Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1825004210273 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Бовогт Б-н Т-д, Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ховд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян- Өндөр сумын Оюут багийн ** тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /**/

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Т нь 2016 оны 06 сарын 16-ны орой Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн ард хөл бөмбөгийн асарын гаднаас О.Э-н  эзэмшлийн **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан  гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О.Э-н ... “2018 оны 06 сарын 16-ны орой наадмын талбайн ард талын хөл бөмбөгийн асарын гаднаас **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай орхиод алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн юм. Тэгээд цагдаагийн урд талд тамхи татах гээд зогсож байтал миний машин өнгөрөх шиг болохоор нь найз Ө-н машинтай араас нь очоод Дулааны цахилгаан станцын урд талд зогсоосон юм. Тухайн үед миний машиныг наадмын талбайн ард байдаг архичин залуу унаад явж байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дахин залгаж хэлээд хүлээлгэж өгсөн. Би өөрийнхөө машиныг бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

2. Гэрч Б.Ө-н ...”2016 оны 06 сарын 16-ны орой гэртээ байж байтал найз Э миний гар утас руу залгаад машинаа алдчихлаа гэхээр нь Эрдэнэбаттай уулзаад цагдаагийн газар руу очсон юм. Тэгээд цагдаагийн гадаа очоод би машинтай үлдсэн. Э нь өөрөө цагдаагийн газар руу мэдүүлэг өгөх гээд орсон юм. Тэгээд намайг машиндаа байж байтал Э өөрөө гүйж ирээд миний машинтай ижил төстэй машин Говил багийн зүг рүү явчихлаа гэхээр нь Э-г суулгаад машиных нь араас явсан чинь аваараа асаачихсан **** ОРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн машин маш зөөлхөн явж байхаар нь урдуур нь очоод гараараа дохисон чинь зогссон юм. Тэгээд Э бууж тухайн жолоочийг хойд талд нь суулгаад өөрөө машинаа бариад цагдаагийн газар хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

3. Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би 2004 онд цэргээс халагдаад Орхон аймагт ирээд эхнэр хүүхдийн хамт Рашаант багт амьдардаг байсан юм. Тэгээд эхнэртэйгээ таарч тохирохгүй байдлаасаа болж 2007 онд салцгаасан юм. Одоо эхнэр хүүхдийг хаана байдгийг мэдэхгүй. Би Оюут багийн ** тоотод том эгч Ж-н хамт амьдардаг байсан юм. Одоо Орхон аймагт Э эгч, Г хоёр байгаа. Гэхдээ Г, Э эгч хоёрын гэрээр орохоор уурлаад байдаг юм. Яагаад гэхээр би архи согтууруулах ундаа ихээр хэрэглэж муухай үнэр танартай болсон учир надаас дургуйцаад байгаа юм. Одоо би лааз түүж хоолоо олж идэж байгаа. Тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явсан нь миний буруу дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч О.Э нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.Т-дыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч О.Э-н  мэдүүлэг, гэрч Б.Ө-н мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2016 оны 06 сарын 16-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн ард хөл бөмбөгийн асарын гаднаас О.Э-н  эзэмшлийн **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Т-дын үйлдэл нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногуулах үндэстэй гэж үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                               

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Т-дыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-дыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Т-дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-дыг авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС