Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/373

 

 

 

 

    2026          03            31                                         2026/ДШМ/373

 

Г.Б холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа,

шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Халиунаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Б холбогдох 2408032452117 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ч овгийн Г Б, 1978 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ....тоотод оршин суух, /РД: ............/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..дүгээр хороо, Зээлийн ..... тоотоос хохирогч Н.М эзэмшлийн худгийн дугуйвч, худгийн дугуйвчны таг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор Н.Г эзэмшлийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 50,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Халиунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.8 дахь заалтад “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” зөрчилд хамруулахаар зохицуулсан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршигт зөв дүгнэлт хийсэн атлаа, шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу зааснаар гэм буруутайд тооцож, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн нь шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь ойлгомжгүй буюу “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр бичигдсэн байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн боловч эсэргүүцлийн үндэслэлийг өөрчилж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэж өөрчилж байна. Учир нь тоо тооцооны шинжтэй алдаа байх тул хуулийн зүйл заалтыг зөвтгөж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр залруулгаа хийх талаар прокурор эсэргүүцэл бичсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-386 тоотоос хохирогч Н.М эзэмшлийн худгийн дугуйвч, худгийн дугуйвчны таг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор Н.Г эзэмшлийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх 16/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулах тухай тэмдэглэл /хх 21-25/,

хохирогч H.М “...Би Сонгинохайрхан дүүргийн ..дүгээр хороо, Зээл .... тоотод байрлах хашаанд өөрийн эзэмшлийн 1.5 метрийн радиус хэмжээтэй 2 ширхэг жорлонгийн кольцоо үлдээсэн бөгөөд тус хашаанаас өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 13-14 цагийн орчимд том ачааны машинтай хүмүүс ачаад явчихсан гэдгийг би хөрш айлаасаа мэдсэн. Тухайн кольцоо ачиж явсан тээврийн хэрэгслийн улсын дугаар болон марк загварыг мэдэхгүй. Тийм учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн хашаанд өмнө нь амьдарч байсан Б гэх хүнийг сэжиглэж байна. Тухайн хүн архины хамааралтай, тухайн хашаанаас нүүчихээд ирж хоноод байсан гэж надад тухайн гудамжинд амьдардаг хүмүүс хэлсэн. Тухайн үед алдагдсан 2 кольцоо нь 120 см өндөртэй, 150 см диаметр хэмжээтэй кольцоо 2 ширхэг, тухайн кольцоог таглах зориулалттай цементэн таг 1 ширхэг алдагдсан бөгөөд тухайн эд зүйлийн үнэлгээ нь 1 кольцоо нь 250,000 төгрөгийн үнэтэй, таг нь 200,000 төгрөгийг үнэтэй бөгөөд нийт 700,000 төгрөгийн хохирол учирсан. Би эд зүйлээ алдсан тул гомдолтой байна. ... Б гэх айл манай хөрш айл байгаа юм. Б манайх хоёр 2012 оноос 2019 он хүртэл хөрш айлууд байсан. ...” /хх 28, 31/,

насанд хүрээгүй гэрч Б.М “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд өргөгчтэй ачааны цагаан автомашин ирсэн байсан ба манай хажуу айлын эгч М гэрийнх нь жорлонгийн 2 ширхэг кольцоо, нэг тагийг нь ачаад явчихсан. Тухайн үед би нээх юм бодолгүй гэр лүүгээ орчихсон. Харин дараа нь М эгчээс асуухад алдчихлаа гэж байсан. Би анзаарч харахад 3, 4 эрэгтэй хүмүүс байсан ба манай хажуу айлд амьдардаг байсан Б гэж хүн байсан. Б гэж хүн хулгайлсан. ...” /хх 36/,

гэрч Ш.П “...Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан ... тоотод байж байгаад гэрээсээ гарч худаг руу усанд явах гэж байхад манай хашааны хажууд том өргөгч автомашин ирчихсэн байсан. Тухайн хүмүүстэй манай хажуу хашаанд амьдарч байсан Б хамт байсан. Тэгээд тус хашаанд байсан жорлонгийн цемент кольцоо, таг байсан чинь Б тэд нарийг ачиж байсан. Тэгээд би нээх юм бодолгүй явсан. Дараа нь жорлонгийн кольцоо, тагийг эзэн нь ирээд харсан уу гэхэд би Б байсан гэж хэлсэн. ...” /хх 38/,

гэрч Г.С “...Би 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруунсалаа 4 дүгээр автобусны буудал дээр Бтэй тааралдаад мэнд мэдэлцээд Б надад жорлонгийн 2 ширхэг кольцоо, тагтайгаа байна чи хямд авчхаач хөгшин чинь ядарч явна гэхээр нь би зөвшөөрч хаана байгааг асуухад Б хуучин амьдарч байсан хашааны хажууд гэхээр нь унаа автомашин байгаа юу гэхэд байхгүй гэхээр нь би автомашин зохицуулчихаад хэлье гэсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагийн орчимд манай гэрт ирээд явахаар болж би таньдаг өргөгч автомашинтай хүнийг дуудаад шууд Бийн хуучин амьдардаг байсан хашаа руу нь очиход 2 ширхэг жорлонгийн кольцоо, тагтайгаа хамт байсан. Тэгээд аччихаад манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээл .... тоотод нойлд тухайн кольцоо, тагийг өргөгч автомашинаар байршуулсан. Тэгээд дуусчихаад байж байсан чинь Б нэг шил аваад өгөөч гэхэд нь зөвшөөрч авч өгчихөөд 2 ширхэг кольцоо, тагны мөнгө гэж 300,000 төгрөгийг Бийн хамтран амьдрагчийн данс руу шилжүүлээд Б бид хоёр салсан. ...” /хх 39/,

гэрч М.С “...2024 оны зун хэдэн сард юм сайн санахгүй байна манай хамтран амьдрагч Б Сонгинохайрхан дүүргийн .. дүүргийн хороо, Баруунсалаанд байх гол дээр хүрээд ир гэхээр нь би очсон чинь Б урьд нь амьдарч байсан хашаанаасаа нойлын том кольцоо аваад зараад байх шиг байсан. Тэгээд бид 2 хамт буцаад Баянзүрх дүүрэгт гэртээ харьсан. Манай хамтран амьдрагч Б надад уг хашааг манай хашаа гэж хэлсэн. Би уг хашаанд 2 удаа очиж байсан. ...” /хх 43/,

гэрч Н.Г “...Би тэр өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Орчлон хорооллын баруун талын зогсоол дээр өөрийн .....улсын дугаартай Хьюндай маркийн крантай машинтайгаа зогсоол дээр зогсож байхад урьд өмнө надаар ачаа зөөлгөж, өргүүлж байсан Сансар гэх залуу үдээс хойш нь ирээд “Би хүнээс хоёр ширхэг кольцоо, хоёр тагт авч байгаа юм, та очиж аваад манай гэрт нойлын нүхэнд аваачаад хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр би тухайн үед Сансар гэх залуутай тээврийн үнэ хөлсөө тохирсон. Одоо яг хэдэн төгрөгөөр үнэ ханшаа тохирсноо сайн санахгүй байна. Тэгээд би С хамт Сонгинохайрхан дүүрэг, Баруунсалааны Зээлийн замын зүүн талд нэг айлын хашааны гадаа ирсэн. Тэр үед хашааны гадаа нэг эрэгтэй, наг эмэгтэй хоёр хүн ирсэн байсан. Тэгээд би Сансарт хандаад “наад юм чинь хулгайн юм биш биз” гэж асуухад Сансар надад хандаад “Үгүй ээ ахаа энэ эмэгтэй, эрэгтэй 2 хүнээс би худалдаж авч байгаа юмаа” гэж хэлэхээр нь тухайн 2 ширхэг кольцоо 2 ширхэг таг зэргийг ачаад С гэрт аваачиж нойлын нүхэнд нь хийж өгсөн. Тэгээд би явчихсан. ...” /хх 47-48/ гэсэн мэдүүлгүүд,

“..............” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24/010 дугаартай “...Худгийн дугуйвч, худгийн дугуйвчны таг... нийт үнэ 700,000 төгрөг...” хөрөнгийн үнийн магадалгаа /хх 51/,

“..................” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25/020 дугаартай “...Hyundai фирмийн, mighty загварын 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд импортлогдон орж ирсэн, .....улсын дугаартай автомашин 50,000,000 төгрөг...” хөрөнгийн үнийн магадалгаа /хх 58/,

Шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн зохих хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж машин, механизм ашигласныг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Н.М эзэмшлийн худгийн дугуйвч, худгийн дугуйвчны таг зэрэг эд зүйлийг Н.Г эзэмшлийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сонгох санкцгүйгээр хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож гэмт хэргийн шинж, хэлбэрийг тодорхой дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Г.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэж гэмт хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад...” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Н.Халиунаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Бийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 74 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Халиунаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


           ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                             Л.ГАЛБАДАР

         ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

                                ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР