Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Б.Жавхлантуяа           

Шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б д холбогдох эрүүгийн 1725000000159 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Д овгийн Н-н Б , Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн **  тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар ИЭ87102019.

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч О.Ц-ийг 1 сар гарантай жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Ц-ийн...“2017 оны 10 сарын 16-ны орой ажлын газрын хүмүүстэй ахлах тогоочийн төрсөн өдөр тэмдэглээд орой 24 цаг өнгөрч байхад нөхөр Б-г дуудсан. Манай нөхөр орой яриад дуудахад архи уусан согтуу байсан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ харих замд буюу Их залуугийн самбар өнгөрөөд явж байгаад таксинаас буугаад намайг ажлын ах нартай хардаад намайг хэл амаар доромжлоод уурлаад гудамжинд явж байгаад нэг төмөр аваад миний толгой руу цохиод хагараад цус гарсан. Гэрт очоод нөгөө төмрөөрөө миний гуя руу цохиод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд манай нөхрийг аваад би эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод толгойдоо гурван оёо тавиулаад гэртээ харьсан юм. Намайг жирэмсэн гэдгийг сайн мэднэ, жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-29-р хуудас/

2. Гэрч Г.С-н  ...“2017 оны 10 сарын 17-ны өглөө 08 цагийн үед хашааны хаалга хүн тогшоод байхаар нь гараад харсан чинь охин маань зогсож байсан. Толгойноос нь цус гарсан байсан. Юу болов гэсэн чинь өчигдөр орой намайг Б  хардаж зодсон. Би цагдаа дуудсан. Эмнэлэг дуудсан. Толгойдоо 4 оёо тавиулаад ирлээ гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 893 дугаартай дүгнэлтийн ...“О.Ц-ийн биед хуйханд шарх, нүүр, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын бугуйнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрйн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 53-р хуудас/

4. Шүүгдэгч Н.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Би 2017 оны 10-р сарын 16-ны өдөр 21 цагийн үед ажлаасаа буугаад хамтран амьдрагч Ц-рүү залгатал ажилтай байна, тарах болоогүй байна хүлээж бай гэхээр нь хамт ажилладаг Г гэх залуутай Пирамид төвийн караоке руу ороод нэг нэг пиво ууж дуу дуулаад гарсан. Ингээд 22 цагийн үед Ц-рүү залгатал би ажлынхаа газрын хүний төрсөн өдөр тэмдэглэх гэж байна хүрээд ир гэхээр нь Г-тай хамт очсон. Улмаар бид 2 очихдоо замаасаа нэг том пиво аваад очсон. Гэтэл эхнэрийн ажиллаж байсан Өргөө кино театр хааж байна гээд оруулахгүй байхаар нь би эхнэртэйгээ уулзаадахая гэж хэлээд Г-ыг үлдээчихээд ганцаараа орсон. Гэтэл манай эхнэр Ц- ажлынхаа газрын нэг эмэгтэйтээ хамт караокед архи пиво ширээн дээрээ тавьчихсан сууж байсан. Цуг байсан эмэгтэй нь надад архи өгөхөөр нь би уухгүй гээд пивоноос нь нэг аягыг уусан. Эхнэрийн ажилладаг цайны газарт ортол цуг ажилладаг гэх 2 залуу бас нэг эмэгтэй орж ирсэн. Гаднаас Г-ыг оруулж ирээд бид нар тэнд 3 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Ингээд архи пиво дуусах үед нь Ц-ийг явья гэтэл явахгүй гээд би Г-тай хамт гарч явсан ба Г ажилруугаа явлаа гээд явсан. Би энэ үед Ц-тэй ярьтал хүрээд ир гэхээр нь ажил дээр нь очоод Ц-ийг аваад гэрлүүгээ явах гээд Мэнд-Амар худалдааны төвийн урд талаас такси бариад гэрлүүгээ явсан. Их залуу самбарын хажууд буучихаад гэр лүүгээ явж байгаад нохой дайраад байхаар нь газраас төмөр аваад барьчихсан явж байсан. Энэ үед би Ц-тэй муудаад санамсаргүй уг төмрөөрөө толгой руу нь цохиод хагалсан. Бид 2 маргалдаж явсаар байгаад Яргуйтад байдаг манай гэрт очсон. Манайд мөн л бага зэрэг маргалдсан. Би Ц-ийг маргалдаад байхаар нь унтаад өгсөн. Гэтэл унтаж байгаад сэртэл 2 цагдаа орж ирээд Ц-ийг эмнэлэг дээр буулгачихаад намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Ц нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б нь “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч П.-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч О.Ц-ийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 893 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Г.С-н мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч О.Ц-ийг 1 сар гарантай жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч О.Ц-д учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгч Н.Б нь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь нотлох баримтаар нотлогдсон, Н.Б нь хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Н.Б-н үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                               

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Н-н Б-г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС