Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0499

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Доржбатын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Доржбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар бүхий “Л.Д-ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Л.Д-ыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 4,981,933 /дөрвөн сая есөн зуун наян нэгэн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг Л.Доржбатад олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 23.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх заалтаар тайлбарлан шийдвэрлэсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох гэж заасныг хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Д нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар тушаалыг хүчингүй болгож Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус баримтлан Л.Доржбатыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, тус дүүргийн 15 дугаар хорооны Дотоод ажлын зохион байгуулагчаар томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалттай.

Гэтэл Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагын ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангаагүй /төрийн албанд 5 жил ажилласан байх/ гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулж томилсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн албан тушаалд тавих шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй бөгөөд 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс маргаан бүхий албан тушаалыг эрхэлж байсан төрийн албан хаагчийг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёсны” болон 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимтай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 7 дугаар зүйлд “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ” гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар батлагдсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өмнөх бүтцэд байсан Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0546 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх тул дээрх зааврын дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах шаардлага үүсээгүй гэж үзэхээр байна.

          Харин шүүх нэхэмжлэгч Л.Д-ыг хуучин бүтцэд байсан Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь алдаатай байх боловч хариуцагч энэ талаар маргаагүй, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд түүнийг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нийтэд илэрхий үйл баримт тул шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон албан тушаалыг шинэ бүтцээр батлагдсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаал гэж ойлгохыг дурьдах нь зүйтэй.

          Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН