Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДМШ/392

 

2026          04             02                                                                        2026/ДМШ/392

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2814 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Золжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Б-т холбогдох 2405046010091 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

             М- овгийн Н-гийн Б-, 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙН-/;

Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 89а байрны гадна талын зогсоол дээр иргэн Г.И-той тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болж маргалдаж, үсдэж маажиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 300,000 төгрөг гаргуулж хохирогч Г.И-т олгох, хохирогч Г.И- нь хохирол, хор уршиг болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Золжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх хангалттай баримт хэрэг авагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрчийн мэдүүлгүүдийн эргэлзээтэй байдлыг хэрхэн үнэлж буй талаар болон өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон нотлох баримыг хэрхэн няцааж буй талаар дүгнэлт хийгээгүй, гэм буруутай үйлдэл болон хохирол, хор уршгийн шалтгаант холбоог зөв тогтоогүй зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий гараагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч би энэхүү гомдлыг гаргаж байна. Гэм буруугийн талаар Шүүхийн тогтоолын 1.1 дэх хэсэгт "... Г.И-ын мэдүүлэг, тухайн мэдүүлэгт мэдүүлсэн биеийн хэсэгт шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ”, ...Тухайн шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй... гэж үзсэн атлаа хохирогчийн мэдүүлэг нь бусад баримтаар хэрхэн нотлогдож буй тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн шүүхээс хэрэгт хохирогчтой цуг байсан гэрч Э.Б-, шүүгдэгчтэй цуг явж байсан Б.А-, Г.Б-, А.У- нар мэдүүлэг өгсөн ба дээрх гэрч нар нь шүүгдэгч, хохирогч нартай ашиг сонирхол нэгтэй хүмүүс байх ба тэдний мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоон, үнэлэхэд учир дутагдалтай гэж үзсэн атлаа зөвхөн хохирогчийн мэдүүлгийг л үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, Н.Б-ийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Шүүгдэгчийн хувьд хэн нэгний биед халдах, гэмтэл учруулах ямар ч үйлдэл хийгээгүй ба энэ тухай гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг нягтлан шалгах, харьцуулан дүгнэх замаар тогтоох боломжтой юм. Эсрэгээрээ шүүгдэгч өөрийн халдашгүй байх эрх зөрчигдөж байхад дуугүй өнгөрөөд явуулсан байдаг /Тухайн үед хохирогч эхлээд шүүгдэгчийн нүүр лүү цохисон, нүүрээ арчуураар боосон байсан ба нялх биетэй хүн байна гээд цагдаад гомдол гаргалгүй өнгөрүүлсэн. Энэ тухай гэрчийн мэдүүлэгт бий./ Хохирогч Г.И-ын мэдүүлэгт ... бид хоёр зууралдаад нэг нэгнээ үснээс нь зулгаагаад байж байхад ... ахин дайраад миний толгой хэсэгт хоёр гурван удаад гараараа цохисон ...” гэх, харин 2024.10.28-ны өдрийн 13976 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “Г.И-ын биед нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд хохирогчийн мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй, хохирогч, шүүгдэгч нар бие биеийнхээ үснээс зулгааж байсан гэх атлаа хэрхэн яаж хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг үүсгэсэн болох нь эргэлзээтэй буюу хохирогчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгчид хохирогчийн биед эдгээр гэмтлийг бий болгох үндэслэл, шаардлага байхгүй, ийм нөхцөл байдлыг үүсгэх хэрүүл маргаан ч бий болоогүй, богинохон хугацаанд болоод өнгөрсөн ба бие биеийнхээ үснээс зулгаасан нөхцөл байдалтайгаар хажууд байсан хүмүүс нь тэр даруй салгасан байдаг. Нөгөөтээгүүр гэрчүүдийн хэн ч шүүгдэгч хохирогчийг зодож, биед нь гэмтэл учруулсан гэж мэдүүлээгүй, уг нөхцөл байдлыг харсан нэг ч гэрч байхгүй, эсрэгээрээ бие биеийнхээ үснээс зулгаасан нөхцөл байдалтай байсныг хэн нэгэн салгасан гэх мэдүүлэг нь ижил байдаг. Түүнчлэн шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг үүсгэж болох үйлдэл буюу хохирогчийн нүүрэн хэсэгт цохих, хамар, хүзүү хэсгийг базах, цохих зэрэг үйлдэл хийгээгүй ба хохирогчийн мэдүүлгээр зөвхөн толгой хэсэгт нь цохисон гэж мэдүүлснээс үзэхэд дээрх гэмтлийг тухайн үед бий болгосон эсэх нь эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Шинжээчийн дүгнэлт бол тухайн этгээдэд гэмтэл учирсан эсэх, учирсан бол ямар гэмтэл болохыг тогтоосон баримт болохоос шүүгдэгч тухайн гэмтлийг учруулсан гэдгийг нотлохгүй. Харин тухайн гэмтлийг шүүгдэгч хохирогчийн биед учруулсан гэдгийг бусад баримтаар тогтоогдсон нөхцөлд гэм буруутай гэж үзэх үндэслэл болох билээ. Мөн хэрэг явдал нь 2024.10.22-ны орой 20 цагийн үед болсон байх ба гэрч Б. А-, Г.Б-, Н.Б- нарын мэдүүлгээр хохирогч нь анх нүүрээ арчуураар боосон байсан гэх мэдүүлэг өгдөг. Энэ нь хохирогч өмнө нь уг гэмтлийг авсан буюу өөр хэн нэгэн хохирогчийн биед гэмтэл учруулсан байх магадлалтай. /Энэ талаар хохирогчтой хамт явсан эрэгтэй Э.Б- болон гэр бүлийн хүнийг шалгуулах хүсэлтийг өгсөн боловч шийдвэрлээгүй/ Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Хохирогч Г.И-той маргалдаагүй, хохирогч эхлээд Н.Б-ийн нүүрэн тус газар цохисон ба хоёул бие биеийнхээ үснээс зууралдаад зогсож байсан, хохирогч тухайн үед нүүрээ арчуураар боосон байсан, хохирогчид үүссэн гэмтлийг шүүгдэгч үүсгээгүй ... гэх мэдүүлгийг өгдөг. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхдээ зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж буй атлаа дээрх шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийн эсрэг байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай нийцээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн биед гэмтэл учруулсан этгээдийг зөв олж тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл, түүнийг үүсгэх болсон шалтгаантай нийцээгүй, бусад гэрчийн мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт авагдсан байтал уг баримтыг үнэлээгүй, шүүгдэгчийг яллах үндэслэл бүхий хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба Н.Б-ийг гэм буруутай эсэхийг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоох нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг нь үнэн зөв эсэх, бусад баримтаар хэрхэн тогтоогдож буй эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэхээр байна. Уг хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор шалгаагүй, шүүгдэгч Н.Б-ийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт огт байхгүй байтал, илт үндэслэлгүйгээр, нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэж буй нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байх тул Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2814 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

               Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 89а байрны гадна талын зогсоол дээр иргэн Г.И-той тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болж маргалдаж, үсдэж маажиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 7-13/,

хохирогч Г.И-ын: “...2024 оны 10 дугаар сарын 22-нд 20:00 цагийн үед замын гарц хаагаад машин зогсоод байсан. 35-38 настай эмэгтэй ирээд ухраад дараад гарчих гээд ярилцаад байж байтал нөгөө машинаас эрэгтэй хүн бууж ирээд хэл ам хийсэн ба энэ үед манай найз Бааска тэр хүнтэй зодолдоод эхэлсэн. Нөгөө эмэгтэйн ээж нь гэх хүн гарч ирээд 2-лаа дайраад байсан. Тэр эгч бид хоёр зууралдаад байж байхад ээж, бас нэг хүн хоёр намайг хөдөлгөөн хийлгэхгүй хязгаарлаад байсан. Тэр үед нөгөө эмэгтэй миний биед нэлээн олон удаа хүрч, нүүр хэсэг урж, салах гэхэд миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Миний алтан ээмэгний өрөөсөн алга болсон...” /хх 19-21/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13976 дугаартай шинжээчийн: “...Г.И-ын биед нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 41-42/ гэх дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б-ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золжаргалаас ...хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаагүй, нэг талыг баримталсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.

Хууль тогтоогчоос М- Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн гэм буруугийн зарчмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлээр дэлгэрүүлэн баталгаажуулжээ.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлох зорилгоор хуульд заасан шаардлагатай, боломжит бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ үүссэн, уг эргэлзээ нь няцаан үгүйсгэгдэхгүй тохиолдолд тухайн этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэдэг нь эрх зүйт төрийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэг нь зүгээр нэг шүүгчийн дотоод итгэл үнэмшил биш, харин хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, тэдгээрийн харилцан уялдаа холбоог шүүхийн хэлэлцүүлгээр нягтлан шалгасны эцэст хөдөлбөргүй үнэн болохыг тогтоож чадахгүй байхыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үнэлсэн хэдий ч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг ямар ч таамаглал, эргэлзээгүйгээр баттай нотлон тогтоох боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.И-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13976 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар “Н.Б- нь Г.И-той маргалдан үсдэж, маажиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “нүүрний зулгаралт, уруулын язрал, хүзүүний цус хуралт хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Г.И-ын биед нэлээн олон удаа гар хүрч зодож, нүүр хэсэгт урж, мөн толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, бөгөөд энэхүү гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэгийг эзэмшсэн хүн нотлох баримтын эх сурвалжаас хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг тусгай арга хэрэгслийг ашиглан олж авснаа бичгээр тайлбарлаж байгаа нотлох баримтын нэгэн төрлийг шинжээчийн дүгнэлт гэх бөгөөд шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан шинжилгээ, туршилтын үр дүнд нотлогдсон зүйлд эргэлзэх боломжгүй юм.

Тодруулбал, шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргасан, зодолдсон, хохирогч анх толгойгоо боосон байсан, өмнө дээрх гэмтэл учирсан байх боломжтой талаар мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг ...харилцан хоорондоо ашиг сонирхолтой... гэж дүгнээд, үнэлээгүйг буруутгах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, гэрч нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг тогтооход ач холбогдол бүхий баримтат мэдээллийг гарган өгч чадах этгээд байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал, эдгээр оролцогчидтой ямар харьцаатай зэрэг асуудлуудыг агуулдаг онцлогтой.

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг дүгнэвэл, гэрчүүд нь өөрсдийн хамт байсан хүмүүсийн талд мэдүүлж, хоорондоо харилцан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэгдмэл ашиг сонирхолтой байх боломжтой нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2814 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2814 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

 

                                           ШҮҮГЧ                                     Н.Б-

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ