Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01395

 

 

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01395

 

 

Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/01613 дугаар шийдвэртэй, Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Ч эд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 490,592,208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК нь П.Ч ийн захиалгаар Япон улсаас 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд нийт 54,543,173 иений өртөг бүхий 147 автомашиныг худалдан авч Монгол улс руу ачиж хүргүүлсэн. Тэрээр 28,619,477 иенийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө төлсөн бөгөөд гэрээ байгуулахад 25,923,696 иен буюу 577,061,472 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт гудамж, 1120/3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201001594 дугаартай 412 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 250,000,000 төгрөгөөр тооцон төлбөрт авсан. Одоо 327,061,472 төгрөгийг өр төлбөр барагдуулах гэрээний 5.1-д заасны дагуу алданги 163,530,736 төгрөгийн хамт нийт 490,592,208 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцохдоо 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ханшаар иений ханш 22.26 төгрөгөөр бодсон гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч П.Ч нь хувиараа автомашин борлуулдаг ба, Япон улсаас холбогдож эхэлсэн. П.Ч нь Монгол улсад оршин суух хаягаар контейнер явуулсан байж болох бөгөөд хэд орж ирсэн болохыг мэдэхгүй. П.Ч нь 48 автомашин авсан байдаг. Гэтэл хэдэн контейнер орж ирсэн, бүх автомашиныг П.Ч худалдаж авсан гэснийг зөвшөөрөхгүй. П.Ч нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний хооронд 302,120,793,13 төгрөгийн үнэ бүхий 48 ширхэг машины гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авч, гаалийн татварт 15,106,039.66 төгрөгийг, онцгой албан татварт 78,312,660 төгрөг, НӨАТ-т 39,553,949.28 төгрөг, хураамжид 336,000 төгрөг, нийт 133,308,648,94 төгрөгийг татварт төлсөн. Хариуцагч нь 155, 147 автомашин захиалаагүй, худалдаж аваагүй, гэрээ хийгээгүй, гаалиар орж ирж хүлээн авсан өөрийн нэр бүхий 48 автомашины 21,432,430 иенийг Японы Ж ХХК-д төлсөн. Хариуцагч П.Ч нь иргэн М.Т тай Япон улсаас автомашин зээлээр авч худалдахаар аман тохироо хийж 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн Сонгинохайн дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 1120/3 тоот 412 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй хувийн орон сууцыг барьцаалж 500,000,000 төгрөгийг, сарын 1,25 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлсэн болж барьцаат зээлийн гэрээг байгуулан автомашин захиалахаар болсон. Энэ гэрээнд бичигдсэнээр хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т гаас 500,000,000 төгрөг бэлнээр аваагүй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь хариуцагч П.Ч эд захирал Цурута Такаши нь хариуцагчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг М.Т гийн нэр дээр шилжүүлж баталгаажуулсаны дараа автомашин зээлээр явуулна гэж хэлсэн тул хариуцагч дээрх үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 26,000,000 төгрөгөөр худалдсан болгож М.Т гийн нэр рүү шилжүүлсэн. Хариуцагч П.Ч гэрээний үнэ 26,000,000 төгрөгийг М.Т гаас аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлээр авах автомашин захиалгын төлбөрийн тооцооны гэрээ хийж байна гэж хэлээд хариуцагч П.Ч ээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед хариуцагч зээлээр 500,000,000 төгрөгийн үнэ бүхий олон автомашин авах төлбөрийн гэрээ гэж ойлгоод уг гэрээтэй танилцалгүй гарын үсэг зурсан. Хариуцагч П.Ч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Япон улсаас автомашин аваагүй болно. Нэхэмжлэлд ...155 ширхэг автомашинаас 107 автомашиныг хариуцагч аваагүй. Нэхэмжлэлд хариуцагч П.Ч ийг 28,619,477 иен төлсөн гэжээ. Гэтэл хариуцагч П.Ч нь 48 автомашины үнэ 21,432, 430 иенийг төлсөн ба зөрүү 7,187,047 иенийг Япон улсаас автомашин авч худалдсан н.Гэрэлсайхан нь зарсан автомашины төлбөрийг хариуцагч П.Ч ээр дамжуулан шилжүүлж байсан төлбөр байна. Одоо хариуцагч П.Ч нь нэхэмжлэгчид автомашины төлбөрийн ямар ч үлдэгдэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Ч эд холбогдох 490,592,208 төгрөг гаргуулах тухай Ж ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,610,911.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т нэхэмжлэгч, хариуцагч 147 автомашины үнэ шаардах боловч түүний шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 147 автомашин Япон улсаас явуулсан талаар маргахгүй гэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч, хариуцагч П.Ч ийн захиран зарцуулалтад Япон улсаас 54,543,173 иенийн өртөг бүхий 147 автомашин явуулсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Мөн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ болон 13,619,477 иен төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж үгүйсгээгүй. Мөн шүүх Гаалийн ерөнхий газраас гаргуулсан лавлагааг шийдвэрийн үндэслэл болгон дурдсан бөгөөд энэ лавлагаа нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гаргуулсан нотлох баримт бөгөөд лавлагааны хариу дутуу гарсан гэж нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлсэн. Учир нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа нь зөвхөн хариуцагчийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлсөн талаар лавлагаа ирүүлсэн. Монгол улсын хилээр дээрх 147 автомашинууд П.Ч ийн нэр дээр ирсэн эсэх, ирсэн бол П.Ч тэдгээрийг хэрхэн захиран зарцуулсан эсэх талаар тодорхой мэдээлэл тусгагдаагүй. Мөн Гаалийн ерөнхий газрын нотлох баримтаар ирүүлсэн 2 удаагийн жагсаалтаар Гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудын арлын дугаар давхцаагүй автомашин байсан нь Гаалийн ерөнхий газраас лавлагааг дутуу ирүүлсэн гэдгийг харуулж байхад шүүх харгалзан үзэж тодруулах боломж олголгүйгээр нэг талыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэлээ Ж ХХК нь П.Ч ийн захиалгаар Япон улсаас 155 ширхэг автомашин худалдан авч, Монгол улс руу ачиж, хүргүүлсэн. Иргэн П.Ч нь Ж ХХК -аас автомашин худалдан авч, Монгол улс руу ачуулах тухай гэрээ хийгээгүй. Харин Ж ХХК нь Монгол улсын татвараас зайлсхийж П.Ч ийн нэр дээр автомашин ачуулсан. П.Ч нь өөрийн нэр дээр ирсэн автомашины 48 ширхэгийн Монгол улсад төлөх ёстой бүх татварыг төлж, худалдан борлуулж, Ж ХХК -ийн бүх төлбөр төлснийг хэрэгт нотлох баримтаар бүрэн нотлогдоно. Хариуцагч өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалж Ж ХХК нь автомашин захиалах гэрээ хийх хүсэлт тавьсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 500,000,000 төгрөг зээлүүлсэн гэж гэрээ байгуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх мөнгийг М.Т гаас аваагүй. Мөн нотариатаар гэрчлүүлсэн гэрээ нь Ж ХХК нь хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн газрын өр төлбөр авсан талаар баримт байхгүй. Гомдол гаргагч нь 147 автомашиныг П.Ч ийн нэр дээр явуулсантай маргаагүй. Гаалийн ерөнхий газар 147 автомашиныг П.Ч захиалаагүй гэдгээ илэрхийлсэн. Шүүх нэхэмжлэгчийн хүссэн хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газраас лавлагаа 2 удаа ирүүлсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Иргэний хэрэг хэлэлцэх явцад зохигчид өөрсдийн нотлох баримтыг хангалттай гаргаж өгөх үүрэгтэй. Уг хэрэг нь 1 жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд шүүх хуралдаанд хангалттай хугацаанд үүргээ биелүүлэх боломжтой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч П.Ч эд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 490,592,208 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж ХХК нь иргэн П.Ч ийн захиалгаар Япон улсаас 2013-2015 онд 54,543,173 иенийн өртөг бүхий 155 ширхэг автомашиныг худалдан авч Монгол улс руу ачиж хүргүүлснээс хариуцагч нь 28,619,477 иенийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө төлсөн ба гэрээ байгуулах үеийн үлдэгдэл 25,923,696 иен буюу 577,061,472 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Улмаар 412 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 250,000,000 төгрөгөөр тооцон төлбөртөө авсан. Одоо үлдэгдэл 327,061,472 төгрөгийг өр төлбөр барагдуулах гэрээний 5.1-д заасны дагуу алдангийн хамт гаргуулна... гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс ирүүлсэн 48 ширхэг автомашины үнийг төлсөн, өр төлбөр барагдуулах гэрээг автомашин захиалах зорилгоор байгуулсан, баталгаа болгон хөрөнгө шилжүүл гэсний дагуу нэр дээр нь шилжүүлсэн, төлбөрт тооцохоор тохиролцоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ. /1хх1, 98, 106, 184/

5. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.а. Нэхэмжлэгч Ж ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , хариуцагч П.Ч нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус үндэслэн иргэн М.Т нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын гудамжны 1120/3 тоот хаягт байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай нийт 412 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг, мөн хаягт байршилтай 780 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг тус тус шилжүүлэн авсан, М.Т гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрыг хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК 2020 онд 241,285,100 төгрөгөөр үнэлсэн байна.

5.б. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , хариуцагч П.Ч нар нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулан тооцоо нийлсэн акт үйлдэж, уг баримтаар хариуцагч П.Ч нь 2013-2015 оны хооронд Ж ХХК /нэр солигдсон Жаст граж ХХК/-иас 155 ширхэг автомашиныг худалдан авсан, төлбөрт 54,543,173 иен төлөх ёстойгоос 28,619,477 иенийг төлсөн ба үлдэгдэл болох 25,923,696 иен буюу гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханшаар /1иен=22.26/ 577,061,472 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 180 хоногийн дотор төлөх, гэрээний 5.1-д төлбөр төлөгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. /1хх3-17, 26, 28, 30, 40-79/

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, нэхэмжлэгч Ж ХХК -ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компаниас иргэн М.Т , О.Баяржаргал нарт олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч компаниас хариуцагч П.Ч эд худалдсан автомашины жагсаалтаар гаргасан нэхэмжлэх, Гаалийн ерөнхий газрын гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл зэрэг бичгийн баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдсон гэж дүгнэлээ. 1хх3-17, 26, 28, 30, 40-79, 98, 109-119, 178-183, 206, 218, 226-228, 244-250/

Хариуцагч П.Ч нь ...нэхэмжлэгчээс ирүүлсэн 48 ширхэг автомашины үнийг төлсөн, өр төлбөр барагдуулах гэрээг автомашин захиалах зорилгоор байгуулсан, баталгаа болгон хөрөнгө шилжүүл гэсний дагуу нэр дээр нь шилжүүлсэн, төлбөрт тооцохоор тохиролцоогүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааасны дагуу өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах төлбөр төлсөн баримтууд, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01-2/937 дугаар албан бичгээр ирүүлсэн гаалийн бүрдүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нь /1хх120-138, 226-228/ нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, уг өр төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасч тооцох баримт биш болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , хариуцагч П.Ч нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээ нь талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Эдгээр гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, газрын эзэмшил шилжүүлсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй.

Давж заалдах шатны шүүхээс дээрхийг нэгтгэн, нэхэмжлэгч Ж ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт 327,061,472 төгрөг, алдангид 163,530,736 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан 50 хувиар багасгаж, 81,765,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/01613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ч ээс 408,826,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,765,368 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,610,911.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ч ээс 2,202,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК -д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,610,911 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН