Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00251

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ш -д холбогдох эрүүгийн 1825003320251 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Х  овогт Ж-н Ш , Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт  багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар **.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн ** тоотод эхнэр Я.Ш-г ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Я.Ш-г ийн “2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Ш найзтайгаа бууц зөөнө гээд явсан. Орой Пирамид төвийн гадаа тамхи зардаг манай найз хүүхэн манай нөхөр рүү залгаад тамхиа цагдаад хураалгачихлаа ирээд намайг аваач гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хоёулаа цуг явъя гэхээр нь би явахгүй чи яваад ир гээд 20 000 төгрөг өгөөд явуулсан. Шөнө 02 цагийн үед нөхөр рүүгээ залгахад одоо очлоо гарч байна гэж хэлсэн болохоор нь унтчихсан. Өглөө сэрэхэд нөхөр ирээгүй байсан. Би босоод галаа түлэх гэтэл шүдэнз байхгүй, дэлгүүр онгойгоогүй байсан болохоор Г-ийн гэр рүү явсан. Хаалгыг нь нүдэхэд том хүү нь хаалга онгойлгож өгсөн. Ороход манай нөхөр газар унтаж байснаа чи юу хийж яваа юм гэж уурласан. Ширээн дээр нь 0.75 литрийн архины тал байсан надаас авч явсан 20 000 төгрөгөөрөө архи уучихаж гэж бодоод баахан загнасан. Г- бага хүүтэйгээ орон дээр нилээн согтуу унтаж байсан. Манай нөхрийн өмд унтаж байсан гудасных нь хажууд байсан бөгөөд өмднийх нь карманаас шүдэнз авчихаад түрийвч нь баригдахаар нь миний өгсөн 20 000 төгрөг байна уу гэж бодоод үзэхэд 24 000 төгрөг байсан. Тэгэхээр нь хэлэхгүй 20 000 төгрөгийг авчихсан. Орой ажлаа тараад хоол ундаа хийчихээд хэвтэж байтал нөхөр орж ирсэн. Би “чи яах гэж ирсэн юм тэр чигээрээ зайлахгүй яасан юм бэ? гэр орондоо ирж хоносонгүй айлд хонолоо” гэж хэлэхэд Ш нэг мөсөн өглөө учраа олъё гэж бодоод гэсэн. Тэгээд намайг миний карманаас мөнгө хулгай хийлээ гэж зодсон. Би Ш тэй нэг гэрт ороод 3 жил гаруй болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй, одоо 2 сар гарантай жирэмсэн. Бид хоёрын хувьд тэр болгон хэрүүл хийгээд байдаггүй. Миний чихний ард, гар мөр зэрэгт цохиж хөхрүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаартай дүгнэлтийн “Я.Ш-г ийн биед зүүн чихий дэлбээ, хуйхны дор зүүн шуу, зүүн гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

3. Гэрч Ч.Г-ийн ... “2018 оны 05 сарын 05-ны өдөр тамхиа зарж байгаад цагдаад хураалгасан. Би Ш рүү залгаад найзыгаа ирээд авчих, цагдаад баригдчихлаа гэж утсаар ярьсан. Удалгүй Ш ирсэн бөгөөд түүнийг ирэхэд би цагдаагаас салсан байсан. Манай найз У-н төрсөн өдөр болж байсан ба намайг дуудаад байхаар нь би Ш г хамт оччихоод гэр рүүгээ дөхье гээд У-н гэрт хамт очсон. У-д очоод 0.75 граммын архи 1 шил, 2.5 литрийн Нийслэл пиво уусан. Тэгээд Ш бид 2 гэр рүүгээ явсан. Би гэртээ очоод бага хүүгийнхээ хажуугаар ороод унтсан. Ш газраар манай том хүүтэй унтсан. Би их уусан болохоор зарим зүйлийн санахгүй байна. Өглөө 7-8 цагийн үед Ш гийн эхнэр манайд орж ирээд нөхөртэйгөө маргалдаад байсан. Урд нь Ш архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орохоор эхнэртэйгээ маргалдаад байдаг гээд манайд хоночихдог юм. Маргааш орой нь Ш-г над руу залгаад Ш намайг зодчихлоо гэж хэлсэн, юунаас болж яагаад зодсоныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

4. Шүүгдэгч Ж.Ш гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Ш-г  намайг Г-ийн гэр рүү явлаа гээд загнаад байхаар нь би толгойн тус газар нь гараараа цохисон. Би жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан. 2018 оны 05 сарын 03-ны өдөр надад жирэмсэн болсон байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Я.Ш-г  нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Ш “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Ж.Ш г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Я.Ш-г ийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09- ний өдрийн 380 дугаартай дүгнэлт, гэрч Ч.Г-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн ** тоотод эхнэр Я.Ш-г ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ш гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Орхон аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Ш г хохирогч Я.Ш-г ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х  овогт Ж-н Ш г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар

шүүгдэгч Ж.Ш -д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ш -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС