| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2503003041243 |
| Дугаар | 2026/ДШМ/390 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/390
2026 04 02 2026/ДШМ/390
Ц.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-гийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн,
иргэний нэхэмжлэгч Д.П-, Ц.Б-, иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч Б.Б- нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Д.П-, Ц.Б-, иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч Б.Б- нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2503003041243 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Ц-ын А-, 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжүүр баталгаажуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ДЦ-/;
Шүүгдэгч Ц.А- нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-н товчооны замд Beiben North Benz маркийн Ц- ГАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчин үргэлжилсэн хос шугамыг даван зүүн гар тийш эргэх үйлдэл хийж тус замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota Land-70 маркийн Ц-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Toyota Land-70 маркийн Ц-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Б-ийн биед хохирлын хүнд гэмтэл учруулсан, Д.А-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний биед хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497, 508, 510, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-аас 48,645,000 /дөчин найман сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-д, 45,614,000 /дөчин таван сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.П-д тус тус олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А- нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-, иргэний нэхэмжлэгч “А-” ХХК нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч Д.П-, Ц.Б-, иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч Б.Б- нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийн зөрүү 15,936,604 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А-” ХХК-аас нэхэмжилсэн" гэж дүгнэлт хийжээ. Эрүүгийн 2503003041243 дугаартай хэрэгт “А-” ХХК-ийг Иргэний хариуцагчаар татах хуулийн үндэслэл тогтоогдоогүй, хуулийн этгээдийг Иргэний хариуцагчаар тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр огт байдаггүй юм. Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Ц.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас ажил руугаа очиж явсан “А-” ХХК-ийн ажилтнуудын эрүүл мэнд, амь нас хохирсон. Нөгөө талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “А-” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэл нь энэ хэргийн гэм буруутай этгээдээс “А-” ХХК-ийн нэхэмжилж байгаа иргэний нэхэмжлэлээс агуулгын хувьд өөр, заавал энэ эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гэдэг нь илтэд байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон “А-” ХХК-аас олгосон нөхөн олговрын зөрүү болох 15,936,604 төгрөгийн маргаан нь энэ хэргээс тусдаа Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан “хариуцагч “А-” ХХК гэсэн шүүхийн дээрх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн тогтоолд: Иргэний нэхэмжлэгч “А-” ХХК-аас шүүгдэгч Ц.А-аас оршуулгын зардал 24,072,663 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 158,639,546 төгрөг, хохирогч Б.Б-эд төлсөн 31,379,391 төгрөг, нийт 214,091,601 төгрөгийг нэхэмжилсэн болно. Дээр дурдсан нэхэмжлэлүүд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй, зам тээврийн ослын улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, тоо, тооцооллын зөрүүтэй, хохирогч Б.Б-э нь “А-” ХХК бус “Д-” ХХК-ийн ажилтан, түүнчлэн хохирогч хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн зарим баримтуудтай давхардсан тус эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ" гэжээ. Дээрх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх доорх үндэслэлүүд байна.
Шүүгдэгч Ц.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас “А-” ХХК-ийн ажилтан Д.А-ын амь нас хохирсон, “Д-” ХХК-ийн ажилтан Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулсан байна. Тодруулбал, дээрх зам тээврийн ослыг шүүгдэгч Ц.А- гаргаагүй бол “А-” ХХК, “ Д-” ХХК-уудаас үйлдвэрлэлийн осолтой холбоотой нөхөн олговор олгох нөхцөл, хуулийн үндэслэл үүсэхгүй байжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас тэдгээр компанийн ажилтнуудын эрүүл мэнд, амь нас хохирч, компанид гэм хор учруулсан байна. Нөгөө талаар энэ хэрэгт Beiben Nort Benz загварын Ц-ГАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Ц-ыг Иргэний хариуцагчаар тогтоожээ.
“А-” ХХК болон “Д-” ХХК нь нөхөн олговор буюу 190,018,938.63 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл, холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалснаар тооцуулсан. Тодруулбал, дээрх мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-гаас нэхэмжлээгүй, нөхөн олговрын зөрүү нь гэм хорыг хариуцвал зохих этгээдэд огт хамааралгүй нөхцөл байдлыг орхигдуулж, тоо тооцоолуурын зөрүүтэй мэтээр шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
“А-" ХХК болон “Д-” ХХК-ийн захирал нь нэг хүн буюу Ч.О- бөгөөд компанийг төлөөлж Б.Б-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгуулах тухай түүний шийдвэрүүд, Иргэний нэхэмжлэгчээр Б.Б-ийг тогтоосон мөрдөгчийн тогтоол хэрэгт тус тус хавсаргагдсан, түүнчлэн иргэний нэхэмжлэгч тэрээр биечлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байхад “Д-” ХХК-ийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол гараагүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийг “Д-” ХХК-ийг төлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт эргэлзээтэй байна. Нөгөө талаар “Д-" ХХК-ийн ажилтан Б.Б-эд олгосон нөхөн олговортой холбоотой нэхэмжлэлийг уг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөлд “А-” ХХК-ийн 158,639,546.88 төгрөгийн нэхэмжлэлийг энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг шүүх орхигдуулжээ.
Иргэний нэхэмжлэгч Д.П-д холбогдох асуудлаар: Энэ хэрэг гарсны дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эзэмшлийн “Toyota Land Cruiser-70” загварын Ц-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар албадан ачиж, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүргэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр 6 сая гаруй төгрөг болсон, энэ төлбөрийг гэм буруутай этгээд төлөх эсэх нь эргэлзээтэй, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид шүүхийн шийдвэргүйгээр буцааж, хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл үүсжээ. Тодруулбал, түр саатуулагдсан “Toyota Land Cruiser-70” загварын Ц-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох, түр саатуулах байрны төлбөрийг хэн хариуцах асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Энэ асуудлыг эрүүгийн хэргийн хамт шүүхээр шийдвэрлүүлэх хуулийн үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн 2026/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт, оруулан “А-” ХХК болон “Д-” ХХК-д учруулсан 190,018,938.63 төгрөгийн гэм хорын хохирлыг Ц.А-, иргэний хариуцагч Х.Ц- нараас гаргуулахаар хянан шийдвэрлэж өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эзэмшлийн “Toyota Land Cruiser-70” загварын Ц-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид хүлээлгэж өгөх, түүнчлэн тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны төлбөрийг шүүгдэгч Ц.А-аас гаргуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-гийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасныг дагуу 174,576,150 төгрөгийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд дурдсан үнийг дүнгээс 15,936,604 төгрөгийг иргэний хариуцагчийн талаас дутуу шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд манай зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн үлдэгдлийг гаргуулж авах байр суурийг илэрхийлж оролцсон болохоо хэлэх нь зүйтэй байна. Оршуулгын зардалд 24,072,663 төгрөг зарцуулагдсан. Уг хохирол төлбөрийг нэхэмжлэхэд иргэний хариуцагч/ нэхэмжлэгч буюу “Б-” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-д оршуулгын зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээж авахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж, шаардах эрхээ шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх оршуулгын зардалтай холбоотой, шаардах эрхээ шилжүүлж байгаа байр суурийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй байсан тул энэ нөхцөл байдалд шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.А- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Хүрэлбаатар өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараас оршуулгын зардалд нэхэмжилсэн 24,072,663 төгрөгөө нэхэмжлэхээсээ татгалзаж байна гэж ойлголоо. Түүний гомдолдоо дурдсан байсан бусад зардал болох хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчид олгосон тэтгэмж зэрэгтэй холбоотой тайлбар хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно…” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Б-” ХХК-иас амь хохирогчийн ар гэрт олгосон тэтгэмжийг “Б-” ХХК-иас гаргасан нь хуулийн зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл тус компани шүүхийн шатнаас эхэлж тэтгэмж болон бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэх тайлбар гаргаж, өнөөдрийг хүртэл явж байгааг өмгөөлөгчийн зүгээс гайхаж байна. “Б-” ХХК-иас гомдолдоо дурдаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд огт яригдаагүй. Энэ талаар хэрэг шалгагдаж байх хугацаанд ямар нэгэн ажиллагаа явагдаагүй. Анхан шатны шүүх хуралдааны тов гаргаад эхний хуралдаан хойшилсон. Шүүх хуралдаан хойшлох үед “Б-” ХХК-иас нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Б-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг иргэний журмаар гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ц.А- нь хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа, тэрээр хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөрөнгийн үнэлгээний зардал болон машин ачилтын төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал зэрэг жижиг зардлуудыг төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, түргэн явуулахад дэмжлэг үзүүлж ажилласан болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б-ийг үйлдвэрлэлийн ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан, амь хохирогч мөн үйлдвэрийн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан зарим дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
Нөгөөтээгүүр, энэ хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тоо тооцооны хувьд алдаатай, ойлгомжгүй байдлаар дүгнэсэн, энэ талаар шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй тул энэ талаар тодорхой ойлгомжтой эргэлзээгүй байдлаар дүгнэж дахин шийдвэрлэх нь шаардлагатай байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан иргэний нэхэмжлэгч Д.П-, Ц.Б-, иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч Б.Б- нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.А-
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ