Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00260

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1725002640092 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

С овогт Б-н О-, Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын 2 дугаар багийн Бэлчир гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар **.

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.О-нь 2017 оны 09 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б.Б-гийн...“Уртцагааны тэр хэсгээр алхаж байтал үл таних дээлтэй ах тааралдаад хоёулаа ганц юм ууя гээд дагуулаад 9 давхар байшингийн гадаа дагуулж очоод бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд намайг дагуулаад Говил гэх хороололд авч очоод нэг шил архи задалж өгөөд 2 найзыгаа дуудаад намайг зодсон. Би зодуулаад цаашаа төв зам руу гүйгээд алхсаар байгаад Уурхайчин багт байрлах буудалдаа ирээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-12-р хуудас/

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 827 дугаартай дүгнэлтийн ...”Б.Б-гийн биед зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн гарын бугуйнд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулна. Гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

3. Шүүгдэгч Б.О-мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“2017 оны 10 сарын 27-ны өдрийн өглөө Говил багаас Хүлэг хүнсний зах руу явж очиж архи уудаг 4 хүнтэй тааран танилцаад нэг шил архи уучихаад сууж байсан чинь миний зодож эд зүйлийг минь авсан залуу зүс танихгүй нэг ахтай ирсэн. Тэгээд бид нар нийлээд миний зодож, эд зүйлийг минь авсан залуу Улаанбаатар хот руу ээж рүүгээ утсаар ярьж байгаад 30000 төгрөг дансаар шилжүүлэн аваад дэлгүүрээс 2 шил архи авч цуг архи ууж байсан хүмүүст өгчихөөд би тухайн залуутай хамт Хүлэг хүнсний захын урдаас унаанд суугаад Говил багийн Илгээлтийн авто баазын орчим буугаад хойд талын улаан тоосгон дэлгүүрээс нэг шил архи аваад дэлгүүрийн хажуу талд хувааж ууж байгаад бид хоёр өмсөж байсан гутлаа /пүүз /  сольж өмссөн. Тэгсэн нөгөө залуутай ам муруйж маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн залуу авто зам дээр гараад машинд дайруулж үхнэ гээд байхаар нь би гарнаас татаж замаас гаргаад нүүрэн тус газар нь ганц нэг удаа гар, хөлөөрөө цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Б.Б- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-мэдүүлэхдээ “ Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О-нь 2017 оны 09 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Б-д учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгч Б.О-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-нь энэ хэрэгт 23 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн тооцож нийт 184 цагийн түүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С  овогт Б-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 23 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 184 цагаар тооцож оногдуулсан ялаас хасч, эдлэх ялыг 56 цагийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч

Б.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС