хэсэг болж ажилласан. М.Ц бид хоёр техник хэрэгслүүдээ тэр хавийн хувь хүмүүсээс түрээслэж ажилласан бөгөөд хоёр “Хово”, нэг “Ковш” нэг “Эксковатор” түрээслэж ажилласан. Ажлаа 2017 оны 10 дугаар сарын 15-16-ны үед эхэлсэн. Бид нарын үйл ажиллагаа явуулсан газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын гуравдугаар багийн нутаг Туул голын гүүрний доохон талд байсан, тухайн газрын оноосон нэрийг сайн мэдэхгүй байна. Бид нар өөрсдөө зөвшөөрөл авахдаа “Гүүр-1”, “Гүүр-2” гэсэн нэрнүүдийг өгч байсан. Ашигт малтмалын газраас “ГҮҮР-1” гэсэн нэртэй газар дүгнэлт гарсан байсан. Бид нарын дүгнэлт гаргуулсан газар нь 2,9 га хэмжээтэй газар байсан бөгөөд яг үйп ажиллагаа явуулах ёстой газар нь 1,4 га газар байгаа юм. Гэтэл бид нар голоор нь хувааж ажилласан болохоор нэг талдаа 0,7 га газар ажиллах болоод байгаа юм М.Ц бид хоёр газраа ухаж эхлэхдээ 0,7 га дотроо тааруулж ухаж эхэлсэн бөгөөд доошоо гүнзгий болох тусам шороогоо ачиж гаргах боломжгүй болоод шороогоо гаргах зам нь нэг талруугаа сунаж өргөн болсон. Ингээд өргөн болохоор заагдсан хэмжээнээс хэтэрч гарсан. Журмандаа зөвшөөрөл заагдсан газар дотроо бүх зүйлээ багтааж ажиллах ёстой байдаг юм, гэтэл бид нар багтааж ажиллаж чадахгүй журам зөрчсөн юм. Бид нарын ухсан газар нь ойролцоогоор өргөн нь 25 орчим метр урт нь замтайгаа нийлээд 40 метр орчим хэмжээтэй газар гэмтээж ухсан гүн нь 18-20 мөтр орчим ухсан байсан. Бид нарын ухсан газар доороосоо ус гараад хүйтрээд ажиллах боломжгүй болоод зогссон. Бид нар 20 хоног л ажилласан байх тэгээд ажиллаагүй. М.Ц бид хоёр дан түрээсийн теникүүд түрээслэж ажилласан бөгөөд Ковшийг нь Буянбаатар гэдэг залуу жолоодож байсан. Эксковаторыг нь Гантулга гэдэг залуу жолоодож байсан. Ховоны хувьд өдөр өдөрт нь өөр өөр ховотой хүмүүс түрээслэж зөөлгөж байсан. Тухайн техникүүдийн эздийг нь сайн танихгүй одоо хаана байгааг нь мэдэхгүй. Монгол Соов гэдэг газар түрээсийн техникүүд зогсож байдаг тэндээс түрээслэж байсан юм. Миний хувьд зөвшөөрөлтэй газар зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан боловч заагдсан газрын хэмжээнээс хэтэрсэн асуудал дээр буруудаад байгаа юм. “Ө ” нөхөрлөлтэй ямар гэрээ байгуулсан талаар би сайн мэдэхгүй байна. Э гэрээ байгуулсан. Бид нар Ө нөхөрлөлийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн үг. “Ө ” нөхөрлөл газар шороо ухах үйл ажиллагаанд оролцоогүй. Бид нар шороогоо угааж үзээгүй байсан. М.Ц бид хоёр багын найзууд байгаа юм. Э Булганых гэдгийг мэднэ ойр дотно биш. М.Ц бид хоёрын хувьд зардлаа хувааж гаргаад олсон ашгаа хувааж авдаг. Ер нь би урьд өмнө алт олборлож үзээгүй анх удаа хийж байгаа. Э ыг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-93-94 тал/,
Шүүгдэгч М.Ц яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 04 дүгээр сараас анх Б.М гэдэг найзтайгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас бичил уурхайн зориулалтаар газар авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд сумын тусгай хэрэгцээний газраас нь би өөрөө сонгож GPS төхөөрөмжөөр кординатаа тогтоож Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутгаас газар сонгож Ашигт малтмалын газраас кординат давхцалтай эсэхийг нь шалгуулж давцалгүй байна гэсэн бичиг ирсэн. Бүрэгхангай сумын иргэдийн нийтийн хурал болон Аймгийн иргэдийн нийтийн хурлаар оруулж зөвшөөрүүлж дэмжүүлэн 2017 оны 08 дугаар сард Ашигт малтмалын газар луу материал нь явсан байсан. Ашигт малтмалын газраас дүгнэлт гарч ирэх ёстой байдаг гэтэл гарч ирээгүй удсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сард Булганы харъяа Э гэдэг миний таньдаг залуу Ашигт малтмалын газраас миний сонгосон газар үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн дүгнэлт гаргуулан авч ирсэн байсан. Тэгэхээр нь би Э наадах чинь бид нарын хөөцөлдсөн газар байгаа юм материал нь надад байгаа гэж хэлсэн. Тэгтэл Э гэдэг залуу тэгвэл бүгдээрээ энэ газраа хуваагаад ажиллъя гэдэг санал тавьсан. Тэгээд бид нар газраа хоёр хувааж ажиллахаар болоод 2017 оны 10 дугаар сарын 15-16-ны үед үйл ажиллагаа явуулж эхэлсэн. …Э гэдэг залуу Бүрэгхангай сумын “Ө ” гэдэг нөхөрлөлтэй тохиролцож гэрээ хийсэн байсан тэгээд бид нар “Ө ”-ын нэр дээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Үйл ажиллагаа явуулахын тулд Э бид нар тус тусдаа ажилласан бөгөөд газраа голоор нь хувааж хоёр хэсэг болж ажилласан...бид нар голоор нь хувааж ажилласан болохоор нэг талдаа 0,7 га газар ажиллах болоод ...Б.М бид хоёр газраа ухаж эхлэхдээ 0,7 га дотроо тааруулж ухаж эхэлсэн бөгөөд доошоо гүнзгий болох тусам шороогоо ачиж гаргах боломжгүй болоод шороогоо гаргах зам нь нэг талруугаа сунаж өргөн болсон. Ингээд өргөн болохоор заагдсан хэмжээнээ хэтэрч гарсан. Журмандаа зөвшөөрөл заагдсан газар дотроо бүх зүйлээ багтааж ажиллах ёстой байдаг юм, гэтэл бид нар багтааж ажиллаж чадахгүй журам зөрчсөн юм. ...Б.М бид хоёрын хувьд зардлаа хувааж гаргаад олсон ашгаа хувааж авна гэж тохиролцсон байсан. Урьд өмнө газар шороо уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Б.М тай тохриолцоод хамтраад хийсэн. Э ын хувьд бид нараас тусдаа үйл ажиллагаа явуулсан техник хэрэгслээ хаанаас авсан талаар сайн мэдэхгүй байна. Э ын хувьд 10 орчим метр газар ухаад хүйтэн болоод бид нараас түрүүлээд үйл ажиллагаагаа зогсоосон. Алт олборлоогүй бас хөрс хуулж байгаад больсон гэх мэдүүлэг /хх-96-97 тал/,
Байгаль орчны “Урбан Экологи” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №А/08 дугаартай:
1. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Ө " нөхөрлөлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 2.9 га талбай хамаарч байна.
2."Ө " нөхөрлөлийн үйл ажиллагаа явагдсан талбайд өмнө, хойно ямар нэгэн үйл ажиллагаа явагдсан эсэхийг байгаль орчны хохирлын үнэлгээний хүрээнд бүрэн тодорхойлох боломжгүй байна.
3.Үйл ажиллагаа явагдсан газарт байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ явуулах шаардлагагүй ба хохирлын үнэлгээний ажлын хүрээнд нарийвчилсан үнэлгээ хийх боломжгүй.
4."Ө " эөхөрлөлийн хууль бусаар алт олборлож байсан газар нь Туул голын хамгаалалтын бүсэд хамаарч байна.
5.Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгчийн олж тогтоосон тусгай зөвшөөрөл хэтэрсэн гэх хэсэг нь ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон газарт байрлаж байна.
6.Уг газрыг ухсанаар тухайн орчны хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, газрын хэвлий, эдэлбэр газарт хохирол учирсан байна.
7.“Ө ” нөхөрлөлийн хууль бусаар ашиги малтмал олборлох үйл ажиллагаагаар 1485.4м2 талбайг ухаж байгаль орчинд 1827466.47 /нэг сая найман зуун хорин долоон мянга дөрвөн зуун жаран зургаа зууны дөчин долоо/ төгрөгний хохирол учруулсан байна.
8. Уг газрыг урьд өмнө ашиглаж байсан эсэхийг нарийвчлан тогтооход цаг хугацаа байгаль орчны /өвөл, цасан нөмрөг/ хязгаарлагдах хүчин зүйлд орсон учраас боломжгүй байна гэх дүгнэлт /хх-75-85 тал/,
Байгаль орчинд 1827466.47 / төгрөгний хохирол учруулсан ба нийт 5223394 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож байна гэх Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-87 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26 тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-ийн 103-123 тал/, “Ө ” нөхөрлөлийн бичиг баримтууд /хх-156-187 тал/, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр төлсөн баримт /хх-206 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М , М.Ц нар нь бүлэглэн 2017 оны 09, 10 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Баруун Захцаг” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 1827466 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар хохирогч Б.Нямдорж, гэрч Ч.Цэнд-Иш, Ц.Оюумаа, Б.Буянбаатар, Б.Должинням, Ц.Э , Н.Эрхэмбаяр, Ц.Мөнхзул нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, байгал орчинд 1827466.47 төгрөгний хохирол учирч нийт 5223394 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсон тухай Байгаль орчны “Урбан Экологи” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №А/08, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль орчинд учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.М , М.Ц нарын хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тоцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Б.М , М.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж, ам бүл олуулаа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М , М.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй, битүүмжлэгдсэн зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б.М , Боржгон овогт Могойтарын М.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М , М.Ц нарыг тус тус 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М , М.Ц нарт тус тус оногдуулсан 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М , М.Ц нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М , М.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй, битүүмжлэгдсэн зүйл үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М , М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД