Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П-д холбогдох эрүүгийн 1825003880252 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Х овогт Т-ийн П-д , Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэгэжилтэй, эвсэгт хүчний 186 дугаар ангид цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Тосгоны **  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ** .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.П нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын эст багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар баарны гадна Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Б-ийн ...“2018 оны 05 сарын 31-ний өдөр гэртээ байж байтал манай их сургуулийн найз Н гэх эмэгтэй над руу залгаад хотоос ажлаар ирсэн Шугар нэртэй бааранд байна. Чи хүрээд ир гэсэн. Би гэрээсээ гараад Шугар орж найзтайгаа уулзсан. Тэгээд уг баарнаас 2 шил пиво захиалж нэгийг уучихаад нэгийг нь талд нь ортол уусан. Ингээд баар хаах болж би найз Н -ийг чи хүмүүсээ буудалд хүргээд өгчих, би араас чинь яваад очъё гээд тэр хэдийг явуулчихаад уг баарны замын урд талд зогсож байтал 2 эмэгтэй надаас гал байна уу гэж асуугаад тамхи асаагаад байж байтал дээд талаас 3 залуу ирээд шууд надтай хэрүүл өдөөд наад 2 охиноо өгчих гэхээр нь би наад хоёрыг чинь танихгүй, наад хоёр чинь өөр хүнтэй явж байсан ш дээ гээд ярилцаад зогсож байтал нөгөө хоёр охинтой хамт явсан нүдний шилтэй залуу ирсэн. Ингээд та нар юун хүмүүс юм явцгаа гэтэл уг залууг П газар унагаасан. Энэ үед нь би салгах санаатай 2 больцгоо гээд дундуур нь ортол П гэх залуу нь миний хамар руу цохисон. Тэгэхээр нь би П гэх залууг чи миний хамар руу цохичихлоо ш дээ гээд түлхтэл уг залуу газар унасан. Босож ирээд дахиж над руу дайрах үед баарны хамгаалагч залуу П-д г тэвэрч аваад холдуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-10-р хуудас/

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 06- ны өдрийн 423 дугаартай дүгнэлтийн ...“Б.Б-ийн биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-р хуудас/

3. Гэрч Ц.Г-н  ...“Шөнө 02 цаг 30 минутын орчим баарнаас гарч ирээд би түрүүлээд алхаж байтал цуг явсан Б, П нар араас явж байхад замын хажууд 2 залуу 2 эмэгтэйтэй юм яриад зогсож байгаад нэг нь П-д г заамдаад авсан. Тэгтэл П уг залууг унагаагаад нэг удаа өшиглөсөн. П газар унаад босож ирээд Б- гэх залууг нэг удаа хамар руу нь цохисон. Энэ үед тэр хоёрыг боль боль гээд салгахад Б-ийн хамарнаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

4. Шүүгдэгч Т.П...“Ингээд 02 цаг өнгөрч байхад баар хааж уух юмаа дуусгах гээд 30 орчим минут болоод 3-уулаа баарнаас гарч Г, Б бид хоёроос түрүүлээд такси бариад явсан. Мөн Б миний урдхан талд явж байсан ба миний хажууд 2 эмэгтэй зогсож байхаар нь тухайн 2 эмэгтэйтэй гал байна уу гэх мэтээр яриа өдсөн. Гэтэл хажуу талд байсан нэг залуу ирээд чи яах гэж байгаа юм бэ наад хоёртойгоо цуг яваагүй юм байгаа биз дээ гээд тэр хоёр эмэгтэйг өмөөрсөн зүйл ярилцаад зогсож байсан. Гэтэл доод талаас нүдний шилтэй танихгүй залуу ирээд наад хоёр чинь надтай хамт явж байгаа юм, яах гээд байгаа юм бэ гээд надтай маргалдаад намайг заамдаад авахаар нь би хажуу талруугаа мушгаад замын хажуу тал руу унасан. Гэтэл хажуу талаас Б- гэх залуу бид хоёрыг салгах гээд дундуур ороод ирэхээр нь нэгнийгээ цохиж байгаад би хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед манай найз Г Б мөн баарны хамгаалагч нар бид хоёрыг салгаад улмаар Г Б бид гурав дээшээ өгсөж байгаад эмнэлэгийн хаалган дээрээс такси бариад манайд очиж хоносон. Би гэмт хэргийн улмаас гарсан зардлыг барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Б.Б- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Пмэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Т.П-д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 3 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Г-н мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Пнь Орхон аймгийн Баян-Өндөр сумын эст багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар баарны гадна Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Б-эд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.П-д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Т-ийн П-д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.П-д д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П-д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС