Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 348

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар магадлалтай, Б.А холбогдох 1909014640841 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 221 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан О овогт Б-ийн А.

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 09, 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгуулгыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 42,350,000 төгрөгийг залилан мэхэлсэн,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт болох “Mercedes benz ML 350" маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.А-ыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шийтгэл тогтоолд улсын яллагчаас ямар нэгэн гомдол, эсэргүүцэл гаргаагүй болно. Анхан шатын шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж Б.А холбогдох хэргийг зөв зүйлчлэж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгуулага нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлсэн. Уг хэрэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Б.А нь хариуцагч “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагад төлбөр мөнгийг нь төлж барагдуулсан байхад давхар эрүүгийн хэрэг үүсгэж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Б.А-ын үйлдэл нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэсэн тусгай гэмт хэргийн шинжгүй, зөвхөн автомашиныг “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 25,000,000 төгрөгийн зээл авсан. Уг 25,000,000 төгрөгийн зээлийг Б.А өөрийнхөө нэр дээр авсан зээл тул эхнэрийнхээ автомашиныг өөрийн нэр дээр болгосон хуурамч бичиг баримтыг ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж зээл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч хэргийн зүйчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.Ариунболд тухайн автомашинаа унаж явдаг болгохын тулд “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа дээрх бичиг баримтыг ашигласан, зээлийн хүү төлбөрөө төлж байсан байдаг. Б.А холбогдох эрүү, иргэний хэрэг давхар явж байгаа бөгөөд иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Б.А нь “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрт хүү, алданги нийт 50,463,092 төгрөгийг төлсөн. Анхан шатын шүүх энэ нөхцөлд байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Бичиг баримт ашигласан үйлдлийг нь залилан мэхлэх гэмт хэргийн арга гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг ашиглаж, уг гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Б.Б-ийн эзэмшлийн “Mercedes benz ML 350” маркийн 44-24 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгуулагаас 35 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлж, улмаар барьцаалсан тээврийн хэрэгслээ унаж явах эрхтэйгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа тус байгууллагын эзэмшилд шилжүүлсэн мэтээр хуурамч баримтыг бусдаар үйлдүүлэн ашиглаж, залилан мэхэлсэн үйл явдлыг сэргээн тогтоох, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, учирсан хохирол зэрэг  хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр шууд хийгээд шууд бус нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс хянан үзсэний эцэст Б.А-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.     

Шүүгдэгчийн барьцааны зүйлийг хуурамчаар үйлдсэн бичиг баримт ашиглан шилжүүлээгүй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хуурамч бичиг баримт ашиглан барьцааны зүйлийг хууль бусаар барьцаанаас чөлөөлж, барьцаалагчийг хуурч, мэхэлсэн үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл биш бөгөөд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулахдаа ашигласан залилах гэмт хэргийн арга хэрэгсэл гэж үзэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулиар хангагдсан өөр эрх ашиг зөрчигдсөн байхад “гэмт хэргийн арга” гэж үзсэн нь буруу гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч нь хуурамчаар үйлдсэн бичиг баримт ашиглан өмнөх зээлийн харилцааны үргэлжлэл болгож барьцааны гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин байгуулахдаа өмнөх зээл дээр нэмж 7,350,000 төгрөг авсан   боловч үүнийг баталгаажуулсан, нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн гэрээнд өөрчлөлт, нэмэлт оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр зөвхөн барьцааны гэрээг дахин байгуулснаар зээлийн гэрээний харилцаа үргэлжилнэ гэж ойлгож болохгүй тул анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчээс иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох хүү, алданги тооцоогүй нь үндэслэлтэй.

Иймд шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН