| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2411 02219 1875 |
| Дугаар | 2026/ДШМ/394 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/394
2026 04 02 2026/ДШМ/394
Б.Н, З.Бнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
цагаатгагдсан этгээд Б.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/197 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Түвшинбаярын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцэлд үндэслэн З.Бат-Оргил, Б.Н нарт холбогдох 2411 02219 1875 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө овгийн Б Н, 1995 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/,
2. М овгийн З Бат-Оргил, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “......................” ХХК-д хүнсний технологич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. байрны ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../,
Цагаатгагдсан этгээд Б.Н, З.Бнар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөвсгөлийн Цагаан үүрээс олсон гэх Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг зарж борлуулан ашиг олох, шунахайн сэдэлтээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн ..дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдан борлуулахаар Фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцаж “XIII дугаар зууны дөрөө сонирхох уу, Өвөрмонгол хүмүүс авна” гэж Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Н, З.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бат-Оргил, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2410 02219 1875 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Прокурор Н.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг Хөвсгөлийн Цагаан үүрээс Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой гэж шүүгдэгч нарыг яллаж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07/633 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн болно. Дээрх хос дөрөөг булш, бунханаас хэн олсон, хэзээ олдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдлийг хууль эрх зүйн хувьд тодорхойлоогүй, төсөөллийн байдлаар зүйлчилсэн нь хийсвэрээр дүгнэж яллаж байгаа нь учир дутагдалтай байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрч Ч.Б мэдүүлгээр 10 гаруй жилийн өмнө Бат гэдэг хүнээс 5000 ам доллароор худалдаж авсан, тухайн хүн нь мал хариулж яваад хадны доор хэсэгт эмээлийн хамт нуусан байхад олсон тухай мэдүүлдэг, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй бөгөөд гагцхүү Соёлын биет өвийг худалдахыг завдсан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг шунахайн сэдэлтээр гэж яллаж байгаа боловч шүүгдэгч нарыг хэдэн төгрөгийн ашиг олох гэж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Н, З.Бнар нь зарж ашиг олох талаар үнийн мэдээлэл асуух, сонирхож байгаа хүн байгаа эсэхийг тодруулах зэрэг үйлдэл хийсэн болох нь гэрч Г.Б өгсөн мэдүүлэг /хх 45/ болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд тухайн хос дөрөө нь ирээдүйд хэдэн төгрөгийн үнэ хүрэхээс үл шалтгаалан зарах идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн бусдад зарж борлуулах гэж байсан нь тодорхойгүй, нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Соёлын биет өвийн худалдаа гэдэг нь хууль, эрх зүйн хувьд “Соёлын биет өвийн худалдааг байнга эрхэлдэг, тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг бөгөөд соёлын биет өв худалдахыг хууль бусаар явуулсан хэрэгт эрх бүхий байгууллага нь зөвшөөрөөгүй үед худалдах, үнэ хаялцуулах үйлдлийг цуг оруулсан, үнэ тогтоосон, үнэ хаялцуулсан тогтвортой үйлдлийг хийгээгүй байдагт оршино” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар “соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг” хэлнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилна” гэж, 6.1-д “дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна” гэж, 6.1.9-т “угсаатан, ястны уламжлалт... эд өлгийн зүйл” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан” бол эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага 1970 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Парис хотноо баталж, 1972 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон “Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”-ийн 1 дүгээр зүйлд “Соёлын үнэт зүйлс” гэдэгт археологи, түүхийн өмнөх үе, түүх, утга зохиол, урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой гэж улс бүр үзэж байгаа шашны буюу шашны бус шинж чанартай бөгөөд дор дурдсан ангилалд хамаарагдах үнэт зүйлсийг ойлгоно” гэж, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү конвенцид оролцогч улсууд соёлын үнэт зүйлсийн хууль бус импорт, экспорт, түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэх нь уг үнэт зүйлсийн гарлын улсын соёлын өвийг ядууралд хүргэдэг гол хүчин зүйлүүдийн нэг болон соёлынхоо үнэт зүйлсийг дээрхтэй холбоотой бүх аюулаас хамгаалах хамгийн үр нөлөөтэй аргуудын нэг нь олон улсын хамтын ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж, 3 дугаар зүйлд “Энэхүү конвенцын дагуу оролцогч улсуудаас баталсан журмыг зөрчин соёлын үнэт зүйлсийг импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хууль бус гэж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж, Олон Улсын гэрээ, конвенцид улс орон бүр соёлын үнэт зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх, гэмт хэргийг таслан зогсоох, далд худалдааг илрүүлэх үүрэгтэй юм. Нөгөө утгаараа Монгол Улсын түүх, соёлыг тодорхойлох чухал ач холбогдолтой соёлын үнэт зүйлсийг хууль бусаар, бүртгэлгүйгээр бусдад худалдан борлуулж, улмаар улс орны хил дамжин худалдагдаж байгаа явдал нь Монгол Улсын соёлын өвийг ядууралд хүргэх гол шалтгаан болох аюултай юм. Иймээс энэ төрлийн түүх, соёлын эх үүсвэр бүхий үнэт зүйлсийг хууль бусаар худалдах явдлыг илрүүлэн, таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хариуцлага оногдуулах нь нэг төрлийн хамгаалалт гэж үзнэ. Мөн манай орны хувьд Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 1995 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ын конвенцийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Соёрхон баталсан бөгөөд тус конвенцийн Хавсралт: (f) Угсаатны зүйн ач холбогдолтой эд зүйлс; гэж тус тус соёлын үнэт зүйлсийг тайлбарласан байна. Иймд Соёлын биет өвийн худалдааг байнга эрхэлдэг, тусгай зөвшөөрөлтэй байхыг заавал шаардах хууль зүйн ойлголт биш бөгөөд соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/197 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Н тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Нын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн эрх зүйн онолын болон шүүхийн шийдвэрүүдэд үндэслэн дүгнэхэд, соёлын биет өвийг хууль бусаар худалдаалсан гэж үзэхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг олон нийт, эсхүл тодорхой хүрээнд худалдах, солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан, эсхүл уг үйл ажиллагаанд зуучилсан байхыг ойлгохоор байна. Мөн “худалдаа” гэдэг нь олон талуудын хооронд үүсэх, бараа бүтээгдэхүүнийг үнэ өртгөөр харилцан өгч, авах бүхий л үйл ажиллагааг хамарсан өргөн ойлголт бөгөөд бараа бүтээгдэхүүний солилцооны үнэ цэнийн хэмжүүр гэж тодорхойлогддог. Дээрх хууль, эрх зүйн зохицуулалтаас харахад тодорхой иргэн, байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг олон нийтэд, эсхүл тодорхой хүрээнд үнэ хаялцуулан худалдах үйл ажиллагааг зохион байгуулсан тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдана гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл Б.Нын хувьд зөвхөн найз Б фейсбүүкээр дамжуулан тухайн эд зүйлийн зургийг илгээж, мэдээлэл солилцсон төдий байна. Тэрээр уг эд зүйлийг худалдах зорилгоор худалдан авагч хайх, олон нийтэд санал болгох, эсхүл зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах зэрэг идэвхтэй үйлдэл огт хийгээгүй. Мөн прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамласан боловч Б.Нын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй эсэхийг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн түүнийг үйлдлийг хангалттай нотолсон баримт хэрэгт огт авагдаагүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэрч, хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, дансны үзлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Нын үйлдлийн эхлэл, төгсгөл тодорхой нотлогдоогүй. Харин гэрчүүдийн үйлдэл тусдаа явагдсан байхад түүний үйлдлийг хэн, хэрхэн таслан зогсоосон талаар бодитой дүгнэлт хийгдээгүй байна. ... худалдан авагчгүй, бодит худалдаа хийгдээгүй нөхцөлд “худалдахыг завдсан” гэж зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн аливаа эд зүйлийг худалдах нөхцөлд тухайн этгээд уг эд зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилд бодитоор байлгаж, захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Гэтэл Б.Нын хувьд “хос дөрөө” түүний өмчлөлд байгаагүй, харин өөр этгээдийн эзэмшилд байсан нь нэгжлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн, Б.Н уг эд зүйл нь соёлын биет өв мөн эсэхийг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй, худалдан борлуулах чиглэлээр идэвхтэй, нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг бүрэн, бодитой шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэ үүргийг хангалттай биелүүлээгүй байгаа нь цагаатгах үндэслэл болсон. ... Шүүхээс тогтоосон 60 хоногийн хугацаанд Б.Наас дахин мэдүүлэг авч, мэдсэн эсэхийг тодруулсан төдий ажиллагаа явуулсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй, үр дүнгүй явагдсан болохыг харуулж байна. Тиймээс Б.Н нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан ба мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалт “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос З.Бат-Оргил, Б.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгажээ.
Тухайлбал, анхан шатны шүүх дүгнэхдээ Б.Н, З.Бнарыг хос дөрөөг булш, бунханаас хэн олсон, хэзээ олдсон эсэх нь тодорхойгүй, шунахай сэдэлт гэдэг нь тогтоогдоогүй, прокурор яллах дүгнэлтээ төсөөллийн байдлаар хийсвэрээр дүгнэж, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн нь учир дутагдалтай гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан Соёлын өвийн үндэсний төвийн 2024-32 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн хос дөрөө нь түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтад заасан археологийн олдворт хамаарна. ...” /1 хх 71-73/ гэсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Б “... Н миний чат руу 2 ширхэг дөрөөний зураг явуулж, худалдаж авах, сонирхох хүн байна уу”, “... Өвөрмонголчууд бол авна даа” гэж байсан. ...” /1 хх 51/, гэрч Д.Э “... Б надад 2 ширхэг дөрөө үзүүлээд ... “манай хүү өрөнд орсон, үүнийг зарах гэсэн юм, хэд хүрэх бол” гэж хэлсэн...” /1 хх 53/ гэх мэдүүлэг зэргийг хэрхэн нотлох баримтаар үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хэргийн үйл баримтыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрхэн үнэлээгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд прокурор Н.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/197 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/197 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. З.Б, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР