| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0214/Э |
| Дугаар | 00256 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М- д холбогдох эрүүгийн 1825003000224 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г гэлэн овгийн О-н М- , Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэр ахуйн цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр баг Шарга гэх газарт амьдардаг, одоо Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн баруун задгайн ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД: **/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Тайгер баарны гадна О.А д хүч хэрэглэн довтолж Samsung S-3 маркийн гар утас, хэтэвч зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч О.А-н ...“ 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед эхнэр Г.О-ы хамт Уурхайчин багт байрлах Хангайн бүс худалдааны төв дээр хадам эгч О--той уулзаад хэсэг ярьж байгаад эхнэрийн хамт Хангайн бүс худалдааны төвөөс гараад эхнэрийг эгч дээр нь үлдээгээд барилгын материал зардаг Шархаа гэх дэлгүүрийн эзэнтэй уулзаж цалингаа авахаар явсан. Тэгээд Шархаа төв дээр очоод 50 000 төгрөгийн цалингаа аваад Оюут багт байрлах Хаан банкны салбар дээр очиж өөрийн дансандаа мөнгөө хийгээд явж байтал миний гар утсанд А- гэх ахаас “хаана байгаа юм, уулзмаар байна” гэх утгатай захиа ирсэн. Тэгээд бид хоёр утсаар холбогдон Дөмөг худалдааны төв дээр 17 цагийн үед уулзаад Сэлэнгэ зочид буудлын хажуу талд байрлах дэлгүүрээс 2 литр нийслэл пиво авч уугаад 1 дүгээр хороололд байрлах кафе гэх нэртэй газарт орж дахин пиво авч уусан. Тэнд хэсэг сууж байгаад А- ахын хамт 21 цагийн үед тэр газраас гараад Уурхайчин багт байрлах Богд гол нэртэй бааранд орсон. Бааранд бид хоёр дахин 2 шил пиво авч уугаад сууж байтал баар хаах болоод хүмүүс гарцгаасан. Тэгээд ухаан балартаад цааш юу болсныг санахгүй байна. Миний санаж байгаагаар баарны гадна хүмүүстэй муудалцаж зодуулаад баарны гаднаас гэр лүүгээ 01 цагийн үед явсан гэж бодож байна. Тэгээд 7 цагийн үед аав Оюунбатын гэрт сэрээд босоод иртэл миний урд гурван шүд уначихсан, толгой арын дагз хэсгээрээ хавдсан, гадуур хувцасны халаасанд байсан хэтэвч, гар утас байхгүй болчихсон байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-19-р хуудас/ 2.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаний шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 364 дугаартай дүгнэлтийн ...“О.А-н биед дээд баруун нэг шүд, дээд зүүн хоёр шүдний булгаралт, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Дээд баруун нэг шүд, дээд зүүн хоёр шүдний булгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруулын гадна хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээд баруун нэг шүд, дээд зүүн хоёр шүдний булгаралт энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/
3.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/Э-0170 дугаартай дүгнэлтийн ...“Samsung SЗ маркийн гар утас 80 000 төгрөг”... гэсэн үнэлгээ. /хх-ийн 25-26-р хуудас/
4.Хар өнгийн Samsung SЗ маркийн гар утас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 31-р хуудас/ .
5.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 02- 02/14 дугаартай дүгнэлтийн ... “түрийвч 5000 төгрөг”... гэсэн үнэлгээ. /хх-ийн 34-36-р хуудас/
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг болон хуурцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл.
7. Гэрч Д.М-н ...“2018 оны 04 сарын 27-ны өдөр цуг ажиллаж байсан хуурай дүү О.А-тай 15 цагийн үед Оюут багт байрлах Шархаа төв дээр уулзаад тэндээс бид хоёр Зэст багт байрлах Кафе гэх газарт орж пиво захиалж уугаад орой 20 цаг хүртэл сууж байгаад гарсан. Тэгээд Богд гол нэртэй Уурхайчин багт байрлах баар орж 3 шил пиво авч уугаад орой 23 цагийн үед тэндээс гараад хажуу талд нь байдаг Тайгер нэртэй баар орохоор явсан. Тэр баарны үүдэн дээр очоод гадаа байж байтал цуг явсан дүү А ороод алга болчихсон. Тэгээд араас нь ороод хайтал олдохгүй байхаар нь баарны хамгаалагчаас асуутал ариун цэврийн өрөөнд байсан гэж хэлсэн. Тэгээд буцаад гараад иртэл баарны хажуу талын спорт заалны үүдэнд зодуулчихсан сандал дээр цустайгаа холилдсон байдалтай байсан. Тэгээд Бамбай хамгаалалтын албаны хүнээс камер шүүгээд өгөөч гээд хэлтэл хажуу талаас нэг залуу орж миний нүүр нүдний хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохисон”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/
8.Шүүгдэгч О.М- гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Бааранд сууж байгаад тамхилах гээд гадаа зогсож байтал хохирогч болох залуу надад хандаж нэг тамхи өгөөч гэхээр нь ганцхан ширхэг байна, би өөрөө татах гэж байна ш дээ гэсэн чинь наад тамхиа аваад ир гэж нилээн ширүүн дуугарахаар нь за тэгвэл тамхийг чинь өгье гэж хэлээд дагуулж яваад сандал дээр суулгаж байгаад чи одоо тамхиа авах уу гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь ухаан алдаад уначихсан юм. Тэгэхээр нь татаж босгож ирээд түрийвч, гар утас хоёрыг нь аваад баарны ОО-ийн өрөө рүү орж гарынхаа цусыг угаагаад түрүүвчийг нь онгойлгоод үзэхэд 2500 төгрөг байхаар нь мөнгийг нь аваад хамт явсан хүмүүс дээрээ ирээд хэсэг бүжиглэж байгаад тэндээсээ гараад өөр бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө явган явж байгаад нөгөө залуугийн түрүүвчийг хогийн саванд хийсэн” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М нь мэдүүлэхдээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний бололцоо муу учир шүд хийлгэх мөнгийг төлж чадахгүй байна” гэв.
Хохирогч О.А мэдүүлэхдээ “Миний 3 шүд унасан. Гомдолтой байна. Шүд хийлгэх мөнгөө нэхэмжилнэ. Нэг шүд 2 100 000 төгрөг, гурван шүд нийт 6 300 000 төгрөг гэсэн. Мөн тархины зураг авахуулах 350 000 төгрөгийг, наашаа цаашаа явсан зардлын хамт нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар 2 жил хорих ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа санал дүгнэлтдээ “Улсын яллагчтай хэргийн зүйчлэлийн хувьд мэтгэлцэхгүй, шүүгдэгч М нь хохирогчийг Маргад сургуулийн заалны урд талын сандал дээр суулгаж байгаад гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод гар утас түрийвчийг нь аваад явсан байгаа. Гэхдээ шүүгдэгч хохирогчийг цохиод гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго тухайн үед байгаагүй, энэ хэрэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж хэлэхгүй, гэхдээ хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийг шүүгдэгч ганц удаа цохисон гэж хэргээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед цус гарсан байсан гэдэг боловч гэрч хохирогч нарын хэн нь ч хохирогчийн 3 шүд унасан гэдгийг мэдүүлдэггүй. Хохирогч хэнтэй харьсан, юугаар яаж хэнтэй явсан талаар өөрөө огт мэддэггүй, тухайн цохилтын өмнө болон хойно шүд унасан байхыг үгүйсгэхгүй. Хохирогч өглөө аавындаа сэрэхэд 3 шүд нь унасан байсныг мэдсэн. Шүүгдэгчийн цохисноос болж 3 шүд унасан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогид S3 маркийн гар утсыг буцаагаад хүлээлгээд өгсөн. Гар утас үнэлүүлсний төлбөрт 15000 өгсөн байдаг. Шүд хийлгэх 6300000 төгрөгийг дан ганц эмчийн тодорхойлолтыг үндэслдэн төлнө гэдэг нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Харин хохирогч нь шүдээ эмчлүүлчихээд гарсан зардлыг дараа нь иргэний журмаар нэхмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.А-н мэдүүлэг, гэрч Д.М-н мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 364 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хугаагдсан “Тайгер” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарласан хуурцаг, дүрс бичлэгийн хуурцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Тайгер баарны гадна О.М нь О.А-н нүүрэн тус газарт цохиж унаган Samsung S-3 маркийн гар утас, хэтэвч зэргийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М- гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хяналтын камерын бичлэг болон гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор, хохирол зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч санал дүгнэлтдээ “хохирогч хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй, хохирлыг тодорхойлох боломжгүй байх тул шүүгдэгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд 30 000 төгрөгийн хохирол төлсөн тул ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэж байх боловч шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, 30 000 төгрөг төлснийг хохирол төлсөн гэж үзэх боломжгүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирогч О.А нь нэг шүд хийлгэх үнэ 2 100 000 төгрөг, гурван шүд хийлгэх нийт 6 300 000 төгрөг, тархины зураг авахуулах 350 000 төгрөг, замын зардал зэргийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г гэлэн овогт О-н М- г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч О.А нь хиймэл шүд хийлгэх, тархины зураг авахуулах зэрэг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС