Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/01353

 

 

 

 

 

 

2022 07 22 210/МА2022/01353

 

Б.У гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01767 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У гийн хариуцагч Б ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Б ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 20,000,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус компанийн захирал Б.Б тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, сарын хөлсийг 1,200,000 төгрөгөөр тохиролцон ажиллахаар болсон. Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч жил бүр сунгасан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж энэ хугацаанд ажлын хөлс 14,400,000 төгрөг авсан. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг дуусгавар болгох санал гаргаснаар дуусгавар болгосон. Б ХХК 2019 онд миний дансанд 21,574,200 төгрөг шилжүүлсэний 20,000,000 төгрөг нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн ажлын хөлсийг авсан. Энэ компанид 27 сар 19 хоног ажилласан бөгөөд сарын хөлс 1,200,000 төгрөгөөр бодоход 33,160,000 төгрөг болж байхад надад 2019-2021 онд нийт 19,234,200 төгрөг төлсөн нь хариуцагч талын гаргаж өгсөн дансны баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь ...ковидын үед ажиллаагүй, ХХОАТ 10 хувь суутгасан гэж тайлбарлан баримтыг ирүүлсэн боловч уг компани 2019 оноос өнөөдрийг хүртэл миний нэр дээр татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Ковидын үед ажилласан болох нь бидний хооронд харилцсан чатаар тогтоогддог. Өнгөрсөн хугацаанд тооцоо нийлэх талаар удаа дараа хэлсэн боловч олддоггүй. Иймд гэрээний үлдэгдэл хөлс болох 13.925.800 төгрөгийг хариуцагч Б ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт нийт 39,360,000 төгрөг төлсөн. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б ХХК нь өмгөөлөгч Б.У тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Б ХХК -д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлүүлэхээр тохиролцсон. Гэрээний үүрэгт төлөөлөгч Б.У гийн Хаан банкны 5125047011 дансанд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.2, 1.3, 1.4-т заасан ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээг дүгнэх хугацаатай байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой биелүүлэх үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалж ажиллаж чадаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, сэтгэлгүй байсан тул хяналтын шатны шүүх хуралд Б.Б миний бие итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцож шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлсэн. Иймд Б.У нь үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байх тул 5,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс Б.У д 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 01/277 тоотоор мэдэгдсэнээр тус гэрээ дуусгавар болгож, Б ХХК -д хамаарах хэргийн материалууд бусад холбогдох баримтуудыг хүлээлцэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл хөл хорио тогтоосон үед өмгөөллийн үйлчилгээ аваагүй боловч тохиролцсон хэмжээ болох 1,200,000 төгрөгийн 60 хувиар тооцсон, мөн гэрээний хугацаанд нийт 27,644,903 төгрөг төлөх ёстойгоос 24,160,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 3,484,903 төгрөгийг баримт хүлээлцсэний дараа олгох эсэхийг шийдвэрлэх боломжтой байна гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК -аас 13,925,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК -аас 227,579 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримттай танилцаагүй. Анхан шатны шүүх хурал 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон боловч 09 цаг 08 минутад эхэлсэн. Энэ нь хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан биш боловч хэргийн оролцогчдод хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах, мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Б ХХК нь өмгөөлөгч Б.У тай гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой биелүүлээгүй гэж үзэж байх тул 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Өмнө нь төлсөн 15,200,000 төгрөгөөс 5,200,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан нэхэмжлэх нь хуульчийн ёс зүй, хүнлэг байдал, шударга ёс, тэгш эрхэд нийцнэ гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь Б ХХК -тай холбоотой баримт материалыг хүлээлгэж өгөөгүй. Ковидын үед тохиролцсон цалингийн 60 хувиар тооцож гэрээний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгчид нийт 27,644,903 төгрөг төлөх ёстой байснаас 24,160,000 төгрөгийг төлсөн. Иймээс үлдэгдэл 3.484.903 төгрөгийг баримт хүлээлцсэний дараа олгох эсэхийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхээс талуудын харилцсан зурвас болон чатанд үзлэг хийхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож бүрэн танилцсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шүүхийн судлан шинжлэгдсэн дээрх нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Хариуцагчийн нотлох баримт танилцуулаагүй гэх баримтыг шүүх үнэлээгүй байх тул гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймээс шүүх хуралдаанд ирээгүйн улмаас мэтгэлцэх эрхээ эдлэх боломжоо алдсан атлаа шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй, оролцогчдийн эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцааны талаар зөв дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13,925,800 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагад холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсөө гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тууштай хамгаалж ажиллаж чадаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-2, 42-44/

4. Зохигчид хоорондоо 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ажиллагч Б.У нь Б ХХК -д хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагч нь сарын 1,200,000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж нийт төлбөр 14,400,000 төгрөгийг сар бүрт эсхүл гэрээний хугацааг дуусахад үлдэгдэлийг тооцоо нийлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх ба 2020 оны 07 дугаар сарын 03, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэрээний хугацааг тус гэрээний хавсралт 2, 3 гэсэн баримтаар сунгагдсан байх ба хариуцагч нь ажлын хөлсөнд 19,234,200 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна./хх5-11/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Хэргийн 12 дах талд авагдсан баримтаас үзвэл талууд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Б ХХК -д холбогдох иргэний хэргийг өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах, ажлын хөлсийг 20,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 2,000,000 төгрөг авсан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/01120 дугаар шийдвэрээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Б ХХК -д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Б.У нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1460 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/02401 дугаар шийдвэрээр Н.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Б ХХК -д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Б.У нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.Алтантуяа, Б ХХК нь эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулахад Б.У оролцож гарын үсэг зурсан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 141 дугаар шийдвэрээр Бэст рөүд групп ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК -д холбогдох арбитрын хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус оролцож ажилласан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх14-16, 17-19,28, 29-31/

7. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгч нь ...гэрээгээр сарын 1,200,000 төгрөгөөр тохиролцсон ажлын хөлсийг нийт ажилласан 27 сар 19 хоногоор тооцож 33,160,000 төгрөг төлөхөөс 19,234,200 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-13/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Б.У г гэрээнд заасан үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан гэж дүгнэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны буюу 27 сар 19 хоногийн ажлын хөлс 13,925,800 төгрөгийг хариуцагч Б ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Б.У д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч талд өгсөн мөнгөн дүнг хоёр өөр байдлаар буюу 39,360,000 төгрөг, 24,160,000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан ажлын хөлсний хэмжээг тооцооллын хувьд зөв гэж үзсэн болно.

Түүнчлэн, ковид цар тахлын үед гэрээнд заасан ажлын хөлсийг үнийн дүнгийн 60 хувиар тооцохоор тохиролцсон гэж тайлбарладаг боловч дээрх тохиролцоо талуудын хооронд хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйгээс гадна ковид цар тахалтай холбоотой Засгийн газраас хөл хорио тогтоосон цаг хугацаанд шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байсан тул нэхэмжлэгчийг цагийн хязгаарлалтгүйгээр ажиллаж байсан гэж үзэхээр байна. Иймд цалинг 60 хувиар тооцсон гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад гэрээний хугацаанд татварын дараах дүнгээр 27,644,903 төгрөг төлөх ёстой байснаас 24,160,000 төгрөгийг түүний харилцан дансанд шилжүүлсэн, хэргийн материал бусад холбогдох баримтыг зориуд хүлээлцэхгүй, өгөхгүй байгаа тул үлдэгдэл 3,484,903 төгрөгийг баримт хүлээлцсэний дараа олгоно гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сүглэгмаа 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцсан байна. /хх-140/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад эхэлсэн нь шүүхээс түүний эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН