Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Л.Оюунтуяа

 Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М- д холбогдох эрүүгийн 1825003250246 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Ш овгийн Б-н М- , Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 07- ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул баг Долоон хайлааст гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар **

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт Х.Б-г  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Б-н  ...“2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед намайг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Долоон хайлааст гэх газар гэртээ байж байтал гаднаас М орж ирсэн. М болон би өөрөө бага зэрэг согтуу байсан. Бид 2 тухайн өглөө 8 цагийн үед Х гэх айлд архи уусан юм. Тэгээд би түрүүлээд гэртээ харьсан. М манай гэрт орж ирээд намайг хаашаа алга болчихсон юм бэ гээд зүүн хацар орчим нэг удаа алгадсан. Тэгээд намайг өмсөж явсан куртикний захнаас заамдаж барьж байгаад толгойгоороо нүүрэнд маань хүчтэй мөргөсөн. Би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн манай гэрт эмч ирчихсэн намайг үзэж байсан. Миний нүүр битүү хавдсан байсан. Би М-д мөргүүлээд ухаан алдчихсан байсан болохоор яаж зодуулснаа мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/       

2. Гэрч М.А-н  ...“Манай нөхөр Б гэртээ цай уугаад сууж байтал гаднаас манай нөхөртэй хамт архи уусан М гэх залуу орж ирсэн. М гэрт орж ирээд Б-г  чи хаашаа алга болчихсон юм гэж хэлээд зодсон. М манай нөхөр Б-н  нүүрэн тус газар нь зай завсар өгөхгүй олон удаа цохиж зодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай дүгнэлтийн ...“Х.Б-н  биед доод эрүүний ясны зүүн талын үений сэртэнгийн далд зөрөөтэй хугарал, зүүн чихний дэлбээнд зулгаралт зэрэг үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Доод эрүүний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 8-р хуудас/

4. Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“2018 оны 04 сарын 19-ний өглөө 10 цагийн үед би Жаргалант сумын Дулаан-Уул багийн Долоон хайлааст гэх газар Б-н  гэрт орсон юм. Намайг гэрт нь ороход Б эхнэртэйгээ хамт байсан. Би Б-н  гэрт ороод шууд та хаашаа алга болчихов оо гэж хэлээд Б-г  баруун гараараа нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж зодсон юм. Б надад зодуулаад ухаан алдаад унасан. Тэгээд хэсэг байж байгаад сэргэхээр нь Б-н  гэрээс гарч явсан юм. Тухайн үед би согтуу байсан. Б-г  зодох болсон шалтгаан нь Б тэр өдрийн өглөө надтай хамт сумын төвийн дэлгүүрээс 1 шил архи худалдан авсан юм. Тэгээд тэр архиа аваад хаашаа ч юм мэдэхгүй зугтаад алга болчихсон юм. Тэгээд би Б -д уурласан уурандаа Б-г  гэрт нь очиж зодсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр нотлох баримт, санал хүсэлт гаргаагүй бөгөөд хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулсан” гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ярих зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.М- ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Б-н  мэдүүлэг, гэрч М.А-н  мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан- Уул багийн нутаг дэвсгэрт Х.Б-г  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Х.Б-д учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шижнийг хангаж байх тул шүүгдэгч Б.М- д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.М- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг түүнд оногдуулах ял шийтгэлийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-н М- ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС