Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/393

 

                                                                                                           

 

 

 

  2026            04            02                                         2026/ДШМ/393

 

Ю.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэрэнтогтох,

иргэний хариуцагч Д.О,

шүүгдэгч Ю.Э,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2664 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Д.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Ю.Э холбогдох 2109 00217 1244 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Тайж овгийн Юрагийн Э, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “........................” ХХК-д харуулын албаны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, МУБИС-ын .... тоотод оршин суудаг, /РД: ......................../,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;                        

Шүүгдэгч Ю.Э нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах UВН төвийн оффисын..дугаар давхрын .. тоотод үйл ажиллагаа явуулдаг “........................” ХХК-ийн нэрээр иргэдэд “цахим мөнгө буюу “Etherium” олон улсын биржээс авч дансандаа байршуулан доороо шаталсан байдлаар хүн элсүүлж, баг бүрдүүлснээр их хэмжээний ашиг олно” гэж хуурч, нэр бүхий 112 иргэнээс нийт 640.358.470 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ю.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ю.Эыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Эаас 388.277.515 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт, 33 иргэний хариуцагчаас нийт 87.005.946 төгрөг гаргуулж хохирогч нарт хувь тэнцүүлэн олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 6 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ. 

Иргэний хариуцагч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахаас өмнө миний бие өөрийгөө иргэний хариуцагч болсон гэдгийг мэдээгүй. Анх 2020 оны 6 дугаар сард Итериум-н талаар хамт ажилладаг Пүрэвээс сонсож, түүнд итгэж Ю.Эын сургалтад суусан. Ю.Э нь дэлхийн зах зээл дээр хэзээ ч унахгүй өсөж байгаа тул оруулсан мөнгөө өсгөн авах боломжтой гэж ярьж байсан. Эхлээд 1.042.000 төгрөгийг Ю.Эын данс руу шилжүүлсэн. Дараа дараачийн удаа өөрийн ойр нөхөр, дүүгийн өмнөөс өөрийн данснаас 1.032.000 төгрөг, 1.050.000 төгрөг, нийт 2.082.000 төгрөгийг Ю.Эын данс руу шилжүүлж байсан ба үүнийг эргүүлэн авч байгаагүй. Миний бие нийт 3.124.000 төгрөгийг Ю.Эын дансаар шилжүүлэн хохирсон байтал уг шүүхийн шийдвэрт 850.000 төгрөг өгөх шийтгэх тогтоол гарсан тул өөрийн эрхийн дагуу гомдол гаргаж байна. Миний гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд Д.О эгчийг 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш орсон хүмүүсийн нэг гэж ойлгож байна. Иймд түүний авсан болон үлдсэн мөнгөн дүнг хохиролд тооцож, нөхөн төлөхөөр өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэний хариуцагч Д.Оэс гэмт хэргийн улмаас бусад хохирогчдоос авсан мөнгө гэж үзэн 850.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудад тулгуурласан. Иргэний хариуцагч Д.О нь тухайн үед мөнгөн дүнг багцаалан мэдүүлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна. Мөн Д.О нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хариуцагчаар татагдан мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Түүнчлэн, бусад хүмүүсийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлсэн гэх тайлбарыг дурдсан боловч хэрэгт авагдсан баримтаар зөвхөн 50.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон. Харин бусад шилжүүлгийн талаар тодорхой баримт байхгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Ю.Э холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ю.Эаас 388.277.515 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт, 33 иргэний хариуцагчаас нийт 87.005.946 төгрөг гаргуулж хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолын хавсралтад иргэний хариуцагч Д.Оэс 850.000 төгрөг гаргуулахаар заажээ.

Хэрэгт авагдсан “........................” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд /16 хх 59-118/ иргэний хариуцагч Д.О нь нийт 3.624.000 төгрөгийг “........................”, “.................” болон Ю.Эын хувийн данс руу шилжүүлсэн талаар дурдсан бөгөөд үүнээс 2.479.800 төгрөгийг Д.О буцаан авсан, харин 1.144.200 төгрөгийн авлага буюу хохиролтой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О зөвхөн түүний өгсөн мэдүүлэгт үндэслэн иргэний хариуцагчаар тогтоосон атлаа хохирогчоор тогтоогоогүй, дээрх хохирлыг хэрхэн яаж учирсан болох, цаашлаад хэн хариуцах нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч Д.О эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг зөв тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэний хариуцагч нараас зөвхөн тэдний өгсөн мэдүүлгийг үндэслэн хариуцвал зохих хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэл муутай болсон. Мөн тэдгээрийн өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан дүгнээгүйгээс гадна “...нэхэмлэх зүйл, гомдол санал бий юу...” гэсэн агуулгаар асуулт тавьсан нь энэ хэрэгт хариуцвал зохих хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан эсэх агуулагтай зөрчилдөхөөс гадна гомдол гаргагч Д.О адил хохирол үүссэн байж болзошгүй нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ю.Э авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2664 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ю.Э авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Н.БААСАНБАТ

 

            ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР